УНТЭ-ийн удирдлагууд удаа дараа солигдсоны улмаас тус эмнэлгийн үйл ажиллагаа доголдсон асуудал үүсээд буй юм. Тэгвэл энэ талаар тус эмнэлгийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан М.Адилсайхантай ярилцлаа.
-УНТЭ-ийн дарга, цэргийн томилгооноос үүдэж иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ бүрэн авч чадахгүй байна гэсэн асуудал үүсч байна. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Миний хувьд яг бодит байдлыг л ярьж байгаа. Түүнээс ямар нэгэн байдлаар улстөржөөд, эсвэл зохиогоод байгаа зүйл алга. Би өөрөө ямар нэгэн улс төрийн хамааралтай, улс төрийн нөлөөтэй албан тушаал эрхэлдэггүй. УНТЭ-ийн ТУЗ-ийн шийдвэрээр тус эмнэлгийн ерөнхий захирлыг гурван удаа сольсон. Ингэж олон солигдсоноос болоод хамгийн анх үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан захирлын гаргаж байсан шийдвэрүүд, яаралтай авах арга хэмжээнүүд нь хэвийн явах боломжгүй болсон. Ингээд дараагийн ирсэн удирдлага буюу өнөөдрийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэж байгаа хүн яаралтай арга хэмжээнүүдийг авч чадаагүй.
Түүнээс болоод эмнэлгийн үйл ажиллагаа доголдоод, хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүрэн дүүрэн, чанартай, хүртээмжтэй авах боломжгүй болсон. Цааш яривал бүр ч ноцтой асуудлууд сөхөгдөнө. Энэ бол бодит үнэн. Эмнэлгийн бусад эмч ч хэлнэ. Яагаад гэвэл тэр хүмүүс над дээр орж ирээд “Энэ асуудлаа шийдээч ээ” гээд санал бичиг өгсөн.
Ингэхдээ ийм, ийм багаж хэрэгслүүд байхгүй болчихлоо гээд орж ирж байгаа шүү дээ. Үүнд нь үндэслээд, ерөнхий захиралдаа “Энэ эмнэлэг зогслоо, хурдлаач ээ” гээд удаа дараа шаардлага тавьж байсан л даа.
Тэгэхэд худалдан авалт зэргийг нь шууд худалдан авалтаар явуулна гэсээр байгаад алдаатай болоод, зарим үйл ажиллагаагаа хүртэл зогсоосон. Эсвэл зарим эмнэлгийн тусламж үйлчилгээгээ хүргэхдээ аюултай, эрсдэлтэй аргаар хүргэсэн. Эмч нар нүцгэн гараараа хүн эмчлэх нөхцөл байдалтай байна. Жишээ нь, дурангийн хагалгааны багаж хэрэгсэл байхгүйн улмаас хүний хэвлийг нээж, аюултай аргыг ашиглахаас өөр аргагүй болж байна.
Бас нэг зүйл нь УНТЭ-ийн ТУЗ ерөөсөө болохгүй байгаа. Үүнд, улс төр орсон. Ашиг сонирхлоос үндэслээд мэргэжил, ур чадваргүй удирдлагыг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилчхож байгаа юм л даа.
-Орны хүрэлцээ муу гэсэн асуудал хүртэл яригдаж байгаа юм билээ?
-Ор хүрэхгүй байгаа гэдэг асуудал эрчимт эмчилгээн дээр яригдаж байгаа. Амьд байхын тулд янз бүрийн тусгай тоног төхөөрөмжтэй, эм хангамжийн дэмжлэгтэй байхгүй л бол болдоггүй хүнд өвчтөнүүд гэсэн үг. Гэтэл эрчимт эмчилгээний тасаг нь засварт ороод, үүнийгээ засаж чадахгүй явсаар хагас жил болсон. Үүнээс болж ийм асуудал үүссэн. Тендер нь Эрүүл мэндийн яам дээр ирсэн. Үүнд эмнэлгээс ямар нэгэн шийдвэр гаргаж, компанийг нь сонгоогүй. Гэтэл хоёр компани ороод, хоорондоо мөнгөө булаацалдаад эхэлсэн. Шалтгаан нь ТУЗ-ийн дарга нэг компани руу нь бүх мөнгөө хийчихсэн юм билээ.
Үүнээс болоод тухайн компани нь хүлээлгэж өгөхгүй гэсэн асуудал яригдаад байгаа. Түүнээс гадна эмч нар үйл ажиллагаагаа явуулахад эмнэлэгт нь эм байхгүй болохоор өвчтөнүүддээ дандаа"Ийм эм олоод ирвэл эмчилнэ" гээд захидаг. Зарим нь олж ирнэ л дээ. Гол нь олж ирж чадахгүй хүмүүс их байгаа. Монголын ард иргэд хангалттай амьдраагүй учраас тэр эмийг нь олж ирж чадахгүй байна шүү дээ. Энэ тохиолдолд тэр хүмүүс эмчилгээ, үйлчилгээгээ авч чадахгүй байдалд хүрчихээд байгаа юм. Эмнэлгээс тэр эмийг нь аваад өгөөч гэхээр шууд худалдан авалтын хуульдаа нийцэхгүй гээд авч өгдөггүй.
