x

Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын дарга, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидтэй “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуулан ярилцлаа.

-“Олон улсын хүний эрхийн өдөр” тохиолоо. Энэ хүрээнд комиссын зүгээс хүний эрхтэй холбоотой ямар асуудлыг дэвшүүлсэн бэ?

-Хүний эрх гэдэг бол иж бүрэн, цогц ойлголт юм. Энэ нь зөвхөн хүний амьд явах эрхийг л хангана гэсэн ойлголт биш. Сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хангагдаагүй байхад амьд явах эрх хангагдана гэж байхгүй. Яагаад гэвэл хүний бүхий л эрх хоорондоо нягт уялдаа холбоотой байдаг учраас үүнд бодлого, хууль, хэрэгжүүлэх механизм, нөөц хэрэгтэй. Хамгийн гол нь хэрхэн, яаж, ямар арга замаар гэдэг нь тодорхой байх ёстой. Хүний эрхийн үндэсний комиссоос нэг зүйлд маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Бид нүдэнд ил буюу өнгөцхөн хэсэгтэйгээ хэтэрхий их зууралдаж, үүнийгээ олон нийт, сэтгүүлчдийн анхааралд хэт оруулж байна. Ганцхан энэ асуудал манай нийгэмд тулгамдсан юм шиг нийтээрээ шуурдаг байх жишээтэй. Энэ асуудал мөн үү гэвэл мөн.

Гэхдээ үүний цаана, гүн давхаргад бугшсан тогтолцооны асуудалд ерөөсөө анхаарахгүй байна шүү дээ. Үүнд авлига, ядуурал, орчны аюулгүй байдал ордог. Иргэдийн амьдарч буй орчин нөхцөл эрүүл, аюулгүй байвал хүний эрх бодитоор хангагдана. Ажилтай, орлоготой, хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ аюулгүй явдаг. Эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэл бэрхшээлгүй, гадуур гарахад халтирч унахгүй, нийтийн тээвэр хүртээмжтэй, утаагүй байвал энэ нь хүний эрхийг хангаж байна гэсэн үг. Тиймээс бид суурь асуудлаа шийдэхдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хүний эрх гэх ойлголтыг гангараа байдлаар хэрэглээд яваад л байвал гол асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Мэдээж, асуудлыг шийдэхэд хугацаа, төлөвлөлт хэрэгтэй.

-Манай улсын хэмжээнд хүний ямар, ямар эрх хамгийн их зөрчигдөж байна вэ?

-Бид зорилтот 10 бүлэгтээ үргэлж анхаарч байх ёстой. Энэ хүмүүс Хүний эрхийн үндэсний комиссын анхааралд байдаг. Яагаад заавал анхаарах ёстой байдаг вэ гэхээр энэ хүмүүс өөрсдийнхөө төлөө гомдол гаргаад явах боломжгүй. Аж амьдрал, газар нутаг, боловсролын хувьд эмзэг түвшинд амьдарч буй хэсгээ бид гээх магадлалтай, бараг гээж байна. Тийм учраас Хүний эрхийн үндэсний комиссоос эдгээр хүмүүст хүрч очиж, эрх нь хангагдаж байна уу. Ялангуяа алслагдмал нутагт амьдарч буй хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ямар нөхцөлд байна вэ хэмээн тусгайлан шалгаж, үзэх шаардлагатай.

Тодорхой боловсрол, амьдралын түвшинтэй, өмгөөллийн туслалцаа авах боломжтой хүмүүс бол зөрчигдсөн эрхийнхээ төлөө явдаг. Гомдол саналаа зохих байгууллагуудад нь гаргадаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нийгэмд олон төрлийн хүн оршин байдаг. Тийм учраас төр шийдвэр гаргахдаа үүнийг ямагт бодолцож үзэж байх ёстой. Олонход зориулаад цөөнхөө хаяна гэдэг бол хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл. Цөөнх буюу эдгээр хүмүүс ч манай улсын иргэн шүү дээ. Тиймээс аль болох тэдэнд хүртээмжтэй, таатай шийдвэрийг гаргах хэрэгтэй.

