Улсын Их хурлын гишүүн Б.Түвшинтэй ярилцлаа.
-УИХ ирэх оны төсвийг хуулийн хугацаандаа баталлаа. Та мэргэжлийн хүний хувьд энэ удаагийн төсвийг хэр болсон гэж харж байна вэ?
-Энэ удаагийн 126 гишүүнтэй парламент бүрдээд хоёр дахь төсвөө баталлаа. Тэгэхээр эхний төсөв хэт өндөр орлого, зарлага, мега төслүүдтэй, дэндүү өөдрөгөөр төсөөлөгдсөн байсан. Гэхдээ хамгийн гол нь алдагдалгүй төсөв баталъя гэсэн шаардлага тавьсан. Тэр ч үүднээсээ Ерөнхийлөгч хориг тавиад явсан. Энэ цагаас хойш төсөв алдагдалгүй байх ёстой гэдэг нэг яриа, ойлголт, төсвийн орлого, зарлагыг хэт их өсгөхгүй байх тухай бодлого гарсан. Харин энэ жилийн хувьд ганц л авах юм байгаа. Тэр их өсгөсөн орлого, зардлын трендийг нь жаахан тогтворжуулсан. Гэхдээ төсвийн төсөл боловсруулж батлах үйл явцыг шинэ шатанд гаргаагүй. Арга зарчмын хувьд суурь шинэчлэл хийгдээгүй, урсгал зардал нийт зардалд давамгайлсан, өмнөх жилүүдэд байж л байсан, тийм нэг, онц сонин зүйл үгүй төсөв батлагдлаа. Тэгэхээр ямар төсөв батлагдсан нь тодорхой байгаа биз.
Харин багш, эмч нарын цалинг тодорхой хэмжээгээр нэмэхээр болсон нь орлогын хуваарилалт тэгш бус байгаа манай улсад зөв алхам болсон.
Цалин, тэтгэврийн өсөлт үнийн өсөлтийг л өдөөж хэрхэвч болохгүй. Үүнийг Монголбанк, Засгийн газар өөрийн хяналтад бүрэн авсан байх ёстой. УИХ, Засгийн газар аливаа асуудалд, ялангуяа төсвийн төлөвлөлтөд ойролцоолсон чиг баримжаатай хандах бус санаачлан зохион байгуулж байгаа алхам бүр нь хуулиа хэлбэрэлтгүй сахихын хажуугаар улсынхаа урт, дунд, хугацааны бодлогын баримт бичгүүд, тэдгээрт тусгагдсан үр дүнгийн хяналт, шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлттэй нягт сайн уялдах учиртай юм л даа. Тэгэхээр бодлогын баримт бичгийн чанарын асуудал мөн яригдаж таарна. Ингээд яриад байвал төсвийг сайжруулахтай холбоотой маш олон зүйлийг дурдаж болно. Ер нь үр дүнгийн үзүүлэлт дутуу, тухайлсан үр дүн хэмжих шалгуургүй байх зэрэг нь алдаа гаргах үндэслэл болчихдог. Сүүлийн үед би бодлогын баримт бичгийн болон төсвийн төлөвлөлтийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлаа гүнзгийрүүлэн хийж байгаа. Олон улсын туршлагаас харахад, шууд болон шууд бус татварын хувийн жин ямар харьцаатай байх талаар бодлогын баримт бичигтээ тусгагддаг хэдий ч Засгийн газраас өргөн мэдүүлсэн таван жилийн үндсэн чиглэлд тусгагдаагүй байна лээ.
-Төсвийн орлого дээр ирэх жил түүхэндээ байгаагүй 90 сая тонн нүүрс гаргана гээд төлөвлөчихсөн. Гэтэл энэ зорилтдоо хүрэх боломж нөхцөл байна уу?
