УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ирэх оны төсвийг энэ долоо хоногтоо багтаан батлах ёстой. Зарим гишүүдийн хувьд цагийг нь тулгаж төсвөө батлах нь сөрөг нөлөөтэй гэж шүүмжилж байгаа. Таны хувьд төсөв дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Том зургаар нь харвал, ирэх оны улсын төсөв хэлэлцэх дараалал, бүтэц, иргэдийн санал авсан процесс, хөгжлийн бодлого, төлөвлөгөөтэй уялдуулах гэсэн гол чиглэлүүдэд тэнцвэрийг болон олон талын оролцоог хангаж чадаагүй төсвийн төсөл гэж үзэж байна. Тухайлбал, хүний хөгжилд суурилсан бодлого барина гэсэн атлаа хэлбэрийн төдий, дэндүү өнгөц байдлаар хандаж байгаад сэтгэл дундуур байна. Миний хувьд гурав дахь удаагийн төсвийн төслийн хэлэлцүүлэгт оролцоод явж байна.
Ер нь УИХ-ын гишүүн болгон л өөрийн орсон ажлын хэсгийн хүрээндээ судалгаа, тооцооллоо сайн хийдэг байх. Анх сонгогдож гишүүн болоод эхний удаагийн төсвийн хэлэлцүүлэгт тухайн үеийн сайд нартай хамтарч тодорхой бүлгийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр гэхчлэн төлөвлөсөн зүйлээ үргэлжлүүлэхээр тухайн үед тусгаж байсан бодлогын асуудал алдагдсан, эсвэл ор нэр төдий төсөвт тусгагдсан байдалтай болж хувирсан байгаа юм.
Мөн төсвийн мөнгөний зориулалт, зарцуулалт, үр дүн, биелэлтийг хэмжих шалгуур тодорхой бус байсан. Тиймээс дээрх асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий УИХ-ын даргын 185 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэгт миний бие мөн орж ажилласан.
-Тэгвэл дээрх ажлын хэсгийн хувьд улсын төсвийн зарцуулалт, үр дүнг хэрхэн хэмжиж байгаад хяналт тавьж ажилласан гэсэн үг үү?
-Тийм. Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулахдаа үр дүнд хүрсэн эсэх, тухайн үр дүнг үнэлэх шалгуур тогтооход бид түлхүү ажилласан. Тухайлбал, миний хувьд хөгжлийн бэрхшээл, нийгмийн эрүүл мэнд, гэр бүлийн асуудлууд болон УИХ-ын үйл ажиллагаа, хүний эрхийн чиглэлээр саналаа гаргаж, тусгуулсан. Үүний зорилго нь тухайн хууль тогтоомжид хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөр эрхлэх болон бусад үйл ажиллагаанд дэмжинэ гэсэн атлаа шалгуур үзүүлэлт нь ойлгомжгүй, хэмжих боломжгүйгээр тусгасан байдаг. Төсөв үр дүнгүй зарцуулагдах гол шалтгаан болох нь ойлгомжтой. Тухайн төсөв хүний хөгжилд чиглэж, үр дүнд хүрч байгаа эсэхийг тогтоох нь гол ажил юм.
Энэ нь татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зарцуулж байгаа эсэхийг хянах алхам гэхэд болно. Энэ мэт өмнөх жилүүдэд төсвийн төсөлд дээр алдаатай байсан зүйлүүдийг УИХ-ын гишүүд өөр өөрийнхөө хэмжээнд зассан. Анхнаасаа хэмжигдэхүүн, шалгуур үзүүлэлт тодорхойгүй, хүний хөгжилд суурилж чадаагүй үрэлгэн төсвийг буцаах шаардлагатай байгаа боловч хуулийн хугацаа буюу арваннэгдүгээр сарын 15-нд багтаж батлах шаардлагатай гэдэг тулган шаардалт, улс төрийн нөхцөл байдлаас болоод байгаа хэмжээндээ засаад батлахаас өөр гарцгүй болж байна. Тиймээс энэ богино хугацаанд энэхүү төсвийн төслийг боломжоороо сайжруулахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргаж байна.
-УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлээд өгөөч гэдэг санал гаргаад байгаа. Та байр суурь нэг байгаа юу?
