x

Хабааны Байыт: Анхны хайрын минь эзэн нусыг минь арчиж өгч билээ

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Хабааны Байыттай ярилцлаа.  

-Таныг ялангуяа яруу найраг сонирхогчид Баян-Өлгий аймгийн яруу найрагч, зохиолч гэдгээр нь мэднэ. Харин одоо хаана, ямар ажил эрхэлдэг тухай асуумаар байна. Өөрөөр хэлбэл та зөвхөн шүлэг зохиол бичиж амьдардаггүй биз дээ ...

-Би одоо Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэрт ажиллаж амьдарлаа залгуулдаг. Үндсэн мэргэжил маань жолооч. Энэ таньд инээдтэй санагдаж магадгүй. Яагаад гэвэл хүн бүхэн үнэмлэхтэй болсон энэ цагт жолооч гэдэг мэргэжлийг мэргэжил гэхэд хэцүү болсон. Харин яруу найрагч зохиолчийн хувьд гэвэл тэр бол мэргэжил биш харин бурхан тэнгэрээс заяагдсан хэцүү бөгөөд хүнд алба юм. Тэр бол хэзээч ашигтай бизнес байгаагүй бөгөөд зөвхөн уншигч түмний оюун санааны хэрэгцээнд зүгээр хийгддэг үнэлж үл болох үнэт бүтээл юм.

-Та хүүхэд насныхаа тухай манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Би тэмээн жингийн хомон дээр хорвоод мэндэлж, морин дэл дээр хөлд орсон. Тарган хонины сүүлээр амлаж эхийн сүүтэй яруу найргийг хамт хөхсөн. Өлгийн дуунаас эхлээд ардын дуугаар хэлд орсон. Миний хүүхэд нас тэнгэр баганадсан Алтайн нурууны бэлд, таван хошуу малын бэлчээрт, нутгийн хөгшчүүлийн үлгэр домгийн дунд хөл нүцгэн өнгөрсөн.

-Алтайн уулс гэснээс таны төрсөн нутгийн талаар тогтож ярьвал ...

-“Нохой садсан газраа, Эр төрсөн газраа” гэсэн үг байдаг. Төрсөн нутгаараа бахархдаггүй хүн байдаггүй. Харин миний төрсөн нутаг бол зүгээр нэг энэ тэр биш ам дүүрэн хэлж болох ардарт Алтайн нурууны оргил. Хад хясаанд нь янгир тоглож, бэлчээрт нь аргаль бэлчиж, буга урамдсан Хөхсэрхийн нуруу, оргилд нь зөвхөн бүргэд л үүр зассан Бүргэд уул, тэнгэрийн үүл бүсэлхийнд ч хүрдэггүй Таван салаагийн өндөрлөг, агаар ус нь рашаан болсон Дэлүүний уужимхан нутаг. Өөрөөр хэлбэл миний нутаг зөвхөн өндөрлөг. Төрсөн нутгаа харах, бодох болгонд миний санаанд:

... Мөчид дөрвөн туурайтны хөл нь хүрээгүй оргил,

Мөгөөрс нимгэн хоолойтны дуу нь хүрээгүй оргил ... гэсэн Ц.Дамдинсүрэн гуайн алдарт шүлэг санаанд ордог юм. Алтайн уулсыг тэгэж хэлэхээс өөр арга байдаггүй юм аа.

-Дэлүүний тухай таны хэлсэн нэг үг санаанд орлоо ...

-Төрсөн нутгаа яриагүй, бичээгүй яруу найрагч гэж үгүй, байх ч ёсгүй. Тийм учраас би ч Дэлүүний тухай зөндөө л ярьсан, дуулсан. Би нөхдүүдтэй төрсөн нутгаараа бахархмаар байвал “Монголын уудам тал нутагт Дэлүүн нэртэй хоёрхон газар байдаг юм. Тэрний нэгэнд нь Чингис хаан төрсөн, нэгэнд нь би төрсөн юм” гэж хэлдэг. Энэ үнэн шүү.

-Та яагаад яруу найрагч болсон юм бэ?

