x

С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэсэн гал унтраасан бодлого хэрэгжиж байна

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Чуулганы завсарлагаанаар таны хувьд ямар ажлуудыг амжуулж байна. Бүс, тойргоос сонгогдсон гишүүн гэдэг утгаараа орон нутгаар явж, иргэдийн аж амьдрал, өвөлжилтийн нөхцөл байдалтай нэлээд танилцаж, ажиллаж байна уу?

-Төвийн бүс болох Дархан, Сэлэнгэ, Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Туваан, Д.Батбаяр нарын хамтаар тойргоороо нэлээд явлаа. Дахиад ч явна. Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн зарим сумдад өвөлжилтийн нөхцөл байдал хүндхэн байна. Бидний хувьд чуулган завсарлаад л эдгээр өвөлжилт хүндэрсэн сум, орон нутагт очиж ажиллаж, Улсын онцгой комисс болон аймгийн Онцгой комиссоос малчдад зориулан өвс, тэжээлийн тусламж үзүүлсээр байгаа. Цаашид бид цагаан сарын өмнө өвөлжилт хамгийн их хүндэрсэн газруудад Онцгой байдлын газартай хамтраад очих төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж иргэд, малчид, тариаланчдын амьдрал ахуй сайнтай, саартай, асуудалтай л байна. Малчдын амьжиргааны цөм болсон мал, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ, үйлдвэрлэл, худалдаа сул байсаар байна. Тариаланчдын хувьд сүүлийн жилүүдэд гантай байгаагаас шалтгаалаад ургац хураалтаа санасан, төлөвлөсөн хэмжээндээ авч, нөөцөлж, худалдан борлуулж чадсангүй

Бизнес эрхлэгчдийн хувьд зээлээс зээлийн хооронд, татвараас татварын хооронд л зах зээлд тогтон ядан явж байна. Иргэдийн хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө, эрх ашгаа хамгаалуулах, тэгш боломжоор хангагдах зэрэг хүний эрхийн асуудлууд ч тулгамдсан хэвээр. Цалин, тэтгэврээс эхлээд үнийн өсөлт, төрийн үйлчилгээ зэрэг асуудлыг иргэдтэй уулзах бүрд асууж, тодруулж, санал шүүмжлэлээ хэлж байна. Бидний хувьд иргэдийнхээ хэлсэн шүүмжлэл, санал хүсэлтийг төрийн бодлогод тусгах, орон нутгийн удирдлагууд болон Засгийн газар, УИХ-ын түвшинд гарц, шийдэл, шийдвэрүүдийг нь шуурхайлах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлсээр байгаа. Ямартаа ч монгол түмний уламжлалт их сар шинийн баяр болох гэж байна. Монголчууд бид “Амны бэлгээс ашдын бэлгэ” хэмээн ярьдаг. Энэ утгаараа аливаа зүйлийг өөдрөгөөр харж, биелэх, бүтэх талаас нь бэлгэшээж ирсэн ард түмэн.

-Улсын эдийн засаг дорвитой өсөхгүй, өссөн ч ард түмний амьдралд мэдрэгдэхгүй байна гэж хэн хүнгүй л хэлдэг. Энэ утгаараа улс орны хөгжил яг ямар бодлогоор явах ёстой юм бэ?

-Төрийн бодлого сайн, муу гэхээс илүү ер нь цөөн хүн амтай улс яаж хөгждөг вэ, яаж тусгаар тогтнолоо хамгаалдаг вэ гэсэн энэ хоёр асуудлын хүрээнд ярих нь зөв болов уу. Тэгэхээр манай урд талд 1.5 тэрбум хүн амтай улс байна. Хойд талд 150 сая хүн амтай улс байна. Энэ дунд бид 3.6 саяхан хүн амтай. Энэ утгаараа хөрш орнуудтайгаа харьцуулшгүй том ялгаа байгаа биз. Геополитикийн хувьд нэгэнд нь хүчтэй төр гэхээс илүүтэйгээр хүчтэй зарчим, хүчтэй хууль, тэр хуулийн дор эрх тэгш, шударгаар амьдарч чаддаг хүчтэй бие хүмүүс хэрэгтэй байгаа юм. Нөгөөтэйгүүр дэлхийд 10 саяас доош хүн амтай улсыг дотор нь гурав хуваан үздэг. Нэг сая хүртэлх, таван сая хүртэлх, 10 сая хүртэлх гэж. Эдгээр улсуудын хөгжлийн зүй тогтолд гурван том онцлог байдаг. Нэгдүгээрт, боловсролын тогтолцоо. Энэ тогтолцоо бол тухайн улсын үндэсний аюулгүй байдлын дархлааг авч явдаг хамгийн гол зүйл. Хоёрдугаарт, шүүхийн шударга тогтолцоо. Шүүх хууль, авлигад идэгдэхгүй тусмаа л шударга ёс тогтоно гэсэн санаа шүү дээ. Гуравдугаарт, төр бизнесийн орчныг шахдаг, дарамталдаг, татвараар нь дээрэлхдэг биш иргэд өөрсдөө бизнес эрхлээд, ЖДҮ эрхлээд чөлөөтэй орлого олох боломжийг нь нэмэгдүүлэх. Энэ гурван зүйл бол цөөн хүн амтай улс орны хөгжлийг түргэсгэх чухал томьёо.

