x

Аймшигтай нөхцөлд хоригдож буй 27 эмэгтэй сэтгүүлч

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас дэлхий дахинд хоригдож буй 27 эмэгтэй сэтгүүлчийг онцолж байна. Тэдний зарим нь хүнлэг бус нөхцөлд хоригдож байгаа бол зарим нь бэлгийн дарамт, эрүүдэн шүүлтийн хохирогч болоод байгаа билээ. Иймд тэднийг нэн даруй, хариу нөхцөлгүйгээр суллахыг Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллага уриалж байна.

Сэтгүүл зүйн салбарт улам олон эмэгтэй хөл тавихтай зэрэгцэн дарангуйлалт дэглэмийн хэрцгий мөрдлөг, хавчлагын золиос болох хүмүүсийн тоо ч нэмэгдсээр. Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын бүртгэснээр 2019 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар нийт 334 сэтгүүлч шоронгийн хаалга татсанаас 27 буюу 8% нь эмэгтэйчүүд байна. Одоогоос таван жилийн өмнө энэ тоо гурван хувьтай байсан юм. Хорионд буй эдгээр эмэгтэй сэтгүүлчийн дийлэнх нь Иран болон Хятадад байгаа бөгөөд үүний араас Турк улс бичигдэж байна. Тус улсын хувьд Курдийн нэрт сэтгүүлч, уран бүтээлч Зэхра Доганыг сулласан хэдий ч өөр дөрвөн эмэгтэй сэтгүүлчийг торны цаана хорьж байгаа билээ. Дээр дурдсан гурван улсаас гадна Саудын Арабт гурав, Вьетнамд хоёр, Египет, Бахрайн, Сири, Нигарагуад тус тус нэг эмэгтэй сэтгүүлч хоригдож байна.

ТЭД БИЧСЭН ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ БАЙ БОЛЖ, ХАМГИЙН ХҮНД ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН

Өөрсдийн нийтлэл, нийгмийн сүлжээнд илэрхийлсэн үзэл бодлынхоо улмаас эрх мэдэлтнүүдийн бай болж буй тэд ихэнхдээ “Террорист суртал ухуулга” эсвэл “Террорист бүлэглэлийн гишүүн” гэсэн зүйл ангиар яллуулж байна. Энэ бол Турк, Египетийн жишээ. Тэгвэл Саудын Арабт “Гадаадын хуулийн этгээдтэй сэжигтэй холбоотой” гэх зүйл ангиар яллаж байгаа юм. Хэдийгээр эдгээр зүйл анги нь тодорхой бус, нотлогдох боломжгүй ч энэ төрлийн ялыг урт хугацаагаар шоронд хорихын тулд ашиглаж байна. Иранд л гэхэд сэтгүүлч, хүний эрхийн хамгаалагч Наржес Мухаммади болон Paineveste блогийн редактор Хенгамех Шахиди нарыг “Үндэсний аюулгүй байдал, Исламын бүгд найрамдах улсын эсрэг хуйвалдсан”, “Шүүх засаглалын тэргүүнийг доромжилсон” гэх үндэслэлээр 10 болон 12 жилийн хорих ялаар тус тус ялласан юм. Мөн 2014 онд Иран, Британийн давхар иргэншилтэй Рояа Сабери Нигад Нобахтыг Фэйсбүүкт нийтэлсэн зүйлийнх нь төлөө анх 20 жилийн хорих ялаар шийтгэж байсан бөгөөд сүүлд ялын хугацааг нь таван жил болгон бууруулсан байдаг.

БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ

Зарим оронд шударга ёсны дуу хоолойг боохын тулд боломжит хамгийн удаан хугацааны хорих ялыг ногдуулахаасаа огт цааргалахгүй байна. Үүний тод жишээ бол Хятад улс юм. Одоогоос есөн жилийн өмнө буюу 2010 онд Уйгур дахь лалын шашинтнуудын нэг, Salkin мэдээний сайтын редактор Гульмира Иминд “Салан тусгаарлах үзэл”, “Төрийн нууц задруулсан” гэсэн шалтгаанаар бүх насаар нь хорих ял оноосон билээ.

