Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Монголын Засгийн газрыг Олон улсын шүүхэд дуудагдахад хүргэлээ
Олон ч удаа бичсэн дээ, “Олон Овоот гоулд” компанийн өр төлбөрөө хууль ёсны дагуу барагдуулах боломжийг нь хаахаа болиоч гэж сүүлийн хоёр жилд Монголын төрд хандаж анхааруулсаар байв. Эцэст нь дотоодын шүүхийн процесс олон шат дамжин сунжирч, үр дүнд нь өр барагдуулах бодит боломж бүрэн алдагдаж арбитрын шийдвэрийг биелүүлэхээс аргагүй үр дүнд хүргэж байна. Энэ тохиолдолд Монголын тал ямар хүнд байдалд орно гээч? Юуны өмнө арбитрын шийдвэрийн бүтэн дүнг төлнө. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн бодит үнийг төлнө. Алдагдсан ашиг, хүү, Арбитрын болон хууль зүйн бүх зардлыг хохирол болгон нэхэмжлэх нөхцөл байдал үүсээд байна.
Яагаад ийм байдалд хүрэв?
Товчхондоо хамгийн наад зах нь Үндсэн хуулийн 16.3-т заасан “иргэн, хуулийн этгээд өмчтэй байх, түүнийгээ захиран зарцуулах” эрх ноцтойгоор зөрчигдсөн шүү дээ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь өмчийн эрхийн объект гэж шүүхийн практикт тогтсон байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй үед лицензийг төрийн захиргааны шийдвэрээр гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь яах аргагүй шүүхээр хамгаалуулах эрхийг үгүйсгэсэн, өмчлөх эрхэд шууд халдсан гэж үзэх үндэслэл болно.
Мөн Үндсэн хуулийн 14.1-д заасан “Хуулийн өмнө хүн бүр тэгш байх” зарчим алдагдсан. Хуулиараа, өртэй компаниудын лицензийг эхлээд шүүхээр шийдүүлж, дараа нь Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Тухай Хуулийн дагуу ШШГА-аар дамжуулан хөрөнгийг битүүмжлэн албан ёсоор үнэлүүлэн дуудлага худалдаа зохион байгуулж, олсон орлогоор нь Шүүхийн шийдвэр гарсан он дараалалаар нь өр барагдуулахаар заасан. Гэтэл уг хуулийг үл тоож, лицензийг битүүмжлээгүй, тухайн хөрөнгийг албан ёсоор үнэлүүлээгүй, дуудлага худалдаа зарлаагүй, зөвхөн “өр барагдуулах” гэдэг нэрийн дор өртэй компаниудын зөвхөн нэгд нь, тэр тусмаа Банкны эрх хүлээн авагчийн хамаарал бүхий уул уурхайн компанид шууд шилжүүлчихсэн. Энэ нь ШШГТХ-ийн 3, 41, 52 дугаар зүйлүүдийн үзэл санааг бүхэлд нь зөрчсөн төдийгүй хуулийг ягштал мөрдүүлэх шийдвэр гаргаж, шүүхийн шийдвэрт заагаагүй үүрэг хэрэгжүүлэхээс татгалзсан ШШГЕГ-ын дэд даргыгажлаас халах хүртэл улайрсан нь маш ноцтой ашиг сонирхол гэдгийг харуулж байгаа юм.
Ингээд “Төр өөрөө шүүхийн шийдвэр гүйцэтгэгч болж тоглосон”!
Удаа дараа бичээд засаагүй энэ алдаагаа одоо Арбитрын шүүхийн өмнө хүлээх болох нь. Энд Монгол төрийн хэд хэдэн байгууллага хууль зөрчсөний нэг нь Ашигт Малтмал Газрын Тосны Газар юм. Хуулийн ямар зөрчил гаргасан бэ? Юуны өмнө лиценз шилжүүлэх нөхцөл зөрчигдсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 52-р зүйл, 49-р зүйлийг зөрчсөн уг хуульд заасны дагуу Лиценз эзэмшигч нь өөрөө бусдад шилжүүлэх хүсэлт гаргаагүй,хуульд заагдсан бусад бүрдүүлбэр хангагдаагүй атал захиргааны актаар өөр этгээдэд очсон.
Бусдад өртэй байлаа гэхэд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагашийдэх ёстой болохоос барьцаа нь өртэй этгээдэд таалагдаад байгаа учраас шууд шилжүүлээд өгчихдөг хууль дэлхийн хаана ч байхгүй. Дэндүү ичгэвтэр дээрэм болоод өнгөрсөн юм.
“Дээрэм”-ийн дараагийн “хамжигч” нь Татварын ерөнхий газар, Том татвар төлөгчийн газар гэж хэлж болно. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бусдад шилжүүлэх тухай маш нарийвчилан заасан хуулийн зохицуулалттай, түүнд дагалдуулан гаргасан Сангийн сайдын баталсан журамтай. Гэтэл эдгээрийг бүгдийг нь үл хэрэглэсэн төдийгүй, огт байхгүй хүсэлтийг бий болгоод төлөөгүй татварыг төлсөн болгож хий бичилт хийгээд татварын асуудалгүй тодорхойлолтыг гаргаад өгчихсөн.
