УИХ-ын гишүүн А.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ирэх оны төсөв батлагдсан. Таны хувьд энэхүү төсвийн хэлэлцүүлгийн үед хэрхэн оролцов. Мөн төсөв анх орж ирэхэд нь ямар байр суурьтай байсан бэ?
-Өмнөх төсөв бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед 14 мега төсөл гэдэг утгаараа нэлээд тэлсэн төсөв орж ирж байсныг та бид санаж байгаа. Одоогийнхыг бодоход тэр үед улс төрийн нөхцөл байдал өөр байлаа. Илүү нягт буюу гурван намын хамтрал байсан. Энэ утгаараа гишүүдийн хувьд 2025 оны орж ирсэн төсвийг нийтлэгээрээ дэмжиж явсан. Зарим нэг шүүмжлэлтэй асуудал ч гарсан. Мөн Ерөнхийлөгч хориг тавьж байсан, тийм үү. Ингээд явж явж 2025 оны төсөв батлагдсан. Батлагдаад удаагүй байж байтал Засгийн газар солигдсон. Г.Занданшатар гарч ирээд өмнө нь ярьж байсан 14 мега төсөл гэхээс илүү хүн бол өөрөө хамгийн том мега төсөл гэдэг бодлого гаргаж ирсэн. Энэ утгаараа ирэх оныг боловсролыг дэмжих жил болгож зарласан. Ингээд ирэх оны төсөв УИХ-д орж ирлээ.
Анх орж ирэхэд нь миний хувьд хүний хөгжлийг эхэнд эрэмбэлсэн төсөв болов уу гэж харж байлаа. Харамсалтай нь миний бодож байсан хэмжээнд хүрээгүй л дээ. Дахиад л нөгөө орон нутаг руу чиглэсэн гишүүдийн тойрог төвтэй, зам, барилгад хөрөнгө оруулалт тавигдсан ийм төсөв орж ирсэн.
-Тэгэхээр хүн төвтэй гэхээс илүү тойрог руу чиглэсэн төсөв орж ирсэн гэж хэлж байна уу?
-Үүнээс харж байхад нэг зүйлийг ойлгосон. Ер нь тойргийн гишүүд гэдэг хэцүү байдаг юм байна. Тойргийн гишүүд гэдэгт АН ч, МАН ч өөр бусад намууд ч ялгаа алга. Яадаг вэ гэхээр тойрогтоо очихоор нөгөө тойргийн иргэд, сонгочид нь нүдэнд харагдсан, гарт баригдсан ажлууд болох зам, барилга, улаан булан, худаг усны асуудлаа нэхээд байдаг юм шиг байна лээ. Өөрөөр хэлбэл, харагдах байдлаар үнэлэх буюу энэ гишүүн тэр замыг тавьсан, тэр гишүүн энэ барилгыг барьсан гэх хандлагаар дэндүү объектив байдлаар дүгнэдэг. Тэгэхээр гишүүдийн хувьд энэ хандлагадаа шахагдаад яах аргагүй орон нутагтаа төсөв тавиулахын төлөө улайран явдаг юм байна л даа. Үүнд манай танай нам ялгаагүй. Гэхдээ нэг зүйл байна. Манай намын тойргийн гишүүдийн тойрогтоо тавиулсан нийт төсөв нь 100 гаруй тэрбум төгрөг гэж зарим гишүүд шүүмжилж байсан даа. Өөрөөр хэлбэл, АН-ын гишүүд лоббидож тойргууддаа энэ хэмжээний төсөв тавиулсан гэж. Гэтэл УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хэлсэн байдаг “АН-ын гишүүдийн тойрогт тавиулсан төсөв нь нийт төсвийн ердөө 6.5 хувь л байна. Гэтэл эрх баригч намын нэг гишүүний тойрогтоо тавиулсан төсөв мөн энэ хэмжээнд байгаа шүү” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл УИХ дахь АН-ын бүлэг 42 гишүүнтэй. Үүнээс хэд нь тойрогтой гишүүд вэ. Эдгээр гишүүд нийлээд нийт төсвийн 6.5 хувийг бүс нутагтаа тавиулсан байна. Харин МАН-ын ганцхан гишүүн буюу Ц.Сандаг-Очир гишүүний тойрогтой тавиулсан төсөв нь манай намын 42 гишүүний бүсүүддээ тавиулсан төсөвтэй тэнцүү байна гэж байгаа юм. Үнэхээр энэ логикоор явсан бол АН-ын гишүүдийн хувьд нийт 10 гаруй их наядыг бүсүүдэд тавиулах ёстой байх, тийм үү.
