Өнөөдөр 2019 оны 105 дахь өдөр, харин шинэ он хүртэл 260 хоног үлдлээ.
Өнөөдрийн баяр:
Дэлхийн соёлын өдөр
Өнөөдөр Дэлхийн олон улс орон Соёлын олон улсын өдрийг тэмдэглэж байна. Рерихийн гэрээг 1935 онд Вашингтонд баталсантай холбоотойгоор энэ өдөр бий болжээ. Рерихийн гэрээ нь соёлын үнэт зүйлсийг хамгаалах анхны олон улсын баримт юм.
Рерихийн төв 1998 онд баримт батлагдсан өдрийг Олон улсын Соёлын өдөр болгох санаачлагыг гаргасан байна.

"Соёл" гэсэн үг нь санскрит хэлнээс “гэрлийг шүтэх” гэж үгчлэн орчуулагддаг ба Соёлыг байнга судлан түүнийг санан хамгаалах тогтмол шаардлага бидэнд хэрэгтэй юм.
Түүх, соёлын дурсгалыг гадны хүчний сүйрлийн нөлөөнөөс хамгаалах ажлыг зохицуулсан хууль эрх зүйн журам боловсруулах санаа ХХ зууны эхний хагаст гүн ухаантан, зураач Николай Рерихт төржээ. Тэрээр 1929 онд дэлхийн улс орнуудын засгийн газарт олон улсын гэрээний төслийг боловсруулснаа хүргэсэн байв. Түүнийг тэр цагийн соёл, шинжлэх ухааны төлөөлөгчид болох Альберт Эйнштейн, Бернард Шоу, Герберт Уэллс, Томас Манн зэргийн олон хүн дэмжжээ. Рерихын гэрээний төслийг Үндэстний лигийн дэргэдэх музейн хороо, Панамерикийн холбоо дэмжиж, түүний санааг тараан дэлгэрүүлэх хороод Бельги, Франц, АНУ, Энэтхэгт байгуулагджээ.
Үүний дараа, Николай Рерих баримт дээр үрглжлүүлэн ажиллаж байв. Тэрээр 1931 онд Бельгийн Брюгге хотноо болсон Рерихын пактын I олон улсын бага хурал дээр Дэлхийн соёлын өдрийг бий болгох санал дэвшүүлжээ. "Бүх сүм хийд, сургуулиудад хүн төрлөхтний жинхэн үнэт зүйл, урлан бүтээх баатарлаг эрмэлзэл, амьдралыг сайжруулан чимэглүүлэх тухай сануулан гэгээрүүлэх Дэлхийн соёлын өдрийг бий болгоцгооё” гэж Рерих хэлсэн байдаг.
Тэр жилдээ Нью-Йоркт Рерихийн пактын албан ёсны бэлгэдэл болох Энх тайвны далбаанд зориулсан баяр зохион байгуулагдаж байжээ.

