x

Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн эдийн засаг гэж хэлж болно

Хүмүүнлэгийн Их сургуулийн профессор Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.

-АНУ Төв Азийн орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна. Үүний гол зорилгыг та хэрхэн ажиглаж байна вэ?

-Хоёр дахь бүрэн эрхийн хугацааны Дональд Трампын эдийн засгийн дипломат ажиллагаа нь хэд хэдэн чиглэлд анхаарлаа онцгой хандуулж байна. Нэгдүгээрт, тарифын шинэ бодлого баримталж байна. Хоёрдугаарт, чухал ашигт малтмал, тухайлан газрын ховор элементийн шинэ зах зээлийг нээхийг зорьж буй.

Гуравдугаарт, тэдгээрийн нийлүүлэлтийн сүлжээний найдвартай, тасралтгүй байдлыг хангах, дөрөвт, тарифын шинэ бодлоготой уялдуулан АНУ-д хөрөнгө оруулалтыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх, худалдан авалтыг өргөжүүлэхэд чиглэгдэж байна гэж хэлж болохоор байна. Мэдээж энэ нь “Бүхний түрүүнд Америк”, “Америкийг дахин аугаа болгох нь” хэмээх лозунгтой нь холбоотой. Өнөөдрийн АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн эдийн засаг явуулж байна гэж хэлж болно.

-АНУ-ын “С5+1” санаачилгын тухай сонирхуулахгүй юу. Ямар орнуудыг хамруулдаг вэ?

-2015 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр Нью-Йорк хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрийн урилгаар “С5+1” форматын хүрээнд АНУ, Төв Азийн Гадаад хэргийн сайд нарын анхдугаар уулзалт амжилттай зохион байгуулагдаж Афганистаны дайн, Сирийн иргэний дайн, олон улсын терроризмын эсрэг явуулж буй цэргийн ажиллагааны асуудлыг хөндсөн.

2016 оны Вашингтон хотноо зохиогдсон хоёр дахь уулзалтаар олон улсын терроризмын эсрэг Бүс нутгийн яриа хэлэлцээний форум, Төв Азийн бизнесийн өрсөлдөх чадавх, Төв Азийн тээврийн коридорийн хөгжилт зэрэг өргөн хүрээтэй асуудлууд хэлэлцэгдсэн байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2023 оны есдүгээр сард НҮБ-ын ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы үеэр Казахстан, Киргизистан, Тажикистан, Туркменистан болон Узбекистаны удирдагчдын дээд түвшний уулзалтыг анх удаа амжилттай зохион байгуулсан нь түүхэн үйл явдал байв.

-АНУ-ын тусламж, хөрөнгө оруулалт “C5+1” хөтөлбөр хэрэгжиж байгаа орнуудын ямар салбарт дэмжлэг үзүүлж байна вэ. Тухайн улс орнуудын эдийн засагт бодитоор ямар үр нөлөө үзүүлсэн бэ?

-АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Төв Азийн орнуудын удирдлагатай хил хамгаалалт болон хууль сахиулах байгууллагуудын чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэж, 90 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ хүрээнд терроризм, хар тамхи, зэвсгийн хууль бус наймааг зогсоох зорилгоор сургалт, тээврийн хэрэгсэл болон тоног төхөөрөмж нийлүүлсэн байдаг. Энэхүү дээд түвшний уулзалтын дараа Төв Азийн удирдагчид тун удалгүй аравдугаар сард Германы канцлер Олаф Шольцын зохион байгуулсан дээд түвшний уулзалтад оролцохоор Берлинд хүрэлцэн ирсэн юм.

