Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Өөртөө Засах Буриад-Монгол Улс, 1929 он
Өнөөдөр Орос оронд олон үндэстний тусгаар тогтголын төлөө тэмцэл ид өрнөж байна.Энэхүү тэмцэлд оросын бүрэлдэхүүнд хүчээр орж олон жил зовж зүдэрсэн ард түмний дуу хоолой дэлхий даяар сонсогдсоор байна. Энэхүү тэмцлийн магнайд буриад монгол, халимаг, башкир, татар, дагестан, чечень зэрэг олон үндэстэнүүд сэрж босож байна.
Оросын түрэмгийлэгчид анх 1616 онд Буриад монголын газар нутаг руу дайралт хийж эхэлжээ. Түүнээс хойш 1656 он хүртэл тасралтгүй Буриад монголын газар нутаг руу дайралт довтолгоо хийж цэргийн хүчээр олон удаа цус асгаруулсан тулалдаан хийж байлаа. Оросын түрэмгийлэлийн гол шалтгаан нь Хойд Монгол бол ой мод, мал сүргээр баян, алт, мөнгө,нүүрс, хөнгөн цагаан зэрэг ашигт малтмалаар дүүрэн, газар нутаг нь өргөн уудам байснаас болж оросуудын шуналыг хөдөлгөжээ.Оросуудын эхний дайралтуудыг буриад монголын ард иргэд няцааж дайснуудыг буцаан хөөдөг байсан боловч сүүлдээ цэрэг зэвсгээр дутаж ялагдаж ухарсаар 1659 он гэхэд буриад монголын ихэнхи нутаг оросын казак цэргүүдэд эзлэгджээ. Оросууд эзэлсэн газар бүртээ бэхлэлт барьж хүчээ зузаатгаад дараагийн дайралтуудыг хийдэг байв. Ерөнхийдөө буриад монголчууд 17-18 р зуунд 120 жил оросын түрэмгийлэгчдийн эсрэг тэмцсэн ажээ.
Буриад монголчууд оросын казак цэргүүдэд ялагдсан нь дотоод болон гадаад нөхцлүүдээс болсон юм. Буриад Монголд өөрсдийгөө хамгаалах сайтар зэвсэглэсэн цэрэг, арми байсангүй. Хойд Монголыг хамгаалж байсан монголын Түшээт ханы цэргүүд Монголд ойрдын Галдан гэнэт довтолсон тул нутаг буцчихсан байлаа. Цаашдаа Монголоос цэрэг ирж хойд Монголд туслах ямар ч боломжгүй болов. Учир нь Ойрдын Галдан өөрийн 30 000 ойрд цэргийн хамт Халх Монгол руу гэнэт довтолж, монголын Түшээт ханы 20 000 цэргийг хүйс тэмтэрч бүгдийг нь хөнөөсөн тул Монгол цаашид оршин тогтнох боломжгүй болсон байлаа. Монгол улс гэж байхгүй болж, монгол хаан, монгол цэрэг, монгол төр гэж үгүй болж устсан байлаа. Монголын ийм таагүй нөхцлийг ашиглаж тэр үед хамгийн орчин үеийн их буу, галт зэвсэгтэй оросын казакууд Хойд Монголын хоёр сая квадрат км газар нутгийг эзлэн түрэмгийлсэн юм.
Эдүгээ Орос улс 300 жилийн өмнөх шигээ Буриад Монголыг колоничилсоор байна. Орос улс цэрэг дайндаа буриад монголчуудыг татан оролцуулсаар байна. Буриад монголчууд германий эсрэг дайн, афганы дайн, чечений дайнд болон одоо украины дайнд татагдан Оросын төлөө амь насаа алдаж тулалдсаар байна.Эдүгээ Москва, Санкт Петрбург хотоос нэг ч орос хүнийг цэрэгт татаагүй, украины дайнд явуулаагүй атал эдгээр цөөн тоот жижиг үндэстнүүдийн ард түмнийг Украины дайнд хөөж залуусыг нь Украины их буу, дроны зууш болгосоор байна.
