x

Б.Баяраа: Амжилт гэдэг өв тэгш хүн дээр л асгардаг зүйл шүү дээ

“Вашингтон пост” сонины спортын сэтгүүлч АДАМ КИЛГОР 2016 оны Риогийн олимпын тухай “Монголын дасгалжуулагч нарын үйлдэл бол спортын түүхэн дэх авлигын эсрэг томоохон эсэргүүцлүүдийн нэг нь юм. Энэ бол огтхон ч инээдтэй явдал биш. Шударга бус шүүлтийг эсэргүүцэж Монголын дасгалжуулагч хувцсаа тайлан шидэхэд цэнгэлдэх хүрээлэн даяар хуран цугласан үзэгчид “Монгол, монгол...” хэмээн хашхирч, дэмжиж байсан. Энэ үйлдэл бол олимпын түүхэнд тохиолдсон хамгийн эерэг зүйл юм. Учир нь энэ үйлдэл шударга бус бүхний эсрэг чиглэсэн зоригтой үйлдэл байлаа” гэж бичиж байсан юм.

Шударга үнэний төлөө дэлхийн дэвжээнд эсэргүүцэл илэрхийлж чадсан эр зоригтой дасгалжуулагч, ОУХМ, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, боловсролын ухааны доктор Б.Баяраатай ярилцлаа.

-Рио-2016 олимпоор хасуулсан эрхээ сэргээгээд хэдхэн хонож байна. Тухайн үед шүүлт шударга бус боллоо л гэснээс юу болсныг сайн ойлгоогүй үлдсэн нь бий. Тэр цаг мөчийн тухай эргээд дурсаач?

-Дасгалжуулагч хүн шүүлтийн буруу, зөв гэх асуудалтай байнга тулгардаг. Олон жил дасгалжуулагч хийчихээр шүүгчдийн сэтгэлзүйг гаднаас нь хараад бараг уншдаг болчихдог юм. Тамирчдын өндөр ур чадварын өрсөлдөөний үед энэ шүүгч аль тал руу хэлбэлзээд байна гэдэг хандлагыг мэдэрдэг. Манай Г. Мандахнаран бол тэр үед маш олон талаараа давуу явж байсан. Ер нь тодорхой давуу байсан гэсэн үг л дээ. Тухайн агшинд өрсөлдөгч нь Г.Мандахнарангаас оноо авч чадахааргүй байсан. Манай тамирчин нуруугаа харуулж зугтаагүй хажуу тийшээ зайлсан, тойрч гараа өргөсөн. Тэр нь гурван секундэд болсон, цаг дууссан.

Олон улсын дүрмээрээ шүүгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан минутад дуусдаг. Энэ зургаан минутаас хойш шүүгч ямар ч шийдвэр гаргах ёсгүй. Олон улсын шүүлтийн 23А гэдэг дүрмээр цаг дуусах тэр мөчид аль улсын бөх самбарт онооны давуутай гэж гарна түүгээр ялалтыг тодорхойлдог. Манай тамирчны ялалтаар буюу 7:6 гэдэг оноогоор дууссан.

Хэрэв тэр гурван шүүгч Г.Мандахнаранд торгуулийн оноо өгөх ёстой гэсэн бол зургаан минут дуусахаас нэг дойлын өмнө ч зогсоох эрхтэй. Энэ хугацаагаа дуусахаас өмнө тэд саналаа нэгтгэх ёстой. Дэвжээний шүүгчийн торгоё гэсэн санал явагдаж байтал үндсэн цаг дууссан. Гурван шүүгч нэгдээгүй байсан. Энэ бол хоёр дахь заалтаа өөрсдөө зөрчсөн гэсэн үг. Гуравт гэвэл, Узбекийн тал буруу шүүлээ гээд чалленжээ шидээд бичлэг үзээд Мандахнарангийн зөв байна аа гээд тэдний талын чалленж хураагдсан. Энэ бол хүчингүй чалленж.