Зураач түүнийг улаан дугуй хүрээн дотор цагаан дэвсгэр дээр байгаа гурван улаан дугуйгаар дүрслэн зуржээ. Рерихийн пактыг 1935 оны дөрөвдүгээр сард Вашингтонд баталгаажуулан гарын үсэг зурагдсан байгаа. Түүнийг Америкийн Ерөнхийлөгч Франклин Рузвельтын өрөөнд баталсан юм. Хожим тэр баримт нь Түүх соёлыг хамгаалах ЮНЕСКО-гийн болон 1954 оны Гаагийн конвенцийн баримт бичгүүдэд өргөнөөр тусагдсан аж.
Хуулийн баримтад соёлын үнэт зүйлийг хайрлан хамгаалж, хүндэтгэх үндсэн зарчмуудыг тусгасан байгаа. Соёлын өвийг хамгаалах нь цэргийн ажиллагааны шаардлагаар сулрахгүйг баримтад анхааруулжээ.
2008 оны арванхоёрдугаар сард Орос, Итали, Испани, Аргентин, Мексик, Куба, Латви, Литвын олон нийтийн байгууллагуудын санаачлагаар дөрөвдүгээр сарын 15-ныг Энх тайвны тугийн дор Дэлхийн соёлын өдөр болгох олон улсын хөдөлгөөн байгуулагджээ.
Соёлын олон улсын өдөрт янз бүрийн концерт, уралдаан, үзэсгэлэн гээд л олон арга хэмжээ зориулагддаг. Энэ өдөр Энх тайвныг далбааг өргөн соёлын ажилтнуудад мэргэжлийн баяр хүргэдэг ажээ.
Мөн энэ өдөр:
Хойд Солонгос Чучхэ эринийхээ эхлэлийг тэмдэглэдэг байна. Энэ эриний эхлэл нь БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сенийн төрсөн 1912 оны энэ өдрөөс эхэлдэг гэнэ. Хойд Солонгост баярын өдрөө “Нарны өдөр” гэж нэрлэдэг аж.
Мөн энэ өдөр Босни ба Герцогивинагийн армийн төрсөн өдөр гэж үздэг. Арми нь 1992 оны дөрөвдүгээр сарын 15-нд байгуулагдан Серб болон Югославын ардын армийн эсрэг байлдаж байжээ.
Сохирхолтой түүх:
Анхны "Макдоналдс" нээгдэв
1955 он: Иллинойс мужийн Де-Пленз хотод хамгийн анхны “Макдоналдс” зоогийн газар нээгдсэн байна. Дес-Пленз, штат Иллинойс, Рэй Крок өөрийн анхны “алтан аркаа” нээв.
1940-өөд оны сүүлчээр, Дик ба Мак Макдоналд хоёр Калифорнийн Сан Бернардино дахь автомашинтай хүмүүст зориулсан жижиг ресторанаа өргөжүүлэх замыг хайж байлаа. Жилдээ 200000 долларын ашигтай байсан ресторанаа бага зэрэг сайжруулахын оронд тэд хурдан шуурхай үйлчилгээ, бага үнэ, их хэмжээнд тулгуурласан шинэ концепцийг бий болгосон юм.

Тэд лангууны өөртөө үйлчлэх үйлчилгээнд шилжин гал тогоогоо бүрэн өөрчлөн бүх тоног төхөөрөмжөө зэвэрдэггүй болд болгожээ. Тэр нь бөөнөөр үйлдвэрлэх, цуглуулгын системд үндэслэгдсэн байв. Тэд гамбургерийн өрсөлдөөнгүй үнийг эрс буулгажээ.
Ах дүү Макдоналдын ресторан дахин нээгдсний дараа бизнесийн эргэлтийг хурдасгах хэсэг хугацаа шаардагдсан ба тэд удалгүй Америк сэтгэлтийг барин авсан нь ойлгомжтой болов.
Тэдний амжилтын тухай мэдээ маш хурдтай тарсан ба улаан, цагаан хавтангаар өнгөлөгдсөн, налуу дээвэртэй, хажуу талаар нь алтан нуман аркатай байшин Макдоналдс ресторануудын эхний “давалгааны” загвар болон энэ аж үйлдвэрлэлийн солигдошгүй бэлгэдэл болжээ.
Гэхдээ ах дүү Макдоналд бизнесийнхээ өргөжилтийг өөрсдөө хянах хүсэлгүй байснаас Рэй Крок түүний франчайзингийн агент болсон юм. Рэй Крок 1955 онд "Макдоналдс Систем, Инк" Нэртэй шинэ франчайзингийн компанийг байгуулснаар Макдоналдс Крокын түүх эхэлжээ.
Хязгаарлагдмал цэс, чанартай хоол, үйлдвэрлэлийн систем, хурдан шуурхай, нөхөрсөг үйлчилгээ зэргийн ах дүү Макпоналдын ерөнхий зарчмуудыг Рэй Крок хадгалан үлдээд түүн дээр өөрийн болох ариун цэврийн өндөр стандартыг нэмжээ.
Одоо “Макдоналдс” корпораци нь дэлхийн 121 оронд 30 мянган салбар ажиллуулдаг. Жилдээ энэ сүлжээ 50 сая хүнд үйлчилдэг ажээ.
Өнөөдөр түүхэнд:
1395 он: Монгол хаан Төмрийн цэрэг Алтан ордны улсын хаан Тохтамышийг Терекийн тулаанд буулган авав. Төмөр хаан эзлэн авсан нутагтаа өөрийн захиргаанд байх захирагчийг томилон нутаг буцжээ.
1450 он: 100 жилийн дайн: Англи Францын хооронд үргэлжилсэн зуун жилийн дайны Форминийн тулаанд Францын цэргийн хүч Английн цэргийн хүчийг буулган авав. Ингэснээр Англи улс Умард Францын хяналтаа бүрэн алдсан билээ.
Сэргэн мандлын үеийн суутан Леонардо да Винчи төржээ