-Төсвөө эрэмбэлэх нь чухал гэдэг зүйлийг хэн хүнгүй хэлдэг. Таны хувьд төсвийн эрэмбэ ямар байх ёстой гэж хардаг вэ?
-Энэ хамгийн чухал асуудал. Юуны өмнө хүний эрүүл мэнд, боловсрол руу чиглэсэн хөрөнгө оруулалт чухал. Тухайлбал, Аргентины ерөнхийлөгч гарч ирээд баруун төвийн үзэл баримтлалаар төсвөө хумьсан, Засгийн газраа багасгасан, цомхон бүтэцтэй эдийн засгийг хийж байгаа боловч зарцуулж байгаа төсвийхөө эрэмбийг хүний хөгжил, татвар, эрүүл мэнд, боловсролын салбар гэж явж байна. Гэтэл манайд хүний асуудал бүр хойно орж байгаа. Эрүүл мэндийн асуудал ард орж ирж байна. Сая багш нар жагсаал цуглаан хийж байж цалингаа нэмүүллээ. Миний хувьд уг асуудлыг жагсаал гэдэг утгаараа ардаа ямар нэгэн улстөржилт байгаа гэж харддаг. Ингээд уг асуудлын хүрээнд бараг нэг их наяд төгрөгийг төсөвт оруулж чадлаа. Араас нь эмч нар жагсаад дараагийн төсөвт асуудлаа шийдвэрлүүлэхээр болж байх шиг. Дараа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настны тэтгэвэр гэх мэт үргэлжилнэ. Угтаа энэ асуудал төсөв хэлэлцэхийн өмнө, эсвэл Засгийн газар солигдох, Засгийн газрыг шахах байдлаар буюу Засгийн газрыг татах гэж байгаа бүлгийнхний лоббинд орсон байдлаар нийгмийн энэ асуудал ингэж явж болохгүй.
-Угтаа асуудлыг Засгийн газар яаж шийдэх ёстой байсан гэж та үзэж байгаа юм бэ?
-Юуны түрүүнд Засгийн газар нь мэргэжлийн байгууллагаар судалгаа хийлгэх ёстой байсан. Ямар судалгаа гэхээр жишээ нь, манай улсад ЕБС-д сурч байгаа хэдэн хүүхэд байна. Тэр дундаа бага ангид сурдаг нь хэд байна. Бага ангийн сурагчдад хэдэн багш хэрэгтэй юм. Мөн аль хичээл нь түлхүү явах ёстой юм гээд төрөлжүүлнэ биз дээ. Мэдээж шинжлэх ухаан, байгалийн ухаан талын хичээл нь түрүүнд нь явна байх. Тэгэхээр тэр чигийн хичээл заах багш нарын тоо гараад ирнэ. Энэ утгаараа бага ангийн сурагчдад ийм хэмжээнд бэлтгэгдсэн ийм хэмжээний цалин авсан багш Солонгос явахгүй юм байна гэдэг ерөнхий тооцоолол гарч ирэх ёстой. Гэтэл ийм тооцоо, судалгаа огт алга. Эмчийн асуудал байна.Тэр дундаа сувилагчийн асуудал. Сувилагч бол хамгийн чухал ажил буюу хүний амьд явах хугацааг илүү урт болгох тэр ажлыг хийдэг хүн. Тэгвэл хэчнээн хэмжээний сувилагч эмчдээ тусалж ажиллах шаардлагатай вэ. Хувийн эмнэлгүүд гэхээс илүү улсын эмнэлгүүддээ энэ тооцооллоо хийе л дээ. Манайхны нэг дутагдал байдаг. Сувилагч гэхээр доод албан тушаалтан мэтээр хуучин нийгмийн сэтгэл зүйгээр хардаг. Тэгэхээр энэ хүн аварч, асарч байгаа сувилагчдын цалин хэзээ ч нэмэгдэхгүй шүү дээ. Гэтэл хамгийн гол ажлыг сувилагчид