x

Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO гаргах нь зөв

Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.

-Төрийн өмчит хэд хэдэн компанийг хувьчлах жагсаалт гарчээ. Төрийн өмчит компаниудыг улс төрийн тоглоом болгохгүйн тулд яаж зөв замаар хувьчлах вэ?

-Өнөөдөр Монголын төрд хувьцаат компани 68, хязгаарлагдмал хариуцлагатай компани 99, төрийн болон орон нутгийн өмчит газар, компани нийтдээ 350 гаруй бий. Дийлэнх нь ашиггүй ажилладаг. Ашигтай ажилладаг нь хуруу дарам, уул уурхайн цөөхөн компани байгаа. Төрийн өмчит компаниудын орлого 2024 онд 40 их наяд хүрсэн нь улсын төсвийн орлогоос давсан үзүүлэлт болж байна. Өр төлбөр нь 2024 онд 22.8 их наяд төгрөгт хүрсэн байх ба 66 мянган хүн ажилладаг юм билээ.

Төсвийн зардал 2024 онд 30 орчим их наяд байхад ТӨК-иудын нийт зардал 18 их наяд байсан. Тиймээс өр үйлдвэрлэдэг энэ олон аж ахуйн нэгжүүдээсээ зоригтойгоор салах ёстой. Засгийн газраас өргөн барьсан төсвийн тайлбар дээр ТӨК-иуд манай улсын ДНБ-ий 70 орчим хувийг үйлдвэрлэж байна гэсэн мэдээлэл байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс зах зээлийн нийгмийг 35 жилийн өмнө сонгосон хэдий ч өнөөдрийг хүртэл социализмаараа амьдарч байна гэсэн үг. Ийм байхад авлига, ашиг сонирхлын зөрчил улс орны хөгжлийг хойш чангаасаар байх болно.

Хувьчлалын тухайд гэвэл, 2016 оноос хойш 2018 онд Төрийн банк, МИАТ, Монголын Хөрөнгийн бирж гэх мэт 27 ТӨК-ийг хувьчлах жагсаалт гарсан. Таг чиг болсон. Дараа нь 2022 оны төсөвт Засгийн газраас 36 ТӨК-ийн 34 хүртэлх хувийг хувьчлах, заримыг нь нэгтгэх, татан буулгах жагсаалт гарсан бас л таг чиг болсон. Одоо 18 компанийн жагсаалт гарчээ. Өмнөх шигээ таг чиг битгий болчихоосой гэж хүсэж байна. Гэхдээ МАН дангаараа Засгийн эрхэнд байхдаа сөрөг хүчний хяналтгүйгээр ийм арга хэмжээ бие даан авч хэрэгжүүлж чадах болов уу гэсэн эргэлзээ төрж байна. Өнөөдөр ТӨК-ийн засаглал мэргэжлийн бус, намчдаар дүүрсэн байгаа. Мөн авлига, ашиг сонирхлын зөрчил эндээс ундарч байгаа нь нууц биш. Тэр бүү хэл улс төрийн намуудад ил, далдаар хандив мөнгө өгөх, сонгуульд ашиглах байдал хэрээсээ хэтэрсэн. Иймээс хувьчлалыг хоёр гараа өргөж дэмжинэ.

Төрийн өмчит компаниудыг улс төрийн “тоглоом” болгохгүйгээр хувьчлах арга зам юу байж болох вэ гэдэг их чухал асуудал. Төрийн өмчит компаниудыг хувьчлах, хувьцааг олон нийтэд нээлттэй худалдаалах үйл явцыг улс төрийн нөлөө, авлига, хэт намчирхлаас хамгаалах нь чухал. Монголын нөхцөлд биржээр нээлттэй хувьцаа гаргах нь зөв алхам боловч дараахь зарчмыг баримтлах ёстой гэж харж байна. Үүнд нэгдүгээрт, ил тод, нээлттэй байдлыг хангах хэрэгтэй. Хувьцааг Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд санал болгох нь зах зээлийн зарчмаар үнэ тогтох, гадны хөрөнгө оруулагчдыг татах, ил тод байдлыг нэмэгдүүлэх сайн арга. Энэ нь нууц гэрээ, “найз нөхөд”-өөр хувьчлахаас сэргийлнэ. Үнэлгээг бие даасан олон улсын аудитор компаниар хийлгэх ёстой. Өмнөх хувьчлалууд улс төрийн нөлөөтэй, авлигатай холбогдож байсан жишээ олон бий. Тиймээс энэ удаа биржээр нээлттэй хувьцаа гаргах замаар явах нь эрсдэлийг багасгах боломжтой гэж харж байна.

