x

1000 цөмийн бөмбөгтэй тэнцэх Супер галт уул Йеллоустон

Дэлхий сөнөнө, хүн төрөлхтөн, соёл иргэншил устаж үгүй болно гэсэн олон янзын таамаг байдаг. Дэлхий асар том солиртой мөргөлдөнө, цөмийн хөнөөл нь байгаль экологийн сүйрэлд хүргэнэ гээд зөн билэгчдээс эхлүүлээд, одон орон сонирхогчид, цэргийн мэргэжилтнүүд янз янзын таамаг дэвшүүлж анхааруулдаг. Хүн төрөлхтөн, соёл иргэншил устахад хүргэж мэдэх бас нэг аюулыг супер галт уул гэдэг. Судлаачид манай гараг дээр 20 ийм том супер галт уул байгаа нь дунджаар 100 мянган жилд нэг удаа оргилдог гэж мэдээлж байна. Эдгээрийн долоо нь идэвхтэй галт уул гэж судлаачид хэлж байгаа юм.

Супер галт уул гэдэг нэр томьёо анх шинжлэх ухаанд 2000 оноос орж ирсэн юм байна. Энд нэгдүгээрт, ийм галт уул оргилоход хүч нь галт уулын индексээр найман баллд хүрдэг, нөгөө талаар супер тогоотой, дороо асар их магматайгаараа ердийн галт уулнаас ялгардаг байна. Америкийн Йеллоустоны супер галт уулын тогоо гэхэд л 55х75 км том юм байна.

Хамгийн сүүлд манай дэлхийд ийм супер галт уул 27 мянган жилийн өмнө Шинэ Зеландын Умард арал дээр оргилж 1170 шоо км үнс нурам цацсанаар Таупо нуур үүссэн байна. Үүний өмнө Суматра арал дээрх Тоба нуурын орчим 73 мянган жилийн өмнө бас нэг супер галт уул оргилж 3000 шоо км үнс нурам цацсан гэнэ. Үүний дараа зургаан жилийн туршид дэлхийд үнс нурам бүхий бороо орсон гэж судлаачид үзэж байна. Геологич Майкл Рампиногийн тооцоолсноор галт уулын үнсэн үүл нарыг удаан хугацаагаар халхалж яг цөмийн өвөл шиг болсноор энэ гамшгийн үр дүнд дэлхий дээр хэдэн арван мянгаас хэтрэхгүй хүн үлдсэн гэж байна.

Йеллоустоны супер галт уул

Энэ бол АНУ-ын баруун хойд нутагт орших Йеллоустоны үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байдаг асар том супер галт уул. Энэ галт уул сүүлийн нэг сая жилд хоёр удаа дэлбэрсний сүүлийнх нь 600 мянган жилийн өмнө оргилжээ. Галт уулын тогоо нь өргөөшөө 55, уртаашаа 72 км байдаг нь үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар нутгийн гуравны нэг хувийг эзэлдэг байна.

Энэ галт уулыг 1960-аад онд анх хиймэл дагуулын зургаар олж тогтоосон юм байна. Энэ тогооны дор өнөө болтол магмагийн асар том хөөс байгаа нь 8000 метр гүн, цельсийн 800 градус халуун гэнэ. Йеллоустон галт уулыг мантийны 1600 градусын халуун босоо чулуулаг байгаа нь газрын гадаргууд ойртохоороо магма болон хайлмагтаж асар том цүлхэн болж агуулагдаж байгаа юм байна. Энэ нь яг л цөмийн бөмбөгийн дэлбэрэлттэй төстэй 660 км-ийн босоо баганатай бөмбөлөг гэсэн үг. Энэ нь энэ цэцэрлэгт хүрээлэнгийн доор газрын гүнд 8-16 км-ийн доор байгаа юм. Сая сая жилийн хугацаанд Умард Америк тивийн энэ ай сав аажмаар шилжин шинэ шинэ тогоо үүсгэж энэ нь ээлжит дэлбэрэлтэд хүргэдэг байна.

Йеллоустон галт уул гурван удаа дэлбэрсний анхных нь 2.1 сая жилийн өмнө болж Айленд-Паркийн тогоо болон Хаклберр-Рижийн нурууг бий болгосон байна. Тэгэхэд галт уулын үнс нурам 50 км өндөрт оргилон үнсэн үүл Умард Америкийн газар нутгийн дөрөвний нэгийг бүрхэж байсан гэдэг. Энэ дэлбэрэлтээр Йеллоустон 2500 орчим шоо км магма, гаргасан байна.

Йеллоустон хоёр дахь удаадаа 1.3 сая жилийн өмнө оргилж 280 шоо км үнс нурам, магма ялгаруулсан байна. Энэ дэлбэрэлтийн дүнд Хенрис-Форкийн асар том тогоо бий болжээ.