хийдэг. Тэгэхээр боловсролын салбарт бага ангийн сурагчдад математик, физик, хими, биологи зааж байгаа багш нарын, эрүүл мэндийн салбарт өвчтөнийг асардаг, сувилдаг тэр сувилагчийн цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байсан юм. Бага ангийн сурагчид гэдэг бол манай ирээдүйн мэдлэгтэй чадвартай боловсон хүчний суурь нь. Сувилагч гэдэг бол хүнээ асарч, эдгээж, амьдрал бэлэглэдэг хүн. Энэ утгаараа тархи сувилж байна, бие сувилж байна. Тэгэхээр энэ хоёр мэргэжил дээр цалингийн доод хэмжээг 1000 ам.доллараар тогтооё. Ингэхээр хэчнээн хэмжээний төсөв шаардлагатай вэ гэдэг тоо гарч ирнэ. Үүнийг хамгийн түрүүнд төсөвт тавиад хамгаалаад явах байсан. Тэргүүлэх асуудал, хүн төвтэй бодлого, хүнээ бодсон төсөв гэдгийн утга нь энд л байна биз дээ.
-Юутай ч төсвөө хугацаанд нь яаруу сандруу баталлаа. Гэхдээ удахгүй тодотгол орно гэж ярих гишүүд олон байна. Таны хувьд мөн ингэж харж байна уу?
-Тодотгол орох нь мэдээж хэрэг байх. Тодотгол оруулах нь зөв гэж үзэж байгаа. Нөгөөтэйгүүр та хугацааг анхаарч хэлээд байна. Мэдээж хугацаандаа багтаад УИХ төсвөө батлах нь сайн. Хугацаандаа баталж чадаагүй бол УИХ тардаг, эсвэл Засгийн газар огцордог хуулийн зохицуулалт бол байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ төсвийн хэлэлцүүлгийн үеэр улс төрийн тогтворгүй байдал, тэр дундаа эрх баригч намын дотоод зөрчилдөөнтэй холбоотой асуудал нэлээд өрнөлөө. МАН-ын хувьд төрөө хуваангаа алдлаа. Яг ийм үед нэмээд төсөв нь хойшилбол нийгмийн сэтгэл зүй гэдэг утгаараа ард түмний төрдөө итгэх, УИХ-д итгэх итгэл бүрэн байхгүй болох эрсдэлтэй байсан гэж хардаг. Үр дүнд нь иргэд талбай руугаа гарч ирнэ. Ингээд энэ парламентын легитм шинж алдагдах байсан. Цаашлаад олон нийтийг хамарсан үймээн самуун явагдах, УИХ-ыг тарааж, дахин сонгууль хийгдэх, магадгүй дарангуйллын систем рүү оруулах энэ хаалга бага багаар нээгдэж эхэлж байсан шүү. Ийм улс төрийн зорилготой нийгмийг буруу зүйл рүү турхирсан гадна дотны хүчин хөдөлж байсан. Энэ утгаараа УИХ цагтаа төсвөө баталсан нь сайн хэрэг болсон. Нөгөөтэйгүүр сайн, муу ч төсвөө батлах нь нэн тэргүүний асуудал байсан учраас зарим нэг зүйлийг эргэж харах шаардлагаа үлдээчихсэн гэсэн үг. Тиймээс тэр бүгдийгээ эргэж харахын тулд төсөв тодотгохоос өөр гарц байхгүй.
-Ер нь төсвийн орлогын ихэнх хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний орлогоос бүрдүүлдэг. Цаашлаад эдийн засгийн эрс тэлэлт, орлогын өсөлтийг бий болгохын тулд ямар бодлогоор хэрхэн ажиллах шаардлагатай гэж та боддог вэ?