Компанийн засаглалыг бие даасан, мэргэжлийн болгох, гүйцэтгэх захирал, төлөөлөн удирдах зөвлөлд нь улстөрчид, намтай холбоотой хүмүүсийг оруулахгүй байх ёстой. Гэхдээ дээрх зарчмуудыг хуульчлан баталгаажуулбал компаниуд зах зээлийн зарчмаар ажиллаж, улс төрийн “тоглоом” болохгүй байх магадлал өндөр юм.

-Төрийн компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох нь эдийн засагт хэрхэн эерэгээр нөлөөлөх вэ?

Монгол Улсын ТӨК-уудын ихэнх нь үр ашиггүй ажиллаж, улс төрийн оролцоо өндөр, өр зээл их хэмжээгээр нэмэгдүүлж байгаа нь манай улсын эдийн засагт дарамт үзүүлж байгаа. Иймээс хувьчлалыг зайлшгүй хийх хэрэгтэй. ТӨК-ууд төсөвт дарамт учруулж, өр зээлээ төлж чадахгүй, хөрөнгийг муу удирдаж байгаа маш олон жишээ бий. “Тавантолгой” түлш ХХК гэхэд л их наядаар хэмжигдэх өр зээлтэй асар их алдагдалтай ажиллажээ. Ийм жишээ ч олныг дурдаж болно.

Засгийн газар 2025-2028 онд 20 орчим ТӨК-ийн 10-66 хувийг хувьчлах замаар 3.7 их наяд төгрөг босгох зорилго тавьжээ. Ингэснээр төрийн оролцоог бууруулж хувийн секторыг дэмжих арга хэмжээ авч байгаа юм байна. Нээлттэй хувьцаат компани болгох нь ил тод байдал, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад тусална.

Гэхдээ хувьчлалыг буруу явуулбал ядуурал, тэгш бус байдал өсөх эрсдэлтэй. Ерөнхийдөө, Монголд ТӨК-уудыг нээлттэй хувьцаат компани болгох нь бодит хэрэгцээ учраас эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх боломж нэмэгдэх юм.

-Өмнө төрийн өмчийг хувьчлах, IPO хийх үед гарсан хамгийн том алдаа юу байсан бэ?

-Монгол Улс 1990-ээд оны эхээр социализмаас зах зээлийн эдийн засагт шилжих үед өргөн хэмжээний хувьчлал хийсэн. Энэ нь “ваучерын арга” буюу иргэн бүрт ваучер тарааж, төрийн өмчийг хувьцаа болгон хуваарилахад ашигласан бөгөөд 1991-1994 онд 4500 гаруй төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчилсан. Гэвч энэ үйл явц ихээхэн шүүмжлэл дагуулсан. Ваучерыг иргэдэд үнэгүй тараасан ч олон хүн ядуу тарчиг байдал, мэдлэг дутуугаас болж хямд үнээр зарж, хөрөнгө цөөн хүний гарт төвлөрсөн. Үр дүнд нь баялаг шударга бусаар хуваарилагдсан гэх шүүмжлэл одоо ч яригддаг. Эдийн засгийн хүндрэл, гиперинфляци, ажилгүйдэл нэмэгдэж, ядуурал өссөн. Олон аж ахуйн нэгж дампуурч, үйлдвэрүүд зогссон гэж үздэг.

Дараа нь, малын хувьчлал явагдсан. Нэгдэл задран, малыг хувьчлахад нэгдлийн удирдлагууд их хувийг авч, энгийн малчид хохирсон гэх үзэл байдаг. Энэ нь ядуурал, нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлсэн.

