Өнөөдөр 2019 оны 106 дахь өдөр, харин шинэ он хүртэл 259 хоног үлдлээ.
Өнөөдрийн баяр:
- Дэлхийн дууны өдөртэй. Тэр өдөр өнөөдөр буюу Дөрөвдүгээр сарын 16-н юм. Гэхдээ тэр нь дуулахтай огт хамгаагүй. World Voice Day буюу Дууны өдөр нь 1990-ээд оны сүүлчээр үүссэн бөгөөд хүний дуу хоолойн амьдралд гүйцэтгэж байгаа үүргийн ач тусын тухай юм.

- Энэтхэгт Чайра сарын (гурав ба дөрөвдүгээр сар) амвасью (шинийн сар) өдөр Эх болсон бурханд зориулсан хаврын есөн шөнийн Васанта Наваратри гэх баярыг тэмдэглэж дуусна. Үлгэр домгоор Парна-д бүх бурхадын эхийн бэлгэдэл Агуу дагина Дурга есөн өдөр, есөн шөнө мангасуудтай тулалдан тэдний хамгийн хүчирхэг Махишасурааг дийлсэн ажээ. Энэ тухай Маркандей Пурана, Дэвибхагавата Пурана, Чанди Пурана гэх судар номонд өгүүлсэн байдаг. Маркандей Пуранагийн чухал хэсэгт нь цуут Дэви-махатмья (Эх дагина) өгүүлэгддэг ба тэр нь энэ баярын гол шүтээн нь юм.

- Вишну бурханы долоо дахь үеийн дүр домогт хаан Рамын төрсөн өдөр. “Рамаяна” туульсийн баатар нь маш зохистойгоос гадна харьцангуй бодит хүн хаан ба үнэнч хүү. Домгоор Рама үд дунд төрсөн учир Энэтхэгийн Вишну шашны сүмүүдэд өлгийд нь кокосын самар тавин тахилч лам нь үд дунд Рама төрснийг зарладаг. Энэ өдөр Энэтхэг даяар “Рамаяна” туульсийг уншин Рама нэрийг давтан хэлж байдаг.
1940 он: Дөрөвдүгээр сарын 16-ны энэ өдөр Данийн хатан хаан II Маргаретын төржээ.

Энэ өдрийг даничууд Үндэсний баяраа болгон тэмдэглэдэг бөгөөд олноороо нийслэлдээ цугларч Амалиенборг ордныхоо тагт дээр гарч ирэх II Маргарет хатан хаандаа мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай ажээ. “Бурханы ивээл, ард оны хайр нь Данийн хүч чадал юм” гэсэн үгс бол II Маргарет хатан хааны уриа юм. Данийн хаан IX Фредрих хаан ширээ залгамжлах хүүгүй байснаас тэр эмэгтэй хаан болжээ. Тус улсын 1952 оны Үндсэн хууль нь гүнж Дейзийг (Хаантны том охины бүтэн нэр нь Маргарет Александра Торхильдур Ингрид) II Маргарет нэрээр хаан ширээнд суухыг зөвшөөрсөн юм. Өмнөх Маргарет нь 1380-1412 онуудад Данийг захирч байв. Харин өнөөгийн хатан хаан улс төрд оролцдоггүй учир хамжлагтнуудынхаа дунд их нэр хүндтэй юм байна.
Сонирхолтой түүх:
1618 он: Английн нэртэй эмч, эрдэмтэн Уильям Гарвей (1578-1657) Лондонд лекц уншиж байхдаа хүн ба бүлээн цустнуудын цусны эргэлтийн системийн талаар анх удаагаа мэдээлж байжээ.

Тэрээр цус хоёр хүрээгээр эргэлддэгийг тогтоосон байна. Бага хүрээ нь уушгиар дамждаг бол нөгөө хүрээ нь бүх биеэр дамжуулан цусыг эргэлдүүлдэг гэж баталсан юм.
Гарвейн сонгомол бүтээл "Амьтны зүрх, цусны хөдөлгөөний анатомийн судалгаа” ном 1628 онд хэвлэгдэн гарч ирээд анагаахын антикийн суутан гэгдэх Клавдий Галены үзэл бодолд тулгуурласан цусны эргэлтийн төсөөллийг бүрэн өөрчилсөн юм.
Улаан цайз баригдаж эхлэв
1639 он: Аугаа Моголуудын тав дахь захирагч Шах Жахан нийслэлээ Аграгаас Шахжаханабад (өнөөдөр Делийн район) шилжүүлэн авчирсны дараагийн жилд Ямуна голын эрэгт эзэн хааны өргөө болох Улаан цайзыг босгуулж эхлэв.