Украинд болж буй дайн (мөн Афганистаны дайны төгсгөл) нь зөвхөн АНУ ба Төв Ази төдийгүй Европ ба тус бүс нутгийн хоорондын харилцааг өргөн хүрээнд дахин тооцоолоход хүргэж байгааг онцолсон. Европын холбооны орнуудын дотроос Герман нь Төв Азийн орнуудын хамгийн чухал түншүүдийн нэг бөгөөд энэ нь дээд түвшний уулзалтын ач холбогдлыг улам нэмэгдүүлжээ. Уулзалтаас гаргасан хамтарсан мэдэгдэл өргөн хүрээтэй байсан. Герман болон Төв Азийн хооронд “Стратегийн бүс нутгийн түншлэл” тогтоох тохиролцоогоор өндөрлөсөн. Энэ хүрээнд талууд дараах дөрвөн чиглэлээр одоо байгаа хамтын ажиллагаагаа “бэхжүүлж, шинэ шатанд гаргана” гэжээ. Үүнд: эдийн засаг, эрчим хүч, байгалийн нөөц; бүс нутгийн хамтын ажиллагаа ба сөрөн тэсвэрлэх чадавх; уур амьсгал ба хүрээлэн буй орчин; хүн хоорондын харилцаа багтсан байна.

Хамтарсан мэдэгдэлд онцгойлон дурдсан нэг зүйл бол “Дундад коридор”-ыг дэмжиж буй явдал байв. Энэ нь Евразийн эх газрын дундуур тээвэр, худалдааны сүлжээ байгуулах санаачилга бөгөөд сүүлийн жилүүдэд Транс-Каспийн олон улсын тээврийн зам (TITR) гэх зэрэг нэрээр нэрлэгдэж иржээ. Украинд болж буй дайн болон Европ, Оросын хоорондох геополитик, эдийн засаг, эрчим хүчний харилцааны дахин өөрчлөлт нь Дундад коридорыг бодит ажил хэрэг болгох хэрэгцээ, хөшүүргийг бий болгосон.

ЕХ-ны захиалгаар 2019 оны ЕХ-ны Төв Азийн стратеги болон 2021 оны “Дэлхийн гарц” стратегийг хэрэгжүүлэх зорилгоор Европын Сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD)-аар хийлгэсэн судалгаанд Төв-Каспийн тээврийн сүлжээ (CTCN), ялангуяа Казахстаны өмнөд нутгаар дайран өнгөрөх зам нь Европ ба Төв Азийг холбох хамгийн тогтвортой тээврийн зам гэж дүгнэжээ. Энэхүү судалгаа 2021 оны арваннэгдүгээр сараас 2023 оны зургадугаар сар хүртэл үргэлжилсэн байна. Герман-Төв Азийн Хамтарсан Мэдэгдэлд уг судалгааг тодорхой дурдсан бөгөөд Герман улс “Эдгээр санаачилгыг үндэсний болон Европын холбооны түвшинд дэмжихээ амлалаа” гэж хэвлэлүүд тэмдэглэж байв.

Европын Холбоо-Төв Азийн тав орны удирдагчдын анхны дээд түвшний уулзалт 2025 оны дөрөвдүгээр сард Узбекистаны Самарканд хотноо болов. Европын холбоог Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Антониу Кошта, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нар төлөөлөн оролцсон. Уулзалтыг Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев зохион байгуулсан юм. “Манай харилцаа одоогоор бүрэн чадавхдаа хүрээгүй байна. Манай түншлэл бол зорилго биш, аялал юм. Энэ дээд түвшний уулзалт нь харилцааны шинэ хэмжээсийн эхлэл бөгөөд нэг удаагийн үйл явдал биш байх болно” гэж Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Антониу Кошта мэдэгдсэн.

Уулзалтын төгсгөлд удирдагчид Хамтарсан Тунхаглал гаргасан. Түүнд: “Бид энх тайван, аюулгүй байдал, ардчиллын төлөө хамтран ажиллах, НҮБ-ын Дүрэм болон бүх улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаарт нь хүндэтгэх үндсэн зарчмуудыг бүрэн дэмжихээ амлаж байна” гэсэн байна. Түүнчлэн хориг арга хэмжээг тойрон гарах явдлыг урьдчилан сэргийлэх нь ЕХ-Төв Азийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг удирдагчид онцлов. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны арваннэгдүгээр сарын 6-нд Цагаан ордонд Төв Азийн таван орон Казахстан, Киргизистан, Тажикистан, Туркменистан, Узбекистаны удирдагчдыг хүлээн авч уулзав. Уулзалтын гол сэдэв нь газрын ховор элементийн стратегийн ач холбогдолтой асуудал байсан бөгөөд АНУ-ын хувьд Хятадын нөлөөгөөр хязгаарлагдсан ховор металлын нийлүүлэлтийг өөрийн хяналтад оруулах зорилготой байлаа.

