АН-ын дотоод нөхцөл байдал, цаашдын өрсөлдөх чадварын асуудлаар Дархан-Уул аймгийн АН-ын дарга асан Г.Гантулгатай ярилцлаа.
-Саяхан болсон орон нутгийн нөхөн сонгуулийн дүнгээс харахад МАН дахин олонх болж, харин АН дорвитой амжилт үзүүлж чадсангүй. АН сонгуульд амжилт муутай оролцож байгаа гол шалтгаан болон намын дотоод алдаа нь юу байна вэ?
-Өнгөрсөн долоо хоногт болсон орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгуулиар АН 40 нэр дэвшигчтэй оролцсон. Нийт 46 мандатаас 20-д нь АН ялж, аймгийн ИТХ-ын есөн мандатыг бүгдийг нь алдсан үр дүнтэй оролцлоо. Намын шинэ удирдлагатай болоод хамгийн эхний сонгууль болсон бөгөөд ард иргэд, намын гишүүд нэлээд өндөр хүлээлттэй байсан ч ялсангүй. Нэгдүгээрт, гуравдугаар сард болж өнгөрсөн намын дотоод сонгууль булхай, луйвартай болсон. Үүнийг намын удирдлага нэг талд гаргаж чадаагүй нь намын дотоод эв нэгдлийг бүрэн хэмжээгээр хангаж чадсангүй. Энэ байдлыг шийдвэрлэхгүй л бол 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ,орон нутгийн сонгуульд амжилттай оролцоход хүндхэн байна. Мөн намын дэргэдэх байгууллагууд шинэчлэгдээгүй учраас хуруугаа ч хөдөлгөсөнгүй.
Хоёрдугаарт, Засгийн газрын эсрэг хүчтэй сөрөг мессэж гаргаж чадаагүй. Сонгогчдод “Яагаад АН-ыг сонгох ёстой вэ” гэсэн тодорхой хариулт өгч чадсангүй. Засгийн газрын алдааг шүүмжлэх боловч ард иргэд рүү чиглэсэн өөр бодлого, шийдлийг ойлгомжтой танилцуулж чадаагүй. Ялангуяа 18–35 насны сонгогчид буюу залуучуудыг сонгуульд оролцуулах ажил хангалтгүй зохион байгууллаа. Хэрэгцээ, шаардлагыг нь хөндсөн асуудлаар илүү хүчтэй, ойлгомжтой мессэж хүргэж чадаагүй. Гуравдугаарт, сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдал болон Н.Учралын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн, зарим бодлогын өөрчлөлтүүдийг хараад эрх баригч намд тодорхой хэмжээний “боломж олгоё” гэсэн хандлага зарим сонгогчдын дунд байсан гэж үзэж болно. Мөн МАН-ын гишүүд, сонгогч олныг сонгуулиас сонгуулийн хооронд байнга ”маллаж” байгаа байдал хэвээр үргэлжилсээр байна.
-Ардчилсан нам ирэх сонгуулиудад өрсөлдөх чадвараа сэргээж, ялалт байгуулахын тулд юунд хамгийн түрүүнд анхаарах ёстой вэ. Намын дүрэм, дотоод зохион байгуулалтад өөрчлөлт хийх шаардлага үүссэн үү?
-Энэ удаагийн ИТХ-ын нөхөн сонгуулийн дүн ч биш, 2020, 2024 оны УИХ болон орон нутгийн сонгуулиудын үргэлжилсэн ялагдалтай хамтатган харах нь зөв. Нөхөн сонгуулийн дүн бол асуудлыг зөв үнэлж, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах, АН-ын үйл ажиллагааны стратегийг өөрчлөх шаардлагатайг харуулсны илрэл. Намын дотоод эв нэгдэл жинхэнэ утгаараа бүрэн тогтоогүй байгаа. Энэ бол хамгийн том асуудал. АН сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд намын даргын төлөөх өрсөлдөөн, фракцын тэмцэл, хуучин болон шинэ үеийн зөрчил, хувь хүмүүсийн нөлөөний өрсөлдөөнөөс бүрэн гарч чадаагүй. Мөн бүх шатны дарга удирдлагууд үндсэн дүрмээ зөрчиж байгаа төдийгүй түүнд нь хариуцлага тооцох ёстой Хяналтын ерөнхий хороо нь жинхэнэ утгаараа ажиллахаа больсон.