Мөн Туркт 2016 оны долоодугаар сард буюу төрийн эргэлт хийх ородлогын өмнөх өдөр телевизийн өргөн нэвтрүүлгээр Засгийн газрынхаа үйл ажиллагааг шүүмжилсэн 74 настай сэтгүүлч Назли Илличакт “хүндрүүлсэн” зүйл ангиар бүх насаар нь хорих ял оноосон юм. Энэ нь хамгийн харгис хэлбэрийн тусгаарлалттай хорих ял бөгөөд ямар ч чөлөө, өршөөл үзүүлэх боломжгүй аж.

Үүнтэй холбогдуулан Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар “Өнөөдөр 27 эмэгтэй сэтгүүлч зоригтойгоор дуугарч, бичсэн зүйлийнхээ төлөө эрх чөлөөгөө хасуулаад байна. Тэдэнд ямар ч өршөөл үзүүлсэнгүй. Тэдний дийлэнх нь шударга бус, тохироогүй ялын хохирогчид юм. Тэд эрэгтэй сэтгүүлчдийнхээ адил шоронгийн хамгийн харгис нөхцөлд хоригдож, зарим тохиолдолд эрүүдэн шүүлт, бэлгийн дарамтын золиос болж байна. Тиймээс НҮБ эдгээр хэрэгт анхаарлаа хандуулахыг яаруулахын зэрэгцээ тэднийг нэн даруй суллахыг бид уриалж байна” гэж мэдэгдлээ.

“ХҮНЛЭГ БУС” ОРЧИН

Эрэгтэй сэтгүүлчдийн адилаар эмэгтэйчүүд ч туйлын хэрцгий нөхцөлд ийнхүү хоригдсоор байна.

Никарагуагийн “100% Noticias” телевизийн сувгийн Мэдээний албаны захирал Луция Пинеда Убау нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын эцсээр эмэгтэйчүүдийн хорих руу шилжихээсээ өмнө Манагуа дахь өндөр хамгаалалттай Эль Чипоте шоронд 41 хоног саатуулагдсан юм. Пинедаг эргэсэн Европын парламент дахь Португалийн төлөөлөгч Хосе Инацио Фариагийн хэлж буйгаар дарангуйлагч асан Сомозагийн гэр бүл тус шоронд өөрсдийн улс төрийн хоригдлуудаа эрүүдэн шүүж байсан “хүнлэг бус” орчинтой аж.

Түүнчлэн цагаач ажилчдыг хамгаалсан Вьетнамын блогч Тран Ти На нь зургаан сар гаруйн хугацаанд тусгаарлалтад байж байгаад 2017 оны долоодугаар сарын 25-нд “Төрийн эсрэг суртал ухуулга” гэсэн үндэслэлээр есөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. Түүний хувьд “Гэмээ хүлээхээс татгалзсан” гэсэн шалтгаанаар бүх харилцаа холбоог нь тас хорьсон байсан ба өмгөөлөгч нь шүүх хурлын өмнө ганцхан удаа л уулзсан байна. Тран Ти Нагийн биеийн байдал цаг хугацаа өнгөрөх тусам улам муудаж байсныг тухайн үед өмгөөлөгч нь олон нийтэд зарласан билээ.

Харин Иранд бол шоронд хоригдогсод нь эмнэлгийн зохих тусламж авч чаддагүй. Тус улсын хамгийн муу шоронгуудын нэг болох Герчакт таван жилийн хорих ял эдэлж буй, Сүфи үзлийг дэмжигч Majzooban Noor сайтын сэтгүүлчид болох Сепидэх Моради, Авиша Жалаледин, Шима Энтесари нарын эмэгтэйчүүдийн хувьд ч нөхцөл байдал ижил байна. Тегеранд байрлах муу нэрт Эвин шоронд ч эмнэлгийн зохих тусламжийг хорьсоор байгаа юм. Тиймээс Иранд ял эдэлж буй эмэгтэй сэтгүүлчид шоронгийн харгис нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээ ихэнхдээ хангалтгүй байгааг эсэргүүцэхдээ өлсгөлөн зарлах байдлаар амь насаа эрсдэлд оруулсаар байна.

Иран дахь эмэгтэй хоригдлууд эрэгтэйчүүдээсээ илүүтэй өвддөг болохыг НҮБ-ын хэд хэдэн тайланд баталсан байдаг. Ираны нийгмийн хэт хуучинсаг үзэл болон мэдлэгтэй хүмүүс, Исламын дэглэмийг шүүмжилэгчдийг үзэн ядах уламжлал зэргийн улмаас эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ангид үзэх болсон нь эмэгтэй хоригдлуудын хувьд нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа аж. Наржес Мохаммадигийн нөхөр Таги Рахмани “Эрүүл ахуйн нөхцөл байдал эрэгтэйчүүдийн хувьд хангалттай муухай байгаа. Ингэхээр эмэгтэйчүүдийн хувьд илүү аймшигтай байх нь тодорхой” хэмээн хэлсэн.

