Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясүхиро Ямашита Японы Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгчөөр томилогдлоо.
Японы ҮОХ-ны өмнөх ерөнхийлөгч Такэда Цүнэказү авлигын хэрэгт холбогдон ажлаа өгөөд байсан юм.
Энэ сарын 27-нд болсон Японы ҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар шинэ албан тушаалд томилогдсон Ямашита хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Тэрээр “Олимпын наадмыг зохион байгуулах орны ҮОХ-ны тэргүүн ганц жилийн өмнө солигдох нь байж болшгүй зүйл. Олимптой холбоотой бүх хүн санал нэгдэн ажиллаж байж амжилтад хүрнэ. ҮОХ-ны хувьд тамирчид, багш дасгалжуулагч нараа бүх талаар дэмжиж, ажиллана. Наран улсын сүлдээ цээжиндээ дээдэлсэн тамирчид маань ч хичээн зүтгэх нь ойлгомжтой. “Токио 2020” наадамд 30 алтан медаль авах зорилготой байна” гэжээ.