Барилгын ажил 1648 оны мөн л энэ өдөр дуусчээ. Улаан элсэн тоосгон цайз нь зөв биш найман өнцөгтийн хэлбэртэй бөгөөд ойролцоогоор 900х550 метрын талбайг эзэлдэг. Эхлээд дотор нь зургаан маш тансаг танхимтай байжээ. Тэдний зарим нь он цагийн явцад элэгдэн эвдэрч одоо үлдсэнийг нь музей болгожээ.

Орднуудын нэгийн хүлээн авалтын танхимын арка дээр эртний мастер “Хэрэв дэлхий дээр диваажин байдаг бол тэр нь энэ, зөвхөн энд” гэсэн үгийг боржин дээр сийлсэн байдаг. Шах-Жаханы хайртай эхнэрийн бунхан Таж-Махал мөн л тэр үед баригдсан байв. Энэ хоёр байгууламжийн “ерөнхий уран барилгач” нь хаан өөрөө гэж түүхчид таамагладаг юм.
Өнөөдрийн түүх:
МЭӨ 1457 он: Египетийн фараон III Тутмос болон Кадешийн хаан Канаанитийн армийн тулаан эхэлжээ. Энэ нь дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн эртний бөгөөд анхны тулаан юм.
1346 он: Сербийн эзэнт гүрний хаанаар "Бүхнийг чадагч" хэмээх Бушан өргөмжлөгдөж улмаар Балканы хаант улсуудыг эзлэн түрэмгийлж эхэлжээ.
1582 он: Испанийн аялагч, эзлэн түрэмгийлэгч Хернандо де Лерма Аргентин улсын Сальта арлыг нээжээ.
1780 он: Германы Умард Райн-Вестфалиад Мюнстерийн их сургууль байгуулагдав.
1799 он: Наполеоны дайн: Табор уулын тулаанд Наполеоны цэргийн хүч Оттоманы Туркийн армийг Йордан голын Акра орчимд бүслэн дарав.
1818 он: АНУ-ын Сенатын танхим Канадтай хиллэх хилийн зурвасыг эцэслэн баталжээ.
1831 он: Виктор Гюгогийн “Парисийн Дарь эхийн сүм” гэх анхны роман нь хэвлэгдэн гарчээ. Энэ зохиолдоо зохиогч XV зууны үеийн Францын нийслэлийн амьдралыг Нотр-Дам де Пари сүмийн дэвсгэр дээр харуулжээ.

Нотр-Дам нь Францын газар зүйн цэгээс гадна оюун санааны төв нь ба зохиолын баатар нь болсон юм.

Виктор Гюго 1830 оны долдугаар сараас 1981 оны нэгдүгээр сар хүртэл бичэхдээ дунд нь хувьсгалын бужигнаанаар хэдэн сар завсарлажээ. Шүүмжлэгч нарын үздэгээр энэ роман хуучинсаг мэт ч орчин үеийнх. Залуу насанд түүнийг унших нь тогтмол нээлт болдог бөгөөд романтик романы жинхэнэ сор гэгддэг. Зохиогч аймшгийн Квазимодо үзэсгэлэн төгөлдөр Эсмеральдо хоёрын эрс тэсээр аймшгийг гайхамшиг болгож чаджээ.

Францын шүүмжлэгч романист ба яруу найрагч, Нобелийн шагналтан Анатоль Франс төржээ
Анатоль Франс гэдэг Францын зохиолч Анатоль Франсуа Тибогийн уран зохиолын нэр нь юм. Тэрээр 1920-иод онд дэлхийд алдаршсан бөгөөд Францын уран зохиол, соёлд түүний нэр хүнд халдашгүйгаар дархлагджээ.