-Манайд боловсрол, эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтлээ гэж шүүмжлэх хүмүүс олон байдаг. Гэтэл улс орны хөгжлийн гол амин сүнс нь боловсрол байгаад байна шүү дээ...?

- Яагаад боловсрол чухал юм бэ, яагаад боловсролын салбарыг анхаарах ёстой юм бэ гэвэл ийм. Боловсрол өндөр, тухайн үндэстнийхээ онцлогийг ойлгосон, мэдэрсэн, бие даасан сэтгэхүйтэй хүмүүс хэдий чинээ олон байна, тархи нь төдий чинээ худалдагдахгүй байна. Нэмээд элдэв дуулиан шуугиан, хуурамч мэдээлэл, тархи угаалт, залилан, гэмт хэрэгт тэр бүр автдаггүй. Нөгөө талдаа манайхан сүүлийн үед их ярьж байгаа үндэсний сөрөн тэсвэрлэх чадамжийн асуудлыг хэлж байгаа юм. Тэгэхээр боловсрол сул байх тусмаа нийгэм ямар нэгэн элдэв шуугиан, худал, хоосон мэдээлэлд итгэх, өөрөөр хэлбэл үндэсний сөрөн тэсвэрлэх чадамжаа алдаж эхэлдэг гэсэн үг. Ялангуяа сонгуулийн үеэр тодорхой улс орнуудаас зорилготой, үр дүнд чиглэсэн, санхүүжилттэй, зохион байгуулалттайгаар нийгмийн сүлжээг ашиглан иргэдийн санаа бодлыг чиглүүлэх халдлагууд болдог. Тухайлбал, УИХ, Засгийн газраас тодорхой томоохон шийдвэрүүд гаргахын өмнө нийгмийн үзэн ядалтыг дэвэргэх, хэн нэгэн хүн, аль нэг бүлгийг баатар болгох, эсвэл улстөрч, бизнесийнхнийг “ардын дайсан” болгох кампанит ажил өрнөдөг нь нууц биш болсон. Үүний үр дүнд олон улсын тавцанд Монголын нэр хүнд, өрсөлдөх чадвар унадаг. Улмаар үнэгүйдсэн тэрхүү зах зээлийг нь хямд аргаар овжиноор эзэмших гэсэн оролдлогууд маш их гардаг. Тэгэхээр үүнээс урьдчилан сэргийлэх гол зүйл нь иргэд өөрсдөө мэдлэг, мэдээлэлтэй, өндөр боловсролтой байхаас л шалтгаалдаг. Нийгэм өөрөө сенсаци хөөгөөд л байх юм бол төрийн бодлого гажуудсан хэвээр байна гэсэн үг.

-Мөн улсын хөгжлийн гол зүйл нь эрчим хүч болов уу. Энэ өвөлжин тог, эрчим хүчний хязгаарлалт хийгдлээ. Айл өрхөө эрчим хүчээр хангаж чадахгүй байж яаж тэр олон мега төслүүд хөдлөх билээ гэж шүүмжлэх хүмүүс олон байна. Таны хувьд эрчим хүчний асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Улс орнуудын өрсөлдөх чадварын талаар тайлан гаргадаг олон улсын байгууллагуудын хэлж, зөвлөж байгаа хэд хэдэн чухал зүйл бий. Тухайлбал, Монгол Улсын хөгжлийг чөдөрлөж, түргэн хөгжихөд нь саад болж байгаа таван том асуудлыг эрэмбэлж гаргасан байдаг. Нэгдүгээрт, төрийн өөрийнх нь данхар бүтэц. Хэт их намчирхдаг, улстөрждөг, төрийн байгууллагууд нь уялдаа холбоогүй, бүтээмжгүй байгаагийн гол шалтгаан нь төр өөрөө болчихоод байна. Хоёрдугаарт, мэдээж таны асуусан эрчим хүчний асуудал. Одоогоос 16 жилийн өмнө УИХ Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баталсан. Энэ бол товчхондоо Монгол Улсын хөгжлийн луужин юм. Тэнд 2020 он буюу 10 жилийн дотор Монгол Улс эрчим хүчнийхээ бие даасан байдлыг 100 хувь хангана гэж заасан. Түлш, шатахууны хувьд ч мөн адил бие даасан байдалд хүрнэ гэсэн. Гэтэл 2020 он болоход энэ бүхэн хэрэгжсэн үү. Одоо дахиад зургаан жил өнгөрчихлөө. Энэ утгаараа салбарын сайд, Засгийн газраас “2010 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал хаана байна, ямар шатандаа явж байна вэ” гэж асуудаг.

-Тэгэхээр юу гэж хариулж байна вэ?