Зургаан минут дууссаны дараа ялалтыг өөрчилчихөөр нь би чалленжээ аваад очсон. Гэтэл та нарын үндсэн хугацаа дууссан учраас хүчингүй гэсэн. Би ч өөдөөс нь та нарын зургаан минут дууссан учраас нэмж шүүх эрхгүй гэсэн. Гэтэл шүүгчдийн зөвлөлийн дарга нь хүрч ирээд нөгөө талын хүчингүй болсон чалленжийг аваад өргөнгүүтээ бичлэг үзсэн. Энэ бол дөрөв дэх зөрчил нь. Хураагдсан чалленжийг өргөх ёсгүй. Тэгээд шүүгчдэдээ бичлэг үзэх даалгавар өгсөн. Тэгээд нэг оноог гаргаж ирсэн дээ.

-Энэ үйл явцын цаад учир шалтгааныг та юу гэж ойлгосон бэ?

-Ахрол Рузиев гээд Узбекийн том шүүгч байдаг. Тэр нөхөр шүүгчдийн зөвлөлийнх нь том ноён шүү дээ. Олимпын сүүлийн өдөр Узбек улс нэг ч медальгүй байсан. Энэ барилдаан бол тэдний хувьд сүүлчийн боломж. Тэр ноён л шүүгчдэд даалгавар өгсөн байх. Наврозов өмнөх Порте Рикотой барилдсан барилдаанаасаа бас булхайтай шүүлтээр гарч ирсэн. Тэр барилдааныг шүүсэн гурван шүүгчийг Дэлхийн бөхийн холбооноос булхайтай шүүлт явууллаа гээд эрхийг нь хасчихсан байсан. Нэгдүгээр тойрог дээр ч гэсэн Бахрейний тамирчинтай барилдаад бас л булхайтай шүүлтээр гарч ирсэн. Эндээс харахад энэ тамирчныг эхнээсээ заавал медаль авхуулах ажиллагаа явагдсан гэж боддог.

-Гэхдээ спорт сонирхогчид, үзэгчид бол мэргэн шударга шүүгчид шүү дээ. Тэр үед үзэгчид яаж байсан бэ?

-Ерөөсөө заал тэр чигээрээ “Монголия” гэж орилж байсан. Та бүхэн бичлэг үзээрэй маш олон үзэгч Монгол ялсан гээд сошиал хуудсуудаараа бичлэг хийж, илэрхийлцгээж байсан.

-Та хоёр дэвжээн дээр гарч хувцсаа тайлж шидэж эсэргүүцлээ илэрхийлснийг зарим монгол үзэгчид “Монголыг муухай харагдууллаа”, “эх орныхоо нэр хүндийг унагалаа” гэх мэтээр шүүмжилж байлаа. Мэдээж ихэнх нь дэмжсэн. Ийм байдалд орсон өөр орны дасгалжуулагч нар яадаг юм бол. Иймэрхүү тохиолдол өмнө нь байсан л байх даа...?

-Олон жишээ байна шүү дээ. Бид хүн ичихээр айхтар бүдүүлэг юм хийгээгүй. Бид хоёр шүүгч нарыг доромжлоогүй, барьж авч цохиж зодоогүй. Энэ шударга бус юмаа зогсоо гэж хэлсэн, дүрмээ л ярьсан. Шударга бус шүүлттэй тулгарсан дасгалжуулагч нар цагийг нь авч чулуудна, эвдэнэ, сүйтгэнэ зарим нь шүүгч нарыг доромжилно, барьж авч зодно, биед нь халдсан баримтууд ч байдаг. Энэ бол спортод болж л байдаг үйл явдал. Дэлхийн аваргаар Оросын Джамбулат Тедеев гэдэг хүн, шүүгчийг элэгдэж цохисон. Гэхдээ тэр хүнд ямар нэгэн арга хэмжээ аваагүй шүү дээ. Тэр орны холбоод дасгалжуулагчаа сайн хамгаалж чадсан л гэсэн үг.