Өнөөдөр хичнээн буриад монгол залуус энэхүү дайнд амь үрэгдэж хичнээн буриад монгол эх зовж шаналж байгааг хэн ч үл мэднэ. Энэхүү украин - оросын 4 дэхь жилдээ болж буй дайнд 1 сая 300 000 орос цэрэг алагдаж, 55 000 украин цэрэг алагдаж, 15 000 энгийн украин хүн, 750 украин хүүхэд алагдаад байна.
Энэхүү дайны хор ушгийг мэдсээр байж энэхүү дайнд олон буриад монгол, халимаг залуус амь үрэгдэж байгааг мэдсээр байж монголчууд бид ус балгасан мэт дуугүй суусаар байх уу. Орост амьдардаг халимаг, буриад, тува хүмүүс, Хятадад амьдардаг өвөр монгол хүмүүсийн эрх чөлөө хумигдаж ард түмэн нь мөхлийн ирмэг дээр ирснийг монголчууд бид зүгээр хараад байх уу .Үгүй шүү. Монголчууд бид дайныг эсэргүүцэж гадаадад амьдардаг монгол хүмүүсийн эрхийг хамгаалж ядаж үгээ хэлэх хэрэгтэй.
Өнөөдөр Буриад Монголд “Эрх чөлөөт, тусгаар тогтносон Буриад Монголын төлөө “ хөдөлгөөн өрнөж байна. Энэхүү хөдөлгөөнд Буриад Монголын олон сэхээтэн, эрдэмтэн оролцож байна. Гэвч тэдний эрх чөлөөний төлөөх тэмцлийг оросын хүчний байгууллагууд хүчээр дарж олон буриад сэхээтнийг шоронд хорьж, амь насыг нь бүрэлгэжээ.Амьд үлдсэн олонхи буриад сэхээтнүүд гадаадад дүрвэж гарцгаасан ажээ.
Сүүлийн үед Буриад монголын тухай үнэнийг өгүүлсэн ном, өгүүлэлүүд гадаадад гарч эхэлжээ. Эдгээр номууд Орос улс болон Буриад Монголд хэвлэгдэх ямар ч боломжгүй юм. Тэрхүү саяхан хэвлэгдэж гарсан маш сонирхолтой судлууштай номуудын нэг ньТүүхийн ухааны доктор, Буриадын ард түмний Конгрессийн тэргүүн Владимир Болод Хамутаевын бичсэн “Кровавая русская Конкиста : от захвата Бурят- Монголий , Сибири, Кавказа - Буриад Монгол, Сибирь, Кавказ руу хийсэн Оросын цуст түрэмгийлэл ” хэмээх 2025 онд хэвлэгдсэн ном юм. Энэхүү чухал номонд доктор В.Хамутаев Оросын колоничлогчдын азид хийсэн түрэмгийлэл, колоничлолын үнэн нүүр төрхийг баримт дүгнэлттэй илчилжээ.
Буриад Монголын хүний эрхийн төлөө тэмцэгчид эдүгээ АНУ болон Чех улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
2023 онд “Эрх чөлөөт Буриадын төлөө” хөдөлгөөний төлөөлөгч Марина Ханхалаева европарламентад Буриад Монголын тухай үг хэлжээ. Түүний хэлсэн үгийг хөрвүүлвэл:
Буриадууд бол Байгаль нуурын орчим нутагладаг уугуул ард түмэн юм. Буриадын ард түмэн бол Сибирийн уугуул ард түмний дотор хамгийн олон хүн амтай ард түмэн юм. Бид бол оросын колончлолоос өмнө өөрийн гэсэн бичиг үсэгтэй , утга зохиолтой,соёлтой ард түмэн байсан. Бид Хятад улстай худалдаа хийдэг, төирийн дархан, газар тариаланхөгжсөн, мал аж ахуйтай орон байсан. Буриад бол төв болон зүүн хойд азийн олон улсын худалдааны системийн нэг хэсэг, монгол ертөнцийн нэгээхэн хэсэг байсан.