-Орлого тасрах магадлалтай. Бодит байдал дээрээ үүндээ хүрэхгүй байх магадлалтай. Тэгэхээр тодотгол хийх ч юм уу, зарлага зохицуулах шаардлага гарах болов уу гэж харж байна. Анх төсөв есдүгээр сарын 1-нд өргөн баригдахад л дөрвөн сарын хугацаанд шахъя гэж байсан. Гэтэл одоо 11 сарын сүүлч болчихоод байхад шахаж гийгүүлсэн юм алга. Түүнчлэн үүнээс хасахгүйгээр баталчихлаа. Тэгэхээр орлого дутах магадлалтай гэж хэлээд байгаа юм.
-Төсөв хэлэлцэж байх үетэй давхцаад багш, эмч нар цалингаа, ахмадууд тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага тавьж, тодорхой хэмжээнд шийд олж нэмэхээр болчихлоо. Энэ бүх зохицуулалтыг заавал ингэж ажил хаялт, жагсаал цуглаан болголгүйгээр анхнаас нь шийдээд явах боломж байсан болов уу?
-Анхнаас нь шийдээд явах боломж байсан байлгүй яах вэ. Эрх барьж байгаа нам сүүлийн 10 жил бараг засгийн эрхийг авч ажиллаж байна. 2018 оноос хойш 2025 оныг оруулаад 153.0 их наяд төгрөгийн төсвийн зарлага, 36.0 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал гаргасан байна. Гэтэл сүүлийн 10 жилд нэрлэсэн цалин тоон дээр өсч байгаа ч өндөр инфляцийн улмаас бодит цалингийн өсөлт инфляцийн хурдыг гүйцэж чадалгүй, ойролцоогоор тав орчим нэгж хувиар дутуу явж байна. Сүүлийн хэдэн жилд бол манай улсын төсөв байнга тасралтгүй өсч ирсэн. Харамсалтай нь үүнийг эдийн засгийн өсөлт болгож, ажлын байраа нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах төсөл болгож чадаагүй. Дээрээс нь үндсэн суурь бүтэц болох эрүүл мэнд, боловсролын тогтолцоогоо сайжруулж чадсангүй. Энэхүү суурь бүтцээ сайжруулах асуудал жил бүр тасралтгүй яригдаж, хийгдэж байх ёстой. Тогтолцоогоо дагасан бүтээмж, цалин хөлсний асуудал ч байнга яригдаж байх ёстой юм. Гэтэл ингэхгүй байж байгаад төсөв өргөн баригдсаны дараа ажил хаялтаар явж буйг нь зарим талаас нь харвал улс төрийн нөлөөтэй юм шиг харагдаад байгаа. Сүүлийн 10 жилийн туршид яагаад цалингаа нэмүүлэх эрс шаардлага тавьж байсангүй вэ. Харин энэ удаад үүнийг шийдэхийн тулд дан урсгал зардлаас танаагүй. Маш их хэмжээний хөрөнгө оруулалтаас хассан. Миний хувьд Монгол Улс олсон мөнгөнийхөө дор хаяж 30 хувийг урт хугацааны хөрөнгө оруулалт руугаа хийж байх ёстой гэж үздэг. Энэ жилийн хувьд 75 орчим хувийн урсгал зардалтай, харьцангуй гайгүй байсан. Гэтэл цалин нэмэх асуудлаас болоод 80 гараад явчихлаа. Гэхдээ нэгэнт тулгамдсан асуудал байсан учраас яая гэх вэ. Харин цаашдаа олсон орлогынхоо 70-аас хувийг урсгал зардалдаа зарцуулдаг байж л бид ирээдүйн хөрөнгө оруулалтаа хийх чадавхтай болно.
-Ер нь цаашид манай улс энэ төсөв боох, төлөвлөх, орлогоо нэмэгдүүлэх тал дээрээ ямар өөрчлөлт, аргачлал гаргах ёстой гэж та үздэг вэ?
