x

Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн түгээх станцаас илэрсэн

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах боломж энэ жил гарч байх шиг байна. Тиймээс энэхүү асуудал нийгмийн анхаарлыг татаж байгаа. Салбар хариуцсан сайдын хувьд уг гэрээтэй холбоотой, тэр дундаа хүүг бууруулах асуудлыг хэрхэн шийдэх бодолтой байгаа вэ?

-Энэ удаагийн хэлэлцээр гурван үндсэн агуулгаар яригдаж байгаа. Нэгдүгээрт, Оюу толгойн гэрээгээр хүлээсэн зээлийн хүүг бууруулах. Хоёрдугаарт, Оюу толгойн менежментийн төлбөрийг бууруулах, шинээр авч үзэх. Гуравдугаарт, засаглалыг сайжруулах гэсэн ийм гурван чиглэлийн хүрээнд хэлэлцээр эхлээд явж байгаа. Таны хэлж байгаагаар Оюу толгойн олны анхааралд байгаа хамгийн чухал асуудал бол зээлийн хүүг бууруулах.

Тэгэхээр уг асуудлаар ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахлаад явж байгаа бол нийт хэлэлцээрийг миний бие ахлаад ажиллаж байна. Хөрөнгө нийлүүлэгчийн гэрээнд зээлийн хүүг долоон жилд нэг удаа ярилцана гэдэг түгжээг хийчихсэн байдаг. Энэ утгаараа уг хугацаа ирэх оны нэгдүгээр сарын төгсгөлд дуусна. Энэхүү асуудал долоон жилийн өмнө нэг удаа таарсан. Харамсалтай нь тухайн үед бид өөрт ашигтайгаар, нааштайгаар ашиглаж чадаагүй юм билээ.

Энэ жилийн хэлэлцээр хугацаа нь өнгөрчихвөл мөн ашиглах боломжгүй болно гэдэг болгоомжлол бидэнд байсан. Харин саяхан уг асуудлаар Рио-Тинтогийн удирдлагуудтай бид хэлэлцээд, үр дүнд нь уг асуудлаа хэлэлцээрийн хугацаанаас өмнө амжиж дуусгах боломж гарч ирсэн. Хэрэв хугацаандаа амжихгүй бол уг хугацааг сунгаж, хэлэлцээр шийдвэрлэгдтэл асуудлаа ярина. Өөрөөр хэлбэл, хугацаагаар хязгаарласан түгжээг бид авч хаясан гэсэн үг.

-Рио Тинтогийн холбогдох удирдлагуудтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд өөр ямар шийдвэрүүд гарсан юм бэ?

-Оюу толгойн хэлэлцээрийн Монголын талын нэгдсэн багийг ахалж хоёр өдөр Рио Тинтогийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж багагүй үр дүнтэйгээр энэ удаагийн хэлэлцээрийг өндөрлүүллээ. Бид Монгол Улсын Засгийн газраас баталж өгсөн удирдамжийн дагуу хэлэлцээрт орсон.

Юуны түрүүнд түрүүн хэлсэн Оюу толгой төслийн Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацаа дуусч байгаа гэх түгжээг тайлж тус хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлж үр дүнд хүрэхээр Рио Тинтогийн талтай тохиролцож чадлаа.

Хоёрдугаарт, Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулахаар тохиролцож чадлаа. Тус хоёр асуудлаар хэлэлцээрийг үргэлжлүүлж энэ оны энэ сард багтаан хоёр талаас тавьж буй бусад нөхцөлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл, саналуудыг нягтлан хэлэлцэхээр тогтлоо.

Гуравдугаарт, Оюу толгой төслийн менежментийн үйлчилгээний төлбөрийг бодитой бууруулах, засаглалын чанарыг сайжруулах чиглэлээр манай тавьсан саналыг хүлээж аваагүй тул энэ чиглэлээр Рио-Тинтогийн тал дахин судалж үзэн эргэн ярих хүртэл хэлэлцээрийг зогсоох шийдвэр гаргалаа. Монголын ард иргэд, төр засаг нийтээрээ итгэж, найдаж даалгасан ажилд эх орныхоо эрх ашгийг хангагдтал алхам ч ухрахгүй хичээн ажилласаар байх болно гэдгээ хэлмээр байна. Нөгөөтэйгүүр Монголын талаас хэлэлцээрт баг болон ажиллаж байгаа эх оронч, эрдэм боловсролтой, ажилсаг залуусдаа баярлалаа.