-Ер нь стратегийн орд газар гэдэг нэр томьёолол миний олж авсан мэдээллээр Монгол, Орос, Казахстан улсад л байдаг юм билээ. Угтаа стратегийн бүтээгдэхүүн гэж зарлах ёстой юм билээ. Үүнийг салбарын сайд нь ярьж байна лээ. Яг энэ чиглэлд болгох хуулийн төслийг өргөн барина гэж. Энэ зөв болов уу. Нөгөөтэйгүүр баялгийн гурван сан гэж бий. Ирээдүй, хуримтлал, хөрөнгө оруулалтын сан гэж. Хоёр сарын өмнө энэ Хөрөнгө оруулалтын сан ямар байгааг шалгасан. Гэтэл энэ сан хоосон байсан. Угтаа дэд бүтцийн асуудлаа энэ сангаас эх үүсвэр татаад хийх ёстой шүү дээ, төсвөөс биш. Хуримтлалын сан бол багш нарын цалин, тэтгэвэр тэтгэмж гэх мэт асуудлаа шийдчих ёстой сан. Харин ирээдүй сангийн хувьд мэдээж ирээдүй хойч үедээ үлдээх сан. Гэтэл энэ гурван сангийн хоёр нь ажилладаг ч идэвхтэй ажилладаггүй, нэг нь таг хоосон байна. Хэрвээ энэ баялгийн сангийн бодлого зөв явбал манай одоо байгаа улсын нийт төсөв хоёр дахин нугалаад тэлэх боломжтой юм билээ. Гол нь зөв менежмент хийх шаардлагатай. Мөн баялгийн хулгайчдаа илрүүлж, хулгайд урсаж байгаа хөрөнгөө төсөв рүүгээ татах нь чухал байна.
-Зарим гишүүд хэлж байна лээ. Эрх баригч нам төрийн дээр гарсан гэж. Юу гэхээр МАН эхлээд намын асуудлаа шийднэ, дараа нь УИХ-ын даргаа сонгоноо гэж. Угтаа УИХ-ын даргыг сонгох чинь намын гэхээс илүү парламентын бүрэн эрхийн асуудал биз дээ…?
-Парламентад олонх болсон нам УИХ-ын даргаа сонгоод явах зохицуулалттай. Энэ дүрмийн дагуу эрх баригчид УИХ-ын даргаар Д.Амарбаясгалан гэдэг хүнийг сонгоод ажиллуулсан. Харамсалтай нь энэ дарга авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдоод буучихлаа. Дараа нь орлож гарч ирсэн дэд дарга нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэсэн гэж ҮХЦ үзээд мөн буулгачихлаа. Тэгэхээр МАН буюу парламентад олонх байгаа нам УИХ-ыг удирдах чадамжгүй гэдгээ харуулсан гэсэн үг. Чадамжгүйгээ эд нар нам доторх эрх мэдлийн төлөөх зодооноороо тодорхой харуулж байна. Миний харж байгаагаар эд нар хэн нь нүүрсний босс болох уу гэдэг дээрээ л алалцаж байна уу даа гэж шулуухан хэлье. Ерөөсөө ийм л тэмцэл МАН-д явагдаж байгаа. Угтаа эрх барьж байгаа МАН-ын ямар ажил хийсэн бэ гэдэг нь гишгэсэн мөрөөс нь харагдах байтал ямар хулгай хийсэн бэ гэдэг нь ЖДҮ-ээс эхлээд нүүрс хүртлээ цуваатай харагдаж байна шүү дээ. Нүүрс бол Монголын эдийн засгийг бүрдүүлж байгааг гол бүтээгдэхүүн. Үүн дээр л МАН мордоод суучихсан байна. Хэн нь нүүрс дээр мордох вэ гэдэг асуудал нь нам дотроо хуваагдал үүсгэчхэж байгаа юм. Тэр хуваагдал нь УИХ дээр орж ирж байгаа нь энэ. Ингээд цаашлаад МАН төрөө хуваачих шахлаа. Энэ бүх тэмцэл нь дүрмийн дагуу биш, жунглийн дүрмээр явж байна. Мөнгөн дээрээ хэн нь сууна, тэр нь наашаа намаа удирдана. Намаа удирдсан нь төрөө удирдана гэдэг зарчмаар буюу мафийн стратегиэр ажилласан тулаан болж байна. Наанаа УИХ-ын дарга нь, дэд дарга нь хууль зөрчлөө, Үндсэн хуулиа зөрчлөө гэдэг хуулийн процедураар ажлаа өгч байгаа мэт боловч цаанаа МАН-ын бүлэг гэгдэх дээрэмчдийн дор л Монгол Улс явж байна. Одоо бол аль аль талаасаа түр гал намжаасан байдалтай л байна шүү.