-Манай улс төсвийн тогтолцоогоо бүхэлд нь үндэс сууриар нь шинэчлэх шаардлагатай болсон. Төсөв дээр юу орж ирэхийг Засгийн газар л тухайн үедээ шийдэж байна. Гэтэл өнөөх нь хагас жилийн өмнө гаргаж батлагдсан улсаа ингэж хөгжүүлье гэдэг төлөвлөгөөтэйгөө огт уялдаагүй. Тэгэхээр төсөв гэдэг тухайн жилийн мөнгийг гал унтраах байдлаар зарж байгаа асуудал л болчихож байгаа юм. Түүнчлэн төсвийг зөв төлөвлөхийн тулд бид нэг жилийг ганцаар нь харахаа болих ёстой. Бүх түвшинд стратегийн болон дунд хугацааны төлөвлөгөөтэй, жилийн хөгжлийн төлөвлөгөөнийхөө 90-ээс доошгүй хэсгийг төсөвтөө багтаадаг, хяналт, шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд нь тов тодорхой, дунд хугацааны 3-4 жилийн төсвийн хүрээтэй, түүнийгээ 15-20 үзүүлэлтээр баяжуулан боловсруулдаг, мөн түүнийг дагуулж төсвөө баталдаг, жил бүр гулсаж шинэчлэгддэг, тухайн жилийн эрсдэлээ бүрэн удирддаг бодлогын тогтолцоо руу бүрэн шилжвэл бид төсөвтэйгөө илүү бодитоор ажиллана. Хөрөнгө оруулалтын болон урсгал зардлын амлалт нь олон жилийн турш үргэлжилдэг гэдгийг харгалзаж тооцсоноор өнөөдрийн хамгийн түгээмэл доголдол болох “Барилга барьсан ч ашиглуулах мөнгө байхгүй” гэдэг алдаанаас гарах нөхцөл бүрдэнэ. Хоёрдугаарт, цалин хөлс, урамшууллын бодлого дээрээ шинэчлэл хийхгүй бол болохгүй байгаа юм. Энэ бүхнээ бүгдийг нь оруулаад тооцохоор дундаж өндөр гараад байдаг. Гэтэл хуулиараа үндсэн цалинг нэмэх хэрэгтэй. Тэгэхээр энэ урамшуулал, нэмэгдэл чинь цөөхөн хувь руу цалингийн шинж чанартай яваад байгаа. Ялангуяа төсөвт байгууллагууд сүүлийн үед төсвөө өндөр тавиад хэмнэлт гаргаад, түүнийгээ цалин болгож хувааж авдаг зүй бус үзэгдлүүд газар авсан. Тиймээс үүнийг цэгцлэх шаардлагатай. Өөр нэг анхаарах зүйл бол яах аргагүй хөрөнгө оруулалтын асуудал. Хөрөнгө оруулалтын төсөвлөлт бол манай төсвийн “архаг доголдол” хэвээр байна. Олон жилээр үргэлжилсэн дуусаагүй барилга, үр ашиг нь тодорхойгүй төслүүд нь шүүлт, үнэлгээний тогтолцоо сул байгаагийн илрэл. Улсын төсөвт орох шинэ төслийг заавал газрын асуудал шийдсэн, зураг төсөв бэлэн, техникийн болон санхүүгийн тооцоо бүрэн хийгдсэн, өртөг-үр ашгийн үнэлгээ баталгаажсан байх шаардлага нь дэлхий дахинд хэвийн стандарт болсон. Монгол ч энэ стандартыг бодитой хэрэгжүүлбэл хөрөнгө оруулалтын үр ашиг, чанар үлэмж дээшилнэ. Үүнээс гадна шинэ төсөл эхлүүлэхээс илүү эхэлсэн төслөө дуусгах, мөн хуучин төслийн бодит нөлөөг дахин үнэлэх тогтолцоог нэвтрүүлэх нь хөрөнгө оруулалтын бодлогыг эрүүлжүүлэх үндсэн алхам болно. Эцэст нь хэлэхэд, төсвийг зөв “бооно” гэдэг нь зүгээр л чангалж танах гэсэн үг биш. Энэ бол Монгол Улсын дараагийн 10-20 жилийн тогтвортой хөгжлийн санхүүгийн үндэс суурийг тавих үйл явц юм. Хэрвээ бид орлогоо тогтвортой, зардлаа үр ашигтай, хөрөнгө оруулалтаа өнөөгийн биш, ирээдүйн өсөлт рүү чиглүүлсэн системтэй, ил тод, хариуцлагатай төсвийн тогтолцоонд шилжиж чадвал Монгол Улс хөгжлийн дараагийн шат руу бодитоор гарна.
