Хиймэл оюунаар дуу хөгжим зохиох явцад зохиогчийн эрхтэй бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглах явдал салбарынхны санааг зовоох болоод байгаа. Иймд уран бүтээлчдийн эрхийг хамгаалах зорилгоор "Sony" компани хиймэл оюунаар бүтээсэн хөгжмийн эх сурвалжийг тогтоох шинэ технологи хөгжүүлснээ танилцуулжээ.
Шинэ технологи нэвтэрснээр хөгжмийн зохиолч, дууны үг зохиогч болон нийтлэгчид бүтээлийг нь зөвшөөрөлгүй ашигласан хиймэл оюун хөгжүүлэгчдээс нөхөн төлбөр шаардах боломжтой болно гэж "Sony" групп онцолсон байна.
Тус технологи нь хиймэл оюуны үндсэн загвараас өгөгдлийг татаж, шинээр үүсгэсэн хөгжмийг эх сурвалжтай нь харьцуулдаг ажээ. "Уран бүтээлчид хөдөлмөрөө бодитоор үнэлүүлдэг шударга тогтолцоог бүрдүүлэхэд бид хувь нэмрээ оруулахыг зорьж байна" гэж "Sony" группийн энтертайнмент хариуцсан хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Тус компани контент хамгаалах чиглэлд тууштай арга хэмжээ авсаар байгаа юм. Тухайлбал, 2024 онд АНУ дахь "Sony Music Entertainment" компани хөгжим бүтээхэд хиймэл оюун зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлээр нэгэн технологийн компанийг шүүхэд өгч байжээ.
Эх сурвалж: Kyodo