Гурав дахь удаадаа 640 мянган жилийн өмнө дэлбэрэхдээ анхныхаасаа хоёр дахин бага хүчтэй дэлбэрсэн гэнэ. Үр дүнд нь галт уулын оргил нурж, тойргоороо 150 км-ийн урттай асар том тогоо бий болжээ. Үүнээс гадна Лава-Крикийн царцдасын хавцал үүссэн байна.

Супер галт уулын дэлбэрэх магадлалыг эрдэмтэд өнөө цагт жилд 0.00014 хувь гэж байна. Энэ нь 100 мянган жилд нэг удаа дэлбэрэх магадлалтай гэсэн үг. Үүнийг энэ галт уулын гурван удаагийн дэлбэрэлтийн давтагдсан хугацаагаар тооцож гаргасан ч эрдэмтэд геологийн энэ үйл явцыг яг тодорхой урьдчилан хэлэх боломжгүй гэж байгаа юм.

Йеллоустоны галт уулын дэлбэрэлтийг энгийнээр жишихэд 1000 цөмийн бөмбөгийн дэлбэрэлттэй тэнцэнэ гэж байна. Сүүлийн жилүүдэд энэ орчимд газар хөдлөл, чичирхийллийн тоо өссөөр байгаа нь геологчдын сэтгэлийг улам түгшээх болж байгаа гэнэ. 2014 оны газар хөдлөлтийн өмнө эндхийн амьтад дүрвэн зайлж байсан удаатай. 2017 оны есдүгээр сарын 19-нд энэ супер галт уулын тогоон дотор магнитудын 3.2 баллын газар хөдлөл болсныг бүртгэсэн байна.

Супер галт уул дэлбэрвэл ямар аюул нүүрлэх вэ?

Юуны түрүүнд үнс нурман үүл үүснэ. Помпей хотынхонд урсч байгаа халуун лав тийм ч аюултай биш харин цагт 700 км хурдтай тархаж байсан галт уулын хий, үнс хамгийн аюул тарьсан гэж үздэг. Тэгээд ч ийм хурдтай тархаж байгаа хөнөөлөөс зугтаж зайлах ямар ч боломжгүй юм. Иргэдийн дийлэнх нь халуун лаваас биш, хорт хийнд хордож амь алдсан гэж Помпейн дэлбэрэлтийг судалсан галт уул судлаачид үзсэн байна.

Уулын чулуулаг судлалаар мэргэшсэн Миссурийн их сургуулийн судлаач Роберт Женевьев супер галт уулын дэлбэрэлт болох үед оргилох үнс нурам нь хэт халуунаас болоод газар буухдаа халуун лав болж асар богино хугацаанд галт уулын эргэн тойрны хэдэн зуун км газрыг халуун лаваар бүрхэнэ гэжээ. Энэ их өндөр температураас гадна энэ үеэр ялгарах хорт хий бас нэг аюул гэж байна. Дэлбэрэлтийн үеэр уулын чулуулаг маш жижигхэн хэсгүүд болон агаарт шилний үртэс шиг цацагддаг. Тийм болохоор галт уулын дэлбэрэлтийг ажиглахыг хүсэгчдийг маш сайн баг, амны хаалттай байхыг зөвлөдөг байна. Энэ ширхгүүд андашгүй, нарны гэрэлд гялтагнаж харагддаг гэнэ.

Супер галт уулын дэлбэрэлтийн үеэр бий болох нэг аймшиг бол галт уулын өвөл. Цөмийн зэвсгээр хөөцөлдөж байна, энэ нь цөмийн өвөл үүсгэнэ хэмээн барууныхан, Зөвлөлтийн талыг баримтлагчид 60-70 жил шуугьсан. Гэтэл бид нэг биш хэдэн арван цөмийн зэвсгээс ч аюултай супер галт уулын тухай дэндүү хожуу ярьж байгаа юм. Йеллоустоны ч юм уу, өөр нэг супер галт уул дэлбэрэхэд бидний өмнө нь ярьдаг байсан цөмийн өвөл гэдэг шиг галт уулын өвөл болно. Асар том галт уулын дэлбэрэлтээс үүдээд манай гаргийн температур 5-10 градусаар буурч бүхий л хүн төрөлхтөн аюул гамшигтай тулгарна.

1991 онд Филиппиний Пинатубо галт уул дэлбэрэхэд агаарын температур 0.5 градусаар буурч байсан гэдэг. Хэргийн гол нь супер галт уул дэлбэрэхэд тоосон багана, давхарга 20 км-ийн өндөрт үүсч нарны гэрлийг халхална. Йеллоустоны галт уул дэлбэрвэл үнс нурам нь 50 км-ийн өндөрт оргилж цацагдана гэнэ.

