x

Н.Чадраабал: Шүүх эрх мэдэл парламентынхаа хяналтад орж байгаа нь харамсалтай

Өнгөрөгч долоо хоногт УИХ-д өргөн баригдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл хуульчдын шүүмжлэлийг дагуулаад эхэллээ.

Нэмэлт өөрчлөлтийн төсөлд ШЕЗ таван гишүүнийг ес болгож, үүнээс тавыг нь УИХ-ын байнгын хороодоос нэр дэвшүүлэх, мөн УДШ-ийн бүх шүүчийг УИХ-аар хэлэлцэж томилохоор тусгасан байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар Монгол Улсын гавьяат хуульч Н.Чадраабалтай ярилцлаа.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий гэж байгаа. Энэ хуулийг өөрчлөх шаардлага, нөхцөл байдал үнэхээр үүссэн үү?

-Үндсэн хуулийг өөрчлөх талаар сүүлийн гурав, дөрвөн парламентыг дамжин ярьж ирсэн. Ялангуяа, 2016 онд байгуулагдсан УИХ бүх асуудлаа цэгцлээд энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр тогтоод байна. Өнөө маргаашгүй УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж хэлэлцэх эсэхийг нь шийдэхээр үйл явц өрнөж эхэллээ. Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бол бий. Учир нь өнөөдөр нийгмийн амьдрал бухимдалаар дүүрч, төрийн нэр хүнд унасан, төрд хариуцлагын тогтолцоогүй болсон, хяналтын механизм нь бүрэн алдагдсан юм. Өөрөөр хэлбэл, төр болж тоглосон хэсэг бүлэг хүмүүс Засгийн эрх мэдлийг аваад байна. Үүнийг зохицуулдаг арга хэрэгсэл нь Үндсэн хууль. Тэгэхээр нийгмийн захиалга, цаг үеийн шаардлага, Монголын нийгмийн өнөөгийн байдлаас дүгнэлт хийхэд эцэг хуулиа өөрчлөх хэрэгцээ байна л даа.

-Тэгэхээр Үндсэн хуулиа ямар байдлаар өөрчлөх ёстой юм бол. Та УИХ-аар одоо хэлэлцэх гэж байгаа  нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй танилцав уу?

-Танилцсан. Ер нь Үндсэн өөрчлөлтийн арваад төсөл боловсруулсан юм билээ. Би эдгээр төслийн дөрвийг нь үзсэн л дээ. Ийм учраас Үндсэн хуулийг өөрчлөхгүй бол болохгүй нь гэж нийгмийн сэтгэл зүйд хатуу тогтсон ойлголт бий болж.  Харин яаж, ямар арга замаар, хэнд ашигтай хувилбараар өөрчлөх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Энэ талаас харвал одоогийн УИХ-ын өөрчлөх гээд байгаа төсөл нь эхнээсээ буруу явсан. Өөрчлөх арга нь буруу. Үүнээс гадна өөрчлөх гээд байгаа гол агуулга нь ард түмэнд ашиггүй. Тэгээд ч энэ УИХ Үндсэн хуулийг өөрчлөхөд тулгарах хэд хэдэн асуудал бий. УИХ-д олонхи  болсон учраас намын нэрээр, өөрсдийнхөө бас намын эрх ашигт нийцсэн маягаар өөрчилж болохгүй. Ард түмний эрх ашгийн төлөө өөрчлөх ёстой юм. 

-Та Үндсэн хуулийг өөрчлөх арга нь эхнээсээ буруу явсан гэлээ. Үүнийг тодруулж өгнө үү?

-Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль гэгчээр  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  ёсгүй. Эрдэмтэн судлаачид, улс төрийн намуудаас санал авалгүйгээр зориуд өөрсдийн хүслээр төсөл боловсруулсан. УИХ-ын Тамгийн газрын жинхэнэ мэргэшсэн төрийн албан хаагч нарыг орон нутагт томилж төслөө сурталчлуулсан. Учир нь тэд өргөсөн тангарагтай. Төрийн албаны тухай хуульд “Төрийн жинхэнэ албан хаагч  аливаа асуудалд төв байр суурь баримталж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд ажиллах заалт бий. УИХ-ын Тамгын газрын албан хаагчид өнөөдөр мөрдөж байгаа хуулийг хэрэгжүүлэх ёстой хүмүүс. Түүнээс биш Үндсэн хуулийг ингэж өөрчлөх гэж байна гээд яриад явах эрхгүй. Орон нутагт очоод төрийн албан хаагчдийг бас дарамталж саналыг нь авсан байх л даа. Ингээд 400 гаруй мянган хүний санал авсан. Одоо Үндсэн хуулийг өөрчлөх бүрэн үндэстэй, ард түмнээс асуучихлаа, УИХ-ын 57 гишүүнээр  гарын үсэг зуруулчихаад чуулганд өргөн барина гэж байгаа.  