-Ж.Баясгалан гишүүн бид хоёрын хувьд зарчмын асуудал дээр нам харгалзахгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд байр сууриа нэгтгэж, идэвхтэй хамтран ажилладаг. Жишээлбэл, 2024 оны наймдугаар сард төсвийн төсөлд зорилтот бүлгийн иргэд, олон нийтийн саналыг авч тусгуулахаар ажиллаж байсан. Ихэнх гишүүдийн хувьд нийтийн эрх ашиг гэхээсээ илүү тойрогтоо хөрөнгө оруулалт татах, тойргоо услах хэлбэрээр төсвийн төсөлд ханддагт сэтгэл дундуур байдаг.
Хувийн эрх ашиг, дахин сонгогдоход санаа тавьж иймэрхүү байдлаар төсөвт хандаж байгаа нь урхагтай гэж миний хувьд үздэг. Эрх ашгуудаа эрэмбэлж, асуудлаа ач холбогдлоор нь жагсааж төсвийн төслийн саналаа яаж бодитой гаргах вэ гэдэгт анхаарал хандуулж, сэтгэл гаргаж болох ажлыг наймдугаар сараас хойш хийж болох байсан. Тодорхой төсөл арга хэмжээний мөнгөн дүнг нэмэх бол нэг хэрэг, харин цаашид мөнгөн бус халамж үйлчилгээний тогтолцоо руу шилжиж, хүн хэвийн ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлж, амьдралын чанарыг сайжруулахад нэн тэргүүнд бид анхаарах хэрэгтэй. Наад зах нь хүнийг халамж авдаг зорилтот бүлгээс гаргаж, улс орны эдийн засагт хувь нэмэр оруулж чадах буюу бизнес, хөдөлмөр эрхлэх чадвартай болгох ёстой.
Нийгмийн ажлын үйлчилгээг бид сайжруулж чадвал халамжаар амь зогоож байгаа бүлэг багасаж халамжид төсөвлөх мөнгөн дүн буурдаг. Миний хувьд байнга үүнийг ярьж, бичиж, санал гаргаж яваа. Энэ мэтчилэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн орон сууц, асрах үйлчилгээ, шаардлагатай эмийн хүрэлцээ зэрэг асуудлыг шийдвэрлүүлэхийг зорьж байна. Үнэндээ үе үеийн парламентын түүхэнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг ингэж хөндөж, шийдвэрлэж байсан тохиолдол бага байсан гэдгийг дурдах нь зүйтэй байна.
-Төсвийн хэлэлцүүлгийн үеэр чуулганы танхимд Төсвийн байнгын хорооны дарга нь нөлөөлсөн асуудал нийгэмд шуугьж байна. Энэ бичлэгийг таныг хийсэн гэдэг. Яг ямар зорилгоор, яагаад ийм бичлэг хийж, олон нийтэд цацах болсон юм бэ?
-Би тэр бичлэгийг хийсэн нь үнэн. 12 орчим секундийн бичлэгийг л олон нийтэд хуваалцсан. Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж энэ УИХ-д сууж байгаа. Нийтийн эрх ашгийг ярьж байхад эсрэгээр үр ашиггүй зүйлд төсвийн төслийг батлуулах гэж улайрч увайгүй үйлдэл хийж байгаатай эвлэрэх аргагүй. Нөгөөтэйгүүр иргэд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй.
Иргэдийн хувьд камерт харагдсан хэсгийг үзээд л УИХ-ын чуулган ингэж хуралддаг юм байна, тэр гишүүн тэгж хэллээ, ингээд ийм шийдвэр гаргалаа гэж боддог. Хэвлэл мэдээлэлд түгсэн популист маягийн мэдэгдэл, хэрүүл, чухал үгсийн тухай бичлэг нь тухайн чуулганы танхимд болж байгаа нийт процессын ердөө 10 орчим хувь л байдаг ба 90 орчим хувийг иргэд, олон нийт хардаггүй, сонсдоггүй, мэддэггүй.
-Тэр үйл явдлын талаар “Улаан, ногоон лааз өргөхөөр гишүүд миний үгэнд ороод кнопоо дардаг гэж юу байх вэ дээ” гэж Х.Ганхуяг гишүүн тайлбарласан…?
-Төсөв дээр орж ирж байгаа өөрчлөлтүүдийг цагийг нь тулгаж нууж оруулж ирдэг. Жишээ нь, Төсвийн тухай хуулийн тодорхой заалтыг өөрчлөх санал ойлгомжгүй, хэдэн үг үсэг нэмэх, эсхүл тоон дүнг өөрчлөх, нөгөөгөөс нөгөө рүү зөөж байгаа хэлбэрээр танилцуулагдаж санал хураалгадаг. Бүх гишүүд эдийн засагч, санхүүч, төсвөөр мэргэшээгүй байдгийг мэдсээр байж цагийг тулгаад 500 гаруй хуудас материал өгчхөөд богино хугацаанд санал хурааж шийдвэрлэх гэж улайрдаг нь хамгийн гол асуудал юм.
