x

Б.Найдалаа: Энэ жил 200 орчим мегаватт чадлын дутагдал гарах ч үүнийг нөхөхийн тулд ажиллана

Улсын Их хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаатай ярилцлаа.

-Эрчим хүчний салбарын долоо хоног болж байна. Энэ өдрүүдэд ямар, ямар асуудлыг хэлэлцэж, ярилцах вэ?

-Эрчим хүчний яамнаас Эдийн засаг хөгжлийн яамтай хамтраад “Эрчим хүчний салбарын долоо хоног”-ийн арга хэмжээг хийж байна. Энэ өдрүүдэд эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа бодлогын асуудал, хэрэгжилт, зохицуулалтын орчин, үнэ тарифын асуудал, шинэчлэх шаардлага, салбарын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн оролцоо гээд салбарт шийдэх ёстой, ул суурьтай асуудлуудыг хэлэлцэж байгаагаараа их чухал.

-Таны хувьд эрчим хүчний сайдаар саяхан томилогдсон. Гэсэн ч энэ хугацаанд салбарынхаа орчин, нөхцөлтэй танилцсан байх. Эрчим хүчний салбар ер нь ямар байна вэ?

-Юуны өмнө онцолж хэлэхэд, эрчим хүчний салбарт 17 мянган хүн ажиллаж байгаа. Хэчнээн хүнд нөхцөлд байлаа ч гэсэн энэ 17 мянган инженер техникийн ажилтнууд хүнд биш мэтээр маш их тэсвэр тэвчээр гаргаж ажиллаж байна. Үүний хүчээр ямар ч байсан Монгол Улс галаа алдахгүй явж байгаа. Тиймээс энэ мэргэжилтнүүдэд Монгол Улс талархах ёстой гэж би хэлээд байгаа юм. Хамгийн гол асуудал нь эрчим хүчний салбар маань галаа манаж чадаж байгаа боловч тогтолцоо нь хуучнаараа яваад байгаа. Тиймээс бид үүн дээр тодорхой хэмжээний шинэчлэл хийх хэрэгтэй.

-Тухайлбал, ямар шинэчлэл хийх ёстой вэ?

-Ямар ч байсан салбарын хувьд хаашаа явж байгаа юм, бодлого стратегийг нь нэгтгэх хэрэгтэй байна. Бодлого, стратеги гэхээр олон зүйл, олон цаас байгаа. Гэхдээ тэдгээрийг нэгтгээд салбараараа нэг зүг рүү харах хэрэгтэй байгаа юм. Салбарын мэргэжилтнүүд, УИХ-ын гишүүд, ахмадууд, иргэд гээд бүгдээрээ нэг тийшээ харж, яг юуг шийдэх ёстой юм гэдгээ тодорхойлох нь чухал байна. Монгол Улс бол тархмал суурьшилтай орон. Тэгсэн мөртлөө хэт төвлөрч байгаа нь үр ашгийг бууруулаад байгаа юм. Жишээлбэл, айл өрх бүр нарны паннель тавиад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж болж байгаатай адилхан сум ч гэсэн өөртөө таарсан чадлын нарны юм уу, салхины сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй байж болно шүү дээ.

Тэгэх юм бол цахилгааны хүчдэл буурдаг, тог тасардаг асуудал байхгүй болно. Монгол Улсын эрчим хүчний систем ийм олон жижиг эх үүсвэртэй болох юм бол тогтвортой байдал нь сайжирна. Үүнийг тархмалын үндэсний хөтөлбөр болгож хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Ингээд яривал олон зүйл байгаа. Салбарын хүний нөөцийн шинэчлэл байна. Иргэдийн шаарддаг засаглалын асуудал, үнэ тарифыг өртөгт нь ойртуулах, нөгөө талаасаа өртөг, зардлыг нь бууруулах, авлига хулгайг бууруулах гээд маш чухал асуудлууд бий. Төрийн өмчит 28 компани байгаа, тэдгээрийн засаглалыг сайжруулах, үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх нь онцгой чухал гэж үзэж байгаа.

-Салбарын сайдаар очсон хүн өөрийн санаж, төлөвлөснөө хийхийг зорих нь мэдээж. Гэтэл нөгөө талдаа шинэ сайд ирээд бүх зүйлийг өөрчлөх нь эргээд цаг хугацаа алддаг талтай. Тиймээс өмнөх сайд нарын төлөвлөж, санаачилж байсан төсөл, төлөвлөгөөнүүдээс цаашид үргэлжлүүлээд аваад явчихаар зүйлс байна уу?

-Өмнөх сайд нар бүгдээрээ л дор бүрнээ хичээгээд ажилласан. Б.Чойжилсүрэн сайдын хувьд ч хийсэн ажлууд их бий. Энэ бүхэнтэй нь зөрчилдөх ямар ч зүйл байхгүй. Хийж байсан бүх ажлыг нь үргэлжлүүлээд явна. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой шинэ эх үүсвэрүүдийг нээх ажлууд нэлээд ахицтай явсан. Энэ жил өвлийн оргил ачааллыг давахын тулд батерей хураагуур хийхээр төсөл бэлдэж байсан байна лээ. Үүнийг үргэлжлүүлээд явна, тэгэхээс өөр арга байхгүй. Бөөрөлжүүт гээд шинэ эх үүсвэрүүд хэчнээн орж байгаа ч гэсэн бидний хэрэглээ түүнээсээ илүү өсчихөөд байгаа юм. Тийм болохоор энэ жил дахиад дутагдал бодитой гарна. Импортоо оруулаад, хязгаарт нь тулгаж аваад ч цаана нь чадлын дутагдал үүснэ. Тэгэхээр бидэнд тог таслах эрсдэл байна гэсэн үг. Гэхдээ таслахгүй, аюулгүй байдлаа хангахын төлөө, өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж, батерейн шинэ эх үүсвэр бий болгох талаар идэвхийлэн ажиллана.