-Тэгэхээр ямар, ямар хууль зөрчин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар зүтгээд байгаа юм бол?

-Энэ хуулийн төсөл холбогдох хууль тогтоомжийн дагуу өргөн баригдвал. УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав буюу 57-оос дээш гишүүний саналаар батлагдах ёстой.  Гэтэл  57 гишүүнээр гарын үсэг зуруулаад УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлнэ гээд ард түмнийг хуурч байна. УИХ-ын 57 гишүүн гарын үсэг зурж Үндсэн хуулийг өөрчилдөг хуулийн зохицуулалт байхгүй. МАН-ын бүлгийн дарга УИХ-ын 57 гишүүнээр гарын үсэг зуруулж УИХ-д өргөн бариад хэлэлцэж батлах тухай яриад байгаа.  Хууль санаачлах эрх Ерөнхийлөгч, УИХ-ын 76 гишүүн, Засгийн газарт бий. Эдгээр институцын аль нь ч Үндсэн хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах төсөл санаачилж болно. Харин  УИХ-аар хэлэлцэх гэж байгаа нөхцөлд Хууль тогтоомжийн тухай хууль, Үндсэн хуулийг өөрчлөх журмын тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар хууль санаачлах эрх бүхий субектүүдийн гаргасан санал ХЗДХЯ , Засгийн газрын хуралдаанаар дамжиж мөн Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэцээс санал авах хуультай. Эцэст нь Үндсэн хуулийн Цэц УИХ-д өргөн барина гэсэн хуулийн заалт бий. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  зохицуулалт нь  Үндсэн хуульд өөрт нь  байдаг.

Гэтэл МАН-ынхан Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль 2017 онд баталсан. Энэ хуулиараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд байна. Нэмэлт өөрчлөлт оруулах төслөө Засгийн газраас ажлын хэсэг томилж хийлгэсэн гэдэг. Гэвч МАН-ын захиалгаар тэдний үзэл бодлыг төлөөлсөн хэсэг хүмүүс хийсэн. Эхлээд зургаан багц бүхий 22 зүйлийн заалтад өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан. Одоо 52 зүйлийн заалтад өөрчлөлт оруулах хувилбар гаргаад ирсэн байна. Эхний хувилбараа бэлдчихээд Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль гэдэгтээ  “Санамсаргүй тохиолдлын аргаар иргэдээс санал авч хэлэлцүүлнэ” гэж зааснаар 1500 хүнээс санал авсан. Үндэсний статистикийн хорооноос тэр хүмүүсийг нь сонгож өгсөн гэдэг. Эдгээр хүмүүст нь хэн хэн орсныг ард түмэн мэдэхгүй. Ард түмэн хардах эрхтэй. Тэгэхээр өвчтэй солиотой, захиалгатай, ямар ч мэдээлэлгүй хүн орсон ч юм бил үү. Ингээд тэр хүмүүст өөрсдийн гаргасан зургаан багц 22 зүйл заалтын өөрчлөлтөө танилцуулсан. Нөгөөдүүл нь “Би төрийн хэрэгт  хувь нэмрээ орууллаа гэж хөөрцөглөөд, наад өөрчлөлтийг чинь дэмжиж байна”  гээд молигдуулаад өнгөрсөн. Дараа нь санал авах хүмүүсээ цөөлж 750 болгоод бүлэг, заалт бүрээр нь танилцуулсан. Тэгээд “Ажлын хэсэг байгуулж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санааг Засгийн газраас гаргуулсан. Бид ард түмний төлөөллөөр хоёр удаа  хэлэлцүүлж саналыг нь авч нягтлууллаа” гэж байгаа. Энэ эхний хувилбараа УИХ-ын 2017 оны 39 дүгээр тогтоолоор  ард түмэнд сурталчилсан. Тэгэхдээ УИХ-ын Тамгийн газрын ажилтнуудыг дайчилж орон нутагт нөгөө хувилбараа өгөөд явуулсан. Төслийнхөө танилцуулгыг хийхдээ зориуд бэлдсэн маягтад, тохирсон  асуултаар зарим хүнийг дарамталж байгаад саналыг нь авчихсан.  Төрийн албан хаагчийг “Чи энэ төсөлд санал өгөхгүй бол цалин мөнгө, ажилтай чинь ярина” гэхээр хэн ч л гэсэн үгэнд нь орно биз дээ. Эцсийн эцэст МАН-ханы санаачилсан, төрийн эрх мэдлийг өөрсдөдөө авах гэсэн агуулгатай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг л УИХ-аар одоо хэлэлцэх гэж байна.   