-Би яруу найрагч болох гэж яруу найрагч болоогүй. Яруу найрагч болохоос өөр аргагүй болохоор нь л болсон юм. Шүлгийг ч гэсэн би бичих гэж бичдэггүй бичихээс өөр аргагүй болохоор л бичдэг. Ер нь яруу найрагч болох болохгүй байх нь тухайн хүний эрх биш л дээ. Аллах тэнгэрээс заяагдаж хэмээн яруу найрагч болно. Үгүй бол үгүй. Яагаад гэвэл авъяас гэдэг бол худалдаж авдаг эд бараа биш юм.

-Авъяас гэж чухам юу вэ?

-Авъяас гэдэг чинь гайхамшгаар дүүрэн гайхамшиг. Хэрэв энэ гайхамшиг хувь зохиолоор заяагдвал зүтгэх хэрэгтэй. Ухаан бол хүн чанарын боол, Харин авъяас бол хаан нь юм. Авъяас хэзээ ч хүн чанар болоод, ухаанд захирагддаггүй. Тэр энэ орчлонд эрх чөлөөт хэвээр ирээд, эрх чөлөөт хэвээр үлддэг. Харин голгүй лаа асдаггүй юм.

-А.Байытын онцлог юу вэ?

-Жоохон авъяасыг нь эс тооцвол өөр ялгаа гэж юу байх вэ дээ.

-Та өөрийгөө яруу найрагч гэдгийг хэзээ мэдсэн бэ?

-Би сурагч байхдаа хамгийн хөдөлгөөнтэй хүүхдүүдийн нэг нь байлаа. Хичээлийн дундуур хичээл үймүүлж, дахин дахин ангиас хөөгдөж гардаг байсан. Тэгээд хичээл дуустал сургуулийн коридорын том цонхоор уран зураг шиг Хөхсэрх нурууг харж зогсдог байлаа. Тэгэхэд миний зүрх сэтгэлд өөрийн эрхгүй нэгэн эрх зөөлөн, сэрэл сэтгэмж төрж угаасаа тайван бус амь биений минь тайван байдлыг улам алдагдуулж зовоож эхэлдэг байсан юм. Тэр үеэс л би өөрийгөө яруу найрагч гэдгээ мэдэж эхлсэн юм даа.

-Анхны шүлгээ санадаг уу?

-Миний анхны шүлгүүд охидод захиа бичихээс эхэлсэн юм. Үеийн хөвгүүд хайртай охиддоо таалагдахын тулд надаар захиа бичүүлдэг байлаа. Тэр хүүхэд насны хөнгөмсөг сэтгэмжүүд намайг яруу найрагчийн замд ч оруулсан гэхэд хилсдэхгүй болов уу.

-Яруу найрагч болохын гол шинж юу вэ?

-Мөрөөдөмтгий байх, гар хүрэхгүй холыг ч мөрөөдөх, хамгийн их мөрөөдөмтгий найрагчаас жинхэнэ яруу найраг төрдөг.

-Хүний өмнөөс хэчнээн охинд захиа бичсэн бэ. Мөн өөрөө хэн нэгэнд дурлаж, ямар ч захиалаггүйгээр бичиж байв уу?

-Хичнээн охинд захиа бичсэнээ санахгүй байна. Их л олныг бичсэн санагдана. Харин анхны хайрын хувьд гэвэл хүн бүхний анхны хайр өөрт нь мартагдашгүй дурсамж үлдээдэг. Би анхны хайрынхаа тухай өгүүллэг бас дууль бичсэн. Би дөрөвдүгээр ангид орсны дараа ном авах гэж номын санд очсон чинь урьд өмнө үзэгдэж харагдаагүй нэгэн хөөрхөн эгч ном өгч байсан. Одоо бодоход тэр дадлага хийж байсан оюутан байсан байх. Тэр охинд би дурлаж мөн ч их зовсон доо. Тэгээд нэг өдөр тэсэхгүй захиа бичиж араас нь дагаж явсан чинь тэр эргэж хараад намайг дуудаж халааснаасаа үнэртэй ус сэнгэнсэн гоёмсог цагаан алчуур гаргаж ирээд миний нусыг арчин өгөхдөө “Чамайг том эр болоход би зөнөсөн эмгэн болно. Сахилгагүйтэж болохгүй шүү дүү минь” гэж духан дээр минь үнсээд буцаасан юм. Өөрөөр хэлбэл “Чи эхлээд нусаа арч” гэсэн юм. Мартагдаагүй үлдсэн цөөхөн охидын нэг нь тэр эгч, одоо хүртэл би тэр эгчийг ахиад нэг харах юмсан гэж боддог шүү.

