Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайд Д.Энхтайван тус улсын Гадаад хэргийн дэд сайд Арманата К.Насиртай хоёрдугаар сарын 20-ны өдөр уулзжээ.
Уулзалтаар Элчин сайд Д.Энхтайван Монгол Улс Бүгд Найрамдах Индонез Улс /БНИУ/-ын идэвхтэй, зарчимч гадаад бодлогыг өндрөөр үнэлж, Зүүн өмнөд Азийн бүс нутаг дахь итгэлт түнш, чухал Гуравдагч хөрш хэмээн үздэг болохыг дахин нотолжээ.
Түүнчлэн Монгол Улс, БНИУ дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохиож буй энэ 2026 онд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлж, түвшин ахиулахын төлөө байгааг тэмдэглэсэн байна.
Мөн талууд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн БНИУ-д 2025 оны тавдугаар сард хийсэн албан ёсны айлчлалын үеэр ярьж тохирсон зүйлсийн мөрөөр хоёр талаас хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн уулзалт, арга хэмжээ, тэдгээрийн бэлтгэл ажлын талаар санал солилцжээ.
Гадаад хэргийн дэд сайд Арманата К.Насир хоёр талын харилцааг өргөжүүлэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглээд уулзалт, арга хэмжээний үр дүн, ач холбогдлыг нэмэгдүүлэхэд анхаарч, холбогдох бэлтгэлийг хангахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.



