x

Д.Норжмаа: Наадамд эмэгтэй хүн харвадаг болсны 50 жилээр Даян мэргэн болсон

Эрийн гурван наадмыг нэг түвшинд үнэлж байна уу гэвэл Үгүй л дээ. Харваачдыг арай л гадна талд нь үлдээгээд байдаг нь нууц биш хэмээн үнэн үгийг шударгахан хэлчихээд “Олон өдөр уухайн түрлэг сонсохоор гэртэй очсон ч чихэнд цуурайтаад хийморь сэргэдэг юм. Намайг нэг сэтгүүлч “Эрчүүдээс дутахгүй сур харвадаг хүрэн бор хүүхэн” гэж бичсэн байсан” хэмээн хээгүйхэн инээж суугаа Монгол Улсын Даян мэргэн Д.Норжмаатай ярилцсанаа хүргэе.

-Зүүд зөнөтэй гэж манай монголчууд ярьдаг. Энэ нь магадгүй таны нум сумтай амьдралаа холбосон түүхээр батлагдаад ч байх шиг. Сурын талбайн алтан зурхайд анх хөл тавьсан түүхээс яриагаа эхлүүлэх үү?

-Х.Баянмөнх аварга Бөхийн Үндэсний дээд сургуулийг байгуулж байх үед тэнд ажилладаг байлаа. Тухайн үед тус сургуулийн сургалтын албаны даргаар ажиллаж байсан Д.Санжаасүрэн багш маань надад нэг өдөр “Чи сурын харваач болвол өндөр амжилт үзүүлэх юм шиг санагдаад байх юм” гэж хэлсэн.

Тухайн үед сэтгэлд нэг их буугаагүй. Яагаад гэхээр тухайн үед манай баруун аймгийнханд үндэсний сурын харвааны тухай ойлголт бага байсан л даа. Намайг сур харвуулах гэж жил гаруй гуйж билээ. Хамт ажилладаг болохоор өдөр болгон тааралдана. Багш тааралдах болгонд “Чи сур харваач, сурын талбайд очоод үз, би чамд зааж өгье. Ах чинь барилддаг юм чинь чамайг сур харах юм бол аав, ээж тань баярлана даа” гэнэ. Энэ тухай гэрийнхэндээ хэлтэл Д.Бумбаяр ах дэмжиж, бусад нь таатай хүлээж авсангүй. Ингээд 1998 оны гуравдугаар сарын 17-нд би сур харваж улсын наадамд түрүүлээд шатаар дээшээ гарч Ерөнхийлөгчөөс шагнал авч байгаагаар өөрийгөө зүүдэлсэн. Нум, сум барьж үзээгүй надад тэр зүүд их учиртай санагдсан болохоор итгэсэн. Маргааш нь багшдаа “Би сур харвахаар боллоо” гэж хэлээд сурын харваа руу хөл тавьсан даа. Энэ зүүдээ улсын мэргэн цол хүртэх хүртлээ хэнд ч хэлээгүй хав дарсан. Багшдаа ч хэлээгүй. Харин сэтгэл дотроо “Би чинь улсын мэргэн болох гэж л сурын спорт руу орсон хүн шүү дээ. Тиймээс мэргэн болох ёстой” гэж өөртөө хэлж харвадаг байлаа. Одоо ч гэсэн энэ зүүд миний сэтгэлд үргэлж уяатай явдаг. Өнөөдрийг хүртэл 20 гаруй жил эрийн гурван наадмын нэг энэ спортоор хичээллэж, монгол угсаатны өв соёл болсон тээж яваагаа их хувь заяа гэж боддог. 

-Та сур харвааны амжилтуудаасаа хуваалцаач? 

-Энэ хугацаанд Төрийн их баяр наадамд хоёр удаа түрүүлж, дөрвөн удаа үзүүрлэж, гурван удаа шөвгөрлөө. Мөн улс, аймаг, хот, олон улсын тэмцээн наадамд удаа дараа амжилттай оролцож 200 гаруй медиалаар энгэрээ мялаасан байна. Энэ медаль бүрт хөлс, хүч, хичээл зүтгэл минь шингэсэн болохоор бүгд үнэ цэнтэй байдаг. Зарим хүмүүс медалийг үнэ цэнгүй болсон гэж ярьдаг. Харин миний хувьд тэр медалийг хүртэхийн тулд асар их хичээл зүтгэл гаргадаг учраа энгэртээ зүүсэн медаль бүртээ хүндэтгэлтэй ханддаг.