-МАН-ын хурлууд дууслаа. Намын даргаа ч сонголоо. Тэгэхээр эрх баригчид удахгүй УИХ-ын даргаа томилох нь тодорхой байх. Таны хувьд ямар хүн УИХ-ын дарга болчихоосой гэж бодож байна вэ?
-Арай цэвэрхэн, дундын төлөөлөл болох сая сонгогдсон намын даргаа эд УИХ-ын дарга болгоно гээд оруулж ирэхийг үгүйсгэхгүй. Энэ бол эцэстээ олонхын бүлгийн л эрх. Эсвэл намын дарга нь биш гэхэд оруулж ирэх магадлалтай хүн нь парламентад олон удаа сонгогдсон улс төрийн туршлагатайгаа гаргаад ирж болох юм. Эдний намд чинь ганц нэг тийм хүмүүс байгаа. Тэгэхээр хоёр вариант байна гэсэн үг. Намын даргаа, эсвэл олон сонгогдсон хашир туршлагатай гишүүдээсээ удирдах зөвлөлдөө танилцуулах байх. Хэрэв энэ хоёроос өөр хүнийг УИХ-ын даргад оруулж ирвэл үндсэндээ энэхүү нам гурав дөрвөн талд хуваагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, намын дарга нь тусдаа, Ерөнхий сайд нь тусдаа, УИХ-ын дарга нь тусдаа явна гэсэн үг биз дээ. Ингэхээр намын бодлого нь тал талдаа үсрээд яагаад ч явахгүй болов уу. Нөгөөтэйгүүр сая МАН чинь хурлаараа намын дарга Ерөнхий сайд байна гэсэн дүрмээ авч хаясангүй. Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр Н.Учрал дарга нь Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл зөвхөн намын дарга бөгөөд одоо эрхэлж байгаа албан тушаалаа хашаад хүлээнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатарыг 2027 онд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлээд өөрөө Ерөнхий сайд болох хүлээлт гэсэн үг. Ер нь бол УИХ-ын даргаар Н.Учрал орж ирэх хувилбар нь илүү ойрхон харагдаж байна.
-Гэтэл намын дарга хүн УИХ-ын дарга байх боломжгүй хуулийн өөрчлөлтийг танай бүлэг санаачилчихлаа. Энэ утгаараа АН-ын бүлэг МАН-ын маргааныг дахин өдөөж байгаа үйлдэл биш юм уу?
-Х.Тэмүүжин гишүүн уг санаачилгыг гаргаад бүлэгт танилцуулсан. Ер нь олон улсад УИХ-ын дарга нь нам бус байдаг жишээ цөөнгүй байдаг юм билээ. Гэхдээ бүлэг дээр уг асуудлаар хоёр, эсвэл гурван одтой хатуу шийдвэр огт гаргаагүй шүү. Харин гишүүний хууль санаачлах эрхийг өөрт нь үлдээсэн. Мөн гишүүний энэхүү бланк дээр дэмжиж байгаа гишүүд гарын үсгээ зурах тэр эрхийг нь мөн үлдээсэн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, бүлгийн хувьд нийтээрээ энийг дэмж, эсвэл дэмжихгүй шүү гэдэг шийдвэр гаргаагүй. Бүлгийн гишүүд хувь гишүүдийнхээ итгэл үнэмшлээр уг асуудалд оролцоод явах эрхийг нь нээлттэй өгсөн гэсэн үг.
Өдрийн сонин