Товчхондоо “Олон Овоот Гоулд”-ыг Арбитрт хандахаас аргагүйд хүргэсэн гурван том зөрчил дотооддоо асуудлыг шийдвэрлэж дийлэхээргүй асар том хуйвалдаан юу байсныг том зурагаар нь харцгаая.
1. Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн
2. Ашигт малтмалын тухай хуулийг зохицуулсан
3. ШШГТХ-ын заалтуудыг үл хэрэгссэн
4. Татварын тухай хууль болон Сангийн сайдын гаргасан журмыг ноцтой зөрчсөн
Энэ бол энгийн захиргааны алдаа биш хууль зүйн хувьд сэргээх ёстой ноцтой зөрчил. Тиймээс олон улсын арбитрт харьяалахаас аргагүйд хүрчээ. Яагаад гэвэл Олон Овоот Гоулд ХХК нь ганцхан дотоодын банк, аж ахуйн нэгжүүдэд өртэй байгаагүй. Гадаадын нөлөө бүхий томоохон компанид өртэй ба тэр нь Лондоны арбитрийн шүүхийн шийдвэрээр өр төлөх үүрэгтэй. Гэтэл лицензийг дур мэдэн шилжүүлснээр гадаадын хөрөнгө оруулагчийн өрөө барагдуулж авах боломжийг нь Монголын төрийн байгууллагууд устгачихаж. Энэ нь Олон улсын арбитрын хэллэгээр “State interference with enforcement of an international arbitral award” буюу хамгийн хүнд ангиллын хэрэг болж таарах нь.
Монголын талын гэм буруу юу байх вэ?
Юуны өмнө шууд бус хураалт (Indirect Expropriation). Олон улсын практикт “Removing the asset that secures an arbitral award equals indirect expropriation” гэж нэрлэдэг байна. Энэ тохиолдолд Монголын төр хууль ёсны хүлээлтийг эвдсэн, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхдээ хууль зөрчсөн, due process зөрчсөн. Дээрх шинж тэмдгүүдийг агуулсан тохиолдолд буюу FET зөрчигдвөл Арбитрын өмнө тухайн улсын төр бараг л дандаа ялагдсан байдаг.
Гэтэл Монгол Улс 1994 оноос Нью-Йоркийн конвенцын гишүүнээр элссэн байдаг. Гадаадын арбитрын шийдвэрийг биелүүлэхэд саад хүлээхгүй байх үүрэг хүлээгээд 30 гаруй жил болжээ. Дээр нь Монгол Улс, БНСУ-ын хооронд Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах гэрээ (BIT)-тэй. Тэрхүү гэрээнд Indirect expropriation (шууд бус хураалт), Fair & Equitable Treatment (FET), Full protection & security, ICSID / UNCITRAL-д шууд хандах эрх бүгд бий.
Энд миний өмнө нь бичиж байсанчлан Samsung компанитай холбоотой асуудал дурдагдана.Олон улсын арбитрын практикт Samsung шиг конгломератын нэхэмжлэлийг улс төрийн дарамт учруулсан байж болох юм гэдэг талаас нь “дипломат анхаарал” тавьж, эрсдлийн жинг нь маш өндөр түвшинд авч үздэг. Ийм нэртэй инвестортой маргаанд хариуцагч талын улсууд ихэнхдээ эвлэрдэг, эсвэл алдаж дуусдаг. Дээр нь манай улсын тал үүн дээр “асуудалтай”. Хамгийн аймшигтай нь Лондонгийн арбитрын шийдвэрийг “устгасан”. Үүнд төрийн буруутай үйлдэл нь лицензийг өвийн хамгаалалтын үед, шүүхийн шийдвэргүйгээр, гуравдагч этгээдэд шилжүүлсэн. Үр дүнд нь Samsung-ийн авлагыг хангах хөрөнгийг устгасан. Бүр цаашилбал олон улсын арбитрын шийдвэрийг биелүүлэх боломжгүй болгосон бөгөөд энэ ньState interference with enforcement of an arbitral award буюу олон улсын арбитрт хамгийн хатуу зөрчилд тооцогддог аж.
Засгийн газар нь дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө “тэнсэн”-тэй мэт оршиж болох уу?
Яагаад ийм байдалд хүрсэн нь ерөөсөө л төрийн байгууллагууд хуулийг шат шатандаа биелүүлэхгүй байснаас болсон. Эргэн сануулахад 2022 онд компанийн эцсийн өмчлөгч нас барж, компанийн өмч, түүний дотор ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд өвийн хамгаалалтын дэглэмд орсон. Энэ хооронд өв залгамжлагчид албан ёсоор тогтоогдоогүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад төрийн байгууллагууд ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг гуравдагч этгээдэд шилжүүлэх шийдвэрүүд гаргасан.
Дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчийн авлагыг хангах актив байгаад зогсохгүй, мөн дотоодын банк, санхүүгийн байгууллагууд болон хувь хүмүүсийн өмнө үүссэн өр төлбөрүүдийг барагдуулах үндсэн эх үүсвэр байсан. Үүнтэй холбогдуулан “Олон Овоот Гоулд” ХХК-г өв залгамжлах эрхээ баталгаажуулж авмагцаа буюу 2024 оны 10 дугаар сараас эхлэн Монгол УлсынТөв банк болох Монголбанк-д болон холбогдох банк, санхүүгийн байгууллагуудад хандан, өр төлбөрийг хуульд заасан журмын дагуу барагдуулах албан ёсны саналуудыг ШШГЕГ-ын Банкны Төлбөр Барагдуулах Газар-р дамжууланудаа дараа хүргүүлсээр цөхөртлөө явсан. Хууль хэрэгждэг оронд бол “Олон овоот Гоулд”-ын саналыг хүлээн авч үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, авлага, шаардлагын эрх зэргийг ШШГЕГ-ын Банкны Төлбөр Барагдуулах Газраар дамжуулан өр төлбөрт тооцуулах, хөрөнгийн албан ёсны үнэлгээг хийлгэх,дуудлага худалдаа болон бусад хууль ёсны хэлбэрээр барагдуулах боломжтой байлаа.
Гэвч 2024 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл эдгээр саналуудын талаар Монголбанк болон холбогдох байгууллагуудаас ямар нэгэн хариу, шийдвэр гаргаагүй бөгөөд энэ нь өр төлбөрийг хууль ёсны журмаар барагдуулах боломжийг төрийн зүгээс бодитоор саатуулж, үр дүнгүй болгосон нөхцөл байдал үүсгээд байна. Одоогоор энэ хэрэг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хоёр гомдол хэлэлцэгдэж байна. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатанд гомдол гаргасан, Иргэний хэргийн давж заалдах шатанд нэг хэрэг хянан хэлэлцэгдэж байна. Бүх нотлох баримт шүүхийн журмаар татагдан, хэрэгт бүрэн авагдсан нөхцөл байдалтай байна. Энэ нь Монгол Улс болон гадаадын хөрөнгө оруулагчдын хооронд байгуулсан олон улсын гэрээний хүрээнд маргаан үүсэх, улмаар Монгол Улсын олон улсын хариуцлага яригдах эрсдэл нэгэнт үүсгэжээ.
Харамсахуй...
Яагаад өр төлбөрийг барагдуулахад бэлэн санал байсаар атал төрийн байгууллагын хариу, шийдвэргүй байдал үргэлжилсээр байна вэ. Одоогоор дээр дурдсан нөхцөл байдлыг зөвхөн дотоодын эрх зүйн маргаан гэж үзэх боломж аль хэдийн хязгаарлагдсан байна. Учир нь уг асуудал нь Монгол Улсын нэгдэн орсон, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон улсын гэрээ, конвенцийн хүрээнд шууд хөндөгдөж байна. Улмаар энэ нь нэг компанийн, эсвэл нэг лицензийн маргаанаас хальж, Монгол Улсын олон улсын гэрээний үүрэг, хариуцлага яригдах түвшний маргаан болон хувирлаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төрийн байгууллагуудын үйлдэл болон эс үйлдэл (state action / state inaction)-ээс шалтгаалан, дараах олон улсын арбитрын нэхэмжлэлийн суурь асуудлуудыг бүрэн бүрдүүлээд байна. Үүнд “Олон Овоот Гоулд” ХХК нь өөрөө BIT-ийн нэхэмжлэгч биш боловч, төрийн үйлдлээс үүдэн олон улсын маргааны суурь фактыг бүрдүүлсэн тал болж оролцоно.
Дахин хэлэхэд арбитрт ялагдсан тохиолдолд Монголын тал маш хүнд байдалд орно. Сэтгүүлч миний ойлгосоноор энэхүү орд нь 18 тонн алтны батлагдсан нөөцтэйгөөс 2013 оны байдлаар Монгол банкинд 7 тн орчим алт тушаасан гэсэн мэдээлэл байна. Мөн 2.5 сая тонн жоншны нөөцтэй гэх мэдээлэл байдаг. Хэрэв эдгээр баялаг нь бодитой гэж үзвэл одоогийн зах зээлийн ханш нэлээдгүй өндөр тоо гарах нь дамжиггүй юм. Үүн дээр нэмээд алдагдсан ашиг, хүү, Арбитрын болон хууль зүйн бүх зардлыг ч төлж таарах эрсдэл үүсэхээр байна. Энэ бүхэн Төр болон Засгийн газар хөрөнгө оруулагчдад ээлтэй орон байна гэж хашхирах жүжгээ зогсоож дотооддоо хуулиа мөрдөж, олон улсын гэрээнүүддээ хариуцлагатай, шударга хандаж ажиллах шаардлагатайг харуулж байна.
У.Оргилмаа, baabar.mn