-“Сур харваад олон хоног бэлтгэл хийхээр гарын хуруунууд эвэршдэг. Заримдаа хүнтэй гар барихаас хүртэл санаа зовно шүү” гэж ярихыг чинь ч сонсож байлаа. Эмэгтэй хүнд бол хүнд хөдөлмөр биз?

-Эрийн гурван наадам гэхээр л зөвхөн эрчүүдийн наадам гэж ойлгож болохгүй л дээ. Иртэй, бяртай, эр зоригтой байгаад энэ спортоор хичээллэж эрчүүдтэй эн зэрэгцэн хүчээ сорьж байгаа олон эмэгтэйчүүд бий. Сурын спортоор эмэгтэй хүн хичээллэнэ гэдэг олон цагаар нар салхины өөдөөс хараад, гараа эвэртэл, хөлөө цуцтал нум сумаа татна гэсэн үг. Цаг агаарын ямар ч нөхцөлд бид харвадагаараа үндэсний сурын харваа онцлогтой. Байт харваа ч юм уу бусад харваа салхины хурд төдөн метр секунт хүрвэл тэмцээнийг зогсооно гээд заачихсан байдаг. Гэтэл үндэсний сурын харваа байгалийн ямар ч нөхцөлд үргэлжилдэг. Өнгөрсөн жилийн наадам гэхэд аадар бороотой байж таарсан.

-Өнгөрсөн жилийн наадам олон хүний итгэл, зүтгэл, хүлээлтийг тайлсан сайхан наадам болсон. Таны хувьд ч бас олон жил үзүүрээс нь атгаад алдсан тэр амжилтаа өөрийн болгож чадсан шүү дээ. Түрүү жилийн наадмын талаар эргэн дурсвал?

-Өнгөрсөн жил алтан шар зурхай дээр нум, сум агсаж 20 хаврыг угтаж, 20 намрыг үдсэний хувьд наадмаар онцгой амжилт үзүүлчих юмсан гэж их хичээсэн. Хичээж, зүтгэсний үр дүн ч гарсан. Наадмын түрүү байрын төлөө таван удаа оноо тэнцэж, товх харвасан. Хэдэнтээ аман хүзүүдсэн болохоор наадамчин олон намайг сайн таньдаг болжээ. Өнгөрсөн хавар бэлтгэл сургуулилалтаа сайн базааж нээлтийн харваанд амжилттай харваж түрүүлсэн. Тиймээс надад итгэл найдвар төрсөн. Наадмын цаг агаар өмнөх жилүүдийнхээс онцгүй хүйтэн салхитай, аадар бороотой байв. Төрийн их баяр наадам, наадамчин олноо хүндэтгэж сурын талбайд харваж зогсохдоо өөрийгөө зоригжуулж сорьж шалгасан бүхнийг давж гарах хэрэгтэй, хэн их тэсвэр тэвчээр гаргаж чадсан нь энэ жилийн наадамд түрүүлнэ гэж бодож байлаа. Олон хүнийг олон жил хүлээлгэснийхээ хариуд амжилттай харваж Төрийнхөө их баяр наадмын түрүүг хоёр дахь удаагаа хүртэж Монгол Улсын Даян мэргэн хэмээх эрхэм цолыг хүртсэн хэзээ ч мартагдахгүй сайхан наадам болсон. Давхар баяр тохиосон нь эмэгтэй харваач улсын наадамд харваж эхэлснээс хойш 50 жилийн ой тохиосон. 1958 онд тухайн үеийн төр засгийн шийдвэрээр эмэгтэй харваачийг улсын наадамд харвуудаг болсон юм билээ. Энэ цаг мөчөөс хойш 50 дахь жилийн ойн дээр наадмын түрүү хүртсэндээ их бэлгэшээсэн.

-Өнгөрсөн жилийн наадмын бэлтгэлийн онцлог нь юу байв?

-Өнгөрсөн жил анх удаагаа гэр бүлээрээ наадмын бэлтгэлд гарсан. Миний аав ээж 80 нас давсан хүмүүс бий. Аав ээжийтэйгээ, нөхөр, хүүхдүүдтэйгээ, багийнхантайгаа хамгийн дотно хүмүүстэйгээ бэлтгэлээ хийсэн нь онцлог байлаа.

