Казахстаны нийслэл Нурсултан хотод пара пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт боллоо. Уг тэмцээний эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Монголын Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ аваргын алтан медалийг хүртлээ.
Тэрээр дэлхийн дээд амжилт болох 244 кг-ыг 247 кг болгон ахиулж шинэчлэн тогтоов. Түүний жинд Ирак, Мексикийн тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн бөгөөд 240 кг, 235 кг-аар медалийн болзол хангасан байна. Энэ жинд Иран, ОХУ, Мексик, Гүрж, АНУ, Азербайжан, Бразил, Япон, БНСУ, Польш зэрэг 22 орны тамирчид өрсөлджээ.
МУГТ Э.Содномпилжээ “Би үнэхээр баяртай байна. Бурхны оронд одсон хайрт Ш.Энхсайхан багшийнхаа мөрөөдлийг биелүүлсэндээ маш их баяртай байна. “Токио-2020” паралимпын наадам хүртэлх бүх ялалт маш чухал. Мэдээж би паралимпын наадмын алтан медаль авахыг хүсч байна” гэлээ.
Сэтгэгдэл (2)