Жюү жицүгийн насанд хүрэгчдийн дөрөв дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотноо “Бөхийн өргөө”-нд эхлэх гэж байна.
Мөн “Бөхийн өргөө”-нд болох тэмцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Азийн хүүхдүүд 2020” наадмын “Test Event” өсвөр үеийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагдахаар болжээ.
Монголын Жюү жицүгийн холбооноос өөрийн эх орондоо анх удаа хүлээн авч зохион байгуулж буй тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ.
Тэмцээний өмнө шүүгчдийн сургалт болон допингийн эсрэг сургалтуудыг Азийн болон Монголын жюү жицүгийн холбоотой хамтран зохион байгуулсан ба сургалтыг Азийн жюү жицүгийн холбооны ерөнхий шүүгч Бразил улсын иргэн Александре Нассименто хоёр өдөр удирдан явуулжээ.
Жюү жицүгийн тивийн тэмцээнийг шүүхээр 13 орны 19 шүүгч ажиллахаар болсон бөгөөд манай улсаас гурван шүүгч ажиллах аж. Мөн тэмцээнд АНЭУ, Афганистан, Бахрайн, Йордан, БНСУ, Япон, Казахстан, Тайланд, Тайвань, Филиппин зэрэг орны тамирчин оролцохоор манай улсад ирээд байна.
Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд 331, өсвөрийн тэмцээнд 77, нийт 408 тамирчин өрсөлдөхөөр бэлэн болсон гэж зохион байгуулагчид мэдээллээ.