-Хүүхнүүдийг та юу гэж боддог вэ?

-Хүүхнүүд бол энэ хорвоогийн гоо сайхны цуглуулга. Тэднийг сонирхохгүй байхын аргагүй. Ямар ч царай муутай хүүхэнд ч гэсэн нэг сайхан юм байж л байдаг. Нөгөө талаар тэд бол нүдний хулгайчид юм шүү дээ. Харахгүй байя гэхлээр өөрийн эрхгүй эрчүүдийн нүдийг хулгайгаар аваад явсан л байдаг.

-Олон хүүхэнд дурласан уу?

-Сайхан хүүхэн болгонд дурласан. Тэдний дотроос хоёр эмэгтэйг хайрласан. Нэг нь намайг хүн болгож хорвоод мэндлүүлээд цагаан сүүгээ хөхүүлэн өдий хүргэсэн ээж минь. Хоёр дахь нь эр зүрхийг минь уярааж нэг Байытыг гурав болгож хувилсан хоёр хүүгийн минь эх миний ганц хань. Орчлонд олон сайхан бүсгүй бий. Гэхдээ миний ээж хамгийн сайхан нь бөгөөд ухаантай нь. Тэгээд миний хань.

-Аав ээж, гэр бүлээ танилцуулна уу?

-Миний аав ээж жирийн нэг малчин хүмүүс. Таван охин, таван хүү арван хүүхдийн эцэг эх. Би өвөө эмээгээ үзэж хараагүй. Сонсход тэд дөнгөж гучин дөрөвхөн насандаа, өөрөөр хэлбэл 1938 онд олон түмнийг золигт гаргаж зовоосон хэлмэгдэлийн хар шуурганд өртсөн юм. Ханийнхаа тухай гэвэл тэр бол Аллах тэнгэрээс надад заяасан хамгийн үнэт бэлэг, үнэнийг хэлвэл би тэрэнгүйгээр амьдарч чадахгүй. Тэр урьд өмнө нь миний үзэж сонирхож байсан эмэгтэй бүхний сор нь “Адгийн муу эр авгайгаа магтдаг” гэсэн үг байдаг. Би адгийн муу эр байж болох юм. Харин миний хань сайн хүн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хоёр хүүтэй. 30 гарсан залуучууд бий. Нэг нь гэрлэсэн. Одоо тус тусдаа ажил амьдралаа хөөгөөд явж байна.

-Та олон найзтай юу?

-Тэгэлгүй яахав. Ажлын найзууд, нутгийн найзууд, яруу найрагч, зохиолч найзууд, хаа нэгтээ таарладсан найзууд архичин найзууд, гэх мэт бий. Гэхдээ жинхэнэ үнэнч найзаар би ядруухан хүн.

-Танд дайсан байдаг уу. Тэдний тухай юу хэлэх вэ?

-Дайсан гэдэг чинь хатуу үг юм даа. Наймайг таалахгүй хүмүүс байдаг л юм. Хэн нэгэнд таалагдах гэж амьдарч, шүлэг бичиж амьдраагүйгээс хойш тэдэнд баярлахаас өөр юу хэлэх вэ дээ. Учир юу гэвэл хүн гэдэг чинь ямар өөгүй алтаар цутгасан баримал биш. Тэгээд ч яруу найрагчид бол бүүр ч оньсого мэт хүмүүс. Оньсгыг хүн болгон тайлаад байдаггүй. Тийм ч учраас хэн нэгэнд таалагдаж, эс таалагдаж явбаас би баримал биш, хүн явсны шинж гэж бодном. Би ер нь дайснаасаа хүртэл сурахыг эрмэлздэг. Дайснаа үнэлж чадсан хүмүүс хэзээ ч ялагдахгүй.

-Таны эдлэх ёсгүй эрх ...

-Чанаргүй, муу бүтээл бүтээх.

-Хүндэлдэг хүмүүс ...

-Аав ээж, уншигч түмэн.

-Та хэр баян бэ?