Леонардо да Винчи (1452.04.15-1519.05.02) 1452 оны дөрөвдүгээр сарын 15-нд Флоренци хотоос холгүй Винчийн ойролцоох Анкиано тосгонд төржээ. Эцэг нь нотариатчин, эх нь энгийн тариачин эмэгтэй байв. Эх нь хайрттайгаа гэрлэнэ гэх найдлагагүй байсан бөгөөд эцэг нь удалгүй баян чинээлэг, язгууртны охинтой гэрлэсэн байв. Леонардог гурван настай байхад нь эцэг нь өөртөө авсан гэнэ. Хүүгээ язгууртны амьдралаар явуулах гэсэн нь бүтэлгүйсэн байна. Харин хүүгийнхээ зургийн авьяасыг мэдсэн эцэг нь Леонардог Тосканы зургийн хамгийн шилдэг урланд илгээн уран зураач Андреа дель Верроккьод шавь оруулжээ. Зураачийн урланд тэр удсангүй. Тэдний хамтран бүтээсэн нэгэн зурагт шавь нь багшаасаа хамаагүй илүүтэйг мэдсэн Верроккьо бийр барихаа нэг мөр орхисон гэх домог бий.

Өдгөө Леонардо нэн түрүүнд зураач гэдгээрээ л алдартай. Түүний нэртэй бүтээлүүдэд «Мадонна Лита», «Суусартай хатагтай» зэрэг зургууд орох бөгөөд дэлхийд хамгийн алдартай нь «Мона Лиза» (Жоконда). Леонардо уран зурагт тийм ч их цагаа зарцуулаагүй учраас зураг нь цөөн. Тэрээр байгалийг судлан бодит урлагийн зарчмыг мэдэхээр эрмэлзэн урлагийг хүлээн авах хуулийг бүтээн уран зургийг чанарын өндөр төвшинд гаргаж, онолын маргаанд живэлгүйгээр өөрийн суут бүтээлүүдээ бүтээж иржээ.

Леонардогийн буянаар таталбар зургийн зураасын уусмал тодорч, өнгийн ялгаа нь зөөлөрч зураг болон бодит байдал ойртож, зургийн нууцлаг шинж нь ил гарч иржээ. Мастер өөрийгөө зураач гэхээсээ эрдэмтэн, инженер хүн гэж үздэг байжээ.
Түүний «Витрувианы хүн» зураг нь өнөөг хүртэл хүний биеийн шилмэл хэм хэмжээний жишиг хэвээр. Өөрөөр хэлбэл, жишиг хэмжигдэхүүн гэж болно.

Тэрээр шүхэр бүтээгч бөгөөд танк, прожектор, харвагч, шумбагч онгоц, нисдэг тэрэг, унадаг дугуй зэргийн анхны санааг гаргасан байлаа.
Тэрээр агуу сэтгэгч байсан ба бодит биетэд хамаатай туршилтыг үнэний цорын ганц үзүүлэлт гэдэг байжээ. Мөн хөгжим, тогоочийн урлаг сонирхож ирсэн аж. Хоосон яриаг тэр тэвчихгүй. Суутан баруун, зүүн хоёр гараараа адилхан ажиллаж чаддаг амбидекстор байжээ. Авьяастай хүн юм бүрт уртай гэж ярьдаг нь сул үг биш бололтой. Тэрээр бүхий л талдаа суутан байлаа.
1632 он: Густаф Адольфаар удирдуулсан Шведийн арми Ариун Ромын эзэнт гүрнийг буулган авчээ.
1755 он: Англи хэлний алдартай гэгдэх "Англи хэлний толь бичиг" Лондон хотод худалдаанд гарав. Уг толь бичгийг хэл шинжээч Самуэль Жонсон туурвисан байна.
Францын XV Людовик хааны албан ёсны бишрэлт эмэгтэй Маркиза де Помпадур таалал төгсжээ