-Үндсэн хуулийн дордохын долоон өөрчлөлт гэж яригддаг. Яагаад ийм өөрчлөлт орчихсон юм бэ?

-Үндсэн хуульд 1999 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэр үед УИХ-д МАХН, АН-ын бүдүүн бүлэг буюу 62-ын бүлэг нэртэй эвсэл ажиллаж  байсан юм. Тэгэхэд Р.Гончигдоржоор ахлуулсан ажлын хэсэг УИХ-ын 57 гишүүнээр гарын үсэг зуруулж төсөл оруулж ирээд өөрчилсөн.  Одоо энэ жишигээр ард түмнийг хууль төдийлөн сайн мэдэхгүйг нь далимдуулаад байна.

-Тэгвэл Үндсэн хуульд яаж, ямар арга замаар нэмэлт өөрчлөлт оруулах ёстой юм бэ?

-Харин хууль санаачлах үйл явцаар нь буюу ХЗДХЯ, Засгийн газараар хэлэлцүүлээд иргэд, эрдэмтэн судлаачид, улс төрийн намуудын саналыг аваад  Үндсэн хуулийн Цэц УИХ-д өргөн барих учиртай. Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1-д “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн цэц УИХ-д өргөн мэдүүлж болно” гэж заасан юм.   Үндсэн хуулийн Цэц уг нь мэргэжлийн байгууллага юм. Гэтэл энэ байгууллагын гишүүдэд эр зориг алга. Бүгд дөрлүүлсэн. Хар л даа. Төрийн байгууллага тогтворгүй байна. Төрийн албан тушаалтнууд хууль зөрчлөө гэсэн гомдол гаргаад байхад шийдэхгүй байгаа биз дээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар шийдэж ард нийтийн санал асуулга явуулж болно. Санал асуулгыг Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу явуулна. Гэтэл Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль гэж гаргачихаад түүнийгээ ашиглаж Үндсэн хуульд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа юм. Уг нь 1995 онд батлагдсан Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг баримтлах учиртай. Энэ бол Үндсэн хуулиас гаралтай хууль. Уг хуульд хоёр удаа өөрчлөлт орсон байдаг. Хамгийн гол нь Үндсэн хуулийг өөрчлөх журмын тухай хууль болон Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Үндсэн хуулийн 68-р зүйлүүдэд тодорхой зохицуулалт хийчихсэн байхад зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиар өөрчлөх гэж байгаа нь ноцтой асуудал юм.  

-Иргэдээр хэлэлцүүлсэн гэж үзээд байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эхний хувилбарт нь яагаад олон зүйл заалт нэмэгдсэн юм бол?

-УИХ-аар одоо хэлэлцэх гэж байгаа нэмэлт өөрчлөлт нь зургаан багц бүхий 52 зүйлийн заалттай. Тэгэхээр ард иргэдээр хэлэлцүүлснээс өөр зүйл, заалт нэмж оруулсан юм. Тухайлбал, “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулна. Намын дотоод зохион байгуулалт ардчилалын зарчимд нийцсэн байх бөгөөд хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалтаа нийтэд байнга ил тод байлгах үүрэгтэй. Намын зохион байгуулалт санхүүжилт ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно” гэсэн өөрчлөлт оруулсан. Улс төрийн намыг төсвөөс санхүүжүүлэх тухай заалт Үндсэн хуульд байхгүй байсан. Тэгэхээр иргэдийн татварын мөнгөөр санхүүжиж сонгуульд ороод төсвийн мөнгөөр гараа угаах нь л дээ. Төсвийн мөнгийг хэрхэн “идэж” байгаа нь бидний нүдэнд ил байна. УИХ-ын нэг гишүүнд төсвөөс жилд 5-57 тэрбум төгрөгийн зардал баталж өгсөн. Үүн дээр ЖДҮ гээд гараад ирлээ. Ийм учраас дээрх заалт луйврын аргаар орж байгаа юм.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хаврын чуулганаар хэлэлцэн батлаж амжих болов уу?

-УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тасралтгүй хэлэлцэн батлах ёстой. Тэгэхдээ дөрвөөс доошгүй удаа хэлэлцэх учиртай. Их нарийн нягтлах ёстой юм.

-Хууль зөрчсөн, иргэдэд халтай ямар заалтууд оруулсан байна вэ?

-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Долоо хэмжиж нэг огтлож байгаа. Бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баримталж хийсэн. Ёстой сайн болсон” гэж яриад байгаа. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж буй төсөл нь зөвхөн эрх мэдэл хуваарилсан. Ард түмний эрх ашигт нийцэхгүй байна. Үндсэн хууль бол бүх ард түмний эрх ашгийг илэрхийлсэн учраас ашиг нь ард түмэнд гарч байх учиртай. Төр нь тогтвортой байгаад ард түмэн нь төрөө хүндэлдэг тогтолцоонд ороод, төрийн бодлого шийдвэр нь ард түмний эрх ашигт нийцэж байх ёстой юм. Үндсэн хуулийн 23 дугаар зүйлд “УИХ-ын гишүүн нь ард түмний төлөөлөгч бөгөөд нийт ард түмний ашиг сонирхолд үйлчилнэ” гэсэн заалт бий. Улсын Их Хурлын тухай хуульд ч тийм заалт байдаг. Гэтэл өнөөдөр “МАН-ынхан даргын дар гэсэн кнопыг дарна. Тэгэхгүй бол ирэх сонгуульд чамайг нэр дэвшүүлэхгүй” гэчихээр л өөрийн гэсэн толгойгүй болдог байх. Ийм учраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэ төсөлд ард түмний эрх ашигт нийцсэн, хамгаалсан гялайх ч юм байхгүй.  Зөвхөн төрийн хүнд суртлыг ихэсгэж эрх мэдлийг нэмсэн.

-Тухайлбал?

-Засгийн газар, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмсэн. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан. Мөн Шүүх эрх мэдэл рүү орж хутгалдсан. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар “УИХ-ын ээлжит сонгуулийн болон бүрэн эрхийн хугацааг сунгах, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг өргөтгөх, үүрэг хариуцлагыг сулруулах, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн бүрэн эрхийг олж авахыг хориглоно” гэж байгаа юм. Гэтэл гүйцэтгэх эрх мэдлийг дээшлүүлж шүүх эрх мэдэлд хутгалдаад Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан.  Монголын төрийг яаж тогтвортой байлгах, төрийн эрх мэдлийг хэрхэн тэнцвэртэй болгох талаас нь хандаагүй юм. Энэ өөрчлөлтийн төсөлд нь Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлж томилно гэж тусгасан. Ийнхүү хууль зөрчиж гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмчихээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг ягштал барьж байгаа гэж яриад байгаа юм. Одоо энэ өөрчлөлтийн төсөл нь батлагдвал 2020 оноос хэрэгжинэ. Тэгэхээр МАНАН 2028 он хүртэл өөрсдөө УИХ-д суух сонирхлоор  Сонгуулийн тухай хууль баталчихаад сурвалжит ноён шиг байна гэсэн үг.