17-18 дугаар зууны үед 138 жилийн туршид үргэлжилсэн дайны дүнд Буриад нутаг маань Орос улсын түрэмгийлэлд өртсөн. Орос улс Буриадыг хүчээр христийн шашинд оруулсан нь буриадын ард түмэнд маш хортой муугаар нөлөөлсөн. Энэхүү хорт ажиллагааг эсэргүүцсэн тохиолдолд буриадын бүхэл бүтэн олон тосгонуудын хүмүүсийг толгой дараалан цавчин хөнөөж, хүүхэд эмэгтэйчүүдийг худалдаж боол болгож байв. Оросын Эзэнт улсын үед Буриадад үй олон орос тариачид нүүдэллэн ирж маш олон шорон байгуулж байв.
Зөвлөлт Холбоот улсын үед хүчээр хамтралжуулах ажиллагаа явуулж буриадын олон мянган жилийн ёс заншлыг эвдэж, олон мянган гэр бүлийг сүйтгэж байв. Буриадын олон зууны турш хөгжсөн үндэстний гүн ухаан, шашин, уламжлалт анагаах ухаан, зурхайг устгав. Хорьдугаар зууны эхээр Буриадад 150 буддын сүм хийд, 23 000 лам хувраг байсан.1930- аад оны хэлмэгдлийн үед 22400 лам хуврагийг хөнөөж, 20 000 буриад сэхээтнийг буудан хөнөөсөн. Буриадуудыг зөвхөн түвд хэл бичиг мэдсэний төлөө, буддын дацан сургуульд сурсны төлөө буудан хөнөөж байв.
1937 онд оросын большевикууд Буриадын газар нутгийг 5 хэсэг хуваасны эцэст Буриадын хүн ам 40.0 хувиар хорогдож орос хүн амын тоо дийлэнхи олон болсон. Энэ ажиллагааны зорилго нь буриадуудыг уусган устгах, Буриадын нутгийг оросжуулах явдал байсан. Энэхүү хорт ажиллагааны уршиг одоо болтол арилаагүй байна.
Оросын Холбооны улс байгуулах төсөл үл бүтэх төсөл юм. Байгалийн баялаг арвинтай бүгд найрамдах улсууд Оросын бүрэлдэхүүнд орох нь ямар ч шалтгаан үндэслэл байхгүй юм. Одооны Оросын засаглал бол орон нутгийн авилгалд баригдсан эрх баригчид, Кремлийн дохиогоор хөдөлдөг оросын талыг баримтлагчдын хүчээр тогтож байна.
Эдүгээ Буриадын олон арван үндэстний идэвхтэн, улс төрийн зүтгэлтэн, сэтгүүлчид шоронд хоригдсон эсхүл үхсэн, эсхүл хорлогдсон байгаа. ФСБ буюу Холбооны аюулгүй байдлын албаныхан энэхүү хорт ажиллагааг гардан явуулдаг юм. Буриадын төлөө тэмцдэг амьд үлдсэн бүх хүмүүс Орос улсыг орхиж гарсаар байна. Буриадад үнэнийг өгүүлдэг сэтгүүл зүйг бүрмөсөн устгав. Одоо буриадын сургуулиудад зөвхөн оросын түүх, орос хэлийг зааж буриад монгол хүүхдүүдийг орос болгон өсгөж оросын “эх оронч”-дын шинэ үеийг бойжуулж байна.
1992 онд буриадын ард түмнийг төлөөлж чадахгүй хэсэг хүмүүс Орос Буриадын холбооны гэрээнд дур мэдэн гарын үсэг зурсан юм. Ингэж буриадын ард түмний саналыг асуулгүй Оросын Холбооны Улсын бүрэлдэхүүнд Буриадыг хүчээр оруулсан нь эрх зүйн чадамжгүй акт болсон юм.Орос бол Холбооны улс биш юм. Орос бол төвлөрсөн нэг улс бөгөөд Оросын арми Чеченьд хүчээр түрэмгийлэн орж чечений ард түмнийг үй олноор нь хүйс тэмтэрч оросын эзэнт улсын ноёрхолоо дахин тогтоосон улс юм.
Эдүгээ Орос улс уугуул ард түмний эрхийг ноцтой зөрчиж бүрэн эрхийг нь басамжлан устгасан хэвээр байна. 2008 онд Буриадын Усть Орд болон Агын автономит тойргийг устгасан юм. ЮНЕСКО-гийн урьдчилсан дүгнэлтээр 2050 он гэхэд буриад монгол хэл бүрэн устгагдах байдалтай байна.