Зарим төрийн өмчит компаниудын хувьчлалтай холбоотой цемент-шохойн үйлдвэр, Дархан металлургийн үйлдвэр зэрэг хувьчлагдсан ч үйл ажиллагаа сайжраагүй, дампуурсан тохиолдол бий. Ерөнхийдөө хувьчлалын ил тод байдал дутуу, авлига их байсан гэх шүүмжлэл давамгай байдаг. Гэхдээ жижиг дунд бизнес, үйлчилгээний салбарын хувьчлал хожсон. Олон жижиг аж ахуйн нэгж буюу дэлгүүр, үйлчилгээний газрууд хувьчлагдсанаар хувийн хэвшил хөгжиж, эдийн засагт өсөлт авчирсан. 2003 он гэхэд хувийн компаниуд ДНБ-ий 50 хувийг бүрдүүлж байсныг хэлэхгүй өнгөрч болохгүй.

Сүүлд нь, “Эрдэнэс Тавантолгой”-н IPO гаргахаар 2012, 2018, 2020 онуудад төлөвлөж зарлаж байсан ч улс төр болон зарим үл ойлгогдох байдлаас болж бүтэлгүйтсэн байдаг. Тэгэхээр төрийн өмчийг хувьчлахад улстөржилт гэдэг “том мангас” тээг болж байна.

-IPO хийхээс өмнө төрийн компаниудад ямар бэлтгэл ажил хийх хэрэгтэй вэ?

-Төрийн компаниудыг IPO-д бэлтгэхэд дараахь ажлуудыг заавал хийх ёстой. Үүнд, засаглалыг сайжруулах хүрээнд, бие даасан ТУЗ томилох, мэргэжлийн удирдлагын баг сонгосон байх ёстой. Санхүүгийн бэлтгэл ажлын хүрээнд, санхүүгийн бүх тайланг олон улсын стандартад нийцүүлэх, дотоод хяналтыг сайжруулах шаардлагатай. Хууль эрх зүйн хүрээнд, Үнэт цаасны хуульд нийцүүлэх, зөвлөх (банк, аудитор) үйлчилгээг сонгосон байх ёстой болов уу. Мэдээж олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх, тэднийг оролцоог хамгийн түрүүнд хангах хэрэгтэй юм.

-Төрийн оролцоотой компаниудын засаглал яагаад сул байна вэ. IPO тэдгээр асуудлыг шийдэж чадах уу?

-Хэд хэдэн шалтгаан хэлж болно. Нэгдүгээрт, улс төрийн оролцоо, томилгоог хэлэхгүй өнгөрч боломгүй байна. Менежмент, ТУЗ-д улстөрчид, намчдыг томилдог тул мэргэжлийн бус шийдвэр гаргах, ашиг сонирхлын зөрчил үүсдэг. Монголд эрчим хүч, уул уурхайн салбарын компаниудад улс төрийн томилгоо их байгаа нь хууль зөрчиж, хяналтыг сулруулж ирсэн гол шалтгааны нэг юм. Нэмээд ил тод байдал, хариуцлагын асуудал дараагийн дутагдал гэж хэлж болно. Санхүүгийн тайлан, худалдан авалт шилэн бус, нийтийн хяналт байхгүй. Монголд орон нутгийн төрийн өмчит компаниуд шилэн данс хөтлөхгүй, тендер нь хаалттай байдаг. ТӨК-иуд ашиг олохын зэрэгцээ төрийн бодлогыг хэрэгжүүлж ажлын байр хадгалах, үнэ барьж байх ёстой зэрэг эдийн засгийн бус алхмууд хийх ёстой тул үр ашиг буурдаг. Мөн төр оролцсон бүхэнд авлига, өр алдагдал ихсэх эрсдэл маш өндөр байна. Жишээ нь, Эрдэнэс Тавантолгой компанийн засаглал сул байгаа нь мэргэжлийн бус намчдын баг алдагдалтай ажиллахаас гадна нүүрсний хулгай нүүрлэсэн зэрэгтэй холбон үзэж болно.

