Олон боломжит зохиомол үүдэл эс буюу iPS эсүүдийн тусламжтайгаар гарган авсан Паркинсоны өвчнийг эмчлэх бэлдмэлийг Японд хэрэглэхийг зөвшөөрсөн тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Үэно Кеничиро сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Үйлдвэрлэх, худалдах зөвшөөрлийг хоёр эм бэлдмэлд олгосон” гэж тэрбээр хэлсэн байна. Тэдгээрийн нэг нь iPS эсүүдээс ургуулсан мэдрэлийн эсүүдэд суурилсан “Amshepuri” гэдэг эм бөгөөд Паркинсоны өвчтэй хүмүүст шилжүүлэн суулгахад зориулагдсан ажээ. Уг эмийг Киотогийн их сургуулийн iPS эсийн судалгаа, хэрэглээний хүрээлэнгийн эрдэмтэд “Sumitomo Pharma” эмийн үйлдвэрийн компанитай хамтран гарган авсан байна.
Уг эмийн эмнэл зүйн туршилтуудын үр дүнгийн талаар Киотогийн их сургууль өнгөрсөн оны дөрөвдүгээр сард мэдээлж байсан юм. Туршилтын явцад зарим өвчтөнд ийм эс шилжүүлэн суулгасны дараа биеийн байдал нь эрс сайжирсан байна. "Sumitomo Pharma" компани уг эмийг “Amshepuri” гэдэг нэрээр худалдаанд гаргах хүсэлтийг өнгөрсөн оны наймдугаар сард өгч, холбогдох байгууллагууд тусгай түргэвчилсэн журмын дагуу баталсан байна.
Мөн зүрхний булчингийн эмгэгшлийг эмчлэх зориулалттай, iPS эсүүдэд суурилсан “Reheart” бэлдмэлд зөвшөөрөл олгосон байна. Эдгээр хоёр бэлдмэл нь дэлхий дээрх анхны ийм төрлийн бэлдмэлүүд юм.
Эх сурвалж: TASS