Маркиза де Помпадур (жинхэнэ нэр нь Жанна-Антуанетта Пуассон) (1721.12.29-1764.04.15) 1721 оны арванхоёрдугаар сарын 29-нд төржээ. Парис хотын захиргаанд болсон багт наадам дээр 1745 онд хаантай танилцсан аж. Бүсгүй багтай байсан ч түүний биеэ авч явж байгаа, хөдөлгөөн нь хааны анхаарлыг татсан байв. Удалгүй хаантан түүнийг албан ёсоор өөрийн бишрэгч бүсгүйгээр зарласан гэнэ. Хурц ухаантай тэр эмэгтэй хааныг өөртөө тун удалгүй захируулж чаджээ. Улс орны гадаад, дотоод бодлого тэр эмэгтэйд ирсэн бөгөөд тэрээр өөртөө үнэнч хүмүүсээр хааныг хүрээлүүлсэн байлаа. Тэр эмэгтэйн хүслээр Францын маршалаар герцог Ришилье, Гадаад хэргийн сайдаар герцог Шаузель, Сангийн сайдаар Машо нар томилогдсон байна. Мөн тэрээр хааныг Австритай ашиг муутай холбоо байгуулахад хүргэсэн гэх. Помпадурын хувийн зарлага маш их байсан бөгөөд түүнийг “моод”-ны хуулийг гаргагч гэж байлаа.
Помпадурын үйл ажиллагаа ордныхонд таалагдаж, энгийн хүмүүс хүлээн авдаггүй байжээ. Нөгөө талаасаа энэ эмэгтэйг урлагийн ивээгч байсан гэдэг. Тэрээр тухайн цагийнхаа олон нэвтэрхий тольчдод тус болон мөнгө хөрөнгө гаргуулан дэмждэг байжээ.
Шаазангийн үйлдвэрийг үүсгэн ер бусын төрлийн ягаан өнгөтэй бүтээгдэхүүн гаргаж байсныг нь түүний нэрээр Rose Pompadour хэмээн нэрлэжээ.
Мөн Версалийн ордонд театр байгуулан өөрөө янз бүрийн дүрд нь тоглож байв. Маркиза язгууртны хүүхдүүдийн цэргийн сургуулийг үндэслэн байгуулжээ. Маркиза де Помпадурын хөшигний цаанаас явуулсан удирдлага нь Францын соёлыг бүрэлдэхэд чухал нөлөө үзүүлсэн байна.
1817 он: Америкийн сэхээтэн Томас Хопкинс Галлодет, Лорен Клерк нар Америкийн сонсголгүй иргэдийн сургуулийг үндэслэн байгуулжээ. АНУ-ын Коннектикут мужийн Хартфордод байгуулсан тус сургууль Америк тив дэх сонсголгүй иргэдэд зориулсан анхны сургууль болсон түүхтэй.
1841 он: Йена хотын Их сургуулийн Гүн ухааны факультет Карл Маркст (1818-1883) “Демокритийн натур гүн ухаан ба Эпикурын натур гүн ухааны ялгаа” гэсэн сэдвээр цол хамгаалсанд нь гүн ухааны доктор цол олгожээ.

Түүний бүтээлд эртний гүн ухаантнуудын атомын тухай санаа бодлыг тусгасан байлаа. Шинжлэх ухааны коммунизмыг үндэслэгч эхлээд Боннын их сургуульд дараа нь Берлиний их сургуулийн хуулийн ангийг дүүргэжээ. Карл Марксыг эдийн засгийн боловсролтой гэж үздэг нь худал юм.
1861 он: АНУ-ын Ерөнхийлөгч Абрахам Линкольн АНУ-ын иргэний дайны хөлд нэрвэгдсэн мужуудыг сэргээн босгох ажилд 70,000 сайн дурынханыг дайчлав.
1874 он: Парисын Капуцины цэцэрлэгт гудамж дахь гэрэл зурагчин Надарын урланд импрессионист зураачид: Моне (Claude Monet), Ренуар (Pierre-Auguste Renoir), Писарро (Camille Pissarro), Сезанн (Paul Cézanne), Дега (Edgar Degas) нарын анхны үзэсгэлэн нээгджээ. Моне, Ренуар, Писарро, Сезанн, Дега нарын зургийг үзэгчид шоолон инээлдэн үзэж байлаа.