-Таны хувьд орон нутаг, тэр дундаа малчдын ажил амьдралыг их хөндөж дуугардаг гишүүдийн нэг. Тэгэхээр ирэх жилийн төсөвт энэ тал руу чиглэсэн ямар, ямар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгдэхээр байгаа вэ?
-Би өөрөө монгол ахуйтайгаа ойр өссөн, малчин айлын хүүхэд. Ер нь Монгол эх орон маань гайхамшигтай сайхан. Хаана л бол хаана малчин зон олон маань нүүдлийн мал аж ахуйгаа хэдэн мянган жилийн өмнөх шиг яг тэр хэвээр нь эрхлээд эх орныхоо өнцөг булан бүрд аж төрөн сууж байна. Нүүдэлчин монгол түмний амьд таван эрдэнэ гэж бидний нэрлэдэг мал аж ахуй бол Монгол орны эдийн засгийн үндэс байсаар ирсэн. Цаашид ч ийм байх болно. 2026 онд малчдад зориулсан 608.9 тэрбум төгрөгийн дэмжлэг батлагдаж, “Шинэ хоршоо–Чинээлэг малчин” хөтөлбөрөөр хоршоонд нэгдсэн малчдын эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж, тэжээл, бэлчээрийн менежментэд хийх хөрөнгө оруулалт шууд нэмэгдэнэ. Энэ дэмжлэг нь зудын жилд зориулсан санхүүгийн нөөцийг бий болгож, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтворжуулах замаар малчдын орлого, зах зээлд хүрэх чадавх, үйлдвэрлэлийн эрсдэлийг бууруулах төрийн хамгийн том шууд арга хэмжээ болж байна. Ер нь монголчууд өрх бүр нь биологийн үйлдвэрлэл эрхэлдэг буюу мал үйлдвэрлэдэг хүмүүс. Ийм үйлдвэрлэлийг өрх бүр нь хийдэг улс дэлхийд байхгүй. Харин тэр үйлдвэрлээд байгаа барааг нь эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого дутагдаад байна. Одоо явуулж байгаа бодлого болохоор малынхаа үүлдэр угсааг сайжруул гээд байгаа юм. Гэтэл борлогдохгүй байгаа малын үүлдэр угсааг сайжруулж яах юм. Тэгэхээр тэр чинь “Тамирчин тахиа” гэдэг шиг болчихно шүү дээ. Харин мал, махыг нь тасралтгүй авдаг зах зээл, тогтолцоо бүрдчихсэн бол малчид өөрсдөө үүнийгээ хийчихнэ. Дээрээс нь мал аж ахуй гэдэг бол уламжлал, өв соёл, нутаг орныхоо эзэн болж байгаа явдал. Нүүдлийн мал аж ахуй байхгүй болчихвол Монгол Улсыг танихаа байчихна шүү дээ. Тиймээс үүнийг хэвээр нь хадгалах хэрэгтэй. Нүүдлийн мал аж ахуйг яаж энэ чигээр нь хадгалж үлдэх вэ гэдэг судалгааг би хийж байгаа.
-Тойргоос сонгогдсон гишүүд төсөвт тодорхой хөрөнгө оруулалт тусгуулах гэж дор бүрнээ л хичээдэг. Таны хувьд өөрийн сонгогдсон баруун бүсэд ямар, ямар хөрөнгө оруулалт тавиулж чадав?