-Тамирчныхаа хөлс хөдөлмөрийг үнэгүйдүүлэх тэр мөчид ямар мэдрэмж төрсөн бэ?

-Манай Ц.Цогтбаяр “Би ээж аавыгаа алдчихсан юм шиг мэдрэмж төрсөн” гэж хэлж байсан. Бид ямар тэр шүүгч нарыг барьж аваад зодолтой биш, доромжлоод гүйлтэй биш. Шударга бусын өмнө спорт шиг хурц ширүүн өрсөлдөөнтэй талбарт өөр яах юм. Надад бол маш харамсалтай, хайран санагдсан. Та нар дүрмээ зөрчлөө гээд хэлэхэд хэнэг ч үгүй гөлийгөөд байсан нь бүр дургүйцэл төрүүлсэн. Тангаргаасаа няцсан шүүгчид гэж бухимдсан.

-2016 оны “Дэлхийн спортын топ 10 үйл явдал”-д орсон. Өөрсдөө эрхээ хасуулж өндөр торгууль төлсөн. Та дэмий юм хийж дээ ч гэдэг юм уу харамсал, эмзэглэл төрдөг үү эсвэл энэ эсэргүүцэлдээ одоо ч сэтгэл хангалуун байдаг уу?

-Одоо эргэн тойрноо бүгдээрээ хар л даа. Хүн төрөлхтөнд үнэн шударга гэдэг зүйл үгүйлэгдэж байна. Энэ дэлхийн хүн бүхэн үнэнийг эрж хайж байна. Хятад улсыг хар. Авлигачдаа яаж хатуу шийтгэж байна, яаж хөгжиж байна. Үнэн юм гэдэг бол хүн төрөлхтний зөв оршин тогтнолын үндэс юм байна гэдгээ ойлгоод байна шүү дээ. Үнэн гэдэг цагийн аясаар батлагдаж нотлогдож байдаг. Үнэн юм хийсэн хүн үргэлж сэтгэл дүүрэн, харамсахгүй, бардам явдаг. Ямар ч хохирол амссан хэзээ нэг цагт үнэн илэрдэг.

-Харин эрх тань сэргээгдэхээр ямар мэдрэмж төрж байх юм?

-Хассан хугацаа нь дуусангуут сэргээгдчихэж байгаа нь тэр л дээ. Гэхдээ энэ гурван жилийн хугацаанд хажуугаараа олон зүйлийг өнгөрүүлсэн гэж бодохоор гунигтай ч юм шиг. Олон тамирчдадаа 100 хувь зориулах юмаа зориулж, хүрэх ёстой амжилтад нь хүргэж чадаагүй. Гэхдээ энэ хугацаандаа зүгээр суусангүй ээ.

-Гурван жилд нэлээд ажлыг амжуулжээ...?

-2016 оны Риогийн олимпоос хойш Аваргууд академийн дасгалжуулагчаар ажиллалаа. Насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын хүрэл медалийг Т.Түвшинтулга, “U-23”-т Дэлхийн аваргын хүрэл, Азийн аваргын хүрлийг Д.Ганхуяг авлаа. Ази болоод олон улсын тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль авлаа гээд бид олон амжилтаар дүүрэн байна.

-Шударга бусын өмнөөс сөрсөн үйлдэл гэхдээ өгөөжөө заавал өгдөг. Та нарт хохиролтой ч ямар нэгэн сануулга, дохио болж чадсан болов уу?

-Ер нь ажиглаж байхад Монголын багт хүндэтгэлтэй ханддаг болсон. Дээрээс нь дэлхий нийтийн тэмцээн, уралдаанд шударга бус шүүхээс шүүгчид эмээдэг болсон байна.

