x

У.Хүрэлсүх: Монгол генералууд бол үндэсний сэхээтний шилдэг хэсэг, манлайлагчид нь билээ

БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 78 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

“Монгол генералуудын өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр "Эрхэм генералууд аа.

Хатагтай, ноёд оо

Та бүхэндээ “Монгол генералуудын өдөр“-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монголчууд бид эх орныхоо ариун гал голомтыг сахин хамгаалагч цэрэг дайчидаа хүндэтгэн хайрладаг төрт ёсны нандин уламжлалтай билээ.

Эх орноо хамгаалах хүндтэй бөгөөд нэн хариуцлагатай албыг насан туршийнхаа ажил үйлс болгосон алтан мөрдөст генералууддаа энэ баярын өдөр ард түмэн, төр засаг нь гүн хүндэтгэлээ үзүүлдэг уламжлалтай.

Их эзэн Чингис хааны үеэс дэлхийн талыг төвхнүүлэн, их цэргээ манлайлан удирдаж, суу алдраа дэлхий дахинаа мөнхөлсөн мянгат, түмтийн ноёд, өрлөг жанжид нь тухайн үеийн “Генералууд” байжээ гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Эдүгээ дэлхийн цэргийн түүх, цэргийн урлаг судлаач эрдэмтэн мэргэд Чингис хаан, түүний жанждын цэрэг удирдах хосгүй арга ухааныг шимтэн судалж, орчин цагийн цэргийн хэрэгт ч үлэмж ач тустайг үнэлж, тусган хэрэгжүүлж байдаг нь Монгол түмний бас нэгэн бахархал билээ.

“Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгох” ГЕНЕРАЛ хэмээх цэргийн дээд цолыг БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн 1944 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор анх бий болгосон нь монгол цэргийн шинэ үеийн түүхийн нэгэн тэмдэглэлт үйл явдал болсон юм.

Монгол Улсад генерал цол олгож эхэлснээс хойших 78 жилийн хугацаанд 207 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртсэний дотор маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 21, хошууч генерал 117, бригадын генерал 59 байна.

Энэ онд Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн баяраар Монгол Улсын анхны эмэгтэй генерал төрөн гарлаа.

Энэ бол Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ чиг хандлага, бүтэц бүрэлдэхүүнийх нь өөрчлөлтийн илэрхийлэл төдийгүй, улс орныхоо хөгжил дэвшил, батлан хамгаалах үйл хэрэгт эмэгтэйчүүдийнхээ гавьяа, зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж буйн нотолгоо юм.

Энхийг сахиулагч цэнхэр дуулгатан, ууган эмэгтэй генералдаа амжилт бүтээл, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын генералууд бол улс орныхоо үндэсний сэхээтний шилдэг хэсэг, манлайлагчид нь байдаг юм аа.

Генералуудын эгнээнээс БНМАУ-ын баатар цолтон зургаа, Хөдөлмөрийн баатар гурав, дайн, байлдаанд оролцсон 34, төрийн өндөр албан тушаал хашсан 15, сансрын нисгэгч нэг, Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон олон улсын байгууллагад ажилласан 10 гаруй генерал байгаа бөгөөд нийт генералын 30 гаруй хувь нь эрдмийн зэрэг, цолтой байна.

Монгол төрийн генералууд өвөг дээдэс, ахмад үеийнхээ үйл хэргийг нэр төртэй залгамжилж өдгөө ч өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, батлан хамгаалах бодлого, зорилт, үйл ажиллагааны түшиг тулгуур, удирдан зохион байгуулагчид, үлгэрлэн дагуулагчид нь байсаар байна.