Ковидын үед гэхэд бид дундаж амьдралтай иргэддээ зориулаад л шийдвэр гаргасан. Үүнээс болж хэн хохирсон бэ. Наад зах нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд яаж ус, хүнсээ авах юм бэ гэх асуудал хөндөгдсөн. Одоо ч бидэнд том сургамж хэвээрээ байгаа. Үүнийг мартах ёсгүй. Бид хүний эрхийг ам уралдаж ярьдаг хэрнээ бодит амьдрал дээр хэрэгжүүлдэггүй гэдгийн тод жишээ. Энэ кейсийг үргэлж сануулах нь комиссын үүрэг болоод байгаа.

-Алслагдсан аймаг, суманд хүний эрхийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Хөвсгөл аймгийн гурван сумын ЕБС тог цахилгаан, нийтийн халаалтгүй байх жишээтэй. Мэдээж, төвлөрсөн халаалт байхгүй гэдгийг ойлгож байна. Гэхдээ ил зуухтай, гадаа нойлтой. Хөвсгөл аймаг уур амьсгалын хувьд маш хүйтэн бүс нутаг шүү дээ. Ийм нөхцөлд бид хүүхдүүдээ сургаж, боловсрол олгоно гэх асуудал яриад байдаг. Уг нь шинэ сургууль барья гээд төсөв тавьсан. Харамсалтай нь, гахайны хялгасны үлгэр шиг явдал болсон. Өөрөөр хэлбэл, төсөв тавиулаад, шинэ сургууль барьсан ч стандарт хангахгүй гэж байгаа юм. Эцсийн эцэст хүүхдүүд халуун дулаан, тог цахилгаантай байраар хангагдаж чадсан юм уу, үгүй юу гэх үр дүн хүсээд байна шүү дээ. Ийм асуултад хариулж чадахгүй сумууд одоо хүртэл бий.

-Манай улс дэлхийн бусад оронтой харьцуулахад хүний эрхийн хангалт, хэрэгжилтээрээ ямар түвшинд явж байна вэ?

-Хүний эрхийн үндэсний байгууллагын үүрэг бол хараат бус, мэргэжлийн байдлаар Засгийн газар буюу үүрэг бүхий албан тушаалтнууд хүний эрхийг хэрхэн, яаж, хангаж байна вэ. Чадахгүй байвал залруулга, сануулга өгч байх юм. Тиймээс бид өндөр хөгжилтэй, эсвэл өөрсдөөсөө доогуур оронтой харьцуулах нь хэт өрөөсгөл. Жишээлбэл, Монгол Улсын жендерийн эрх тэгш байдлыг лалын шашинтай улс орнуудтай харьцуулж үзвэл бид ажил мэргэжлээ өөрсдөө сонгох эрхтэй. Эрэгтэй, эмэгтэй гэж хүйсээр ялгадаггүй учраас Монгол Улс илүү байна шүү дээ. Гэлээ гээд өөрсдийгөө магтаад суугаад байвал утгагүй. Харин Япон, Англи, Ирланд, Австри гээд барууны өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад бид муу байгаа.

Тиймээс хүний эрхийг өөрөө өөрөөсөө ахих гэдэг. Өнөөдрийн Монгол өчигдрөөсөө ямар байсан юм бэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Манайд ямар, ямар асуудал байгаа юм. Жендерт суурилсан хүчирхийлэл буурахгүй байна. Сүүлийн үед хөвгүүдийн эрүүл мэнд, сурч боловсрох эрх гэх асуудал шинээр гарч ирсэн. Охид руу чиглэсэн бэлгийн хүчирхийлэл, хүсээгүй жирэмслэлт энэ бүхэн бүгд Монгол Улсын асуудал. Манай төрийн үүрэг. Түүнээс биш дэлхийтэй өөрсдийгөө харьцуулаад, тоо яриад суух нь гол биш. Манай улс өөрөө өөртэйгөө өрсөлдөнө гэсэн үг. Өчигдөртэй харьцуулахад өнөөдөр бид юугаа сайжруулж чадсан байна вэ гэх мэт.

-Тэгвэл бид ямар ахиц дэвшилттэй байгаа вэ?