-Үндэсний бөхийн барилдааны хэрүүл, талцал, допингийн асуудлыг та юу гэж харж байна?

-Монголд үнэнийг гуйвуулсан, үнэн зөв мэдээллээс аль болох холдуулсан үйл явдал газар авч байна. Үндэсний бөхөд хэдэн шавь барилдаж байгаа болохоор тодорхой хэмжээгээр хардаг. Допингийн шинжилгээнд унаад байгаа нь үнэхээр харамсалтай. Монголчуудын өв соёл, үнэт зүйл болсон энэ спортын нэр хүнд байхгүй боллоо. Эсвэл допингоор бие биеэ хорлодог ч юм уу миний хувьд доторхыг нь сайн мэдэхгүй юм. Магадгүй допинг шалгадаг эрх бүхий хүмүүст нь асуудал байдаг биз.

-Чөлөөт бөхийн тамирчид допингийн шинжилгээгээ хэрхэн өгдөг юм бэ? Шээс нь солигдох боломж байх уу?

-Дэлхийн допингийн эсрэг WADA гэдэг байгууллага бол хэрэгтэй газраасаа, хэзээ хамаагүй өөрсдийн хүмүүсээ явуулаад шээсний сорьцыг авдаг. Том тэмцээнүүдэд бол дуусангуут нь л шинжилгээ авдаг.

-Хэдэн минутын дотор авдаг вэ?

-Барилдаад дуусангуут л авдаг. Савыг нь нээгээд өөрт нь харуулаад, гарын үзэг зуруулж, протокол хөтлөөд нүдэн дээр нь лацаддаг юм билээ. Олон улсын тэмцээнүүдэд бол допингийн шинжилгээнд булхай орох боломжгүй байдаг.

-Монголд яадаг юм бол?

-Монголд ч манайхыг ялгаа байхгүй тэгж л авдаг. Үндэсний бөхийг хэрхэн авдгийг мэдэхгүй байна.

-Энэ будилаан зөрчилдөөнийг та юунаас болж байна гэж үзэж байна вэ?

-Манай улс төрийн завхрал хэрээс хэтэрч байна. Би бол энэ спортод улс төр орж хутгалдаж байна л гэж харж байна. Улс төрд оролцохгүй, оролдохгүй салбар гэж алга боллоо. Ядаж энэ спортоос улс төр савраа татах хэрэгтэй шүү дээ.

-2020 оны олимпын найдвар тээж байсан Чөлөөт бөхийн Дэлхийн аварга П.Орхон допингийн асуудлаар эрхээ хасуулчихлаа. Одоо болтол учир шалтгаан нь тодорхой бус байна. Үүнд та багшийнх нь хувьд тайлбар өгөөч?

-П.Орхон Дэлхийн аварга хүртлээ өчнөөн олон тэмцээнүүдэд оролцож хатуу сорилтуудыг давсан тамирчин. Энэ хүртлээ Ц.Цогтбаяр дасгалжуулагчтайгаа байнга хамт явж тэр олон допингийн шинжилгээнүүдэд дандаа цэвэр гарч ирсэн. Гэтэл тэр тэмцээнд Ц.Цогтбаяр дасгалжуулагч зардал мөнгөний бэрхшээлээс болоод явж чадаагүй. Би бас л эргэлзээтэй бодолтой байна. Гадаадын тамирчдаас идэж уусан хоол, унданд нь юм хийчхээгүй байгаа гэж хардаж байна.

-Монголчуудтайгаа хамт байсан биз дээ?

-Тамирчин хүнд дур зоргоороо гаргадаг шийдвэр гэж ялангуяа бэлтгэл, тэмцээний үед байдаггүй юм шүү дээ. Цаад газраас өгсөн хоол ундаар хооллож, заасан байранд нь л байрлана. Гэхдээ би ганцхан зүйлийг л итгэлтэй хэлж чадах байна. Өмнө нь Дэлхийн аварга болсон тамирчин түүнийг нь тав хуваасны нэгд хүрэх хэмжээний тэмцээнд допинг хэрэглэж яах юм! Багштайгаа байнга хамт явж байсан хүүхэд багшгүй ганц явалт дээрээ бүдэрчихсэн нь үнэхээр харамсалтай бас хардмаар юм боллоо. Харамсалтай...