-Хүүхдүүд минь, бичиж амжсан болоод бичих бүтээлүүд минь, Аллах тэнгэрээс заяасан авьяс маань л байна даа.

-Та яруу найрагч хүн, өөр хүмүүс шиг өрөөл бусдад атаархаж үзсэн үү?

-“Өрөөл хүмүүс шиг” гэнэ ээ. Яруу найрагчдыг хүн биш гэж хэн хэлсэн юм. Би ч гэсэн зүгээр л нэг хүн шүү дээ. “Тэр хүрсэн оргилд би яагаад хүрэхгүй билээ” гэж, “Тэр хийсэн үйлсийг би яагаад хийж чаддаггүй билээ” гэж өөрийгөө “ташуурддаг”. Эсвэл “Миний чадаагүй юмыг тэр чадсан байна. Би болооогүй байна шүү” гэж өөрийгөө ирлэдэг. Тэрнээс биш хоосон атаархлаас ашиг гардаггүй.

-Та өөрийгөө хэн нэгэн яруу найрагчтай харьцуулбал ...

-Би нэг яруу найрагчийг нэг яруу найрагчтай зэрэгцүүлж тавих дургүй. Яагаад гэвэл тэд нэг утасны хоёр үзүүрээр холбогдсон хүмүүс. Тэднийг зөвхөн хүрч ойлгох хэрэгтэй.

-Шүлэг яруу найраг, урлагийг ойлгохгүй хүмүүс байдаг. Тэдэнд юу хэлэх вэ. Гомдох уу, эсвэл...

-Хэрэв би ойлгомж муутай чанаргүй бүтээл бүтээвэл би биш, уншигчид надад гомдох ёстой. Харин эсрэгээр нь би сайн бүтээл бүтээж үүнийг хэн нэг нь ойлгохгүй байж хэмээвээс Азылхан Нуршайховын хэлснээр “Сохорын нүд юу ч харахгүй байваас үүнд нар буруутай биш”

-Ямар хүмүүсийг та үзэн яддаг вэ. Мөн ямар хүмүүс таныг үзэн яддаг вэ?

-Өөрөө хэн ч биш мөртлөө агуу хүмүүсийг дандаа үгүйсгэдэг. Өөрөө юу ч мэддэггүй хэрнээ мэддэг юм шиг дүр исгэдэг хүмүүсийг би сайшаадаггүй. Харин над руу дөхөөд ирэхээр хоёр нүдээ авч өвөртлөөд, холдонгуут л илүү хэлээ аваад залгачихдаг хүмүүс байдаг. Тэд лав намайг сайшаадаггүй байх гэж бодном.

-Үхлээс айдаг уу?

-“Үхэл аймшигтай биш, юу ч бүтээж амжихгүй эрт үхэх аймшигтай” гэж бас л Азылхан хэлсэн юм. Харин би хэлвэл хорвоод хамгийн аймшигтай юм ирээдүйдээ итгэхгүй байх. Өөрөөр хэлбэл өнөөдөр хийж байгаа үйлс чинь маргааш ямар ч хэрэггүй гэдгийг мэдсээр байж улайран зүтгэх.

-Та наймаанд хэр одтой вэ?

-Тэр тэмээнд миний ачаа байхгүй.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилж иргэний сэдэв рүү орох ууКазах гэж хэн бэ?

-Казах гэж өөрийн нулимс, цусаараа бүтээсэн түүхтэй, хэлтэй, шашинтай, утга зохиолтой, урлагтай, соёл иргэншлтэй, үр хүүхэд удамтай, охид нь царайлаг, хөвгүүд нь ухаалаг, өвгөд хөгшид нь нөмөртэй, цэцэн цэлмэг, үлгэр дууриал авах сайн юмтай, жигшиж үзэн ядах муу юмтай, хамаагүй тухлах оронтой, хашигдаж хоригдох шоронтой, бичигтэй үсэгтэй, дуутай шуутай, дайсантай, нөхөртэй, баяр баясгалангаас илүү зовлон үзсэн ард түмэн шиг ард түмэн. Хамгийн богинохоноор хариулахад ийм байна даа. Тэрнээс Казахын тухай ярьвал өчнөөн номонд багтахгүй яриа болно биз.