-Энэ өвлийг бид нэлээд хүндхэн л давлаа. Тэгэхээр ирэх өвөл цахилгаан таслах, хязгаарлах асуудал яг үүсэх үү гэдэг дээр салбарын сайдын хувьд юу хэлж чадах вэ?

-Техникийн талаасаа чадлын дутагдал гарна. Энэ бол бодит баримт. Яагаад гэхээр бидний хэрэглээ өсөөд, цаана нь нэмэгдэж байгаа цахилгаан станц, цахилгааны эх үүсвэрүүд түүнийгээ гүйцэхгүй байгаа юм. Нийтдээ 200 орчим мегаваттын зөрүү гарахаар байгаа. Үүнийг нөхөхийн тулд л бид одоо ажиллана. Харин үүн дээр ямар нэгэн амлалт өгөөд байдаг зүйл биш. Болно гэж бодож байгаа. Таслахгүйн төлөө ажиллана. Үүн дээр манай салбарынхан дор бүрнээ мэдэж байгаа. Үүнийгээ ч амжилттай хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

-Эрчим хүчний салбарыг харьцангуй хүнд суртал ихтэй гэдэг. Дээрээс нь элдэв зөвшөөрөл ч их шаарддаг. Ерөнхий сайд “Чөлөөлье” гээд яриад байна. Тэгэхээр салбарын тэр олон зөвшөөрлийг чөлөөлөх, цуцлах тал дээр ямар ажил хийх вэ?

-Энэ бол зөв. Салбар дээр гарч байгаа зарим шаардлагагүй, илүүдсэн зөвшөөрөл, хугацаа алдах, хүнд суртлын шат дамжлагыг бууруулахын төлөө ажиллана. Үүн дээр тусгайлан хөтөлбөр гаргана. Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс ч “Чөлөөлье” гэдэг байдлаар томьёолж байгаа. Ингэж байгаа нь ч зөв хэрэг. Үүнээс гадна ер нь энэ салбарыг нээх хэрэгтэй байгаа юм. Иргэдэд, аж ахуйн нэгжүүдэд, салбарын мэргэжилтнүүдэд, бодлого гаргагчдад нээлттэй болгох хэрэгтэй. Ингэж байж мэдээлэл урсана, хөгжил ирнэ. Тэр дундаас л ахиц дэвшил, сайн зүйл гарна. Тэгэхээр эрчим хүчний салбарыг нээнэ, чөлөөлнө.

-Танай намын дарга сүүлийн хэдэн жил Шадар сайдаар ажиллахдаа эрчим хүчний салбараас гаднаас томоохон хөрөнгө оруулалт татах тухай ярьсан. Тэгвэл яг одоогоор бэлэн болчихсон, гэрээ хэлцэл нь зурагдчихсан хөрөнгө оруулалт танай салбарт юу, юу байна вэ?

-Т.Доржханд Шадар сайдын хувьд эрчим хүчний реформыг манлайлж, хөрөнгө оруулалт хариуцаж байгаа сайдын хувьд нэлээд сайн, идэвхтэй ажиллаж байгаа. Тэрний ачаар эрчим хүчний салбарт одоо бид төслөө бэлдээд, бодлогынхоо хувьд шийдлээ гаргаж чадах юм бол ашиглах боломжтой, санхүүжилтийн буюу хөрөнгө оруулалтын эх үүсвэр хангалттай бий болсон. Боломж бололцоо нь бүрдчихсэн гэсэн үг. Одоо ганцхан бид гэрийн даалгавраа хийж, төслүүдээ бэлдэх, Засгийн газар, яамны хувьд шийдвэрүүдээ гаргаж тэр санхүүжилтийг ашиглах нь чухал байгаа юм. Энэ бол манай яамны болон миний хувьд нэн тэргүүнд хийх ёстой ажлуудын нэг мөн.

-Эрчим хүчний салбарт дахин үнэ нэмэх үү?

-Үнэ нэмэх тухай яримааргүй байна. Ерөнхийдөө үнийг зохистой түвшинд аваачих хэрэгтэй байгаа юм. Зохистой түвшин гэж байгаа нь хамгийн чухал нь зардлыг бууруулах. Шаардлагагүй, илүү дутуу зардлыг танаад бүтээмжийг нэмэгдүүлж чадах юм бол өртөг бууруулах боломж байгаа. Нөгөө талаасаа өндөр өртгөөр үйлдвэрлэчхээд хэт бага үнээр борлуулж байгаа бол шударга бус. Цаана нь ажиллаж байгаа 17 мянган хүн, тэдний хөдөлмөр, хүч нөөцийг үнэгүйдүүлж болохгүй. Өөр ийм салбар ерөөсөө байхгүй. Талх үйлдвэрлэж байгаа хүн өртгөөсөө хамаагүй хямдаар зарах боломжгүй. Тэгэх юм бол энэ улс хөгжихгүй. Хэн ч орлого олохгүй. Тийм болохоор үнийг зохистой түвшинд аваачих асуудал байгаа. Харин үүнийг бид иргэдэд дарамтгүйгээр шийдэхийн төлөө ажиллаж байна. Ингэж ч шийднэ гэж бодож байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 4 цаг 53 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 2 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 9 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 13 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 18 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 21 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 16 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 7 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 11 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 20 цаг 34 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 20 цаг 41 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 3 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 11 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 21 цаг 34 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top