x

Д.Эрдэмбилэг: “Эмээл” стадионыг 10 хоногт зураагүй, 10 жил толгойдоо бодож, судалгаа хийсэн

Төв цэнгэлдэхийн зураг төсөл шалгаруулах уралдаанд “Хийморь цогцолбор"-ын зураг төслөөр оролцож тэргүүлсэн “Хаус дизайн” компанийн дизайнер, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Эрдэмбилэгтэй ярилцлаа.

-Юуны өмнө шинэ Төв цэнгэлдэхийн зураг төсөл шалгаруулах уралдаанд “Хийморь цогцолбор”-оор оролцож, тэргүүлсэнд баяр хүргэе. “14 хоногийн хугацаанд бүхэл бүтэн Цэнгэлдэхийн зураг төслийн уралдаан зарлалаа. Маш богино хугацаа” гэсэн олон сэтгэгдэл сошиалд яваад байсан. Та бүхэн зураг төслөө хэдий хугацаанд хийв?

-Баярлалаа. Хугацааны тал дээр хүмүүс их буруу ойлголттой яваад байгаа юм билээ. Жишээ нь, миний танил зураач хэлж байсан юм. Нэг хүн их өндөр үнэтэй зургийн захиалга өгчээ.

Гэтэл нөгөө хүн нь “Та одоо ийм үнэтэй зургийг 30-40-хөн минутад зурчихлаа шүү дээ” гэснийх нь хариуд “Үүнийг чинь би гучин жилийн туршлагаараа зурлаа шүү дээ” гэсэн байгаа юм. Үүнтэй л адилхан хүмүүс эргэлзээд байдаг л даа. Ер нь бол ажлын зураг, барилгын зураг нь гурван үе шатнаас бүрддэг.

Эхний үе шат нь концепт буюу санаагаа буулгах, хоёр дахь үе шат нь эскиз зураг, гуравдугаар үе нь ажлын зураг гээд энэ бүгд нийлээд иж бүрэн зураг болж байгаа юм. Хамгийн анхан шатны буюу концепт дизайн, санааны уралдаан зарласан.

Эмээл стадионыг арав хоногт зураагүй, арван жил толгойдоо бодож, судалгаа шинжилгээ хийж, олон архитектурчтай хамтран макет хийж туршиж үзэж байсан төсөл. Гучин жилийн туршлагаа гучхан минутад зурчихлаа гэдэгтэй адилхан зүйл.

-Хүмүүс стадионы зургийг хараад Монголын задгай салхинд тэсэх үү гэсэн шүүмжлэл их яваад байх юм?

-Инженерийн хийцүүдийн дотор их маргаан гаргадаг л даа. Сөрөг зүйл заавал явдаг. Энэ сөрөг мэдээллүүд ер нь мэргэжлийн бус түвшнийхнээс гарч ирдэг. Хүмүүст эргэлзээ төрүүлдэг, санаа зовдог байдаг л үзэгдэл.

-Зураг төслийн багт хэдэн хүн ажилласан бэ?

-Зураг төслийн багт хамтран ажилладаг гадаад дотоодын 2-3 байгууллагуудтай нэгдэн, санаа оноогоо нийлүүлж зурсан юм. Арваад хоногт зурж байгаагийн учир нь хүн хүчээ зөв хуваарилах явдал. Гурван баг нийлж ажиллаж байна гэдэг нь цаг хугацааг гурав дахин богиносгох бололцоог өгч байгаа юм.

-Хаус дизайн компани урьд өмнө нь ямар ямар барилгын зураг төслийг хийж байв. Улаанбаатарт танай зураг төслөөр баригдсан барилгууд бий юу?

-Манай хаус дизайн компани анх үүсэхдээ телевизийн нэвтрүүлэг, интерьер засал чимэглэл гэдэг чиглэлээр үүссэн. Сүүлдээ барилгын зураг төслийн компани болтлоо өргөжсөн. Эхний арваад жил интерьер дизайны ажил ихээр хийсэн.

Интерьер дизайны ажлууд бол үлддэггүй.Голдуу үйлчилгээний газар, цэнгээний газар, ресторан зэрэгт хийдэг. 3-5 жилийн хооронд дандаа өөрчлөгддөг учраас бүтээллэг чанар байхгүй болоод зөвхөн зураг л үлддэг. Томхон бүтээн байгуулалтуудаас гэвэл Цонжинболдогийн морьт хөшөө цогцолбор, Майдар цогцолборын зураг төслийг гаргасан. Одоо бол Хэнтий аймагт байгуулагдаж байгаа бүтээн байгуулалтын зураг төсөл дээр ажиллаж байна.

-Зураг төслийг гаргасны дараа тэр барилга баригдахаар болбол дуустал нь хамтарч ажиллах ёстой юу?