Төв Азийн улс орнууд эдгээр эрдэс баялгийн асар их нөөцтэй бөгөөд Д.Трамп эдгээр орныг Орос, Хятадын хэт нөлөөг хязгаарлахад хамтарч ажиллахыг уриалсан юм. Энэ уулзалт нь АНУ-ын олон улсын стратегийн гол алхмуудын нэг бөгөөд ховор газрын металлын нийлүүлэлтийг өргөжүүлэх, Хятадын хяналтаас гарах явдлыг эрчимжүүлэхэд чиглэсэн гол үйл ажиллагаа болж байгааг шинжээчид онцолж байна. “C5+1” дээд түвшний уулзалтад Казахстан, Кыргызистан, Тажикистан, Туркменистан, Узбекистан улсуудын ерөнхийлөгчид болох Касым-Жомар Токаев, Садыр Жапаров, Эмомали Рахмон, Сердар Бердымухамедов, Шавкат Мирзиёев нар ирсэн.

-АНУ-ын энэ бодлого геополотикийн өрсөлдөөний нэг хэсэг гэж үзэж болох уу. Судлаачийн хувьд та АНУ энэ бодлогоороо дамжуулж бүс нутагт ямар байр суурь тогтоохыг зорьж байна харж байгаа вэ?

-Төв Азийн геополитикийн шинэ нөхцөл байдал нь Монгол Улстай ижил статустай ШХАБ-ын ажиглагч гишүүн орны нэг Афганистанаас АНУ цэргээ гаргасны дараа АНУ болон НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн хар жагсаалтад “террорист” байгууллагаар бүртгэгдсэн экстремист, радикал талибан хөдөлгөөн 2021 оны наймдугаар сард хяналтаа бүрэн тогтоож эхэлсэн нь тус бүс нутгийн ойрын ирээдүйн төлөв байдлыг ихээхэн ээдрээтэй болгож эхэлсэн л дээ. 2021 оны наймдугаар сарын 31-нд АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден ард түмэндээ хандаж хийсэн мэдэгдэлдээ “АНУ-ын түүхэнд хамгийн удаан буюу 20 жил үргэлжилсэн Афганистаны дайныг дуусгаж, Кабулыг орхин нислээ. Энэ бол зөвхөн дайныг дуусгаад зогсохгүй цэргийн хүчээр бусад орныг өөрчлөх оролдлого хийдэг эрин үеийн төгсгөл болж байна” гэж байсан.

2021 оны аравдугаар сард Италийн Ром хотноо зохиогдсон “Их 20”-ийн дээд түвшнээр уулзалтаар Афганистаны Түр Засгийн газрыг бүрдүүлж буй Талибан бүлэглэл олон улсад хүлээн зөвшөөрөгдөх тодорхой нөхцөлийг хангах ёстой хэмээн мэдэгдсэн юм.

2021 оны есдүгээр сарын 1-нд В.Путин ОХУ-ын Aлс Дорнод дахь Боловсролын байгууллагын өсвөр үеийнхэнд тавьсан илтгэлийнхээ үеэр Афганистан дахь АНУ-ын дайныг “эмгэнэл” байсан гэж тодорхойлсон юм. “Америкийн цэргүүд 20 жилийн турш энэ нутаг дэвсгэрт байж, тэнд амьдарч буй хүмүүсийг “соёл иргэншүүлэх” оролдлого хийсэн. “Афганистан дахь ажиллагаа ямар нэг сөрөг үр дүнд хүрээгүй юм гэхэд тэг үр дүнд хүрсэн” гэж В.Путин онцолсон юм.

ЗХУ-ын цэргүүд 1989 онд Афганистаныг орхин явах үед тухайн үеийн Зөвлөлтийн удирдагч агсан М.С.Горбачев Афганистаны асуудлаар мөн мэдэгдэл хийж байсныг В.Путин эш татсан юм. М.С.Горбачев АНУ-ын Афганистан дахь дайныг “Анхнаасаа бүтэлгүйтсэн төсөл” гэж нэрлэсэн. Тэрбээр Оросын төрийн мэдлийн “RIA” агентлагт өгсөн ярилцлагадаа “Тэд бүтэлгүйтлээ эрт хүлээн зөвшөөрөх ёстой байсан. Гэхдээ одоо хамгийн чухал зүйл бол болсон явдлаас сургамж авч, үүнтэй төстэй алдааг давтахгүй байх явдал юм” гэжээ.

