Улсын Их хурлын гишүүн Ц.Мөнхтуяатай ярилцжээ.
-Таныг машин жолоодож яваад осол гаргасан гэх асуудал цахим орчинд яваад байна. Чухам юу болсон юм бэ?
-Би машин жолоодоогүй, манай туслах машин барьж явсан. Энэ сарын 27-ны өдөр Төрийн ордны баруун хаалганы тасархай зураас давчихсан явахад эсрэг урсгалаас мотоциклтой хүн ирээд мөргөчихсөн. Мотоциклтой хүн нь хэвийн, тэгээд туслах байсан болохоор би дараагийн ажил руугаа яараад зам гараад явсан. Товчхондоо ийм л юм болсон. Тэр үеийнх нь бичлэгийг аваад сайтууд намайг машинтай хүн мөргөчихөөд орхиод явсан мэтээр олон нийтэд мэдээлж, тэр нь иргэдэд буруугаар ойлгогдох нөхцөл үүссэн. Энэ талаар тухайн үеийн замын цагдаагийн албан хаагчдаас тодруулах нь зөв байх.
Ер нь мопед, мотоцикл, скүүтерийн замбараагүй хэрэглээг зохицуулахаас өөр аргагүй юм байна аа гэдгийг би өөрөө ч мэдэрч байна. Хотын гудамжаар явган алхахад ч хүндрэлтэй болж байна шүү дээ. Үүний хор нөлөөгөөр олон хүмүүс эрүүл мэнд, амь насаараа хохирч байгааг хүртэл иргэд хэлж байна.
-Анхны 126 гишүүнтэй парламентын бүрэн эрх хэрэгжээд талдаа орж байна. Энэ хугацаанд парламент хэр ажилласан гэж бодож байна вэ?
-Нийгмийн бүлгийн төлөөллүүд олноороо орж ирсэн болохоор уг нь их сайн ажиллах байх гэж найдаж байсан.
Харамсалтай нь ноднин жилийн зургадугаар сараас эрх баригч намын дотоод хагарал, парламент болон Ерөнхийлөгчийн институт хоорондын ил, далд хэрүүл тэмцлээс болоод шийдлээр хүлээсэн, ард олны ахуй амжиргаа, улс орны ирээдүйд хэрэгтэй олон хууль тогтоомж гаргах цаг боломжоо алдаж байгаад харамсалтай байдаг.
Өнгөрсөн намрын чуулган, одоо энэ хаврын чуулган тэр чигтээ л сандал суудал, албан тушаал, эрх мэдлийн ичгүүр сонжуургүй өрсөлдөөн л болж байна. Гадаад орчиндоо, олон улсад тогтворгүй байдал, дайн самуунтай энэ үед бид илүү эв эеэ хичээж, ард олныхоо тусын тулд ажиллах ёстой л гэж хардаг.
-УИХ-аас ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх тус нэмэртэй хууль, тогтоомжууд ер батлав уу. Баталсан бол ямар, ямар хууль байна вэ?
-За ер нь хэцүүхэн л байна шүү. Ард иргэд өрийн гинжинд, ядуурлын хавханд яаж тарчилж байгааг харах үнэхээр хүнд байна. Дээрээс нь энэ замбараагүй үнийн өсөлт, татварын дарамт, нийгмийн стресс бухимдал. Энэ бүгд чинь ердөө төр нь төр шиг байхгүй, улс эх орныхоо хөгжлийн төлөө, ард иргэдийнхээ ахуй амьдралын төлөө санаа зовохгүй байгааг л илтгэж буй юм. Ядаж л 300 гаруй хоног жагссан ахмадуудынхаа шаардлагыг биелүүлж чадахгүй, нүүрийг нь харахаас хүртэл улалзаад л явж байна. Одоо сонгуульдсаар байгаад л 2027, 2028 оныг авах юм шиг байна.
-Таны хувьд гишүүнээр ажилласан хоёр жил орчмын хугацаанд ямар ажлууд амжуулав?
-Ер нь бол чуулган, байнгын хороо, ажлын хэсгийн хуваарьтай бүх л ажилдаа оролцоод боловсролын салбарынхныхаа, эгэл жирийн ард иргэдийнхээ өмнөөс дуу хоолой болж яваа.