Геологич Майкл Рампино Суматра арал дээрх супер галт уулыг судлаад ийм галт уул дэлбэрсний дараа манай гараг дээр зургаан жилийн туршид хүчиллэг бороо орно гэж тогтоожээ. Хүйтрэхээс гадна энэ хүчиллэг бороо нь хамаг ургамал, ургацыг сүйтгэснээс хүн төрөлхтөн өлсгөлөнд нэрвэгдэх гэнэ. Заавал супер гэлтгүй жирийн галт уулын дэлбэрэлтийн үнс нурам ч манай дэлхийн цаг агаарт нөлөөлсөөр байгаа. 1815 онд Тамбор галт уул дэлбэрэхэд Европ тивд эрс хүйтэрч, өлсгөлөн нүүрлэсэн. Галт уулаас ялгарах хүхэрлэг хий, үнс нурам нарны гэрлийг халхалж эрс хүйтэрсэн. Үр дүнд нь 1816 оныг түүхэнд “зунгүй жил” хэмээн тэмдэглэж зургаа, долоон сард ч хүйтэрч, цас орсоор байжээ.

Йеллоустон галт уулаас яагаад айгаад байна вэ?

Йеллоустоны нутаг дэвсгэрийн цаг агаар сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөж байгаагаас үүдээд эрдэмтэд энэ супер галт уул манай гараг дээр хамгийн аюултай зүйл гэж үзэж байна.

-2013 оноос хойших зургаан жилд галт уулын тогоог бүрхсэн газар бүтэн хоёр метрээр өргөгдсөн байна. Гэтэл өмнөх 20 жилд энэ газар ердөө л 10 см өргөгдсөн баримт байна.

-Газар дороос халуун хий шинээр гарах нь нэмэгдсэн байна.

-Йеллоустоны орчимд газар хөдлөх давтамж жилээс жилд өссөөр байгаа гэнэ. Зөвхөн 2014 онд гэхэд л энд 2000 орчим чичирхийлэл бүртгэгдсэн байна.

-Зарим газарт газрын гүний хий гадагшаа нэвчин гарч байна.

-Энэ орчмын голын усны температур нэмэгджээ.

Энэ аймшигт мэдээлэл хүн төрөлхтөн, ялангуяа Умард Америкийн оршин суугчдын сэтгэлийг түгшээхгүй байхын аргагүй. Олон эрдэмтэн энэ супер галт уулын дэлбэрэлт энэ зуунд тохиож магадгүй гэж байна. Өмнө дурдсанаар 1000 цөмийн бөмбөгтэй тэнцэхүйц дэлбэрэлт боллоо гэхэд эндээс 160 км-ийн радиуст байгаа бүх зүйл устаж үгүй болохын дээр үнс нурам нь 1600 км-ийн радиусыг бүрхэж галт уулын өвөл болгоно. Хамгийн аймшигтай нь энэ аварга галт уул дэлбэрснээс бусад галт уулыг идэвхжүүлэн дэлбэрч асар том цунами дэгдээж мэднэ гэнэ. Үнсэн үүл хоёр хоногийн дотор Америк тивийг бүрхэх бол долоо хоногийн дараа Энэтхэг, Австралид хүрнэ. Дэлхийн агаарын температур хасах 25, зарим газарт хасах 50 градус болно. Хүмүүс хүйтэн, тэнгэрээс унах лаванд цохиулж, амьсгалах аргагүй болсноос, өлсгөлөнгөөр үхэж эхэлнэ. Зарим судлаачид 1000 хүнээс нэг нь үлдэнэ гэсэн гутранги тооцоо ч хийсэн байдаг байна.

Йеллоустоны галт уул дэлбэрснээр хүн төрөлхтөн, амьдралыг бүрэн устгачихдаггүй юм гэхэд бүхий л амьд амьтан оршин тогтнох, амьдралын нөхцөлийг үндсээр нь өөрчилнө гэж судлаачид хэлж байна.

Энэ бүс нутагт болж байгаа цаг агаарын өөрчлөлт, идэвхжилээс үүдээд эрдэмтэд энэ супер галт уул 2030 онд дэлбэрч болзошгүй гэж таамагласныг Forbes сэтгүүл нийтэлсэн удаатай. Галт уул судлаач Жон Айхельбергер Йеллоустон галт уул унтаагүй, түүний аюулт үйл явц үргэлжилсээр байгаа гэснийг vladtime.ru хэвлэл өнгөрсөн ням гарагт мэдээлсэн байна.

Манай гараг дээр идэвхтэй 600 орчим галт уул байдаг бол унтарсан галт уул 1000 орчим байдаг гэнэ. Харин далай тэнгисийн ёроолд 10 орчим мянган галт уул байгаа гэсэн тоо байна.

Х.Өлзийбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lzi Jrgl (122.201.23.44)
    Таалагдлаа сайн мэдээлэл байна.
    2019 оны 11 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 2025-11-07 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-11-07 Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 2025-11-07 Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2025-11-07 Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2025-11-07 Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2025-11-07 Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2025-11-07 Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2025-11-07 “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 2025-11-07 Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 2025-11-07 Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 2025-11-07 Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 2025-11-07 “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 2025-11-07 Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 2025-11-07 БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 2025-11-07 Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 2025-11-07 Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 2025-11-07 Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 2025-11-07 Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 2025-11-07 Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 2025-11-07
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top