-Үгүй. Зураг төслөө гаргасны дараагаар тусгай зөвшөөрөлтэй барилгын компани бүтээн байгуулалтынхаа ажлыг хийдэг. Харин зураг төслийн компани нь авторын хяналт гээд цалинт ажлаа хийгээд явдаг.

-Хийморь цогцолборыг барьж байгуулахад санхүү тооцооны тал дээр танай компани ажиллах уу?

-Зураг төслийн санаа дэмжигдсэн юм чинь хотын захиргаа, Засгийн газар хамтраад зураг төслийн компаниуд дунд жинхэнэ зураг төслийн тендер зарлах байх. Тендерт шалгарсан компани зураг төслөө хийсний дараа иж бүрэн зурагтай болсноор хөрөнгө оруулалтын техник эдийн засгийн үндэслэлийг хийж, түүний дараа гадна дотны хөрөнгө оруулалтын талаарх асуудлыг ярьж эхэлнэ. Ийм үе шаттай явдаг.

-Хийморь цогцолбор нь үндэсний хэв шинжийг хадгалсан, эмээлийг дэлгээд тавьчихсан юм шиг энэ санаа анх яаж төрсөн бэ?

-Би архитектур дизайны салбарт олон жил ажиллаж байна. Бид хаана ч ялгарах архитектурын онцлогтой болж хөгжих ёстой. Эмээл нь архитектурлаг хэлбэртэй юм байна лээ. Морь, хүн хоёрын харилцааны холбоосны үүргийг гүйцэтгэдэг.

Миний бага нас хөдөө өнгөрсөн л дөө. Өвгөчүүлийн яриаг их сонсдог байлаа. Аянга цахиж, хүчтэй аадар бороо орох үед маш том том мөндөр ордог. Тэр үед эмээлийн бүүргээ толгой дээгүүрээ тавьж, гөлмөөр нь нуруу цээжээ хамгаалдаг байсан гэдэг. Эмээлээр хамгаалж чадаагүй хүмүүс нь эгэмний ясаа хуга цохиулах, нуруу гэмтэх зэргээр хүнд гэмтэл авдаг байсан гэх хууч ярианууд миний ой санамжид их суусан юм шиг байна.

Уламжлалаа ярих юм бол Монголын дайчид. цэргүүд хол замд аян дайнд явахдаа эмээлээ дэрлэж унтдаг. Одоо ч хөдөө шөнө адуу манаж байгаа залуус эмээлээ дэрлэж унтахад нөмөртэй, нөөлөгтэй байдаг гэдэг. Гэх мэтчилэн олон санаануудаас үүнийг нь архитектурлаг талаас нь инженерийн хийц талаас нь ашиглавал яасан юм гэж бодсон.

Инженер талаасаа бол олон жилийн ажиглалтаас харахад Цэнгэлдэх хүрээлэнгийн дээврийг тогтооно гэдэг хэцүү. Дэлхий даяар Цэнгэлдэх хүрээлэнг хийхэд битүү дээврийн хийц маш том сорилт болдог. Дээврийг тогтооход заавал багана шаарддаг.

Баганатай стадион байж болохгүй учраас дэлхийн стадионы тал хувь нь дээвэргүй задгай байдаг. Дээврийг баганагүйгээр яаж тогтоох вэ гэдэг дээр миний олон жил бодсон зүйл бол дүүжин гүүрний систем юм уу даа. Дүүжин гүүрийг троссоор асар хол зайд ямар ч баганагүй дээш нь татдаг аргыг их ажигласан. Үүнийг стадионы дээвэр хийх аргад ашиглаж болох юм уу даа гэж бодсон.

Арк хэлбэрт оруулаад хоёр тийш нь хүчтэй татахад дунд нь дээврийн хийцийг өргөх физикийн үйлчлэл харагдаж байгаа юм. Үүнийгээ би эмээлийн хийц дээр хоёр бүүргээр нь арк хэлбэрийн татанги үүсгээд түүн дээрээсээ дээврээ даалгах инженерийн санаа л зурчихаад байгаа нь энэ.

-Улаанбаатар хотод үндэсний хэв шинжийг хадгалсан барилга байдаггүй шүү дээ?

-Одоогоор алга л байна. Энэ нь архитектуруудын маань боловсролын түвшинг нэг талаас харуулж байгаа, нөгөө талаас захиалагч нар маань өөрсдөө үндэсний архитектураа үгүйсгээд байх хоёр талтай. Сүүлийн үед гадны архитектурыг их дуурайдаг болчихсон.

