x

Ц.Мөнхтуяа: Миний өргөн барьсан хууль батлагдахад багш нарын цалин 3.5 сая төгрөгт хүрнэ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяатай багш нарын цалин, ажил хаялтын талаар ярилцлаа.

-Багш нар цалингаа нэмүүлэх асуудлыг тавиад нэлээд хоночихлоо. Энэ асуудал ямар байдалтай байгаа талаар мэдээлэл өгнө ү?

-Ер нь багш нарын цалин сүүлийн 30 жилд бланс, тэнцвэр нь алдагдсан. Тэртээ 1990-ээд оноос өмнө багш нарын цалин бас ч гэж дундаж давхаргын хэмжээнд байсан. Гэтэл өнөөдөр багш нарын авч байгаа цалин улсын дунджаас бараг хоёр дахин бага байгаа. Энэ бол үнэхээр харамсалтай тоо. Өнгөрсөн 2017 онд 535 мянган төгрөг байсан. Тухайн үед ам.долларын ханш 1600-1700 төгрөгтэй тэнцэж байлаа. Тэр үед л бид 1.6 сая төгрөг болгоё гээд тэмцэж явсан. Гэтэл түүнээс хойш найман жил өнгөрөхөд өнөөдөр дорвитой нэмэгдсэн зүйл байхгүй. Инфляци өсөөд байдаг. Ам.долларын ханш нь тэр үеэсээ хоёр дахин өсчихсөн байна. Даанч багш нарын цалин бахь байдгаараа, нөгөө 400 ам.доллар дээрээ гацчихсан л байдалтай байгаа. Тийм болохоор Монгол Улсын төр гэж байдаг л юм бол багш нарынхаа цалин хөлс, нийгмийн баталгааг дээшлүүлэх, ядаж дундаж түвшинд авч ирэх цаг нь болсон гэдэг дээр санал нэг байна. Харин нөгөө талаас нь аваад үзэх юм бол МАН-ынхан маань хоёр тал болоод зодолдож байгаа. Үүнийг өнөөдөр хүн бүр л мэдэж байна, нууц биш. Нэг тал нь засгаа унагах гээд байдаг. Гэтэл энэ тулаанд багш нарыг чирж оруулсан улс төрийн тоглолт болчихов уу гэж харамсаж харж байгаа. Тийм учраас би үүнд оролцохгүй байгаа юм.

-Таны хувьд багш нарын ажил хаялтыг дэмжихгүй гээд байсны учир нь энэ үү?

-Тийм, багшийн цалинг 1000 ам.доллар болгоё гэж би өөрөө 2017 онд анх шүгэл үлээсэн багш хүн. Гэтэл өнөөдөр бодит үнэнээр явж байсан зүйлийг худал болгож байгаад харамсаж байна. Өнөөдөр тав, арван хувиар ханцуйн дотроо тохироо хийдэг Монголын үйлдвэрчний холбоо, засаг төр маань жилийн жилд гурван талт хэлэлцээр хийдэг

Харамсалтай нь тэр хэлэлцээрийнх нь үр дүн муу учраас өнөөдөр багш нар тэмцэж байгаа шүү дээ. Тэд үнэхээр бодитой багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг дээшлүүлье гэж байсан бол арай ч ийм цалинтай байхгүй байлаа. Бид 2017 оноос хойш тэмцлээ, явлаа. МҮЭ өнөө л тав, арван хувь дээрээ л явж байгаа. Гэтэл гэнэт энэ улс төрийн зодооны дундуур 3.5 сая төгрөг гэдэг тоо ороод ирсэн. Тиймээс би яг үнэндээ гайхаж байна. Би ерөөсөө ийм улс төрийн муухай зүйл рүү багш нараа оруулах дургүй. Хэзээ ч би улс төртэй холилдож тэмцэл хийж яваагүй. Мөр маань цагаан учраас би хүний өөдөөс бүтэн хараад ярьдаг. Бодитой асуудлыг л хөндөж тавьдаг. Гэтэл нөгөө МҮЭ маань өнөөдөр ардын баатар болчихсон 3.5 сая гээд явж байна. Одоо ирэх оныхоо төсвийг батлах гээд ид хэлэлцэж байгаа. Гэтэлд төсөвт үнэхээр мөнгө байхгүй гэдгийг Сангийн сайд нь хэлж байна. Ийм байхад юугаа нэмүүлэх гээд ингээд яриад байгааг гайхаж байна. Улс төрийн зодоонд багш, эмч нарыг авч ороод засгийг огцруулах талд нь үйлчлээд байна уу гэж харж байгаа.

-Харин ч энэ улс төрийн зодооныг нь далимдуулаад 3.5 сая буюу таны яриад байгаа 1000 ам.доллар болгуулаад авах нь таны зорилго биш юм уу?

-Мөн л дөө, цалингаа нэмүүлэх бол туйлын зорилго. Гэтэл Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний холбоо, Боловсролын яам хоёрын хийсэн 2024-2026 оны хамтын хэлэлцээр гэж нэг зүйл бий. Тэр хэлэлцээрийн 3.1 дээр нь багшийн цалинг өнгөрсөн оноос буюу 2023 оноос дордуулахгүй түвшинд 30 хувь нэмнэ гэсэн заалт байгаа. Энэ хэлэлцээрээ зөрчөөд улс төрийн зодоон явангуут давхиад ороод ирсэн. Дээрээс нь миний өргөн барьсан хууль хэлэлцэгдэж, батлагдах гээд өөрсдөө юу ч хийгээгүй болохоор МҮЭ-ийнхэн сандралдаад байгаа юм.