-Ингээд харахаар сүүлийн 25 жилийн хугацаанд Хүний эрхийн үндэсний комисс үнэхээр бодлогын нөлөөлөл хийж чадсан. Хүний эрх нийгэм, соёл, технологи, геополитик гээд бүх зүйлтэй холбоо хамааралтай учраас асуудал үргэлж гарч ирнэ. Энэ бүрд нь хариу арга хэмжээ аваад, тогтолцооны шинэчлэл хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, асуудал үүсэх бүрд хурдан хариу арга хэмжээ авдаг механизм бүрдсэн байх ёстой гэсэн үг. Олон нийтийн аясаар бөмбөрөөд байвал ямар ч дорвитой шийдвэр гарахгүй. Монголын Хүний эрхийн үндэсний комисс Ази, Номхон далайн бүсдээ тэргүүлдэг. Яагаад гэвэл хамгийн нээлттэй гэж үздэг. Мөн түншилж чаддаг, хатуу мандаттай.

Өөрөөр хэлбэл, бид хатуу шаардлага зөвлөмж, саналаа эрх бүхий байгууллагууд руу явуулдаг. Энэ хүрээнд хууль тогтоох байгууллага биднээс заавал санал авдаг. Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргахынхаа өмнө комиссоос заавал зөвлөмж авдаг гэх мэтчилэн эдгээр зүйлс бэхэжсэн. Энэ нь сайн хэрэг. Юу нь төвөгтэй байна вэ гэхээр хүний эрхийг гоёл, гангараа байдлаар хэрэглээд байна. Бодит төсөв хуваарилж, механизм хэрэгжүүлэх гэхээр таг суучихдаг сул талтай.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Солонгосын жүжигчин Жан Хёг 10 мянган морьтны жагсаалд оролцоно 45 мин Д.Трамп Преттигийн амиа алдсан хэргийг шалгаж байгаагаа мэдэгдэв 48 мин Сувилахуйн тусламж, үйлчилгээний жишиг түүх боловсруулж байна 50 мин С.Бямбацогт: "Хөх нүүрс" төсөл хэрэгжсэнээр агаарын бохирдол 60-80 хувь буурна 50 мин Улаанбаатарт шөнөдөө 27 хэм хүйтэн 52 мин УИХ Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтийн хөтөлбөрийг соёрхон батлав 53 мин ЭМЯ хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийлэв 2 цаг 40 мин Улаанбурхан өвчний тохиолдол 22-оор нэмэгджээ 2 цаг 42 мин Сар шинийн үзэсгэлэн худалдаанд хяналт шалгалт хийж байна 2 цаг 43 мин Түргэн тусламж дуудлагад 20 минутын дотор очих зохицуулалт хийнэ 2 цаг 44 мин Аутизмтай хүүхдэд хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ 2 цаг 46 мин ОБЕГ: Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа 2 цаг 47 мин Лаг шатаах үйлдвэр төслийг 2025-2027 онд хэрэгжүүлнэ 2 цаг 48 мин Монгол Улс сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтыг зохион байгуулна 4 цаг 36 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцар дахь “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнгээр зочиллоо 4 цаг 37 мин Ширээний теннисний ДАШТ-д өрсөлдөх Монголын багуудын оноолт гарлаа 4 цаг 38 мин Уул уурхайн салбарын бодлогыг шинэчилж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ 4 цаг 39 мин АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг онгоц Ойрх Дорнодод ирлээ 4 цаг 40 мин АНУ Өмнөд Солонгосын барааны гаалийн татварыг 25 хувь болгон нэмэгдүүлэв 4 цаг 41 мин Азийн Олимпын Зөвлөл шинэ ерөнхийлөгчтэй боллоо 4 цаг 45 мин
iИх уншсан
Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... АНУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Энхийн Зөвлөл” ба Монгол Л.Отгочулуу: Эрдэнэт үйлдвэр 1,2 их наядын өртэй ч бараг 700... Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй... Урианхай тувачуудын урвалт Цахилгааны үнийг нэмж 550 тэрбумыг олоод 400 тэрбумыг хулгай... Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөө... ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Хуланг дуудаж сануулга өгчээ... Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролц... 16 настай охины амийг хөнөөсөн Ц.Д-д бүх насаар нь хорих ял ... Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгджээ... Нийслэлд энэ онд 78.5 км дугуйн зам шинээр барина Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлуудыг танилцуул... Засгийн газар Монгол, Оросын хамтын ажиллагааны комиссын хур... Монгол банхар Азийн аварга боллоо Аюултай ачаа тээвэрлэгчдэд хяналт шалгалт хийж байна
Top