x

Хэлсэн үг хийсэн ажил нь зөрдөг МАН

МАН дөрвөн жилийн өмнө 2016 онд УИХ-д яг өнөөгийнх шиг үнэмлэхүй олонх болсон. Өөрөөр хэлбэл, юуг л бол юуг хийхээр хүчтэй байлаа. Гэхдээ тэд энэ хүчээ ашиглаж “Буруу замаар будаа тээсэн” баримт мэдээлэл хуучраагүй байна. Тухайлбал, хар жагсаалт, ЖДҮ-чин гишүүд, концессчин гээд хуучрах ёсгүй хэрэг явдал нь шийдлээ хүлээж байгаа. Өнөөдөр Монгол Улсыг хар жагсаалтад оруулсан, ЖДҮ-чин, концессчин гишүүд нь УИХ-д дахин сонгогдоод байгаа. Өнгөрсөн парламентад МАН-ын гишүүд 32:33-ын бүлэгт хуваагдаж эрх мэдэл албан тушаалын төлөө тэмцэж “Чи, Би”-дээ тулж хагаралдаж байснаас бус улс орны байдал, эдийн засаг, ард иргэдийн аж амьдралд төдийлөн санаа тавих, бодлого боловсруулах зав, сөхөөгүй явж ирсэн гэхэд хилсдэхгүй.

Түүний тод жишээ нь Монгол Улс хар, саарал жагсаалтад орсон, зээлжих зэрэглэл буурсан, “Ковид-19”-өөс гадна эдийн засгийн өнөөгийн хүндрэлийн нэг гол шалтгаан болсон, ажилгүйдэл нэмэгдсэн зэрэг асуудлууд юм. Улс орон ийм нөхцөл байдалд орох нь тодорхой байхад эрх баригчид нөгөө л поп үгээ тоть шиг давтаж, эрх мэдлийн бялуугаа ярьсаар л байсан. Одоо ч энэ байдал нь өөрчлөгдсөнгүй. Үүний нэг нотолгоо нь улиран сонгогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үг гэхэд дэгсдүүлсэнд тооцогдохгүй байх.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар МАН мөн л өмнөх шигээ үнэмлэхүй олонх болсны дараа долдугаар сарын 02-нд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар сонгогдсон. Тэгээд олон түмний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн үг хэлсэн. Түүнийг нь дор сийрүүлбэл “Хар жагсаалтад орсон, эдийн засаг элгээрээ хэвтсэн, шийдвэрлэгдээгүй асуудал хуримтлагдсан улс орныг бид хүлээж авлаа” хэмээсэн билээ. Аль ч талаас нь харсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний удирдсан баг, тэргүүлсэн намын дөрвөн жилд хийсэн ажлын үр дүн харагдаад байгаа юм даа. Гүйцэтгэх засаглалыг ирэх дөрвөн жил У.Хүрэлсүх дахин тэргүүлнэ. Тэгэхээр Монгол Улсын өнгө төрх, ард иргэдийн амьдрал түүний хэрэгжүүлэх бодлого, хэлж буй үгнээс шууд шалтгаалах болж буй юм. 

Тэрбээр “Улсынхаа Ерөнхий сайдыг багаар нь дэмжиж, хийж бүтээж буй бүтээн байгуулалтын ажил, шударга ёсны төлөөх тэмцлийг нь тууштай үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, дэмжин сонгосон ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн бас хэлсэн. Эндээс үзэхэд МАН-ын 2016-2020 онд гаргасан алдааг давтах гээд байна уу. Эсвэл санаж сэрж алдаагаа засч ажиллах гээд байна уу. Үүний тов тодорхой хариултыг цаг хугацаа, шинэ Үндсэн хуулиар өөрийнх бүрдүүлсэн Засгийн газрын танхимын ажил үйлс өгөх буйз аа. Ийм учраас УИХ-ын даргаар улиран сонгогдсон Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын өмнөх парламентын үед хэлж байсан үгийг эргэн сануулах нь зүйтэй байх. Хэлсэн ярьснаасаа эргэж буцдаг, амандаа орсон үгээр хамаа намаагүй попордогоо болиод хариуцсан ажлаа хийдэг болох байлгүй дээ.

Г.Занданшатар: Монгол Улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсэн 10 орны нэг болсон

УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 оны хоёрдугаар сарын 22-нд Төрийн ордонд болсон "Тинк банк 2019 мөнгө, санхүүгийн орчин" хэлэлцүүлэгт оролцож үг хэлсэн байдаг. Энэ хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Г.Занданшатар нээхдээ "Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулах бодлого амжилттай хэрэгжиж байна. Эдийн засгийн өсөлт сэргэж, өрийн дарамтаас гарч байна. Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрсэн. Иймд Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн 10 орны нэг боллоо. Улсын төсөв ашигтай гарсан нь сүүлийн найман жилд байгаагүй үзүүлэлт болсон. Мөн Монголбанк 22 тонн алт худалдан авсан нь сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр амжилт. Иргэдийн хадгаламж ч тогтвортой өсч байна" хэмээн хэлж байв. УИХ-ын даргын энэ үг Ерөнхий сайдын улиран томилогдохдоо хэлсэн үгтэй хэр дүйж байгаа юм бол.

Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх 10 орны нэг болчихсон юм бол өнөөдөр магнаг болсон махыг тооцохоо больё гэхэд төмс, хүнсний ногоо яагаад тансаг хэрэглээнд орчихов доо. Иргэд өнөөдөр 2000 төгрөгөөр нэг кг төмс худалдан авч хуурга хийгээд идчихвэл тансагласан болчих байх даа гэж халаглаж сууна. Улиран томилогдсон УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлээд байгаа эдийн засгийн өсөлт хаачив. Хэний халаасанд оров. Яагаад иргэдийн зарлага нэмэгдэж, орлого буурав гээд түмэн асуулт хөврөх нь гарцаагүй.

У.Хүрэлсүх: Сэхээний тасгийн өвчтэй эдийн засгийг энгийн тасагт шилжүүлсэн

Ерөнхий сайд У. Хүрэлсүх 2019 оны хоёрдугаар сард Үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудтай уулзах үеэрээ “2016 онд эдийн засаг гэдэг хүн сэхээн амьдруулах тасагт орчихсон байсан. 2017 онд энгийн тасагт шилжүүлсэн. 2018 онд гэрт нь гаргалаа. 2019 онд ажилд нь орууллаа” гэж хэлсэн байдаг. Тэрбээр байнга шахам иймэрхүү поп үг, зүйрлэл хэлж явдаг нэгэн. Энэ нь эдийн засгийг өвчтэй хүнтэй зүйрлэж, өөрийгөө эмч мэтээр нийтэд ойлгуулах гэсэн санаатай царай юм болов уу. Дэлхийн улс орнуудын удирдлага хэчнээн попорсон ч иймэрхүү үг унагаж байсныг огт сонсож явсангүй. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн мэдлэг, хэмжүүр нь нэг иймэрхүү бүдүүн бараг бололтой. Магадгүй хамгийн сайн цээжилсэн, өөрт нь таалагдсан ганц зүйрлэл байж болох юм. Гэвч танхимаа бүрдүүлсэн баг, эдийн засгийн зөвлөхүүдийн мэдлэг чадвар ажлын ур чадвараас ихээхэн зүйл хамаарах нь гарцаагүй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шинэ УИХ-ын чуулганы Анхдугаар хуралдааны үеэр “Улсын төсвийн орлого 1.2 наяд төгрөгөөр тасарчихсан байна. Тодотгол хийхгүй бол ёстой болохоо байчихаж” хэмээн сэтгүүлчдэд хээвнэг яриад зогсч байлаа. УИХ-ын сонгуулиас өмнө бүр хоёрдугаар сараас хойш эдийн засагчид “Төсвөө тодотгохгүй бол улс орон хэцүүдэх нь. Долдугаар сараас эхлээд тэтгэвэр, тэтгэмж, төрийн байгууллагууд цалингаа тавихад хүндрэл учирч мэднэ. Оны төгсгөлд бүр хатуу цохилт ирнэ. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал эдийн засаг сүйрүүлэх нь тодорхой боллоо. Гэтэл сонгуульд зориулсан төсөв цар тахлаас илүү аюул дагуулна” хэмээн хэлж сануулсаар ирсэн. Хариуд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсөв тодотгохгүй. Ямар ч хүндрэл гараагүй. Би удаа дараа энэ үгийг хэлж байгаа” хэмээн тас гүрийж байсан билээ. Гэтэл өөрсдөө Монгол Улсын сан хөмрөгийг атгаж байсан хэрнээ ямар байдалд орсныг нь гайхаж халаглан зогсч буй нь харамсалтай. Ямартай ч ирэх дөрвөн жил У.Хүрэлсүх түүний бүрдүүлсэн Засгийн газрын танхим, тэргүүлсэн МАН хэрхэн ажиллахыг харах л үлдлээ. Тэдний зөвийг нь дэмжиж, бурууг нь шүүмжлэхээ ард түмэнд мэднэ. Харин дөрвөн жилийн дараа ямар дүн тавиулахаа МАН мэднэ.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 16 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 17 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 1 цаг 59 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 32 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 2 цаг 46 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 2 цаг 49 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 4 цаг 55 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 4 цаг 57 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 4 цаг 59 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 0 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 1 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 20 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 22 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 цаг 28 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 6 цаг 37 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 16 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 7 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 7 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 8 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top