x

Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Далайн Батбаяртай төсвийн хүрээнд ярилцлаа.

-УИХ Монгол Улсын 2026 оны төсвийг баталсан. Төсөвтэй холбоотойгоор онцлон хэлэх зүйл юу байна. Иргэдийн саналыг энэхүү төсөвт хэрхэн тусгаж ажилласан талаараа ярихгүй юу?

-Сая хэлэлцэн баталсан Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн хувьд тал бүрийн л онцлогтой боллоо. Юуны өмнө Засгийн газраас энэ оны есдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны Төсвийн хэлэлцүүлгийг шинэ дэгийн дагуу намрын чуулган эхлэнгүүт таван үе шаттайгаар хийж баталсан. Нөгөөтэйгүүр 2026 оны Төсвийн төслийг боловсруулах шатанд буюу өргөн мэдүүлэхээс өмнө миний хувьд нэлээд их оролцоотойгоор ажилласан. Юуны өмнө тухайн жилийн улсын төсвийн онцлог, Төсвийн хүрээний мэдэгдэл, таван жилийн хөгжлийн төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичигтэй хэрхэн уялдсан, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр ирэх жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн үр өгөөж, үр дүнгийн талаар цахим орчинд иргэдээс нэлээд их санал авч ажилласан байгаа. Тухайлбал, иргэд, сонгогчдоосоо цахимаар санал авах техникийн хувьд бүрэн боломжтой болсон тул нийгмийн халамж, дэд бүтэц зэрэг салбар бүрд ямар бодлого барьж ажиллах вэ гэдэг байдлаар дэлгэрэнгүй санал авсан. Нөгөөтэйгүүр ийнхүү санал авахад төвийн бүс, тэр дундаа хот суурин газар, Улаанбаатар хотод оршин суугаа, цахим сүлжээтэй хүмүүс илүү саналаа өгсөн байна. Нөгөө талдаа хөдөө, орон нутагт оршин суугаа иргэдийн хувьд техникийн болон аж амьдралын хэрэгцээ шаардлагаас хамаарч оролцоо өөр өөр байна. Иймээс энэ хүмүүсээс санал авахдаа цахимаар гэхээс илүү бодитой явж уулзаж, тэдний үгийг сонсох нь чухал санагдсан.

-Засгийн газраас төсвийг эцэслэн боловсруулж өргөн мэдүүлэхээс өмнөх санал асуулгыг та ярьж байна уу. Иргэдээс гадна тэдний сонгосон төлөөлөл буюу та бүхнээс мөн санал авсан байх…?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Өнгөрсөн наадмын үеэр шинэ Засгийн газар байгуулагдсан.

Яг үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүдээс төсөвтэй холбоотойгоор санал авсан байгаа. Энэ үеэр Ц.Туваан, С.Эрдэнэболд, миний нбие гээд Төвийн бүсээс сонгогдсон гишүүд бид төсөвтэй холбоотойгоор тодорхой гурван зүйлд анхаарах шаардлагатай гэдэг саналаа нэгтгэсэн. Гол саналаа нэгтгэсэн зүйл бол тухайн бүсэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийх, нэн хэрэгтэй салбарт тоног төхөөрөмж худалдан авахад анхаарсан байгаа. Хэдийгээр орон нутгийн төсвөөр төсвийн ерөнхийлөн захирагчид хэрэгцээтэй худалдан авалтуудаа хийдэг боловч орон нутгийн төсвийн хязгаарлагдмал байдлыг харгалзан шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг улсын төсвөөс мөн гаргуулдаг. Иймд төвийн бүсээс сонгогдсон гурван гишүүн бид үүн дээр илүү анхааран ажиллаж саналаа нэгтгээд өгсөн ба бидний саналууд дэмжигдэж орон нутагт шаардлагатай салбар бүрийн тоног төхөөрөмжүүдийн санхүүжилтийг улсын төсөвт тусгуулсан байгаа.

-Тэрхүү тоног төхөөрөмж гэдэгт юу юу байгаа талаар тодруулж хэлбэл…?

-Тухайлбал, хөдөө аж ахуйн жижиг, дунд тоног төхөөрөмжүүд байна. Энэ салбарт ажиллаж байгаа тэр хүмүүсийн өдөр тутмын ажилд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг улсын төсөвт тусгуулж чадсан гэсэн үг. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбар байна. Орон нутагт ч гэлтгүй ер нь хаана ч залуучуудын зүрх судасны өвчлөлөөр нас барах тохиолдолд нэмэгдээд байгаа. Уг асуудалд дүгнэлт хийж зүрх судасны өвчнийг оношлох, тэр дундаа иргэд өөрийгөө хянаж оношоо мэдэх боломжтой тэр тоног төхөөрөмжийг их хэмжээгээр орон нутагт авч өгөх нь чухал гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн яамны хийх ёстой гол ажлуудын нэг бол оношилгоо болон урьдчилан сэргийлэх чиглэлд явах ёстой гэж харсан. Учир нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадалгүй гэр, ажил, гудманд зүрх судасны өвчнөөсөө болоод амь насаа эрсдүүлж байгаа тохиолдол цөөнгүй байна. Тиймээс анхан шатны хэрэгцээнд нь буюу яг иргэдийн гар дээр хэрэгтэй байгаа тэрхүү тоног төхөөрөмжийг авах шаардлагатай гэж үзээд төсөвт тусгуулж батлуулсан.