-Шатахууны асуудал алаг цоог байна. Уг асуудлыг хэвийн түвшинд хүргэхийн тулд яах ёстой вэ. Хэзээ шатахууны асуудал хэвийн болох вэ?

-Байгаа шатахуун, бензинээ зарахгүй байх асуудал хэдэн хэдэн шатахуун түгээх станцаас илэрсэн. Уг асуудлаар хууль хяналтынхан болон манай яамнаас гарсан хяналтын багийнхан яг газар дээр нь очоод ажиллаж байгаа. Энэ ажил одоо ч үргэлжилж байна. Ер нь уг асуудлыг нэгдсэн зохион байгуулалтаар хийж байгаа юу, эсвэл тухайн шатахуун түгээх станцын ажилтнуудын хариуцлагагүй байдлаас болсон уу гэдгийг олж тогтоох шаардлагатай.

Сая шатахууны ганцхан төрөл буюу АИ-92 дээр түр зуурын шок үүссэн. Үүнээс шалтгаалаад нэг шатахуун түгээх станц өдөртөө гурван удаа цэнэглэж байна. Угтаа өдөрт нэг л цэнэглэчихэд болдог байсан бол одоо гурван удаа цэнэглэж байгаа.

Нөгөөтэйгүүр нөөц нь дууссан шатахуун түгээх станцуудыг цэнэглэх тээврийн тэрэгнүүд өдөр автозамын ачаалал ихтэй үед зорчиж байгаа учраас тухайн станцуудад оочерлох, дугаарлах асуудал ганц нэг байсаар байна. Манайх руу орж ирж байгаа шатахуун импорт хангалттай хэмжээнд байгаа. Тиймээс энэ шок өдөр өдрөөр хэвийн байдал руугаа ороод явна.

-Нийслэлээс гадна орон нутагт байдал бас амаргүй байна шүү дээ. Орон нутаг руу хангалт хийгдэж байгаа юу?

-Тээвэрлэлт, нийлүүлэлт улс орон даяар идэвхтэй явж байгаа. Энэ утгаараа орон нутагт ч хангалтууд түргэн шуурхай хийгдэж байна. Байдал цаашдаа хэвийн түвшиндээ очих нь тодорхой. Өдөр өдрөөр л хэвийн болж байгаа шүү дээ.

-Та амралтын өдрүүдэд газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаад ирэх шиг боллоо. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ямар явцтай байна вэ?

-Монгол Улсад хэрэгжиж байгаа хамгийн том төсөл болох газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд Ерөнхий сайд Г.Занданшатар, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нартай хамт ажиллалаа. Төсөл хэрэгжүүлэгч компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, БНЭУ-ын элчин сайд А.М.Готсурве нар төслийн хэрэгжилтийг дэлгэрэнгүй танилцуулсан.

Монгол Улс түлш шатахууны хувьд бие даасан бодлоготой, хангамжтай болох томоохон зорилтын ард гарахын тулд газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг ямар нэгэн саадгүй, эрчимтэй урагшлуулах нь чухал. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр Засгийн газрын төлөвлөж байгаа бусад төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд онцгой нөлөө үзүүлж, эрч хүч нь болох болно. Засгийн газрын тэргүүн болон гишүүд уг төсөл төлөвлөсөн хугацаанд нь буюу 2028 онд үйлдвэрийг ашиглалтад оруулахад бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн.

2021 онд эхэлсэн бүтээн байгуулалтын ажил томоохон үе шатуудыг давж, эрчимтэй өрнөж байна. Төслийн хэрэгжилтийн талаар 14 хоног тутам нарийн мэдээлэл авч, онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Хоёр сарын өмнө ирж танилцсанаас хойш үйлдвэрийн талбай дахь барилга угсралтын ажил маш ахицтай явагдаж байгааг харлаа. Засгийн газар, манай яам үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг баталгаажуулах асуудалд бодлогын шийдвэр гаргахаар идэвхийлэн ажиллаж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 15 цаг 18 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 15 цаг 19 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 15 цаг 25 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 15 цаг 27 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 15 цаг 29 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 18 цаг 42 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 18 цаг 45 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 18 цаг 46 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 18 цаг 46 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 18 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 18 цаг 48 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 18 цаг 49 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 18 цаг 49 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 18 цаг 50 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 18 цаг 52 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ 22 цаг 11 мин Польш улс бага сургуулийн сурагчдыг гар утас ашиглахыг хориглоно 22 цаг 19 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 22 цаг 20 мин Түрээсийн мопед, скүүтерийг өнөөдрөөс түр хугацаанд хориглолоо 22 цаг 22 мин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна 22 цаг 22 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин г... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ...
Top