Оросын колоничлогчид ирэхээс өмнө Буриадад үндэсний босоо монгол бичиг байсан. 1930 онд Кремлийн шийдвэрээр босоо монгол бичгийг хориглож оросын кирилл бичиг үсгэнд шилжсэн. Энэхүү шийдвэр нь буриад монголын соёл, төрөлх хэл, уламжлалд маш их хор уршиг учруулсан. 1970 онд Москвагийн шийдвэрээр буриадын сургууль цэцэрлэгүүдэд буриад монгол хэлээр сургалт явуулахыг хориглож зөвхөн орос хэлээр сургалт явуулах болсноор буриад монгол хүн бүхэл бүтэн хэд хэдэн үеэрээ төрөлх буриад монгол хэлээ огт мэдэхгүйд хүрсэн.
2020 онд Оросын Холбооны улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж орос хэлийг Оросын Холбооны улсын үндэстний гол хэл болгосон. Энэ бүхэн нь буриад монгол хэлийг устгасан гол нөхцөл болсоор байна.
Оросын нийгэм бол их гүрний дээрэнгүй үзэл, арьсны үзэл ноёрхсон нийгэм юм. Орост амьдардаг язгуур уугуул үндэстнүүд үлэмж их ялгаварлан гадуурхдаг арьсны үзэлтэй тулгардаг. Оросын Москва болон бусад хотуудад славян бус үндэстэн хүнд ажил олох, орон сууц олох боломж маш муу байдаг. Орос улсад славян бус үндэстэн рүү халдах, амь насыг нь хөнөөх явдал маш түгээмэл байдаг. Хэрэв ямар нэгэн гэмт хэргийг славян бус хүн үйлдсэн бол түүнийг маш ихээр дөвийлгөн үзүүлдэг. Оросын кино, ном, медиа зэрэг хэрэслэлээр орос үндэстэнг бусад үндэстэнээс илүү соёлтой, илүү чадвартай хэмээн өндөрт өргөн үзүүлдэг. Өнөөдөр Орос улсад нацизм төрийн гол үзэл суртал нь болж, энэхүү хорт үзлийг оросын ард түмэн ихэд дэмжиж байна. Оросууд өөрийн соёл иргэншлийг хөрш улсуудаасаа илүү онцгой хэмээн үздэг. Энэхүү их гүрний дээрэнгүй үзлийн гол илрэл нь одооны Украинд хийсэн оросын дайн юм. Энэ дайн бол оросын их гүрний дээрэнгүй үзлийн том дайн юм шүү. Анхаарал тавьсанд баярлалаа.”
Ийнхүү буриад монголын сэхээтнүүд эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байна. Орос улсад амьдардаг 1.0 сая монгол хүн, Хятад улсад амьдардаг 6.0 сая монгол хүний эрх нь зөрчигдвөл эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол улс дуугарах ёстой.
Орос улсад амьдардаг хойд монголчууд маань, Хятад улсад амьдардаг өмнөд монголчууд маань зөвхөн монгол хэл, монгол соёлоо хамгаалах гэхэд нь орос, хятадын коммунистууд тэд нарт маань “пан монголист үндэснийүзэлтэн” хэмээх нэр хоч өгч олон арван мянгаар нь хөнөөн устгаж байсныг бид мартаж болохгүй. Монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд хөрш хоёр гүрний гар хөл болсон дотоодын урвагчид дайснууд ямар их хор хөнөөл эх оронд минь учруулж байсныг бид мартаж болохгүй. Монголчууд бид эдүгээ харийнханд алдагдсан газар нутгаа буцаан авах дайн хийх гээгүй, зөвхөн монгол хүний эрх чөлөө, эрхийг нь хамгаалж, монгол соёлоо л сэргээх гэж байгаа юм. Монголчууд бид дэлхийд амьдардаг бүх монголчуудынхаа эрхийг хамгаалж, эрх чөлөөнийхөө төлөө хийж буй тэмцлийг нь дэмжих ёстой гэдгийг монгол хүн бүр санаж явбал зохино.
Монгол улс мандан бадрах болтугай.
Доржийн СҮХБААТАР /baabar.mn/ 2026.03.05