Энэ бүгд доод цэгтээ хүрсэн нь намын дотоод сонгуулиар илэрлээ. Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг дахин зохион байгуулахаар Хяналтын хорооны шийдвэр гарсан ч ХЭГ хэрэгжүүлэхгүйгээр өөрсдөөсөө зайлуулаад ҮБХ рүү шидэж байна. Ийм байж болохгүй. Хяналтын Ерөнхий хороо нь хэнээс ч хамааралгүй үндсэн дүрмийн дагуу л үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах ёстой. Түүнээс аливаа фракц болон эрхтэн дархтны эрх ашгийг хамгаалагч хэрэгсэл болж болохгүй. АН хамгийн чухал үйл явц болох намын дотоод сонгуулиа шударга явуулж чадахгүйгээс бүх түвшинд хагарал тэмцэл гардаг явдал нь одоо ч үргэлжилсээр байна. Энэ байдал нь нийгэмд, сонгогчдын хувьд “Дотроо эв нэгдэлгүй хүмүүс улс орныг яаж удирдах вэ” гэсэн эргэлзээ болон үлддэг. Энэ нь намд болон намаас нэр дэвшсэн хүмүүст итгэх итгэлийг хамгийн их бууруулдаг хүчин зүйл.
Мөн намын бодлого нийгэмд, энгийн иргэнд ойлгомжтой байдлаар хүрэхгүй байна. Сонгогчид өнөөдөр зөвхөн намын мөрийн хөтөлбөр биш, харин намд итгэх итгэлийг худалдаж авдаг болсон. Монголын улс төрд АН-аас нийгмийг өөрчлөх, хүчтэй сөрөг хүчин байх хэрэгцээ үргэлж байдаг. Нийгмийн халамж, татвар, жижиг дунд бизнес, хөрөнгө оруулалт, боловсрол, эрчим хүч зэрэг салбарт МАН-аас юугаараа өөр бодлого явуулах вэ гэдгээ ойлгомжтой тайлбарлах ажлуудыг намын бүх бүтцээр тайлбарлан ойлгуулах ажлыг хийх хэрэгтэй. УИХ-ын бүлэг хүчтэй сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй, тулга тойрсон, эрх ашиг хөөсөн улс төр хийж байгаа нь намын хүндэд нөлөөлж байгааг АН-ын бүлгийн гишүүд ойлгох хэрэгтэй.
-Сонгууль бүрийн үеэр мөнгө тараах, санал худалдаж авах асуудал яригддаг. Энэ үзэгдлийг бууруулах, таслан зогсоохын тулд ямар өөрчлөлт хийх шаардлагатай вэ?
-Төрийн албан хаагчдыг албан тушаал эрх мэдлээр худалдаж авах явдал хавтгайрсан төдийгүй бүхий л хэлбэрээр төгс хэрэгжиж байна. Дэлхийн бараг бүх ардчилсан оронд сонгуулийн санал худалдаж авахыг хориглосон хууль байдаг. Харин УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн боловсруулж буй хуулийн төслийн гол санаа нь санал худалдаж авахыг зөвхөн сонгуулийн үеэр биш, бүх хугацаанд хориглох явдал юм. Төслийн үндсэн агуулгад нь сонгогчдод бэлэн мөнгө тараахыг хориглох, бэлэг, эд зүйл өгөхийг хориглох, амралт, аялал, гадаадад явуулах зэрэг ашиг хүртээхийг хориглох, сонгуулийн өмнөхөн зээл тэглэх, нэг удаагийн мөнгөн тэтгэмж, тодорхой бүлэгт чиглэсэн эдийн засгийн урамшууллыг санал татах зорилгоор ашиглахыг хориглох зэрэг заалтууд тусгагдаж, нийгмийн хэлэлцүүлэгт орсон байна. Батлагдвал Монголд анх удаа “Сонгуулийн бус жилд ч санал худалдан авахыг хориглоно” гэсэн зарчим хуульчлагдах боломжтой. Олон улсын туршлагаас харахад зөвхөн хориглох заалт биш, хараат бус мөрдөн шалгах байгууллага, ил тод санхүүжилтийн тогтолцоо, үр нөлөөтэй хэрэгжилт хамт байж гэмээнэ санал худалдаж авахтай тэмцэх хууль бодит үр дүн өгдөг.
-Тэгвэл АН урт хугацаандаа өрсөлдөх чадвараа сэргээхийн тулд ямар шинэчлэл хийх шаардлагатай байна вэ?