Уншиж танилцах, тухайн зүйл заалтын талаар ойлгомжтой тайлбарлахгүйгээр санал хураах процесс яваад байгаад эгдүүцэл, бухимдал төрөөд байгаа юм. Үүнийг тодруулахаар удаа дараа асууж, тайлбар хүсэхэд байнгын хорооны дарга Х.Ганхуяг, Б.Жавхлан сайд нар “За гишүүд ээ, намайг дагаарай, миний саналаар та нар саналаа өг, Төсвийн байнгын хорооны дарга учраас би үүнийг мэдэж байна, та нар дуугай л намайг дага” гэдэг үйлдлийг л тэр лаазаар гаргасныг хүлээн зөвшөөрч, эвлэрч чадаагүй хэрэг. Ямар хүн мэдээллээс хоцордог вэ.
-Мэдээлэл авахад бэрхшээлтэй иргэд л мэдээллээс хоцордог юм болов уу?
-Бидний тогтсон ойлголтоор бол хараагүй, сонсголгүй иргэд мэдээллийг авдаг ч зөрүүтэй, хожимдож авдаг. Гэтэл яг үнэндээ бодит байдал дээр манай иргэд бүгд мэдээллээс хоцордог юм байна гэдгийг би улс төрд ороод маш сайн ойлгосон. Бид нийгмээрээ мэдээллээс хоцорч байгаа. Би танд нэг л жишээ хэлье. Ж.Батсуурь гишүүний хувьд барилгын сайд байхдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны асуудалд санаачилга гаргаж огт ажиллаагүйг олон нийт мэднэ. Миний хувьд бүтэн жил энэ асуудлыг ярьсан. Чуулганы танхимд мөн л үүнийгээ ярьж байхад заалны нөгөө жигүүрээс над руу орилж, намайг дооглон тохуурхаж, шоолж инээж байсан.
Ийм ёс зүйгүй үйлдэл гаргачхаад чуулганы хаалгаар гараад сэтгүүлчдэд “Би юу гэж орилох юм бэ” гээд тайлбар өгөөд зогсож байх жишээтэй. Ингэхээр энэ хүнийг дэмждэг хүмүүс нь “Юу гэж Ж.Батсуурь сайд угаасаа орилоод, эмэгтэй хүнийг шоолоод, тохуурхаад байх вэ дээ. Тэр О.Саранчулуун л эмэгтэй юм болохоороо хэрүүл өдөж эхэлсэн байх” гэх маягаар эмэгтэй гэдэг утгаар нь намайг буруутгах хандлага бий болж эхлэсэн. Зүй бус үйлдэл, ёс суртахуунгүй байдал Их Хурлын танхимд гарч байгаатай би яагаад эвлэрэх ёстой гэж. Иймээс би тухайн гишүүнийг УИХ-ын Ёс зүйн хороонд өгсөн. Их Хурлын гишүүд өөрсдөөсөө эхэлж ялгаварлалгүй, жендерийн мэдрэмжтэй, ёс зүйтэй байхад манлайлал үзүүлэх ёстой.
-Улстөрчдийн дунд үзэл бодлын зөрчил, санал, шүүмжлэл их л байдаг. Үүнийгээ улстөрч болгон янз бүрээр илэрхийлдэг…?
-Санал зөрөлдөх зүйл олон гардаг ч жагсаалтын, эсхүл анх удаа сонгогдсон, залуу гэсэн байдлаар илт дорд үзэх, үл тоох, загнах зэрэг ёс зүйгүй үйлдлүүд мэр сэр ажиглагддаг. Олон удаа сонгогдсон, тойргоос сонгогдсон нь давуу эрхтэй, төсөв илүү батлуулж авна гэсэн хачин гаж үзэгдэл УИХ-ын танхимд үүсч бий болсонтой яагаад ч эвлэрч, хүлээн зөвшөөрч болохгүй. Ард түмнээс мандат авч сонгогдсон Их Хурлын гишүүд бүгд адил тэгш.