Эрдэнэс Тавантолгойн 2012, 2018, 2020, 2025 онуудад IPO гаргахаар төлөвлөсөн ч өнөөдрийг хүртэл огт ажил болсонгүй. Төрийн банк 2022 онд IPO гаргаж нийт хувьцааны таван хувийг зарсан хэдий боловч үйл ажиллагаа нь хэвэндээ л байна. Хэдийгээр IPO нь засаглалыг сайжруулах хүчирхэг хэрэгсэл боловч урьдчилан өөрчлөн байгуулалт буюу миний дээр дурдсан бие даасан байдал ТУЗ-ийн шинэчлэл, ил тод байдал, иргэдийн хяналтыг хангах, төрийн оролцоог бууруулах зэрэг цогц асуудлыг шийдэх ёстой юм. Зөвхөн IPO хийгээд асуудал шийдэгдэхгүй. Гэтэл гадны жишээг харвал байдал тэс ондоо. Их Британийн Маргарет Тэтчерийн үе буюу 1980-1990-ээд онуудад British Telecom, British Gas, British Airways, British Steel зэрэг томоохон компаниудыг хувьчлахад үр ашиг өсөж, үйлчилгээ сайжирсан. Тухайлбал, Brit­ish Telecom төрийн өмчит компанийг хувьчилснаар утсан холбооны салбар хөгжиж, хэрэглэгчдэд илүү сонголт, хямд үнэтэй болсон. Төмөр зам хувьчлагдсанаар аюулгүй байдал, цаг баримтлах чанар сайжирсан гэж үздэг. Ерөнхийдөө эдийн засаг сэргэж, хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдсэн сайн жишээ юм.

-Төр хувьцааны хэдэн хувийг хадгалах нь эдийн засгийн хувьд оновчтой бол?

-Олон улсын туршлага, Дэлхийн банк, ОУВС-гийн зөвлөгөө болон судалгаанаас харахад төр 34-50 хувийг хадгалах нь эдийн засгийн хувьд оновчтой байдаг. Тодорхой хэлбэл, ТӨК-ийн үр ашиг нэмэгдэнэ. Хувийн хөрөнгө оруулагчдын хяналт, зах зээлийн сахилга бат бий болж, менежмент мэргэжлийн болохоор аргагүй биз. Мөн хөрөнгө татах боломж нэмэгдэнэ. IPO амжилттай болж, компани өснө. Гэхдээ төрийн хяналт хэвээр хадгалагдаж үлдэнэ. Ялангуяа стратегийн салбар болох уул уурхай, эрчим хүчний салбарт хяналт хадгалагдаж үлдэнэ гэсэн үг.

-Иргэд бодитоор оролцож, ашиг хүртэх боломж IPO-д хэр байдаг вэ. Эсвэл том хөрөнгө оруулагчид л хожих уу?

-Хувьчлал буюу төрийн өмчийг хувийн хэвшилд шилжүүлэх нь олон улсад өргөн хэрэгждэг бодлого юм. Зарим тохиолдолд үр ашиг, инноваци нэмэгдэж, эдийн засаг сэргэдэг бол заримдаа авлига, тэгш бус байдал, үйлчилгээ муудах зэрэг сөрөг үр дагавар дагуулдаг. Амжилт нь ил тод байдал, зохицуулалт, хууль эрх зүйн орчноос ихээхэн хамаарна.Хэдийгээр иргэд нийтээрээ бодитоор ашиг хүртэх боломж нээлттэй ч ихэвчлэн том хөрөнгө оруулагчид илүү хожих магадлалтай. Тэдэнд илүү их хувьцаа авах, мэргэжлийн менежментээр удирдах боломж илүү бий. Мэдээж Эрдэнэс тавантолгойн үнэгүй хувьцаа тараавал нийтээрээ өгөөжийг хүртэх боломж нээгдэнэ. Ний нуугүй хэлэхэд, Монголын нийгэм ядуу байна. Цаасан дээр 30 хувь гэж байгаа боловч нийт хүн амын 60 хувь өнөө маргаашаа яая даа гэж байна. Эрдэнэс Тавантолгой иргэдэд 1072 хувьцаа үнэгүй өгсөн (14.8 хувь орчим). Үүнээс ногдол ашиг 2022-2023 онд иргэн бүрд 100-300 мянган төгрөг олгосон. Иргэд ашиг хүртэж байгаа ч хувьцаа арилжаанд гараагүй тул зарж борлуулах боломжгүй.Төрийн банк 2022 онд IPO гаргаж нийт хувьцааныхаа 5%-г зарж 22 тэрбум төгрөг татсан. Иргэд оролцож, хувьцаа авсан ч арилжаа хурдан дуусаж, олонхи жижиг хөрөнгө оруулагч хувьцаа аваагүй. Ногдол ашиг тараах бодлого байгаа ч том хувьцаа эзэмшигчид илүү хожсон.