-АН урт хугацаанд өрсөлдөх чадвартай улс төрийн хүчин болохын тулд зөвхөн удирдлагаа солих бус, намын бүтэц, бодлого, улс төрийн соёл, сонгуулийн арга барилдаа гүнзгий шинэчлэл хийх шаардлагатай. Бусад намаас үзэл санаа, бодлогын ялгарал, орон нутгийн суурь бүтцийн бэхжилт, шинэ үеийн манлайлал гэсэн гурван чиглэлээр өөрчлөгдөж, шинэчлэгдэж чадвал 2028 оны сонгуульд илүү өрсөлдөх чадвартай болж, цаашлаад Монголын улс төрд ялалт байгуулан эрх барих боломжтой болно. АН-ын хамгийн том сул тал нь фракцын улс төр байсаар ирсэн. Намын дарга, ҮБХ, нэр дэвшигчдийг ил тод, өрсөлдөөнтэй, фракцын тохиролцоогоор бус, гишүүдийн саналд тулгуурлан шударгаар сонгох хэрэгтэй. Намын дүрмийг бүх шатанд ижил хэмжээнд мөрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр гишүүдийн итгэл нэмэгдэж, дотоод хагарал багасна. Мөн үзэл баримтлалаа дахин тодорхойлох шаардлагатай байна.
Олон сонгогч өнөөдөр “АН, МАН хоёр юугаараа ялгаатай вэ” гэж асуудаг. АН нь хувийн өмчийг хамгаалах, жижиг, дунд бизнесийг дэмжих, төрийн оролцоог оновчтой болгож багасгах, шударга өрсөлдөөн, хууль дээдлэх зарчим үйлчилдэг зэрэг юм. Эдгээрийг онолын бус, өдөр тутмын амьдралтай холбон тайлбарлах нь чухал. Түүнчлэн шинэ үеийн лидерүүдийг бэлтгэх хэрэгтэй. АН олон жил 90-ээд оны хөгшин улстөрчдөөр намаа удирдуулж, тэдний хүсэл сонирхлоор улс төрөө авч явсан гэсэн шүүмжлэл байдаг. АН-д бодлогын шинэ залгамж халаа байхгүй болсон гэхэд бараг болно. АЗХ (Ардчилсан залуучуудын холбоо)гээд гүйж явсан залуус 40 нас гарсан гэхэд залгамж халаа нь улс төрийн тавцанд гарч ирэхгүй, цүнх баригчийн хэмжээнд л ажиллаж байна. Гэтэл өрсөлдөгч нам нь хэд хэдэн үеэрээ гараад ирсэн явна шүү дээ. Мөн орон нутгийн бүтцээ идэвхтэй ажиллуулж, намын дотоод засаглал, хүний нөөцийн шинэчлэл хийгдэх ёстой.
-Тэр нь юу байх вэ?
-Сайн бүтэцгүйгээр сайн бодлого хэрэгжихгүй. Сайн бодлогогүйгээр олон нийтийн итгэл сэргэхгүй. 2020 оноос намын үйл ажиллагаа алданги ононг болж, намын гишүүнчлэл багассан. Анхан шатны байгууллага нь зөвхөн сонгуулийн үеэр биш, дөрвөн жилийн турш ажиллах, аймаг бүрд бодлогын клуб байгуулах, залуу манлайлагчдыг бэлтгэх, анхан шатны байгууллагаар дамжуулан иргэдийн санал хүсэлтийг тогтмол авч түүнд хариу үйлдэл үзүүлдэг байх ёстой. Хамгийн чухал нь АН авлигын эсрэг байх ёстой. Үүний тулд намынхаа авлигатай орооцолдсон гишүүдээсээ улс төрийн дэмжлэгийн хувьд салах ёстой.
Ямар нэгэн албан тушаалд тавих, УИХ-д нэр дэвшүүлэх зэргээс татгалзах ёстой. Мөнгөөр сонгууль хийдэг тул “Мөнгөтэй хүн нэр дэвшүүлнэ” гэдэг бодлоосоо салах хэрэгтэй. Ард түмэнд итгэл өгч чадах, үзэл санаа, үнэт зүйлээ дээдэлдэг, ард түмнийхээ талд зогсож чадах манлайлагч нэр дэвшигч байвал 2028 онд ялаад л гараад ирнэ. Тэгэхгүйгээр “Мөнгөтэй хүн л хэрэгтэй. Тэрний мөнгөөр ялна. Тойрог дээр хэн МАН-тай хуйвалдаж чадна, тэр нь гарна” гэсэн үзэл бодлоос салах хэрэгтэй. 2024 оны сонгуульд дарга дагасан, хуйвалдаж чадсан, мөнгө төлсөн хүмүүс голдуу дэвшүүлсэн нь ялагдлын нэг шалтгаан болсон. Манай нам яг сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө нэр дэвшигч нь тодордог, дөрвөн жил шатандаа ажиллаад танигдсан хүмүүсээ даргын үзэмжээр, хэн ч мэдэхгүй, ямар ч бэлтгэлгүй хүн дэвшүүлдэг нь бас нэг алдаа.