Шүүх эрх мэдэлд дараах байдлаар халдсан. Улсын Дээд шүүхийн бүх шүүгчийг УИХ-аар нэг бүрчлэн хэлэлцээд дэмжвэл Ерөнхийлөгч зөвхөн албажуулах үүрэг хүлээнэ. Ингээд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг УИХ-аас гарсан шийдвэрийг зөвхөн биелүүлдэг болгож хязгаарласан.  Ерөхийлөгчийн бүрэн эрхийг хугацааг нь сунгасан харагдана лээ. Гэхдээ эрх мэдэл нь хумигдсан. Ер нь Шүүхийн ерөнхий зөвлөл сонгон шалгаруулалт явуулж  хэлэлцээд Улсын дээд шүүхийн  шүүгч нарыг УИХ-д танилцуулж Ерөнхийлөгч томилдог. Бусад шатны шүүхийн шүүгчдийг ч Шүүхийн ерөнхий зөвлөл хэлэлцэж Ерөнхийлөгч зөвхөн томилдог юм.Тэгвэл энэ хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч шүүгчийн томилгоог зөвхөн албажуулдаг болох юм байна. Орчин үеийн либериал үзлийн онолоор эрх мэдлийг гурав хуваарилсан байдаг. Тэр нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл юм.     Үндсэн хуулийн гол агуулга нь энэ. Энэ гурван эрх мэдэл бие биедээ хэн ч хутгалдаж орохгүй, хавсаргаж болохгүй, бие даан ажиллах ёстой. Гэтэл шүүх эрх мэдэл хууль тогтоох эрх мэдлийнхээ хараанд ороод явахаар болж байгаа юм.

Үндсэн хуулийг өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий.  Уг хуульд “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгууллагад халдсан хэрэг гэж үзнэ” гээд баталгаажуулсан. Тэгэхээр Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд халдлаа гэж үзэж болох нь. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах заалтыг нь давхар баталгаажуулсан. Гэтэл Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд Ард нийтийн санал асуулгын тухай хуультай холбоотой үг үсэг ч байхгүй. Хуулийг ингэж хийдэггүй. Ард түмэн даанч мэдээлэл бага, хүлцэнгүй байна. Ядуурал газар авсан учраас бор хоног өнгөрөөхдөө л санаа зовоод байгаа юм.

-Ард түмний санал асуулгыг  хичнээн хүнээс ямар байдлаар авах ёстой байсан бэ?

-Үндсэн хуулийн 25-р зүйлд Ард нийтийн санал зохион байгуулах эрх УИХ-ын чиг үүрэгт хамаардаг.1995 онд Ард нийтийн санал асуулгын тухай хууль батлагдаад 24 жил салхи ч ороогүй байгаа юм. Тэгэхээр манай хууль тогтоогчид энэ хуульд ач холбогдол өгөхийн оронд Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль нэртэй \органик\бус хууль батлаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа нь үнэхээр Үндсэн хуульд халдсан хэрэг болно. Ард нийтийн санал асуулгыг Сонгуулийн ерөнхий хороо улс орны хэмжээгээр зохион байгуулаж улс төрийн сонгуулийн нэгэн адил явуулах учиртай. Үндсэн хуулийн 68-р зүйлд зааснаар Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын гишүүдийн  3-ны 2% буюу 51-ээс доошгүй гишүүний саналаар явуулж болохоор зохицуулсан байдаг. Мөн Үндсэн хуулийг өөрчлөх журмын тухай хуульд Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар хэлэлцсэн чуулганы 2 дахь хуралдаанаас гишүүд санал гаргавал Ард нийтийн санал асуулга явуулна гэсэн байдаг юм. Одоо манай хууль тогтоогчид өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн хувилбараар санал асуулга явуулахад өөдтэй үр дүн гарахгүй. Аягүй бол 400 гаруй мянган хүний санал авч ард түмнээрээ хэлэлцүүлчихсэн гээд бярдаж батлаж магадгүй. Ингэж хардах үндэслэл ч бий.    

-Та Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэсэн. Тэгвэл яаж өөрчлөх ёстой гэж үзэж байгаа юм бэ?

-Хууль бол дээдсийг хазаарлаж доодсыг халамжилдаг төрийн бодлого байх ёстой. Ардчилал, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг дээдлэх нь Монголын төрийн үндсэн зарчим. Тэгэхээр эрх баригчид өөрсдийн эрх дархаа нэмэгдүүлэх бус ард түмний эрх ашгийг дээдлэх ёстой байлаа. Үгүй ядахдаа дордохын долоон өөрчлөлтөө засах учиртай юм. Өнөөгийн бодит амьдрал олон нийтийн санал, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслүүдээс харахад      \ МАНамынхаас бусад нь\ бүгдээрээ төрийн тогтолцоондоо бүтцийн өөрчлөлт хийж хоёр танхимтай парламентийн засагтай болохыг дэмжиж байна. Тэгэж гэмээ нь л ард түмний гарт төрийн эрх мэдэл шилжиж хяналттай, хариуцлагын тогтолцоот төр орших нөхцөл бүрдэнэ. 

