x

"Хаант засаглалаас хуулийн засаглалд шилжиж Иргэний улсаа эмхлэн байгуулсан өдөр"

Туурга тусгаар улс болсон байсан Монголчууд хаант засаглалаас эрх зүйт засаглалд шилжиж Иргэний улсаа эмхлэн байгуулж, Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 97 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Анхдугаар Үндсэн хуулиараа монголчууд бид эзний бус иргэний улс бүтээж, бүрэн эрхт иргэд нь улс гэрээ засаглах болсон билээ.

Түүх сөхвөөс, Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж, халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцож байжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталж, Бүгд Найрамдах улсаа дэлхий дахинд зарлан тунхагласан юм.

Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна.

Анхдугаар Үндсэн хуулийн эх бичгийн сүүлийн хуудаст “Монгол Улсын 14 дүгээр оны 10 сарын 30 бөгөөд аргын улирлын 11 сарын 26-ны өдрийн үдийн хойт 4 цаг 17 минутад энэхүү Үндсэн хуулийг Улсын анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд батлав. Хурлын дарга Жадамба, дэд дарга Бадрах, нарийн бичгийн дарга Гэлэгсэнгэ, Дугаржанцан” хэмээн бичжээ. 

Энэхүү Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтын талаар судлаачдын дунд янз бүрийн маргаан байдаг ч гэлээ Үндсэн хууль нь Монголын түүхнээ анх удаа хаант ёсыг эрх зүйн хэм хэмжээгээр тайван замаар халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн байгууламжийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, төр улсынхаа тусгаар тогтнолыг дэлхий дахинд тунхагласан түүхэн ачхолбогдолтой чухал баримт бичиг мөн болохыг бүх нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ. Түүнчлэн Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан нь ард түмний өмч хэмээн зарлаж, Азид анх удаа сонгох, сонгогдох эрхийг хуульчлан өрнө, дорно дахинаас анх түрүүн эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн адил тэгш эрхийг олгосон нь Монголд төдийгүй олон улсын улс төрийн амьдрал, нийгмийг ардчилах үйлсэд цоо шинэ үзэгдэл болсныг түүхч, судлаачид онцлон тэмдэглэсэн байдаг.

Анхдугаар Үндсэн хуулиар анх удаа төрийн эрх мэдлийн хувираалилтыг ардчилсан зарчмаар дэлхий нийтийн жишигт нийцүүлэн зохистойгоор бүрдүүлэх үүднээс төрийн эрх барих дээд байгууллагыг хоёр танхимтай хууль тогтоох байгууллагын тогтолцоонд шилжүүлж, гүйцэтгэн захирамжлах байгууллагыг байгуулан, тэдгээрийн эрх хэмжээг тодорхойлсон байдаг. Үүгээрээ Улсын Их Хурал, Улсын Бага Хурал, түүний Тэргүүлэгчид болон Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагуудын эрх хэмжээ, харилцан хамаарлын эрх зүйн үндсийг анхлан томьёолсны зэрэгцээ төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд ард иргэдийн сонгуулийн эрхийн оролцоог хүйсийн ялгаваргүйгээр хуульчлан Бүгд Найрамдах засаглалын хэлбэржилтийг бодитойгоор илэрхийлэх оролдлогыг хийснээрээ түүхэн чухал ач холбогдолтой баримт бичиг юм.

Анхдугаар Үндсэн хууль нь:

  • Улсын тусгаар тогтнолыг бататган, иргэдийн эрх, эрх чөлөөг бэхжүүлсэн,

  • Хамжлагат ёс, сэтгэлгээг халж, иргэн ба төр гэсэн харьяат хамаарлын эрх зүйн үндсийг анх удаа тодорхойлсон,

  • Энгийн ардад хувийн болон улс төрийн эрх, эрх чөлөөг олгож, ардын эрхт шинэ дэглэмийг хуульчилсан,

  •   Нийгэм, төрийн байгуулал, эдийн засгийн үндэс, гадаад, дотоод бодлогын чиглэлийг тодорхойлсон,

  • Итгэл үнэмшилтэй байх, шүтэн бишрэх, эвлэлдэн нэгдэх, соён гэгээрэх зэрэг хүний заяамал эрхийг хүлээн зөвшөөрсөн,

  • Төрийн байгууллын зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоож, ард иргэдийн оролцоотойгоор төрөө байгуулан, хяналт тавих, тэдгээр байгууллагууд нь иргэдийн өмнөажлаа тайлагнаж байх төлөөллийн ардчиллын үндсэн зарчмыг хуульчилсан зэрэг нь тухайн үедээ эрх зүйн цоо шинэ сэтгэлгээ, үнэт зүйлс агуулсан байлаа.