Монгол Улсын шилдэг тамирчдыг багтаасан “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” компаний “Алдар”, “Жем” багаараа “Хос Ангир” амралт, сувилалын баазад жил бүр бэлтгэлээ хангадаг. Манай баг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Энэ багийг би 2000 оноос хойш хариуцаж Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд Үндэсний сур хариуцсан дасгалжуулагчаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд манай баг улсын наадмын таван түрүү, 12 үзүүр хүртсэн амжилт гаргалаа. Тамирчин хүн биеийн бэлтгэлээс гадна, сэтгэлийн бэлтгэлээ хангах нь чухал. Тухайлбал, 40 сумнаас 37 сум онож түрүүлсэн. Сүүлийн дөрвөн сумыг адаг өрөг хэмээн нэрлэдэг. Ингээд адаг өрөг харвахаар босоход өрсөлдөгч харваачаас хоёр онооны илүү байсан. Гэхдээ эхний сумаа дутаагаад гурав оносон. Миний дараагийн хүн дөрөв оносон ч нэг оноогоор надаас дутаж байлаа. Миний дөрөв дэх сум оновол би Даян мэргэн болно, алдвал нь түрүү байрын төлөө товхлох байв. Тэрхэн зуур надад “Энэ сумыг алдвал би Даян мэргэн болох болзол хангаж чадахгүй тиймээс хичээх хэрэгтэй гэж өөртөө хэлсэн. Сүүлийн сумаа харвахдаа анхаарлаа төвлөрүүлж ямар ч алдаа гаргахгүй харвах ёстой гэж бодсон. Сүүлийн сумаа харвахад амьсгаагаа дарж, чив чимээгүй суусан наадамчин олон хашгираад л суудлаасаа боссон.

-65 метрийн зайнаас, салхитай, бороотой, нартай гээд цаг агаарын ямар ч үед нум сумаа мэдэрч, хүчээ тооцоолж байг онох нь асар их ур чадвар байх. Сүүлийн жилүүдэд хэн гээч урлаачийн урласан нумаар хэд дэх жилдээ харваж байна вэ?

-Өмнөговь аймгийн харьяат Монгол Улсын Даяар дуурсах мэргэн Ж.Баттөмөр мэргэний урласан нумаар сүүлийн найман жил харваж байна. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, улсын гарамгай мэргэн Ж.Цэвээн агсны урласан нумаар 2007 онд харваж түрүүлээд Улсын мэргэн цол хүртэж байсан. 2007 онд намайг түрүүлэх жил Ж.Баттөмөр мэргэн хоёр дахь удаагаа түрүүлж байсан юм. Ж.Баттөмөр мэргэн надад баяр хүргээд “Амжилттай сайхан харваж хамтдаа түрүүллээ. Дүүдээ ах нь сайхан нум хийж өгнөө” гэж амласан юм. Амласан ёсоороо нум урлаж бэлэглэсэн. Урласан нумаар нь өнгөрсөн жил харван түрүүлж Даян мэргэн боллоо. Сүүлийн 10 гаруй жил нумныхаа сумыг “Алдар” спорт хорооны харваач улсын гоц харваач Д.Мөнхгэрэлээр хийлгэж байна. Үндэсний спортод хамт түрүүлсэн мэргэн, үзүүрлэсэн бөх, аман хүзүүдсэн хүлэгт хүндэтгэлтэй ханддаг сайхан уламжлал бий.

-Эх хүн хүүхдийнхээ сэтгэлзүйг ямагт мэдэрдэг шиг харваач хүн нум сумныхаа аашийг ч бас мэдэрдэг гэдэг. Нум суманд ч бас тухайн наадмын үеийн ааш араншин гэж байдаг байх даа?

-Монгол нум хийхэд янгирын эвэр, мод, малын шөрмөс оролцуулж нэг ч хадаас хэрэглэхгүй нааж урладаг. Байгалийн ан амьтны зүйл орсон болохоор цаг агаарын байдлыг даган хувирч өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл сумаа хөөх чадвар нь өөрчлөгддөг. Мөн салхи хаанаас ч хэдэн талаас ч салхилж болдог. Дөрвөн сум харвах хооронд дөрвөн янзаар салхилах тохиолдол бий. Тэр болгоныг эх хүн хүүхдээ мэдэрдэг шиг л мэдэрдэг байх нь чухал. Энэ спортод нэгэнт хөл тавьж байгаа бол эхлээд нум, сумаа сайтар бэлдэх ёстой юм. Би ч шавь нартаа “Сурын харваа зүгээр нэг зугаа цэнгэл, тоглоом төдий спорт биш. Үндэсний уламжлалт өв соёлыг спортоор харуулан илэрхийлж буй учраас хүндэтгэлтэй, хариуцлагатай хандах ёстой. Харваж байхдаа хүртэл гадаад үзэмжиндээ анхаар. Зураг авч байгаа хүнд энэ харваачийн дээлийн хормой нь унжсан, нумаа дааж ядах юм гэх бодол төрүүлэхгүйгээр сайхан харвах ёстой” гэж сургадаг.