-УИХ-ын гишүүний хувьд одоо тогтчихсон байгаа нэг жишиг бол нутаг, тойрог руугаа хөрөнгө оруулалт татах юм. Энэ бол яг нарийндаа маш буруу тогтолцоо. Ер нь цаашдаа сайн хэрүүлч, зодоонч хүмүүсээ явуулаад улсын төсвөөс томоохон шанагадаж ирдэг хүн л баатар болох нь л дээ. Гэтэл энэ чинь Монголын задрал явагдаж байгаа юм. Монгол Улс чинь нэгдсэн төсөв, бодлоготой нэгдмэл улс. Улсын хэмжээнд хөрөнгө оруулалтыг чинь зөвөөр нь эрэмбэлээд явдаг. Харин өнөөдөр аймаг аймагтайгаа холбогдож чадахгүй, хил гаалиа холбож чадахгүй байхад зарим нь сум хоорондоо холбож байна. Энэ чинь шударга юм уу. Тиймээс үүнтэй стратегич байдлаар л тэмцэх хэрэгтэй. Эх оронч байна гэдэг чинь зөвхөн нутаг орондоо хөрөнгө оруулалт татахыг хэлэхгүй. Тийм учраас төсвийн эрэмбэ хэрэгтэй. Тэгж байж Монгол Улс хөгжинө. Би бол орон нутаг руугаа хөрөнгө оруулалт татах гэхээсээ илүүтэй явж байгаа зүйлийг нь явуулах, улсын эрэмбэд нэлээд дээгүүр ордог аймаг хооронд холбох, хил боомтыг хөгжүүлэх гээд бүс нутгийн хэмжээнд нөлөө үзүүлэх томоохон хөрөнгө оруулалтуудын суурийг зүтгэж байж тавиулж байгаа. Түүнээс биш төсвөөс булаацалдаад орон нутаг руугаа чирнэ гэдэг нь санхүүч, эдийн засагч, мэргэжлийн хүний ёс зүйн хувьд хэцүү. Хэн ч гэсэн нутагтаа хайртай. Гэхдээ нутагтаа явуулах гэж байгаа стратегийн ач холбогдолтой, улсын хэмжээнд дээгүүрт эрэмбэлэгдэх тэр зүйл рүү л бид анхаарал хандуулах ёстой. Тиймээс цаашдаа үүнийг нээлттэй болгож, зөв эрэмбэ дарааллыг нь гаргаж өгөхгүй бол улс хөгжихгүй. Хувиа хичээсэн энэ сэтгэлгээнээс илүү Монгол Улсаа хөгжүүлье гэдэг хандлага хэрэгтэй.
-Танай намын бүлгээс намын дарга хүн УИХ-ын дарга хийж болохгүй гэсэн хуулийн төсөл санаачилж буйгаа хэлсэн. Үүнийг зүгээр л улс төр гэж үзэх хүмүүс байна. Тиймээс энэ хууль ямар ашиг, давуу талыг бий болгох учраас өргөн барихаар болж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Одоогоор хүн төрөлхтөн намаар засаглахаас өөр хэлбэр олоогүй байна. Ингэхдээ тэр нам мөрийн хөтөлбөрөө гаргаад, түүнийг нь хийж чадах хүмүүс нь Их хурлын гишүүн болоод үүнийхээ дараа хөх, улаан, нил ягаан өнгүүдээ холиод дундын хөтөлбөр гаргаад улсаа хөгжүүлэх ёстой. Гэтэл үүний цаана сонгуулийн зорилгоор үйл ажиллагаа явуулдаг нам нь дундын хөтөлбөрөө удирдаад байвал энэ улсад хөгжил гэж байх уу. Намын дарга УИХ-ын дарга байна гэдэг дараа дараагийн сонгуулиа бодож, парламентыг ийм зүйл рүү түлхэх эрсдэл байгаа юм. Түүнээс биш шинээр сонгогдсон МАН-ын даргыг УИХ-ын дарга болгохгүй гэдэг акц биш.
Өдрийн сонин