Цаашлаад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2021 оны есдүгээр сарын эхээр Владивосток хотноо зохиогдсон Дорнын Эдийн засгийн чуулганд үг хэлэхдээ: Афганистанаас АНУ-ын цэрэг гарсан тухайд байр сууриа илэрхийлэхдээ: Афганд бид ч бас алдаа гаргасан, үүнийг өрнөдийнхөн давтаад байна” гэсэн юм. Гэвч В.Путин тэрбээр хагас жил хүрэлгүй хэлсэн үгээ умартаж Украинд түрэмгийлж, Афганы сургамжийг давтсан шүү дээ.

-Монгол Улсын хувьд АНУ-тай гуравдагч хөршийн харилцаатай. Гэтэл яагаад бид энэ дэмжлэгийн гадна үлдчихэв?

-Монгол Улс “C5+1” бүлэгт ордоггүй. “C5+1” форматын эх үндэс нь Афганистан, Иракийн дайн, Сирийн иргэний дайнтай холбоотойгоор тавигдсан байдаг. Эдүгээ чиглэл нь өөрчлөгдсөнийг тэмдэглэх хэрэгтэй. Дональд Трампын шинэ Засаг захиргаа гадаад орнуудад үзүүлж буй Мянганы сорилтын сангаас 29 оронд хэрэгжүүлж байсан 13 тэрбум ам. долларын 37 компакт гэрээний тусламжийн хөтөлбөрийг зогсоож, түүнд үнэлгээ хийж буй бөгөөд харин өнгөрсөн тавдугаар сарын сарын 26-нд ганцхан Монгол Улсад хэрэгжүүлж буй Мянганы сорилтын корпорацийн (MCC) 350 сая ам. долларын Улаанбаатар хотыг ундны усаар хангах тусламжийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Өнгөрсөн есдүгээр сард 10 усан байгууламж ашиглалтад ороод явж байна.

Үүний дараахан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярилцаж, Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн үзэл санааны дагуу баяжин бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлж, Гадаад харилцааны сайдын АНУ-д 2024 онд хийсэн айлчлалын мөрөөр Англи хэлийг заах ба сурах төгөлдөршил төвийг нээх зэрэг ажил эхнээсээ бодит ажил хэрэг болж буйг онцолж, АНУ-ын “United Airlines” компани Токио-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхэлснээр хоёр улсын хооронд зорчих урсгал, аялал жуулчлал, бизнесийн харилцаа нэмэгдэх ач холбогдолтойг тэмдэглэж, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай салбаруудад өргөжүүлэх, тухайлан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангахаар тохиролцсон байдаг.

2023 оны тавдугаар сард Улаанбаатар хотноо Монгол Улс, АНУ, БНСУ-ын гурван талт хамтын ажиллагааны шинэ форматын үндэс суурь тавигдав. Энэ уулзалтаар Эрчим хүчний аюулгүй байдал, ашигт малтмалын нөөц, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, тээвэр, нийлүүлэлтийн сүлжээ, хүнсний аюулгүй байдал, оюуны өмчийн эрх, түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа талууд онцлон тэмдэглэв. Гурван тал энэ зорилгоор янз бүрийн түвшинд, тэр дундаа дэлхийн эрдэс баялгийн нийлүүлэлтийн сүлжээнд Монгол Улсын гүйцэтгэх үүрэг зэрэг асуудлаар өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр шийдсэн.