Хүйсийн хувьд ч эмэгтэй гишүүдийг доромжлох, буруутгах, адлах зүйл гарч байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг. Ийм учраас УИХ-ын үйл ажиллагааг бүрэн ил тод болгох ёстой. Ил тод байдал алдагдвал тэнд авлига, хууль бус тохироо, сонирхлын зөрчил гардаг. Миний хувьд УИХ-ын болон төрийн бодлого шийдвэр гаргах үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгохын тулд өөрөөс хамаарах бүхий л зүйлийг энэ хугацаанд заавал хийнэ гэж төлөвлөж байгаа юм.
-Таны хувьд ҮХЦ-ийн дүгнэлт гарсантай холбоотойгоор уг асуудалд ҮХЦ-ийг ҮХЦ-д өгмөөр байна гэж хэлсэн. Энэ ямар учиртай вэ. Мөн Х.Булгантуяа гишүүний асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Байнгын хороогоор орсон дэмжээгүй, дэмжсэн саналуудыг УИХ-ын чуулганаар эцэслээд шийддэг. Тэгэхээр байнгын хорооны дэмжээгүйг дэмжинэ үү, дэмжсэнийг нь дэмжихгүй юу гэдэг бол УИХ-ын чуулганы өөрийн бүрэн эрхийн асуудал. Яг энэ зарчим, дэгээрээ бүтэн жил гаруй явсан. Гэтэл Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр энэ процесс нь Үндсэн хууль зөрчлөө гээд ҮХЦ нь үзсэн. Угтаа ҮХЦ-ийг Үндсэн хуулийн манаач, Цэцийн дээр хөх тэнгэр л байдаг гэдэг утгаараа миний хувьд ҮХЦ-ийг хүндэтгэж ирсэн.
Гэтэл энэ шийдвэрээр хэт нэг талыг барьж, илэрхий хувь хүнийг буруутгасан бараг захиалгат байдлаар гаргасан юм шиг санагдсан. Энэ шалтгааны улмаас Цэцийг хүндэтгэх, итгэл үнэмшил буурсан. Бүтэн жил явж ирсэн процессыг дүгнээгүй атлаа ганцхан Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр Үндсэн хууль зөрчсөн, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн өмгөөлүүлэх эрхийг хангаагүй. Ийм хоёр зүйл дээр миний урам, итгэл хагарсан учраас ҮХЦ өөрөө ҮХЦ-д очих ёстой гэдэг зүйлийг сэтгэл хөдлөлд автаж үзэл бодлоо илэрхийлсэн нь тэр. Үүнийг хэвлэл мэдээлэл янз бүрээр хэлж, нийтэлснийг та бүхэн мэдэж байгаа байх.
-Удахгүй танай намын Их хурал болох гэж байна. Намын Их хурлаар ямар асуудлаа нэн тэргүүнд хэлэлцээд шийдээсэй гэж бодож байна вэ?
-Миний хувьд МАН-ын гишүүн бөгөөд энэ намын Бага хурлаас намайг УИХ-ын сонгуульд жагсаалтад нэр дэвшүүлсэн. Энэ утгаараа тус намын үйл хэрэг, үнэт зүйл бодлогыг дэмжин ажиллаж, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргах үүрэгтэй. Нөгөөтээгүүр МАН бол дан ганц Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр, Д.Амарбаясгалангийн нам огт биш ээ. Манай намд маш олон “Саранчулуунууд” байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмадууд, их сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид, залуу гишүүд, миний оюутан шиг хүмүүс ч бий.
Тэгэхээр миний хувьд УИХ дээр гаргаж байгаа үйлдэл, улстөрчтэй бодлогын мэтгэлцээн өрнүүлж, нийгмийн бүлэг хүмүүсийн төлөөллийн дуу хоолойг парламентын түвшинд хүргэж байгааг хараад бид ч бас дуугарч болох юм байна гэдэгт бодит нөлөөлөл үзүүлэх юмсан гэж хүсэж байна. Миний хувьд нийгмийн ажилтан мэргэжилтэй учраас энэ чиглэлээрээ хуулийн төсөл санаачлаад явж байна. Гэтэл УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаа нь зөрчилдөөнтэй, аливаа шийдвэрүүд эсрэг тэсрэг гарч байгаа нь харамсалтай. Яг энэ асуудлаар миний хувьд намынхаа Их хуралд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлнэ. Би хаашаа явж байгаа вэ, бид ямар зам сонгосон бэ гэдгээ бас ярих ёстой.
Өдрийн сонин