ЭРҮҮ ШҮҮЛТ, ДОРОМЖЛОЛ, БЭЛГИЙН ДАРАМТ

Бүхий л бусармаг муухайн золиос нь эмэгтэйчүүд болж байна. Гульмира Иминий хувьд ч ялгаагүй эрүүдэн шүүгдэж, өмгөөлөгчтэйгөө уулзах боломжгүй байсаар баримт бичигт гарын үсэг зурав. Эмэгтэйчүүдийн хувьд эрүү шүүлтэд хүчирхийлэл, бэлгийн дарамтын заналхийлэл ч багтаж байгаа.

Шорок Амжад Ахмед аль Саяэдын гэр бүлийнхний хэлж буйгаар гэрэл зургийн залуу  сэтгүүлч тэрбээр 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд Египетэд баривчлагдсан бөгөөд тухайн үедээ ухаан балартатлаа зодуулж, хүчирхийллийн золиос болно гэсэн заналхийллийн улмаас байцаалтынхаа үеэр хүчээр хэрэг хүлээсэн юм. Хуулиас гадуурх Лалын ахан дүүст харьяалагдах цахим хуудсыг нийтийн хэв журмыг алдагдуулахын тулд үүсгэн байгуулсан гэж мэдүүлсэн байдаг.

Саудын Араб дахь хоёр сэтгүүлчийн хувьд байдал мөн л ноцтой байна. Тухайлбал, Saudiwoman гэсэн нэрээр блог хөтөлдөг Эман аль Нафжан, The Arab Noon болон өөр цахим хуудаснаа бичдэг Ноуф Абдулазиз Аль Жерауи нарыг дурдаж болно. Al-Qst ТББ-ын мэдээлснээр тэд 2018 оны хавар болсон баривчилгааны дараах эрүү шүүлтийн золиос болсон хэд хэдэн эмэгтэйтэй хамт байсан аж. Тухайн үед тэдний зарим нь бэлгийн дарамтад өртөхийн зэрэгцээ хүчээр нүцгэлж, бие биеэ тэврэн гэрэл зургаа авахуулахад хүрч байв.

СААТУУЛАГДАН АЛГА БОЛОВ

Нафжан болон Жерауид яг ямар ял ногдуулж буй талаар Саудын Арабын эрх баригчид мэдээлээгүй. Дэлхийн бусад оронд шүүхээр оролгүй хоригдож буй зургаан эмэгтэй сэтгүүлч байгаагийн зарим нь гэр бүлээсээ бүр холбоо тасарчээ. Хятадад л гэхэд 2015, 2016, 2017 онд тус тус баривчлагдсан Зан Жисин, Чин Чао, Ли Шиасиу нарын эмэгтэй сэтгүүлчдэд чухам юу тохиолдсоныг хэн ч мэдэхгүй байна.

Баривчилгааны дараа ор сураггүй бологчдын нэг нь Сирийн блогч Таль аль-Малоухи. Тэрбээр 2011 онд таван жилийн ял авсан бөгөөд өдийд суллагдах хугацаа нь өнгөрсөн ч хаана байгаа нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм. 2009 онд баривчлагдахдаа Таль аль-Малоухи дөнгөж 18 настай байсан ба торны цаана суусан хамгийн залуу эмэгтэй сэтгүүлч болсны зэрэгцээ хамгийн олон жил хоригдсон нэгнээр тэмдэглэгдээд буй. Түүнийг хамгийн сүүлд 2016 онд Дамаск дахь мужийн шоронд шилжүүлэхэд нь л харсан байдаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 2025-11-07 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-11-07 Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 2025-11-07 Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2025-11-07 Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2025-11-07 Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2025-11-07 Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2025-11-07 Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2025-11-07 “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 2025-11-07 Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 2025-11-07 Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 2025-11-07 Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 2025-11-07 “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 2025-11-07 Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 2025-11-07 БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 2025-11-07 Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 2025-11-07 Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 2025-11-07 Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 2025-11-07 Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 2025-11-07 Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 2025-11-07
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top