-Та маш товчхон, гайхамшигтай цэцэн цэлмэг хариулт өглөө. Илүү ч гэсэн асууя. Казах хүн бүхэн тань шиг цэцэн цэлмэг үү?

-Казахын нэрт эрдэмтэн Ханыш Сатбайваас Оросын нэгэн сэтгүүлч “Казах хүн бүхэн тань шиг том биетэй юу?”гэж асуухад “Би Казахын хамгийн жижиг биетэй нь. Энэ асуултыг чинь сонсоход Казахын Кажы Муханыг харах юм бол татаж унах юм байн л даа” гэсэн гэдэг. Казах бол аугаа их тэнгис. Би тэр тэнгисийн зөхөн нэг дусал нь юм шүү дээ. Онгирлоо гэж битгий бодоорой. Хэрэв цэцэн цэлмэгээрээ дэлхийн улс орнууд тэмцээнд оролцвол Казах эхний эгнээнээс олдоно.

-Казахынхаа юугаар их бахархаж, юунд нь бухимддаг вэ?

-Олоон олон. Би Казахын сайн бүхнээр нь бахархдаг. Тэр тусмаа долоон настай хүүхэд нь долоон үеэ цээжээр мэддэгээр нь бахархдаг. Казах гэдэг ухаан төгс ард түмний яруу найрагч нь байснаар бүр их бахархдаг. Харин амь шигээ хайрласан тэр ард түмний муу юмыг үзвэл яагаад гутрахгүй гэж. Та битгий шоолоорой би тэр ард түмний жоохон ч муу юмыг үзвэл хэнгэнтэл уйлдаг. Ганцхан би ч биш яруу найрагчид тийм хүмүүс.

-Казахыг доомборгүйгээр төсөөлж үл болно. Та ч гэсэн доомбор дардаг биз дээ ...

-Хоёр Казахын нэг нь доомбор тоглодог. Би ч гэсэн тэдний нэг. Харин доомборын тухайд гэвэл тэр мөнхөд амьдрах амьд казах. Казахыг казах болгосон доомбор. Ирээдүйд ч тийм байх болно. Доомборын хэн байсныг Казах мэдэхгүй, харин Казахын хэн байсныг доомбороос л асуух хэрэгтэй.

-Казахын ямар асуудал өнөөдөр таны санааг зовоож байна вэ?

-Манай үеийнхэн болоод миний хойч үеийн Казах биш үйлдэл болгонд нь миний санаа зовдог. Цаг үеэ дагаад материаллаг тал руу илүү санаа тавьж, оюун ухаанаа ядууруулаад байгаа юм уу даа гэж бодном. Тэр тусмаа манай Монголын Казахууд сүүлийн үед дуу байхгүй болчоод байна. Ардын сайхан дуунууд хүрэлцээтэй л дээ. Гэсэн ч талийгч Бержаны хэдэн дуунаас өөр дуу байхгүй. Өнөөдөр дуулж байгаа хэдэн залуучууд нь нэг нэгийгээ давтаж тэр хэдэн дууг л бичүүлж байна. Дуу зохиодог залуучууд гарахгүй байгаад нь л санаа зовж байна даа. Дуу бол цэнгэл биш оюун санааны хэрэгцээ юм шүү дээ.

-Монгол Улсын тухайд гэвэл ...

-Монгол бол миний төрсөн эх орон, хэнбугайн ч өмнөөс “Би Монгол Улсын иргэн” гэж бахархалтайгаар хэлдэг. Учир юу гэвэл Монгол бол юугаар нь ч бахархаж болох гайхамшигтай ард түмэн. Монголын уудам тал нутагт миний хүйний цус, ээжийн минь хөхний сүү, аавын минь хөлс дуссан юм. Монголын уудам тал нутагт миний дөрвөн үеийн сүнс хорогдсон юм. Монголын уудам тал нутагт миний өвөг дээдсийн 300 гаруй жилийн түүх бичигдсэн. Би Монголын нууц товчооноос авхуулаад Гэсэр Жангар, Д.Нацагдорж, Б.Явуухулан, Р.Чойном, Б.Лхагвасүрэнг уншиж өссөн. Олон хүмүүстэй нөхөрлөж байна. Би Монголоороо бахархана.

-Монголын юунд санаа зовдог вэ?