-Улсын төсвийн хэлэлцүүлгийн үеэр улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, ээдрээтэй байлаа. Үүнээс болоод төсөв батлагдах эсэх нь тодорхой бус байсан. Таны хувьд ямар байр суурьтай байсан бэ?

-Мэдээж төсөв хэлэлцэх үед ирц бүрдэхгүй байдлаас болоод аль ч шатанд хэлэлцүүлэг хойшлогдсон явдал нэлээн их гарсан. Учир нь бүх Байнгын хороодод МАН-ын гишүүд олонхыг бүрдүүлж байгаатай холбоотой. Тэгэхээр олонх нь өөрсдөө ирцээ бүрдүүлж чадахгүй болохоор цөөнх буюу АН-ын гишүүд бүгд ирээд ч ирц хүрэхгүй байсан. Үүнээс болоод цаг нь тулаад хэлэлцүүлгүүд маш шахуу явсан. Нөгөөтэйгүүр эрх баригч нам хоёр хуваагдчихсан байсан тул УИХ-ын нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааны ирцийг бүрдүүлэхийн тулд АН ирцээ маш сайн бүрдүүлж байж л хурал хийгдэж байлаа. Энэ утгаараа 2026 оны төсвийн хэлэлцүүлгийн явцад АН-ын гишүүдийн санал, мөрийн хөтөлбөрөөрөө хэрэгжүүлье гэж амласан амлалтууд нэлээд сайн туссан гэж харж байгаа. Ер нь төсөвт нэмж тусгасан ихэнх ажлууд АН-ын гишүүдийн гаргасан, дэмжсэн саналууд гэж ойлгох хэрэгтэй.

-Таны хувьд төсөв орж ирэх үед УИХ-ын төсвийн зарлагын хяналтын дэд хороог ахалж ажиллаж байсан. Энэ утгаараа орж ирсэн төсөвт шүүмжлэлтэй хандаж байсан зүйл бий юу?

-Мэдээж шүүмжлэх зүйл их байсан. Төсөв батлахаас өмнө төсвийн хүрээний мэдэгдлээ баталдаг. Гэвч үүний эдийн засгийн хүлээлт хэт өөдрөг байсан. УИХ-ын хувьд 2025 оны төсөв дээр тодотгол хийсэн шүү дээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид өөрсдөө төсвийнхөө төлөвлөгөөг буруу хийгээд байгаа учраас сүүлд жилийн дундуур нөгөө баталсан төсөв дээрээ дахин тодотгол хийгээд байгаа гэсэн үг. Магадгүй сая баталсан 2026 оны төсөвтөө дахин тодотгол хийж таарна байх. Учир нь энэ жилийн төсвийг хэлэлцэж байхад боловсрол, эрүүл мэндийн салбарынхан мөн ахмадуудын хувьд цалин, тэтгэврээ нэмэгдүүлэхээр жагсаал хийж, шаардлага тавилаа. Үүнийг нь Засгийн газар хүлээн авч нэмэгдүүлэхээр болсон. Ингэхдээ есдүгээр сарын 1-нд өргөн барьсан төсвийнхөө хүрээнд л нэмэх шаардлагатай болсон. Тиймээс төсөв тодотгол орж ирэх нь ойлгомжтой байх. Нөгөөтэйгүүр төсвийг эхлээд төлөвлөж оруулж ирэхдээ бидэнд инфляцийг долоон хувь, эдийн засгийн өсөлтийг 5.7 хувь, нүүрсээ 90 сая тонныг экспортолно гэсэн. Үүнийг 2025 онтой харьцуулбал, нүүрсний хувьд яг 90 сая тонн хүрэх нь эргэлзээтэй. Нүүрсний үнэ уначихвал Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ ганхах ийм эрсдэлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл нүүрсний худалдаа, борлуулалт, үнэ дээр л Монгол Улсын эдийн засаг, төсөв тогтож байна гэсэн үг. Энэ утгаараа нүүрсний үнэ багасахаар алтны олборлолтоо 20 тонн болгоно гээд нэмээд оруулаад ирсэн. Тэгэхээр Зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд орлого тал дээр тасалдах эрсдэл байна гэж харж байсан. Ялангуяа бид алтаа 20 тонн-д нь хүргэж чадах уу гэдэг нь өөрөө маш том эргэлзээтэй байна. Хэрэв энэ хэмжээнд экспортоо хийж чадахгүй бол төсвийн орлого мэдээж тасалдана. Төсвийн орлого тасалдахаар нөгөө төлөвлөсөн зардал, санхүүжилт хийгдэхгүй байх нөхцөл үүснэ.