-Ардчилсан намаас Сонгуулийн стратегийн байгууллагаа байгуулж, нэр дэвшигчдээ бүртгэж эхэлсэн талаар мэдээлсэн. Хоёр жилийн өмнөөс энэ ажлыг зохион байгуулах дүрмийн заалттай. 2028 оны сонгуулийн бэлтгэлээ ингэж эрт эхлүүлж байгаа нь улс төрийн хувьд зөв цаг хугацаа мөн үү. Нэр дэвшигчдээ эрт тодруулснаар улс төрийн дайралт, “Хар пи-ар”-т өртөх эрсдэл бий юу?
-Хоёр жилийн өмнөөс сонгуульд бэлтгэх ажлын хэсэг гарч байгаа нь зүгээр. Гэхдээ нэр дэвших хүмүүс нь нэрээ дэвшүүлээд, тэндээс шалгаад, шигшээд, хоёр жилийн дараа явуулах нь арай “утопи” маягийн зүйл болж байна. Яагаад гэвэл “мерит” зарчим гэж бий. Нэр дэвшигч нь аймгийн намын хороо болон ҮБХ-ны гишүүн байх ёстой. Аймгийн намын хороогоор дэмжигдэж байж Иргэдийн хуралд дэвших ёстой. Энэ бүхэн цаанаа учиртай. Яагаад гэвэл үзэл баримтлалаа тогтоож авна, намын ямар чиг баримжаатай болно, аймгийн Иргэдийн хуралд ялчихвал ямар бодлого барих юм, хамтарч ажиллах ямар нөхцөл боломж байна, мөн биенээ танихаас эхлээд маш ач холбогдолтой зүйл. Үүнийг үгүйсгэж байгаа юм шиг ийм зүйл байж болохгүй. ҮБХ-ны 300-400 гишүүн мөнгөө төлөөд, хүч хөрөнгөө зараад аймгийн намын хороотойгоо хамтраад ажиллаж байгаа хүмүүсийн урдуур нь орж янз бүрийн намын гишүүн бус хүмүүсийг оруулах нь буруу. ҮБХ-ны гишүүд нь өөрсдөө амбицаа даагаад, түүндээ хөтлөгдөөд, мөнгө цаасаа гаргаад, дунд шатны намын байгууллагатайгаа ажиллаж байгаа. Тэртэй тэргүй дунд шатны байгууллага дээр арав гаруй ҮБХ-ны гишүүн бий.
Одоо байгаа ҮБХ-ны гишүүдийн тоо хангалттай. Хамгийн гол нь бүтцээ байгуулаад, судалгаандаа орох хэрэгтэй. МАН-ын сонгуульд бэлтгэх ажил ямар шатанд яаж явдгийг судалж, түүний эсрэг стратеги тактикаа боловсруулах нь намын удирдлагууд, сонгуульд орох гэж байгаа хүмүүсийн гол хийх ажил. ҮБХ-ны гишүүд өөрсдийгөө мэдэж байгаа учраас боломжтой бол нэр дэвшинэ, боломжгүй бол больчихно. Тийм учраас эхнээсээ шууд өрсөлдөөнд оруулна гэдэг тийм ч тохиромжтой зүйл биш. Манай АН-ын гаднаа эв түнжингүй, дотроо хагаралтай байгаа байдал арилаагүй цагт тийм ч тохиромжтой зүйл биш. Хамгийн гол нь судалгаагаа сайн хийж, нутаг оронд байгаа гишүүдийн санал бодол ямар байна, ямар хүн нэр дэвшвэл гарах вэ гэдгээ л сайн бодох ёстой. Сүүлийн хоёр сонгууль дээр намын даргыг тойрон хүрээлэгчид болон намд мөнгө өгсөн хүмүүс урдуур дайраад нэр дэвшсэн. Нэр дэвшингүүтээ МАН-ынхантай тойрог дээрээ хуйвалдаж, зөвхөн өөрийгөө гаргах ажлыг хийдэг байсан. Энэ бүхэн чинь ерөөсөө л намын үзэл баримтлалыг мэдэхгүй хүмүүсээс гардаг үйлдэл. Түүнээс намтайгаа байнга хамтарч ажилладаг хүмүүсээс ийм зүйл гарахгүй. Ялсан ч, ялагдсан намтайгаа л байдаг.
Өдрийн сонин