-Допинг илэрч болох ямар нөхцөлүүд байдаг юм бэ?

-Допингийн заалтад орсон тодорхой эм тариа байдаг. Хэрвээ бэртэл гэмтэл зэрэгт түүнийг хэрэглэх шаардлага гарвал эмч нартай нягт ажиллаж бүх юмаа баримтжуулдаг. Эмч нараас зөвшөөрөл авч хэрэглэдэг.

-Хүний хоол унданд шууд хийчихдэг боломжтой бодис гэж ойлголоо. Амтагдахгүй үнэртэхгүй гэсэн үг үү?

-Допинг химийн нэгдлийн бодис учраас хоол унданд хийх боломжтой. Байгаль дээр энэ хэлбэрээрээ байхгүй ч илэрч болох бодисын жагсаалтыг допингийн байгууллага байнга шинэчилж байдаг. Жишээ нь манайхаас байгаль дээр гэвэл барагшуныг энэ жагсаалтад хамруулж үзсэн байна.

-П.Орхон ямар хүн бэ, допинг хэрэглэх хэмжээний сэтгэлзүйтэй тамирчин биш гэдэгт та итгэлтэй байна уу?

-П.Орхон өөрөө ийм сэргээш хэрэглээгүй гэдэгтээ 100-аас илүү хувь бат итгэлтэй байгаа. Мэдээж гэнэтийн ийм мэдээнд маш хүнд цохилтод орсон. Гэхдээ зорилгоосоо няцаагүй ухраагүй байгаа. Бас л над шиг цаг хугацаагаа хүлээж байна даа. Цаг хугацаа өнгөрөхөд монголчууд биднийхээ нүдийг баясгаж, чихийг баярлуулах тамирчин. Хүний хувьд гэвэл сайхан сэтгэлтэй, өөртөө их итгэлтэй, даруу төлөв хүн. Ер нь амжилт гэдэг зүйл чинь хүмүүжилтэй өв тэгш сайхан хүн дээр л асгардаг зүйл шүү дээ.

-Та Дэлхийн аварга олон шавьтай юу?

-Дэлхийн аваргын 10 медаль бий, миний шавь нарт.

-Та хэдэн жил дасгалжуулагчаар ажиллаж байна?

-1980 оноос хойш чөлөөт бөхтэй холбоотой явж ирлээ. Би барилдаж байгаад 18 настайдаа Москва хотын биеийн тамирын сургуульд явсан. Залуудаа хот, улсын аварга гээд өөрийнхөө хэмжээнд амжилт гаргаж байсан. Сурч байхдаа хүртэл Москва хотын аварга, бүх холбоотын тэмцээнүүдэд аваргалж явлаа. 1990 оноос хойш 30 жил дасгалжуулагчаар ажиллаж байна.

-Та шавь нартаа юуг чухалчилж хэлдэг вэ?

-Надаас юу ч битгий нуу. Бүх юм үнэн байх ёстой гэж хэлдэг. Шударга суурин дээр бүх өгөгдлүүд зөв өгөгдөнө. Бүх зөв өгөгдлөөс бодитой төлөвлөлт гарч ирнэ. Бодитой төлөвлөлт судалгаанаас амжилт гарна гэдэг зарчимтай.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 3 цаг 4 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 4 цаг 0 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 6 цаг 52 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 7 цаг 10 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 9 цаг 21 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 9 цаг 33 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 9 цаг 42 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 9 цаг 56 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 10 цаг 1 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 10 цаг 20 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 10 цаг 39 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Өчигдөр 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Өчигдөр 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top