Баримт дурдахад, тус Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлээр улсаа ардын эрхт Бүгд Найрамдах Улсаар тунхаглан, улсын дээд эрхийг ард иргэдэд эдлүүлж, улсын аливаа хэргийг тэдний төлөөллөөр байгуулагдсан Улсын Их Хурал, түүнээс томилсон Засгийн газар гүйцэтгэж байхаар тусгагдсан нь ардчиллын язгуур амин сүнсийг агуулж, цааш цаашдын Үндсэн хууль, хууль тогтоомжийн үндсэн суурь үзэл санаа болж, улам боловсронгуй болсоор өнөө цаг үетэй золгон, шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал болж, биеллээ олж иржээ.

Анхдугаар Үндсэн хуулиар төрийн байгууллыг Улсын Их Хурал, Улсын Бага Хурал, түүний Тэргүүлэгчид, Засгийн газар, төв ба нутгийн захиргааны байгуулага гэсэн ерөнхий тогтолцоотойгоор хуульчилж, төрийн эрх мэдлийн хуваарилалт, эрх хэмжээг тогтоосон байна. Энэ нь улсын дээд эрх мэдлийн байгууллагын хүрээнд аймаг, сум, хот, ардын цэргийн тойргууд шат дараалан хурал зохион байгуулах ба түүнээс сонгогдсон төлөөлөгчид тухайн орон нутгийн хүн амын тооноос шалтгаан Улсын Их Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, жил бүр хуралдаж байхаар тогтоосон бөгөөд Улсын Их Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг нь шаардсан тохиолдолд Улсын Онц Их Хурлыг зарлан хуралдуулж байхаар хуульчилжээ.

Харин Улсын Их Хурал нь 30 гишүүнийг сонгож Улсын Бага Хурлыг байгуулах бөгөөд Улсын Бага Хурлын эрх хэмжээ нь Засгийн газрыг байгуулах, гишүүдийг томилох, чөлөөлөх, хянан шалгах, үүрэг чиглэл өгөх, хууль, дүрэм, тогтоол, тушаал гаргах, Улсын Их Хурал болон Засгийн газрын хуралдааныг зарлан хуралдуулах өргөн эрх хэмжээтэй хамтын удирдлагын тогтолцоотой байгуулага юм. Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид нь улсын дээд эрхийг Улсын Их Хурлын чөлөө цагт бүрэн хэрэгжүүлж, тэд хууль санаачлах ганц субьектийн эрхийг эдлэхээс гадна Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагын эрх хэмжээнд шууд оролцох, хянах, Засгийн газар, түүний байгууллагууд хоорондын болон тэдгээрээс шалтгаалан гаргасан иргэдийн гомдлыг шалган эцэслэн барагдуулах, зарим үед шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлж, өршөөл уучлалүзүүлэх, ялыг хөнгөтгөх шийдвэр гаргахаар заажээ. Түүнчлэн Улсын Бага Хурал нь жилд хоёр удаа хуралдах бөгөөд өөрийн үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнадаг байхаар хуульчлан тогтоосон байна.

Тэгвэл Засгийн газар нь Улсын Их Хурал, Улсын Бага Хурлаас батлан гаргасан хууль, дүрмээр олгогдсон эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулахаар тогтоожээ. Нутгийн захиргааны ерөнхий тогтолцоог аймаг, сум, баг, арван гэрийн нэгжид хувааж, тус бүр өөрийн удирдлагын хуралтай, гүйцэтгэх захиргааны газар, даргатай байхаар заасан бөгөөд Засгийн газрын дэргэд Эдийн засгийн зөвлөл байгуулахаас гадна улсын төрийн мөнгө, санхүүгийн бодлогыг эрхлэн гүйцэтгэх эрх хэмжээг тогтоож өгсөн байдаг нь нийгмийн шинэ харилцаанд шилжин, засаглалын байгууллагын эрх хэмжээ, уядаа холбоог ардчилсан зарчмаар зохицуулах гэсэн анхны оролдлого байсныг судлаачид онцолсон байдаг.

Анхдугаар Үндсэн хууль нь Монгол Улсын түүхэнд Үндсэн хуульт ёсыг тогтоож бэхжүүлсэн, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан, манай эрх зүйн тогтолцоонд европын эрх зүйн соёлыг нэвтрүүлж хөгжлийн шинэ шатанд гаргасан анхдагч эх сурвалж болсноороо онцгой ач холбогдолтой юм. Нөгөө талаар энэхүү Үндсэн хууль нь дараа дараагийн Үндсэн хуулиудыг боловсруулан баталж гаргахад онол, арга, зүй, практикийн асар их ач тус бүхий тулгуур суурь болж, өнөөгийн шинэ нийгмийн байгууламжийн үзэл санааны эхлэл болсон билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 8 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 9 цаг 20 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top