-Багш, эмч нар жагсаал, ажил хаялт зарлаж байж цалингаа нэмүүллээ. Гэхдээ уг байдлыг жагсаал хийж тэмцэх болгонд нэмээд явах уу, эсвэл илүү бодлогын түвшинд өөрчлөөд явах уу гэдэг сонголтын өмнө туллаа. Таны хувьд эдийн засгийг нэмэгдүүлэхийн тулд яах ёстой гэж хардаг вэ?

-Уг асуудлаар ирэх жилүүдэд бид бүхэл бүтэн шийдэл олохгүй л бол ингэж гал унтраах маягтай нэг удаагийн шийдвэрээр асуудал хэвийн болчихгүй нь мэдээж. Тэгэхээр юуны өмнө бид уул уурхайгаас хамааралтай байгаа энэ байдлаасаа нэн яаралтай гарах хэрэгтэй. Аж үйлдвэрлэлээ хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг өсгөх шаардлагатай байна. Боловсролын салбарын хувьд уг салбарын бие даасан байдлыг бий болгох хэрэгтэй. Мөн уг салбар дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Ингэж байж улсын төсөвт ирэх дарамтыг бид багасгаж чадна. Эдгээрийг бодлогын түвшиндээ зөв, шуурхай шийдэж явахгүй л бол жилээс жилд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн аж амьдрал энэ байснаасаа улам л хүндэрсээр байна. Асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Асуудлыг шийдэхийн тулд эдийн засгийн бодлого, сангийн бодлогоо бид өөрчлөх хэрэгтэй.

-Яг энэ байдлаар багш, эмч нарын цалинг нэмэхийн тулд нөгөө хэсгээс нь таналт хийгдэж таарна. Тэгэхээр танаж болохгүй салбар нь юу вэ. Үүнд та саналаа хэлсэн үү?

-Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байхдаа би яг энэ байдлаар саналаа хэлж, шаардлага тавьж ажилласан. Юуны өмнө 2026 онд дуусах гэж байгаа аливаа төсөл, арга хэмжээний төсвөөс танаж болохгүй гэдэг шаардлагыг тавьсан. Хоёрдугаарт хувийн хэвшил орж болдоггүй, төр хийхээс өөр арга байхгүй, орон нутаг руу чиглэсэн энэ гурван төсөл хөтөлбөрүүдээс таналт хийж болохгүй гэсэн. Өнөөдөр Улаанбаатар хотод Монголын хүн амын тал хувь нь амьдарч байна. Энэ чинээгээрээ Улаанбаатарын зовлон нэмэгдэж байна. Тэгвэл яагаад Улаанбаатар хот руу хүн болгон ирж, төвлөрч, бөөгнөрч амьдраад байна вэ. Гол шалтгаан нь орон нутагт амьдарч байгаа хүмүүс тэндээ наад захын үйлчилгээг авах боломж хомс байдагтай холбоотой. Орон нутагтаа хангалттай орлого олох боломж байхгүй учраас Улаанбаатар хот руу нүүж ирж байна. Сайн сургууль байхгүй учраас хүмүүс хүүхдүүдээ хот руу явуулж байна. Сайн эмнэлэг байхгүй учраас иргэд хотын эмнэлэгт эмчлүүлж байна. Тиймээс бид Улаанбаатар хотын асуудлыг шийдэхийн тулд эхлээд орон нутаг руу чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг шуурхай явуулах шаардлагатай. Товчхондоо орон нутгаа хөгжүүлж байж Улаанбаатар хотын асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Энэ утгаараа орон нутаг руу чиглэсэн аливаа нэгэн төсөл хөтөлбөрүүдийг танаж болохгүй шүү гэдэг шаардлагыг байнга тавьж ирсэн.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Faith Moce (198.244.253.161)
    RECOVERY YOUR STOLEN CRYPTO / BTC / USDT / ETH WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m truly grateful for the service of Geo Coordinates Hacker. I never would have imagined that I could recover my stolen bitcoins and gain back access to my wallet after losing everything to a fake investment platform. It’s truly amazing the kind of service Geo Coordinates Hacker. I was able to recover all that was stolen from me within 72 hours, Geo Coordinates Hacker is very professional indeed. If you ever doubt the recovery of cryptocurrency once it is lost, I suggest you rethink and research more before losing hope. There are so many victims of cryptocurrency scams who concluded that it is impossible to recover their funds. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone who wishes to recover there lost funds contact the following email address; Email: ( geovcoordinateshacker@gmail.com ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 12 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 3 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top