Удалгүй АНУ, Монгол, БНСУ гурван талын чухал ач холбогдолтой ашигт малтмалын асуудлаарх анхны яриа хэлэлцээ 2023 оны зургаадугаар сард Улаанбаатарт болж, тухайн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Хосе В.Фернандес, (Jose W. Fer­nandez) БНСУ-ын Гадаад харилцааны хоёрдугаар дэд сайд Ий До-Хун нар оролцож хамтын ажиллагааны чухал асуудлыг авч хэлэлэн эдүгээ зарим нь ажил хэрэг болоод явж байна. Тухайлбал, Эрдэс баялаг, аж үйлдвэрийн яаман дээр БНСУ-ын буцалтгүй тусламжаар Газрын ховор элементийн судалгааны төв байгуулагдаж дууссаныг хэлэх хэрэгтэй болов уу.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Wendy Taylor (92.119.17.130)
    My name is Wendy Taylor, I'm from Los Angeles, i want to announce to you Viewer how Capital Crypto Recover help me to restore my Lost Bitcoin, I invested with a Crypto broker without proper research to know what I was hoarding my hard-earned money into scammers, i lost access to my crypto wallet or had your funds stolen? Don’t worry, Capital Crypto Recover is here to help you recover your cryptocurrency with cutting-edge technical expertise, With years of experience in the crypto world, Whether it’s a forgotten password, Capital Crypto Recover has the expertise to help you get your crypto back. a security company service that has a 100% success rate in the recovery of crypto assets, I provided them the information they requested and they began their investigation. To my surprise, Capital Crypto Recover was able to trace and recover my crypto assets successfully within 24hours. Thank you for your service in helping me recover my $647,734 worth of crypto funds and I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost money. Contact Telegram @Capitalcryptorecover Call/Text Number +1 (336)390-6684 his contact: Recoverycapital@fastservice.com
    2025 оны 11 сарын 23 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.83.234)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 11 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
“Замын Үүд чөлөөт бүсийг Засгийн газар онцгой анхаарна 13 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 13 цаг 55 мин Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо 16 цаг 2 мин ОУХМ Т.Түвшинтулга зодог тайллаа 17 цаг 25 мин Мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-60 см нэмэгджээ 17 цаг 29 мин Нобелийн Энх тайвны шагналыг шилжүүлэх боломжгүй 17 цаг 36 мин Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын сонирхогчдын УАШТ эхэллээ 17 цаг 45 мин Өнөөдөр “Баярлалаа” гэж хэлэх олон улсын өдөр  18 цаг 32 мин Хятад, Орос, Ираны хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт эхэллээ 18 цаг 40 мин Зэсийн үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 18 цаг 49 мин Б.Бямбадорж УАШТ-ий гурав дахь алтан медалиа зүүлээ 19 цаг 0 мин Сумын заан цолтон, залуу бөхчүүдийн барилдаанд 672 бөх зодоглож байна 19 цаг 4 мин Шах явлаа, Имам ирлээ! Мубарак явлаа, Исламистууд ирлээ! 19 цаг 10 мин М.Салахын зүтгэлээр египетчүүд хагас шигшээд шалгарлаа 19 цаг 41 мин Умард руу дрон нисгэсэн гэх мэдэгдлийг үгүйсгэжээ 19 цаг 45 мин Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ 20 цаг 55 мин Монголын гурван тамирчин өвлийн олимпод оролцох болзлоо хангаад байна 20 цаг 58 мин Соёлын төв өргөөнд 38 жилийн дараа их засвар хийхээр судалж байна 21 цаг 4 мин Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байна 21 цаг 46 мин Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэхээр уулзав 2026-01-09
iИх уншсан
Явуухулангийн Цаст Цагаан уул Д.Уламбаяр: Венесуэлд дэглэм өөрчлөгдөж, ардчиллын замаар хө... Марко Рубио “Монголын Ерөнхийлөгч хууль бус” гэж байжээ Вэнэсуэлчүүд цэцэг барин угтлаа Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Николас Мадуро гэж хэн бэ? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Бидний боломж гэрлээ анивчуулан зогссоор ... 2026 оны цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ Дональд Трамп Венесуэлийн дэд ерөнхийлөгчид анхааруулга өглө... Улаанбаатар төмөр замд 853 вагон шатахуун байна Венесуэл АНУ-тай хүндэтгэлтэй харилцаа тогтоохыг уриалав “Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгийг ирэх сард олго... Венесуэлийн хямралын улмаас үнэт металлын үнэ огцом өсөв Г.Занданшатар: УБЕГ иргэдээс уучлал гуйх хэрэгтэй Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн олголтын хуваарь гар... Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална
Top