-Өнөөдөр Монголд Чингисгүй юм байхгүй болжээ. Чингис бол Монголын бахархал мөн. Гэвч өнөөдрийн залуучууд тэр том хүнийг улам жижиг болгоод байна уу даа гэж бодном. Чингисээс өөр бахархах юм Монголд олон бий. Тэр бүхнийг залуучууд мэдээсэй гэсэндээ тэр шүү дээ.

-Та яруу найргийн хэдэн ном гаргасан бэ?

-Ах нь голдуу Казах хэлээр бичсэн гучаад ном байгаа байх. Харин Монголоор гурван боть гаргах санаа байна. Хэзээ бэлэн болгохоо хэлж мэдэхгүй байна. Бэлдэж л байгаа. Мөн мөнгө төгрөг гээд асуудал бий дээ.

-Таны багш гэвэл ...

-Баяраллаа. Сайхан асуулт. Би олон багштай. Анх номын үсэг нүдлүүлсэн Авуталив гэж хүн одоо ч Дэлүүн суманд амьдарч байна. Абайг уншуулж, Махамбетийг цээжлүүлсэн Жапархан гэж хүн байсан, одоо талийгч болсон доо. За тэгээд жинхэн уран бүтээлийн багш мань Абдил гэж агуу өвгөн байлаа. Тэр бол ерөөсөө бурхнаас заяагдсан ясны авьястай найрагч. Даанч харамсалтай нь сургууль, соёл төгсөөгүй. Тэгээд ч чангахан ч хашгарж болдоггүй нэг тиймэрхүү үед амьдарсан даа. Одоо надад цөөн хэдэн бүтээл нь бий, ном болгож гаргана. Монгол талаасаа гэвэл Мандахсан гэж төрөхдөө л хүн сургахын заяанд төрчихсөн жирийн сайхан багш байна. Тэр хүнтэй би арваад жил нөхөрлөж байна. Сайхан хүн дээ. Бас найз нөхөд, уншсан ном зохиол гэд л...

-Хүндэлэж явдаг зохиолч, найрагч. Ширээний номоо нэрлэвэл ...

-Зовлонгийн мэддэг болоод ч тэр үү, би ер нь уран бүтээлч хүн бүхнийг хүндэлдэг. Тэд бол гал, усан дундуур туучиж яваа хүмүүс. Тэд цөөхөн шүү дээ, хүндлэх хэрэгтэй. Ширээний ном гэвэл М.Мухагалийн “Зүрхний дуулал”, Ж.Лхагваагийн “Толгодын цаана ингэ буйлна” гэх мэт...

-“Болор цом” наадамд та хэдэн удаа оролцож байсан бэ. Уг наадмыг юу гэж боддог вэ?

-2006 онд байх аа, нэг удаа оролцсон. Хүмүүс янз бүрээр ярьдаг ч сайхан наадам шүү дээ.

Уншигч танаа нутагтаа бичсэн түүний шүлгийг хүргэе. 

Миний  жижигхэн дэлүүн

Ааваас минь ирсэн захиа шиг

Ээжийн минь хийсэн ааруул шиг

Өвгөдөөс үлдсэн судар шиг

Өнө хойшид үлдээх сургаал шиг

Дээлний урьд энгэр шиг

Дэлэн доторх уураг шиг

Дэргэд нь байхад уйдамгүй

Дэгжин сайхан охин шиг

Алсаас сонссон сураг шиг

Адуунаас хоцорсон унага шиг

Анхны шөнөдөө яарсан  

Арван долоотой амрагийн

Нарийхан давчуу орноос

Надад үлдээсэн зай ч юм шиг

Миний жижигхэн Дэлүүн

 Эх сурвалж: mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 10 цаг 35 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 10 цаг 45 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 11 цаг 48 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 12 цаг 5 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 12 цаг 5 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 12 цаг 13 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 12 цаг 25 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 12 цаг 39 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 12 цаг 42 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 12 цаг 55 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 12 цаг 59 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 13 цаг 12 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 13 цаг 48 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 16 цаг 2 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 16 цаг 6 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 17 цаг 13 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 18 цаг 10 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 18 цаг 44 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 19 цаг 37 мин ОРОС дахь АЛЛАГА 20 цаг 34 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” ОРОС дахь АЛЛАГА Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б...
Top