- Энэ бодлого хэрэгжихгүй байна. Манайд одоо “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэсэн гал унтраасан бодлого л явж байна. Шатахуун хомсодвол хойноос тэдэн вагон орж ирнэ, ийм нөөцийн сав барина гэж ярьдаг. Эрчим хүч тасарвал станцуудын эвдрэл гэмтлийг засахыг л шийдэл гэж үзэж байна. Үүнээс харахад Монгол Улсын урт хугацааны бодлого бүр ор тас алдагдсан гэсэн үг.

-Эрчим хүчний тухайд 2028 он гэхэд хараат бус болно гэж ярьж байна. Энэ бодитой юу?

-Бидэнд асар их нүүрсний нөөц байна. Гэтэл бүрэн ил тод экспортлогдож чадахгүй байгаагаас л нүүрсний хулгайн асуудал гарсан. Нөгөөтэйгүүр бидэнд сэргээгдэх эрчим хүчний асар том боломж бий. Тиймээс 2028 он гэхэд хараат байдлаас гарахын тулд Монгол Улс эрчим хүчний бодлогоо зоригтой өөрчлөх ёстой.

-Яаж өөрчлөх ёстой гэж?

-Иргэд, аж ахуйн нэгжүүд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, ашиглахад татварын хөнгөлөлт үзүүлэх ёстой. Эрчим хүчээ өөрсдөө үйлдвэрлээд илүүдлээ улсад нийлүүлж байвал санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Төр дангаараа бүхнийг хийж хараат байдлаас гарна гэдэг худлаа. Иймд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг зоригтой дэмжиж, баталгаажуулж, нэмэлт цахилгаан станцууд барих шаардлагатай.

-Сүүлд нь асуухад, танай нам гишүүнчлэлийн аян эхлүүлсэн. Намын шинэчлэл, удахгүй болох их хурал, Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар таны байр суурь?

-Ардчилал Монгол Улсаас алсарч байна уу, ардчиллын эсрэг үзэл яагаад олширч байна вэ гэдгийг анхаарах ёстой. Монголчууд бол эрх чөлөөнд хайртай ард түмэн. Эрх чөлөө гэдэг бол ардчилал. Нээлттэй нийгэм, чөлөөт эдийн засгийг авч явдаг тогтолцоо нь парламентын засаглал. Нэг хүний дарангуйлалд орвол улс орон сүйрнэ. Харин парламентын засаглалд алдааг сонгуулиар засах боломж бий. Тиймээс институци, тогтолцоогоо хамгаалах нь чухал. Улс төрийн намууд бол парламентын суурь. Намуудыг шүүмжилж болно, харин орхиж болохгүй. Миний хувьд цомхон төр, татварын дарамт багатай бодлогыг дэмждэг учраас Ардчилсан намыг сонгосон. Нам хүнд үед ч хамт байсан. Одоо АН-д итгэлийг дахин сэргээх том үүрэг бий. Ил тод, нээлттэй, тэгш боломж бүхий шинэчлэл эхэлсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 7-нд АН-ын ой тохионо. Үүнээс өмнө шат шатны сонгуулиа явуулна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Юань, ам.долларыг хуурамчаар хэвлэсэн этгээдүүдийг баривчилжээ 1 цаг 19 мин Д.Трамп Б.Нетаньяхутай уулзаж, Ирантай хэлэлцээг үргэлжлүүлэхээ мэдэгдэв 1 цаг 24 мин Сар шинийн баяртай холбогдуулан худалдааны төвүүдийн зогсоолыг нэмэгдүүлнэ 1 цаг 25 мин Эрчим хүчний төслүүдээ нураасан нь 1 цаг 25 мин С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэсэн гал унтраасан бодлого хэрэгжиж байна 2 цаг 15 мин УИХ-ын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочиллоо 2 цаг 35 мин Он гарсаар мөс цөмөрсөн 8 дуудлага бүртгэгдэж, 4 иргэнийг аварчээ 2 цаг 36 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг дэмжлээ 2 цаг 36 мин Ерөнхий сайд Сар шинийн баяраар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг даалгалаа 3 цаг 7 мин 13, 14-нд цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарна 3 цаг 11 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 19 цаг 7 мин Д.Трамп дэлхийн хамгийн өндөр ялалтын хаалга барихаар төлөвлөж байна 19 цаг 10 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, 8 орон таарсан нэг азтан тодорлоо 19 цаг 11 мин Тавантолгойн Бортээг хэсэгт хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулахыг үүрэг болголоо 19 цаг 12 мин Ерөнхий сайд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гаргалаа 19 цаг 13 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаар "Зөвлөлдөн шийдье" санал асуулга явуулна 19 цаг 14 мин "Форд" компани 2008 оноос хойших хамгийн их алдагдлаа хүлээв 20 цаг 52 мин Монгол, Хятадын 7 дахь удаагийн стратегийн яриа хэлэлцээ Улаанбаатарт болов 20 цаг 53 мин Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ 20 цаг 53 мин "Смарт Эко Транс" ХХК-д давуу байдал олгосон албан тушаалтнуудыг шалгуулна 20 цаг 54 мин
iИх уншсан
АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Бэлчээрт мал нядалж хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжэ... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангана Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top