-Дордохын долоон өөрчлөлт гээд байгаа зүйлийг тэгэхээр засаагүй гэсэн үг үү?

-Заримыг нь өөрчилсөн харагдана лээ. Тухайлбал, тэр долоон өөрчлөлтийн нэг нь дан давхар дээлийн асуудал. Үндсэн хуульд одоо оруулах гэж байгаа өөрчлөлтөд Засгийн газрын гишүүний гуравны нэг нь буюу Ерөнхий сайдаас өгсүүлээд дөрөв, таван хүн сайд байхаар тусгасан байгаа. Хоёрдугаарт, УИХ хагас жилд 50-иас доошгүй өдөр хуралддаг байсныг одоо 75 болгож байгаа юм билээ. Тухайн үед зарим иргэн Үндсэн хуулийн Цэцэд уг өөрчлөлтийн талаар гомдол гаргасан. Үндсэн хуулийн Цэц бага, дунд, их суудлын хуралдаанаар хэлэлцээд “Үндсэн хуулийн энэ өөрчлөлт шударга бус болсон. Үндсэн хууль зөрчсөн байна” гэдэг шийдвэр гаргасан байдаг. Ингээд уг өөрчлөлт хүчингүй болсон ч уг өөрчлөлтийг УИХ дахиад хуульд нь оруулчихсан юм. Өөрөөр хэлбэл энэ долоон өөрчлөлт Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр хууль бус.    

-Энэ УИХ-ыг Үндсэн хууль өөрчлөх чадамжгүй гэсэн байр суурьтай хуульчид бий. Учир нь эрх мэдлээ ашиглаж, ашиг сонирхолын зөрчилтэй ажиллаж байгаа гэдэг л дээ?

-Санал нэг байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл нь явцгүй. Үндсэн хуулийн Цэцэд хандахаас эхлээд олон эрсдэл бий. Улс төрийн дараагийн хүчин төрийн эрхэнд гарвал өөрчилж мэднэ. Өөрөөр хэлбэл, дараагийн УИХ-ын гишүүд санал нэгдвэл өөрчилж болно. Уг нь Үндсэн хууль тогтвортой баталгаатай байх ёстой. Нэг намын хууль биш. Монголын ард түмний амин чухал эрхийг хамгаалсан. Товчхон хэлбэл нэг намын 64 хүний саналаар хийдэг хууль биш юм. Нийт ард түмний оюуны хамтын бүтээл байх ёстой. Б.Чимид агсаны хэлсэнчлэн “Алганд багтдаг Монгол Улс чинь Үндсэн хууль шүү дээ”. Гэтэл Үндсэн хууль өөрчлөх гээд байгаа энэ УИХ-д   ЖДҮ-чин, луйварчин, 60 тэрбумынхан л байна шүү дээ. Энэ 76 эрхэм Монголын 3 сая гаруй иргэнийг төлөөлөж шударга ёс тогтоож төрийн нэр хүндийг хамгаалж чадахгүй шүү дээ. Ард түмний оюун санааны хамтын бүтээл ирээдүй хойчынхны  амьдрах орчныг хангах баталгаа болсон Монгол улсын Үндсэн хуулийг энэ хүмүүс өөрчлөх ёс суртахууны эрхгүй. Тэгээд ч эрх мэдэл эд хөрөнгийн төлөө тэмцэж хэсэг бүлгээрээ хуваагдсан хүмүүс эвлэлдэн нэгдэх нь юу л бол. Бас цаг хугацааны хүчин зүйл ч байгаа. Иймд дахин хэлэхэд Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа арга нь буруу зохицуулалтууд нь учир дутагдалтай учраас эрх мэдлээрээ бярдаж өөрчлөх юм бол нас нь богинохон, үр дүн нь урьдахаас ч дордох бий вий дээ. 

Т.Жанцан "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • өөрийнхөө хүүхэд мөнхчулуунаа хүмүүжүүлчихээд олон юм ярьвал яасан юм бэ
    2019 оны 06 сарын 10 | Хариулах
  • өөрийнхөө хүүхэд мөнхчулуунаа хүмүүжүүлчихээд олон юм ярьвал яасан юм бэ
    2019 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин
    Шүүгчид нь авилгалд идэгдэхээр тэгдэг юм
    2019 оны 06 сарын 10 | Хариулах
Top