1990 оноос өмнө Оросын зураг төслөөр явдаг байсан учраас Орос хот байгуулалттай болж хөгжсөн. Одоо ч Улаанбаатар хотын тавин хувь нь орос барилгын стильтэй. Үүнээс хойш зах зээлийн эдийн засагт шилжээд хүмүүс гадагшаа дотогшоо яваад ч тэр юм уу, мэдлэгийн хүрээгээ тэлсэнтэй холбоотой Европын архитектурын чиг хандлага орж ирсэн.

Мэргэжил нэгт гадны архитекторууд маань айлчлалаар ирэхдээ ёгт маягаар шүүмжлэлийг хэлдэг. Танай хотод ирэхээр бид нар Европынхоо л байшинг олж хардаг. Танайх Азийн түүхтэй орон, архитектурын хувьд ялгарах юм байхгүй дуураймал хот болж хөгжиж байна. Нэг тал нь Оросын хот болж харагдаад, нөгөө тал нь европын муухан дуураймал архитектурууд зонхилж байна гэсэн нөхөрсөг шүүмжлэлийг хэлдэг.

Би хувьдаа бусдаас ялгарах өөрийн гэсэн онцлогийг тусгасан архитектурыг гаргаж ирэх ёстой юм байна гэж бодож явдаг. Нэг “Морин хуур” цамхаг төсөл юм. Үндэсний бэлгэ тэмдэг болохуйц архитектураа гадны орныг дуурайлгүй өөрийн өв соёлыг тусгахаар зарчмыг баримтлан ажилладаг.

-“Морин хуур” төсөл гэж ярилаа. Энэ төслийн тухай дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Улаанбаатар маань өөрийн бэлгэ тэмдэггүй яваад байгаа хот. Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг хийх логоны уралдаан зарладаг л даа. Түүнийг харж байхад олигтой зүйл гардаггүй.

Жанрайсагийг тавьсан лого, хангарьд дүрсийг ашигладаг. Сүхбаатарын хөшөөг лого болгох гэж оролдсон. Үүнийг нь харахаар нэг бол улс төрийн сэдэлтэй, нөгөө талаар хэт шашны талыг баримталсан лого болчихоод болж өгдөггүй.

Гадны орнууд архитехтурын бүтээлээ лого болгодог. Парис бол Эйфелийн цамхгаар, Нью-Йорк хот эрх чөлөөний хөшөөгөөрөө ч гэдэг юм уу. Манайд бэлгэ тэмдэг болсон архитектур юу байж болох вэ гэж олон жил бодсоны нэг нь морин хуур. Морин хуур өөрөө бас л архитехтурлаг хийцтэй хөгжмийн зэмсэг юм байна. Үндэсний, давтагдахгүй гэдэг утгаараа бэлгэдэл болж болох юм.

Мөн үндсэн хийцлэл хэлбэр нь Эйфелийн цамхагтай төстэй байгуулалттай. Архитехтурын хувьд тогтоц их сайтай санагдаж, үүнийгээ ажил болгоод явъя гэж нэг талаасаа бодсон.

Хоёрдугаарт, аливаа нийслэл хотууд хотоо дээрээс нь харах (skyscriper) нэг байгууламжтай байж, түугээрээ аялал жуулчлалыг ихээхэн хөгжүүлдэг юм байна. Морин хуурыг хотоо дээрээс нь харах эдийн засаг, бэлгэ тэмдэг гэсэн хоёр талаас нь харж, бодож хийсэн төслийн санаа.

-Цаашид ер нь танд үндэсний хэв шинжийг харуулсан зураг төслийн санаа байгаа юу?

-Байгаа. Би өөрөө дизайнер хүн учраас нийгмийн сэдэвтэй зураг төслүүдийг их оролддог. Улаанбаатар хотын утаа автомашины түгжрэлийг шийдэх төслийг олон жил нухаад явж байна. Энэ төсөл маань говь цөлд морины дүрсийг маш томоор харуулах мод тарих фермийн аж ахуйг хослуулсан төсөл юм. Ингэснээр Улаанбаатар хотын хүн амын дөрөвний нэг нь хөдөө орон нутагт гарч ажиллах боломжтой гэх тооцоолол гараад байна.

Нэг талаасаа энэ төсөл хөдөө аж ахуйн өрхийн үйлдвэрлэл, нөгөө талаасаа аялал жуулчлалаар мод тарих хүсэлтэй жуулчдыг татах бас нэгэн хөшүүрэг. Ийм чиглэлээр “Ногоон морь" төслийг хөгжүүлэн ажиллаж байна. Энэ бол ландшафт архитехтурын төрөл. Үүнийг хэрэгжүүлэх гээд олон жил явж байна даа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-08 И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 2026-11-08 "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 2026-11-08 Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 2026-11-08 Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 2026-11-08 Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 2026-11-08
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top