Анатоль Франс (1844.04.16-1924.10.12) 1844 оны дөрөвүгээр сарын 16-нд Парис хотноо хуучин номын худалдаачны гэр бүлд төржээ. Франс 1866 онд Иезүтийн коллежийг төгсөөд А.Люмеррагийн хэвлэлийн газар ном судлаачаар ажилласан байна. Энэ үеэр тэр «Парнас» гэх уран зохиолын бүлэгтэй ойртож 1868 онд “А. де Виньи” гэдэг анхны номоо хэвлүүлсэн байв. 1873 онд түүний “Алтан яруу найраг” түүвэр хэвлэгджээ. “Коринфийн хурим” гэсэн драмын яруу найргаа 1877 онд гаргажээ. Франс 1875 оноос “Темпе” сонинд сурвалжлагчаар ажиллаж байгаад тэндээ уран зохиолын шүүмжийн албыг толгойлох болсон байна.
1890-ээд оны Франс “Орчин цагийн түүх” гэсэн нэлээд цуутай шог театрологи хэвлүүлэн дуулиан тарьж байв. Аажмаар тэр үндсэрхэг үзэлтнүүдийн эсрэг зогсох болов. Тэрээр ард түмний гэх их сургуулиудыг үүсгэхэд оролцон лекц уншиж байлаа.
Зохиолч 1921 онд “жишиг болсон стильтэй, хүмүүнлэгээр зовиносон, жинхэнэ галлийн сэтгэлийн хөөрлийг илэрхийлсэн, гайхамшигтай уран зохиолын ололтынхоо төлөө” гэсэн үнэлгээтэйгээр Нобелийн уран зохиолын шагналтан болжээ.
1850 он: Өнөөгөөс 169 жилийн өмнө энэ өдөр Лондоны лааны тосны музейг үндэслэгч мадам Тюссо нас баржээ. Уг нэр нь Анна Мария Гросхольц 1761 оны арванхоёрдугаар сарын 7-нд Страсбургийн немц айлд төрж, Берн, Парис ба Англид амьдран өөрийгөө швейцари эмэгтэй гэдэг байв.

Тэр багаасаа лааны тосон баримал хөрөг бүтээх авъяастай байв. Анна Мария 18 настай байхдаа энэ урлагт XVI Людовик хааны дүү гүнж Елизаветаг сургаж байв. Авга ахыгаа нас барсны дараа тэрээр түүний урлан ба ажил үйлсийг залгамжлан авчээ. 1795 онд тэрээр Франсуа Тюссо гэдэгтэй гэрлэн түүний овгийг авсан байна. Амьенын энхийн гэрээ байгуулагдсаны дараа тэрээр өөрийн уран бүтээлээ Англид үзүүлэхээр 1802 онд явснаас хойш насан эцэс хүртлээ суурьшжээ. Гучин жилийн турш тэрээр Англиар хөндлөн гулд явж уран бүтээлээ танилцуулж, улам бүр сайжруулж, өргөжүүлж байв. Мадам Тюссо 74 настайдаа Лондонд ирж, өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн музейг нээжээ. 1925 онд түймэр гарч уг музейн олон баримлыг устсан боловч хэв нь үлдсэн тул дахин сэргээж хийжээ.
1853 он: Энэтхэгт анхны зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээ нэвтрэв. Анхны зорчигч тээврийн галт тэрэг Бомбайгаас Тане хот руу зорчиж байжээ.
1878 он: Энэ өдөр Уильям Бантинг нас баржээ. Тэрээр 1797 онд Англид төрсөн ажил хэрэгч, буяны албаны мастер байлаа. Тэрээр 60 хүрээд хэт их өөхөлснөө мэдэн амьдралынхаа хэм хэмжээг өөрчлөхөөр шийдсэн байна.

Тэрээр эмчийнхээ тусламжтайгаар хоолны дэглэмийг бий болгон амьдралаа өөрчилж чадсан байна. Нүүрс усгүй хоолны дэглэмийн номыг тэрээр 1864 онд бичсэн ба түүний энэ арга өнөө хүртэл хэрэглэгдэж, маш алдартай болжээ. Өнөөдөр ч түүний нэрийг ихээхэн дурсаж байгаа.
1889 он: Лондон хотын Вулвортын дүүрэгт Чарльз Спенсер Чаплин төржээ. Найман настайдаа тэрээр анх тайзнаа гарч жижигхэн дүрд тоглон “гол зогоож” байсан бол хорин жилийн дараа нэрд гарч, саятан болжээ. Түүний тоглосон кинонууд үзэгчдийг хамгийн их татаж байлаа. Тэрээр ная орчим кино бүтээсэн ба “Их хотын гэрэл”, “Шинэ цаг”, “Алтны халуурал” зэрэг кинонууд нь дэлхийн сонгодог кино урлагийн жагсаалтад орсон билээ.

1910 он: Орчин үеийн шайбатай хоккейн дүрмийн дагуу зохиогдсон анхны тэмцээн АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотын цэнгэлдэхэд болжээ.
1912 он: Америкийн нисгэгч Гарриет Куимби Ла-Маншийг хоолойг нисч туулсан анхны эмэгтэй болов.

1917 он: Швейцарьт дүрвэн амьдарч байсан Владимир Ленин нууцаар Герман, Швед, Финляндаар дамжин Оросын Петроград хотод эргэн иржээ. Финийн вокзал дээр тэр хуягт дээрээс үг хэлэн анх удаагаа социалист хувьсгалын замаар замнана гэж хэлжээ. Үүнээс таван жилийн дараа Ленинградын Финляндын вокзалын талбайд Лениний хөшөөний шав тавигджээ.