Мөн томилгоо нь ямар ч ойлгомжгүй. Нэг захирал ажиллаж байгаад дараагийн хүн томилогдоод ирэхэд өмнөх захирлыг нь тавьж болно биз дээ. Тэгэхэд хаа хамаагүй хүнийг сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилчихно. Нөгөө хүн нь ийм том хэмжээний эмнэлгийг удирдаж авч явахад шаардлага хангадаггүй. Тэр нь одоо бүр нотлогдож байна. Томилогдоод долоохон хоногийн дараа эмнэлгийн үйл ажиллагаа нь доголдоод байна шүү дээ. Өмнөх захирлынхаа гаргасан шийдвэрийг эргэж хардаггүй, ямар ч залгамж халаагүй зүйл болж байна. Улстөржөөд байгааг миний хувьд ингэж л тайлбарлана.
-Дүрэм, журмаас гадуурх томилгоонд хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуулт байна л даа?
-ТУЗ-д нийт есөн гишүүн байдаг. ЭМЯ, Сангийн яам, ЭМДЕГ-аас төлөөлөл байдаг. Үүнийг Эрүүл мэндийн сайд гарын үсэг зурж, баталгаажуулдаг. Гэтэл ЭМДЕГ-ыг төлөөлж байгаа хүн нь өнгөрсөн наймдугаар сард ажлаасаа гарчихсан. "Энэ хүнийг сольж өгөөч ээ" гэхээр сольж өгдөггүй. Бас Сангийн яамыг төлөөлж байгаа хүн нь Монголд огт байдаггүй. Тэр хүн өөрөө "Би энэ хуралд огт оролцоогүй" гээд албан и-мэйл над руу бичсэн. Энэ мэт бүрэн бус бүрэлдэхүүнтэй шийдвэр гаргаж байгаа нь хууль бус байна.
Мөн тэнд ажиллаж байгаа есөн хүний гурав нь л эмнэлгийг төлөөлдөг. Энэ бол үнэхээр хангалтгүй. 840 хүнийг төлөөлөөд гурван хүн байдаг гэсэн үг. Энэ гурван хүний дуу хоолой бүрэн дүүрэн хүрэх үү гэдэг асуудал яригдана. Эрүүл мэндийн салбарын бүх боловсон хүчнийг удирдаж ажиллаж байгаа ТНБД гэдэг албан тушаалтан өөрөө тэнд ажиллаж байгаа. Үнэндээ бусад гишүүдийн дуу хоолой тэнд огт байдаггүй. Миний хувьд сүүлийн үед удирдлагад ажиллаж байгаагийнх ийм сонин өнгө аястай, уур амьсгалтай, захиргаадсан, нэг хүний шийдвэрийг шууд тулгасан газар харж байгаагүй. Үнэхээр харамсалтай байна. Эрүүл мэндийн салбарт улстөржиж байгаагийн цаана ард иргэдийн эрүүл мэнд хохирдог гэдгийг битгий мартаасай.
-Зарим албан тушаалтан, эмч нар хэвлэлийн хурал хийсэн. Үүний дараагаар ажлаасаа халагдсан хүний нэг нь та. Энэ шийдвэрт та ямар хариулт өгмөөр байна вэ?
-Би тэр тушаалыг нь цахим орчинд дэлгэсэн л дээ. Надад үнэхээр харамсалтай, бухимдалтай санагдсан. "Хэвлэлийн хурал хийсэн, эмнэлэг зүгээр байхад худлаа мэдээлэл тараасан" гэдэг шалтгаанаар ажлаас халсан. Худлаа мэдээлэл тараасан уу гэдгийг шууд тодруулах бүрэн боломжтой. Өнгөрсөн долоо хоногуудад УНТЭ-т хэвтэн эмчлүүлсэн хүмүүсээс, ялангуяа мэс засалд орсон хүнээс "Та өөрөө гаднаас эм, тариагаа худалдаж авсан уу" гээд л асуухад тодорхой болно. Бүгд хэлнэ.
Гэтэл яг албан үүрэг, эрх мэдлийнхээ хүрээнд "Тийм зүйл байхгүй" гээд яриад байгаа шүү дээ. Гэвч ард иргэд өөрсдөө ийм асуудал байна гээд хандсан шүү дээ. Энэ асуудалд УНТЭ-ийн эмч, ажилчид үнэхээр дуугарч чадахгүй байгаа. Сонсох нь ээ, ТУЗ-өөс ажлын хэсэг гарсан гэсэн. Учир нь энэ асуудлыг дэмжсэн эмч, ажилчдад хариуцлага тооцох юм гэсэн. Бүгдийг нь дуугүй болгох санаа байх шиг байгаа юм. Эрүүл мэндийн салбарыг улс төржүүлж буйд эмч хүний хувиар эвлэрч чадахгүй. Учир нь бид бүх юмаа зориулж, тангараг өргөсөн хүмүүс шүү дээ. Эрүүл мэндийн салбарыг улстөржүүлж, ашиг сонирхлоороо гацаах нь ямар хор уршигтайг нүдээрээ үзлээ. Эмнэлгийн онцлог нь энэ юм даа. Ер нь цаашдаа бусад эмнэлэг дээр хүртэл ТУЗ-ийн асуудал яригдана. Үүнийгээ л засаж залруулаасай.
Өдрийн сонин