-Стратегийн салбарын төрийн компаниудыг нээлттэй болгохдоо юуг анхаарах ёстой вэ?

Стратегийн салбар төрийн компаниудыг нээлттэй болгох нь үр ашиг нэмэгдүүлж, хөрөнгө татах боломжтой ч үндэсний аюулгүй байдал, төрийн хяналт, байгалийн баялгийн шударга хуваарилалт алдагдах эрсдэлтэй. Иймд өнөөдөртөө төрийн хяналтыг хадгалах ёстой. Төр хувьцааны 34-50 хувийг хадгалах нөхцөлд улс төрийн нөлөө буурч, хувийн менежмент нэвтрэх боломж нээгдэнэ. Монголд стратегийн 16 ордоос долоо нь төрийнх, үлдсэнд төрийн хувь эзэмшил тогтоох бодлого хэрэгжиж байгаа тул энэ хувийг бууруулахгүй байх ёстой. Бүрэн хувьчлах цаг хугацаа өнөөдөртөө хараахан ирээгүй байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Patricia Lovick (176.110.219.20)
    How To Recover Your Bitcoin Without Falling Victim To Scams: A Testimony Experience With Capital Crypto Recover Services, Contact Telegram: @Capitalcryptorecover Dear Everyone, I would like to take a moment to share my positive experience with Capital Crypto Recover Services. Initially, I was unsure if it would be possible to recover my stolen bitcoins. However, with their expertise and professionalism, I was able to fully recover my funds. Unfortunately, many individuals fall victim to scams in the cryptocurrency space, especially those involving fraudulent investment platforms. However, I advise caution, as not all recovery services are legitimate. I personally lost $273,000 worth of Bitcoin from my Binance account due to a deceptive platform. If you have suffered a similar loss, you may be considering crypto recovery, The Capital Crypto Recover is the most knowledgeable and effective Capital Crypto Recovery Services assisted me in recovering my stolen funds within 24 hours, after getting access to my wallet. Their service was not only prompt but also highly professional and effective, and many recovery services may not be trustworthy. Therefore, I highly recommend Capital Crypto Recover to you. i do always research and see reviews about their service, For assistance finding your misplaced cryptocurrency, get in touch with them, They do their jobs quickly and excellently, Stay safe and vigilant in the crypto world. Contact: Recoverycapital@fastservice.com You can reach them via email at Capitalcryptorecover@zohomail.com OR Call/Text Number +1 (336)390-6684
    2025 оны 12 сарын 24 | Хариулах
  • Дагва- очир (124.158.107.112)
    2012 оны УИХ -ын сонгуулиар ХБИргэд, Тэтгэвэрийнхэний 1072 хувьцааг ганцхан сая төгрөгөөр Төр засаг залилан авсан шүү. Одоо буцааж өгөөрэй, Тэр 1072 чинь ганцхан саяын үнэтэй биш юм билээ. Үнэндээ сонгуульд ялахын тулд Төр өөрөө ч сайн ойлгоогүй мөнгө тарааж хувьцаа авч бужигнуулсан билээ.
    2025 оны 12 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 3 цаг 11 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 3 цаг 25 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 21 цаг 30 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 21 цаг 32 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 21 цаг 36 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 21 цаг 36 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 21 цаг 39 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 21 цаг 39 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 21 цаг 42 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 21 цаг 48 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 22 цаг 38 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Өчигдөр 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Өчигдөр 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Өчигдөр 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Өчигдөр 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Өчигдөр 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Өчигдөр 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Өчигдөр 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Өчигдөр 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гар... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөө... Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, ...
Top