1990-ээд оны нийгмийн тогтолцооны шилжилтийн ээдрээтэй хүнд үед Зэвсэгт хүчин, Нийгмийг аюулаас хамгаалах яам, цагдаа, Дотоодын цэргийг шинэчлэн байгуулах, гамшгаас хамгаалах үндэсний тогтолцоог бүрдүүлэх зэрэг түүхэн бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээж, ардчилсан нийгэмд зохицсон цоо шинэ бүтэц зохион байгуулалтыг бий болгосон нь ахмад генералууд Та бүхний Монголын түүхэнд үлдээсэн хүндэт гавьяа юм.

Даяаршиж буй XXI зуунд монгол цэрэг дэлхийн нийтийн энхийг сахиулах үйлсийн цэнхэр дуулгатан дайчид, эх орныхоо бүтээн байгуулалтын баялаг бүтээгч цэрэг болон үйл хэрэг, үүрэг оролцоо нь өргөжин хөгжиж байна.

Цаг үеийнхээ шаардлага, үүрэг зориулалтын хувьсал өөрчлөлтийг даган Зэвсэгт хүчний удирдлага, бүтэц зохион байгуулалт, батлан хамгаалах тогтолцоо, төрийн цэргийн байгууллагуудын эрх зүйн шинэчлэлийг гардан хийж буй генералууд Та бүхэнд гүн талархал дэвшүүлье.

Иргэний ардчилсан төрийн тогтолцоонд Зэвсэгт хүчин, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагууд хууль ёсны хүндэт байр суурийг эзэлж, цэрэг иргэний харилцаа өргөжин бэхэжсэн нь генералууд Та бүхний үйл ажиллагааны нэгэн үр дүн юм.

Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд тусгасан аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг улс төр, дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болсон энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаагийн алба хаагчдыг оролцуулах бодлогын үндсийг боловсруулан батлуулах, хэрэгжилтийг хангах, бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, ар тал хангалтыг зохион байгуулахад эрхэм генералууд Та бүхний гүйцэтгэсэн үүргийг үнэлж баршгүй юм.

Түүнчлэн Энхийг сахиулах ажиллагааг удирдан зохион байгуулж, биеэрээ үлгэрлэн оролцож, мэргэжлийн ур чадвар, гадаад хэлний мэдлэг, сэтгэл зүйн өндөр бэлтгэлээрээ манлайлсан олон арван генерал цолтон төрөн гарч, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчинтэй байх батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний олон талт үүргээ гүйцэтгэх чадавх, бэлэн байдлыг дээшлүүлэхэд онцгой чухал хувь нэмэр оруулж байна.

Эрхэм генералууд Та бүхэнд монгол цэрэг Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний түүхт 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Монгол Улсын төлөө зүтгэж ирсэн генералууд Та бүхний ард Зэвсэгт хүчний бат бэх ар тал, ёс суртахууны үндэс суурь нь болсон гэр бүл, үр хүүхэд тань байдаг.

Тиймээс энэ өдөр бол жагсаалын цэргээс төрийн генерал хүртэл нь амьдралынх нь үнэнч хань, амжилтынх нь өмөг түшиг болж, алдаа оноо бүрийнх нь ард сэтгэл догдлон байдаг ар гэрийнхэн Та бүхний ч баярын өдөр юм.

Эх орноо хамгаалагч цэрэг эрсийн манлай болсон эрхэм алтан мөрдөст Та бүхэндээ болон амьдралын тань өмөг түшиг болсон үнэнч хань, үр хүүхдүүдэд тань “Монгол генералын өдөр”-ийн баярын мэндийг дахин дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бүхнийг Монгол цэргийн Их хар сүлд өнө мөнхөд ивээж, Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай" хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 3 цаг 5 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 4 цаг 47 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 5 цаг 17 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 5 цаг 36 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 9 цаг 7 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 9 цаг 14 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 9 цаг 19 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 10 цаг 59 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 11 цаг 8 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 11 цаг 17 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 11 цаг 22 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 11 цаг 41 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 12 цаг 1 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 12 цаг 6 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 12 цаг 11 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 12 цаг 17 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 12 цаг 37 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 13 цаг 24 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 14 цаг 8 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top