-Энэ жилийн наадмын бэлтгэлээ хэр базааж байна?

-Өнөөдөр наадмын бэлтгэлдээ гарч байна. Энэ тэнд тэмцээн наадам их болдог болж, харваачдын тоо ч эрс нэмэгдсэн байна. Өчигдөр насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 770 гаруй тамирчин оролцож, дөрвөн өдөр үргэлжилж аваргуудаа тодрууллаа. Энэ тэмцээнээс гурван медаль хүртлээ.

-С.Дамиран гуайн хүүхдүүд барилддаг, уядаг, харвадаг. Үндэснийхээ эрийн гурван наадмын өв соёлыг тээж яваа танай гэр бүлийн хувьд наадам онцгой баяр байдаг биз?

-Үндэснийхээ өв соёлыг ах, дүүгийнхээ хамт тээж яваадаа баярладаг. Өвөг дээдсээс минь бидэнд үлдээсэн ийм хишиг буян хүн бүрт тэр бүр тохиохгүй ховор тохиол юм. Хааяа аав, ээжийгээ “Миний аав, ээж хоёр чинь Монголд ганцхан шүү дээ. Нэг хүү нь барилдаж, нөгөө хүү морь уяж, охин нь сур харваж байна” гэж цаашлуулдаг юм. Наадмын ногоон дэвжээнээс улсын заан цол хүртсэн Д.Бумбаяр ахыг ард түмэн сайн мэднэ. Дүү Д.Баатархүү аймгийн алдарт уяач. Жил бүрийн наадамд уясан хүлгүүд нь шандас сорьдог доо. Би чинь нэг хэсэг сурын талбайд Дамирангийн Норжмаа биш, Бумбаяр зааны дүү гэж овоглуулдаг байлаа. Сур харваад удаагүй байхад, наадмын өмнөхөн нумны маань хөвч тасарчихаад түүнийгээ засуулах гээд сандруухан такси бариад явж байсан чинь жолооч ах “Ахын дүү нум сум харвадаг юм уу. Бумбаяр зааны дүү хэзээ түрүүлэх бол” гэж асуусан. (инээв) Тэгэхээр нь “Удахгүй түрүүлэх байх аа. Тэр чинь ер нь гайгүй харвадаг шүү дээ” гэж хариулж билээ. Тэгж хэлснээсээ хойш дөрвөн жилийн дараа Улсынхаа их баяр наадамд түрүүлж билээ.Улсын их баяр наадам гэдэг манай гэр бүлийнхний хувьд хамгийн сайхан баяр байдаг.

П.Батзаяа "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы Оцүчи хотод ойн түймэр гарч, 1000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж байна 1 цаг 46 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” боллоо 1 цаг 48 мин Олон Улсын Парламентын Холбооны 152 дугаар Ассамблей Истанбул хотод боллоо 1 цаг 49 мин ОХУ-аас шатахуун, Казахстан улсаас түүхий нефть нийлүүлэхээр тохиролцлоо 1 цаг 51 мин Сүүний салбарын бодлого, цаашдын арга хэмжээний талаар хэлэлцлээ 1 цаг 52 мин Хэнтий аймагт зам тээврийн ослын улмаас 26 хүний амь нас хохирчээ 1 цаг 54 мин Азийн элсний наадмаас жюү жицүгийн тамирчин Г.Монголжин хүрэл медаль хүртлээ 1 цаг 56 мин Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төслийн удирдах хороо хуралдлаа 1 цаг 56 мин Бага насны хүүхдэд өдөр бүр 15 минут ном уншиж өгвөл тухайн хүүхдийн IQ 6-10 хувиар нэмэгддэг 1 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 4 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 4 цаг 32 мин Монгол Улсын махны экспорт 85 мянган тоннд хүрч, түүхэн дээд амжилт тогтоолоо 4 цаг 33 мин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсүүдийг есөн дүүрэгт байршуулж, үйл ажиллагааг нь цахимжуулна 4 цаг 34 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 4 цаг 35 мин Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарын эцсийн шатны борлуулалт эхэллээ 5 цаг 55 мин Монгол, Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ 5 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгчтэй уулзав 5 цаг 58 мин Дархан-Уул аймагт орон сууцны барилгын ажил 50 хувьд хүрээгүй бол захиалга авахыг хориглов 6 цаг 0 мин Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа 6 цаг 1 мин МҮБХ-ноос тавдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь гарлаа 6 цаг 3 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top