Би үүн дээр хоёр асуудал онцолмоор байна. Нэгдүгээрт, миний саналаар Монгол Улсын Их хурлаас баталсан “Монгол Улсыг хөгжүүлэх 2026-2030 оны таван жилийн үндсэн чиглэл”-д боловсролын салбарын багш, ажилтны цалин хөлс ямар хэмжээтэй байхыг маш тодорхой оруулж батлуулж чадсан. Үүнийг хэрэгжүүлэх боломжийг судалж, заавал биелүүлэх үүрэгтэй гээд шахвал боловсролын салбарын багш, ажилтнуудад их дэм болно. Ер нь багшийн цалингийн талаар ирэх таван жилд барих суурь нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа.
Цаашдаа УИХ-аас батлах жилийн төлөвлөгөө, Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тухай хууль, тодотгол орж ирэх бүрд санал гаргасан гишүүнийхээ хувьд Засгийн газар, Сангийн яам, Боловсролын яам, УИХ-даа ч энэ агуулгаар шаардлагаа тавиад явна. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүнээр сонгогдоод тангаргаа өргөсний маргаашаас нь Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажилласан. Энэ хугацаанд саналаа боловсруулсан, салбарын багш, ажилтнуудтайгаа орон даяар явж уулзаж, танилцуулсан. УИХ-аар орж батлагддаг бүхий л шат дамжлагуудыг дамжаад ноднин жилийн долдугаар сарын 2-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төслийг маань надтай нийлээд 42 гишүүн хамт өргөн барьсан. Салбарын багш, ажилтнуудын жинхэнэ хүсэмжит заалтуудыг тусгаж өгсөн.
Энэ хуулийн төсөл батлагдах юм бол багш, ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах асуудалд маш их ахиц, дэвшил авчирна. Үндсэндээ багш, ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааг сүүлийн 30 гаруй жил явж ирсэн Засгийн газар, МҮЭ-ийн холбооны Боловсролын үйлдвэрчний эвлэл хоорондын хулхи хэлэлцээрээр ядууруулж ирсэн гашуун түүх мартагдаж, хуулиар хамгаалагдсан цалин хөлстэй, хуулиар баталгаажуулсан нийгмийн баталгаатай болох юм. Харамсалтай нь манай Их хурал хуулийн төслийг маань хэлэлцэж өгөхгүй л байна. Хэрвээ хэлэлцэж өгөхгүй бол багш нартайгаа нийлээд талбайдаа гарна даа.
-Та бол багш нарын төлөөлөл болж парламентад гишүүн болсон хүн. Багш нарын цалинг нэмлээ гээд төр засаг нь худлаа хэлчихсэн гээд байгаа. Үүн дээр тайлбар өгнө үү?
-Сүүлийн хоёр жил эрх баригч МАН-ынхан Боловсролын сайдыг ХҮН намын хүмүүст өгч, энэ салбараар үндсэндээ тоглолоо. Нийгмийн хөгжлийн тэргүүлэх салбараа нэг дүүргийн хороо ч удирдаж үзээгүй, төрийн ажлын ямар ч туршлага байхгүй нөхдүүдэд л атгуулчихсан. Энэ оны цалингийн нэмэгдэл үндсэндээ бантан болсон байсан. Энэ талаар би маш их ярьсан. Ямар сайндаа би өөрөө хоёр ч удаа огцруулах шаардлага гаргах вэ дээ. Одоо харин шинэ засаг нь, шинэ сайд нь гарч ирээд арга эвээ олох нь уу л гэж харж байна.
-Хуучин сайдаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан буцаад энэ салбартаа ирлээ. Зарим нэг хэлсэн үг, шийдвэрүүд нь шүүмжлэл дагуулж байна. Ер нь ямархуу ажиллаж байна гэж харж байгаа вэ?
-Мэдээж салбарын багш, ажилтнуудын маш их хүлээлт дунд сайд болж байгаа. Ямар ч байсан салбарт үүсээд байсан төсвийн будлиан, цалингийн маргааныг амласан хугацаандаа шийдчихлээ гэж харж байгаа.
Мэдээж одоо төсвийн тодотгол орж ирэх ёстой. Лавтай 1.2-1.3 их наяд төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай байгаа. Тэрийгээ оруулаад ирэхэд нь УИХ дээр чадлаараа дэмжинэ. Мэдээж өмнө нь сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн олон ажил нь тэг зогссон, нам гацсан байдалтай байгаа. Тэр асуудлуудаа сөхөөд ярьсан нь нийгэмд бас эерэг, сөрөг олон өнцгөөс л хүрч байх шиг байна. Яалт ч үгүй галтай сэдвүүдээ барьж авахаас өөр аргагүй. Болж байгааг нь дэмжээд, болохгүй байгааг нь засуулахын төлөө дуу хоолойгоо хүргээд явна.
Өдрийн сонин