“Ленин хуягт дээр” гэсэн барималч Евсеев ба уран барилгач Щукогийн бүтээсэн алдартай хөшөөг Октябрийн хувьсгалын 9 жилийн ойгоор хийжээ.
1921 он: Монгол Улсын Ерөнхий сайдаар Догсомын Бодоо тодорчээ. Тэрээр 1922 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл энэ албыг хашсан юм.
1922 он: Рапаллогийн гэрээнд Герман болон ЗХУ гарын үсэг зурснаар дэлхийн I дайнаас болж тасалдаад байсан дипломат харилцаагаа эргэн сэргээв.
1926 он: Массачусетс мужийн Оберн хотоос холгүй талбайд Америкийн инженер Роберт Годдарт дэлхийд анх удаа шингэн түлшний пуужинг хөөргөсөн байна.

Герберт Уэльсийн “Ертөнцүүдийн дайн” романд биширсэн тэрээр амьдралынхаа ихэнх хэсгийг пуужингийн шингэн түлш ба пуужингийн хөдөлгүүрийн онолын математик тооцоонд зориулжээ. Түүний анхны пуужин нь түлшнийхээ хамт таван кг-аас ялимгүй илүү жинтэй байсан ба хоёр секунд хагасын дотор 56 метрийн хөндлөн нислэгийг хийж чадсан аж. Мөн тэрээр тийрэлтэт гранат харвагчийн санааг анхлан гаргасан ба Америкийн анхны “базукууд”-ыг түүний ажилд тулгуурлан хийжээ.
1945 он: Дэлхийн хоёрдугаар дайн: Зөвлөлтийн "Улаан арми" Германы армийн эсрэг сүүлийн шийдвэрлэх тулаан Берлины стратегийн давшилтаа эхлүүлэв. Берлиний хамгаалтын гол бэлхлэлт Зееловын өндөрлөгийн төлөөх тулаанд хоёр талаас нийтдээ нэг сая цэрэг оролцсон гэх мэдээ бий.

Уг ажиллагаа дөрөвдүгээр сарын 16-наас тавдугаар сарын 8 хүртэл 23 хоног үргэлжилсэн бөгөөд Зөвлөлтийн гурван маршал Г.К. Жуков, К.К. Рокоссовский, И.С.Конев нарын удирдлага дор явагджээ. Берлиний ажиллагааны онцлог нь асар олон тооны зөвлөлтийн танкийг ашигласан явдал болсон юм.
1948 он: Европын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага байгуулагджээ. Эхний ээлжинд Дани, Австри, Франц, Швейцари, Швед ба Германы баруун хэсгийн эзлэгдсэн бүс тус байгууллагад оржээ.

Дайны дараах Европын бүтээн босголтын АНУ-ын хөтөлбөрийн хөрөнгийг хувиарлах болон Баруун Европын интеграцлагдах үйл ажиллагаа нь тус байгууллагын гол зорилт байлаа.
1961 он: Кубын удирдагч Фидель Кастро ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ "Куба улс ирэх жилүүдэд Марксист-Ленинист замаар Коммунист засаглалаар замнана" гэдгээ зарлан тунхаглажээ.
1990 он: Дэлхийн эрүүл мэндийн практикт анх удаа Жек Кеворкиан гэх эмч өвчтөний хүсэлтээр амьсгалыг нь тасалжээ. Түүнийг олон нийт "Үхлийн эмч" гэж цоллосон байв.
2002 он: Америкийн эрдэмтэд цэргийн хүнсэнд хэрэглэх “мөнхийн” гэсэн хачиртай талхыг бүтээлээ. Нян үржихийн эсрэг тусгай бодистой энэ хоолыг гурван жилийн турш ямар ч цаг агаарт шинээр нь хадгалж болох ажээ.
2007 он: Солонгос гаралтай Сён-Хуй Чо гэгч Виржиниагийн технологийн коллежд зэвсэглэн халдсаны улмаас 32 хүн амиа алдан, 17 гаруй хүн шархаджээ. Халдлага үйлдсэнийхээ дараа Сён-Хуй Чо өөрийгөө буудан хороосон байна.
2014 он: Өмнөд Солонгосын Жиндо арлын ойролцоо Севол гатлага онгоц осолдож 304 зорчигч амиа алджээ. Олон нийт болон төрийн зүтгэлтнүүд Севол онгоцны удирдлагын багийг буруутгаж байсан ч тэд ослын үед хийх ёстойгоо хийсэн болох нь тогтоогдсон юм.