Шүүмжлэгчид бичихдээ, "бохир зотон дээр будаг найруулах самбраас хуссан хусмыг нялсан зураг” гэж байв. Парисын гудамжны хүмүүсийг зурсан бараан бүдэг нялалтыг харж байсан нэг ноёнтон “би тэнд эхнэрийнхээ хамт зугаалж явахдаа ингэж харагддаг гэж үү” хэмээн дуу алдсан гэдэг.
1892 он: АНУ-ын цахилгаан эрчим хүчний General Electric компани байгуулагджээ.
1896 он: Грекийн нийслэл Афин хотноо зохиогдсон орчин үеийн хамгийн анхны олимпын наадам амжилттай зохион байгуулагдаж хаалтаа хийв.
1912 он: Тухайн цаг үеийнхээ хамгийн том, хэзээ ч сөнөшгүй гэгдэж байсан Британийн зорчигч тээврийн Титаник хөлөг онгоц Умард Атлантын тэнгист мөсөн уул мөргөснөөсөө хойш хоёр цаг дөчин минутын дараа буюу 2:20 цагт бүрэн живэв.

Аврах завь, хантааз хангалтгүй байснаас шалтгаалан зорчиж явсан 2,227 хүнээс ердөө 710 нь л аврагдаж чадсан юм. Энэ хөлөг онгоц дэлхийн хамгийн том усан онгоц байсан бөгөөд урт нь 269 м, өргөн нь 28,2 м, хурд нь 25 узел байлаа. Онгоц Атлантын далайд сүйрэх үеэр SOS гэсэн аюулын радио дохиог анх дамжуулагджээ.
1923 он: Чихрийн шижин өвчтэй хүмүүст инсулиныг анх удаа ашиглаж эхэлжээ.

Сая сая хүмүүсийг үхлээс аварсан гормоныг тугалын үр хөврөлийн нойр булчирхайнаас гарган авчээ. Инсулиныг ялгаруулж цэвэрлэх технологийг бүтээснийхээ төлөө канад эрдэмтэд Маклауд, Бантинг хоёр Нобелийн шагнал авцгаажээ.
1936 он: Палестины тусгай бүс нутагт Арабын хувьсгал гарчээ.
1941 он: Дэлхийн хоёрдугаар дайн: Германы Люфтвафф буюу нисэх хүчний анги нэгтгэлүүд Умард Ирландын Бельфаст хотыг бөмбөгдөв. Бөмбөгдөлтийн улмаас 1,000 гаруй хүн амиа алджээ.
1947 он: Спорт дахь арьс өнгөний үзлийг сөрөн зогсож түүх бүтээсэн бейсболын нэрт тамирчин Жейки Робинсон "Брүүклин Дожерс" багт анхны тоглолтдоо оролцжээ.
1989 он: Английн хөлбөмбөгийн холбооны цомын хагас шигшээд учраа таарсан Шеффильд Венесдэй-Ливерпүүл багийн тоглолтыг үзэж байхад Шеффильд багийн Хилссборо цэнгэлдэхийн хана нурав. Үүний улмаас Ливерпүүлийн 96 хөгжөөн дэмжигч амиа алджээ.
2002 он: Саддам Хусейны 65 насны ойгоор Багдадад олон зуун залуус хуримлав. Хусейны том хүүгийн толгойлдог Оюутан, залуучуудын холбоо энэ арга хэмжээг зохион байгуулсан байна. Хуримын зардлаас гадна залуу хосуудын хувцас, таван одтой буудлын нэг хоногийн мөнгийг тус холбоо даажээ.
2013 он: АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотноо зохиогдож байсан Бостоны олон улсын марафоны үеэр барианы шугамны орчим хоёр ч удаа бөмбөг дэлбэрч гурван хүн амиа алдан, 264 гаруй хүн бэртэж гэмтжээ. Хэн нэгэн террорын хариуцлагыг өөртөө аваагүй ч мөрдөн байцаагчид түүнийг Чечений цагаачид, исламын террорын үзэл санааг дэмжигч ах дүү хоёр Царнаев үйлдсэнийг тогтоосон байв.

2014 он: Өмнөд Суданы иргэний дайны үеэр хамгийн балмад халдлага болжээ. Өмнөд Суданы босогчид дайны хөлд нэрвэгдсэн дүрвэгсэд болон энгийн иргэдэд зориулагдсан гэр эмнэлэгт халдаж наад зах нь 200 хүн амиа алдсан байлаа.