-Таны өргөн барьсан хууль гэдэг нь юу билээ?

-Миний хувьд 42 гишүүний хамтаар Боловсролын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьчихсан байгаа шүү дээ. Харамсалтай нь улс төрийн хэрүүлүүд явагдаад хуулиуд хэлэлцэгдэхгүй байна. Удахгүй хэлэлцэгдээд эхэлнэ. Үүн дээр маш тодорхой буюу 1000 ам.доллартай тэнцэхүйц хэмжээнд аваачих гээд тодорхой заалтууд нь орчихсон. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ долоон хувь, төсвийн зарцуулалтынхаа 20 хувийг боловсролын салбарт зарцуулна гэдэг зүйлийг оруулчихсан байгаа. Гэтэл өнөөдөр манай нөхдүүдийн тавьж байгаа шаардлага хуулийн процессын алдаатай. Ийм хууль зөрчсөн зүйл рүү би багш нарыг дагуулаад оруулж болохгүй. Монгол Улс чинь хуультай улс. Гэхдээ би багш нарынхаа төлөө дуугарсаар байгаа. Чуулганы танхимд 2024 оноос хойш өнөөдрийг хүртэл Ц.Мөнхтуяа л дуугарч байна. Өөр багш нарын төлөө дуугараад байгаа хүмүүсийг би нэг их олж харахгүй байгаа.

-Одоо багш нар маань ажил хаячихсан. Маргааш (өнөөдөр) хичээл эхлэх байсан ч эхлэхгүй гэдгийг сургууль, багш нарын зүгээс эцэг, эхчүүдэд мэдэгдэж байна. Тэгэхээр цаашдаа яах юм бэ?

-Хэлэлцээр, хууль гэж нэг юм байна. Хэлэлцээрийг яах гэж хийдэг юм. Түүн дээрээ яах гэж 30 хувь гээд оруулчихсан юм. Анхнаасаа 3.5 сая гэж оруулахгүй яасан юм гээд л асуудлууд гараад ирнэ. Нэгэнт ингээд хийчихсэн хэлэлцээр байгаа учраас түүнийгээ л дагаж таарна шүү дээ. Харин миний өргөн барьсан хууль батлагдахад тэртэй, тэргүй багш нарын цалин 3.5 сая төгрөг болно.

-Тэгвэл одоо ингэж ажил хаяад багш нарын цалин нь 3.5 сая болох боломжгүй гэсэн үг үү?

-Боломжгүй гэдгийг нь би биш, тэр Сангийн сайд нь хэлчихсэн шүү дээ. Би Засгийн газрын гишүүн биш. Харин багш нарын төлөөлөл болж Их хуралд орсон энэ үүргээ маш сайн хийж байгаа гэж бодож байна. Хэзээ ч шинэ гишүүн хууль өргөн барьдаггүй, чи чадлаа гээд гишүүд баяр хүргэж байсан. Би Засгийн газрын гишүүн байсан бол тэр тэвчиж болох зардлуудаас нь танаад багшийн цалинг 1000 ам.долларт хүргэмээр л байна. Гэхдээ би хэлж, шаардаж байгаа. Өөрийнхөө хийж болох бүхнийг хийж л байна. Ер нь бол 2024 оны долдугаар сарын 1-нд тангараг өргөснөөсөө хойш багш нарын цалинг нэмүүлэх тухай л ярьж байгаа. Харин үүнийгээ хуулийн хүрээнд хийх гээд хуулийг нь санаачлаад өргөн барьчихсан явж байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд тэмцэл, жагсаалаар амьдралынхаа баталгааг хангадаггүй юм билээ. Хуулиар л баталгаажуулж байна. Бид саяхан Солонгос улсаас хуульч хүн авч ирж багш нарын нийгмийн асуудал, хууль эрх зүйн орчны харьцуулсан судалгаа хийж уулзалт зохиосон. Тэгэхэд Солонгост багшийн цалин өндөр байдаг. Ингэхдээ хууль эрх зүйн орчныг сайжруулаад хуулиар хамгаалчихсан учраас өндөр байгаа юм. Харин тэр хуулийг хэрэгжүүлэхгүй бол бид талбайгаа дүүргээд жагсдаг гэж хэлж байна лээ. Тэгэхээр одоо манайх ч гэсэн хуулиар багш нарынхаа цалин хөлс, нийгмийн баталгааг хангаж өгөх цаг нь болсон. Би ер нь найман жилийн туршид гудамжинд жагсаж, тэмцэж, багш нарынхаа цалинг нэмүүлэхийн төлөө явсан. Харамсалтай нь олигтой үр дүн гараагүй. Нүд хуурсан л зүйлүүд хийгээд өнгөрдөг. Харин одоо хуульд энэ бүхнийг суулгаж өгөхөөр өргөн барьчихаад явж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 1 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 1 цаг 39 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 1 цаг 41 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 1 цаг 42 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 1 цаг 44 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 1 цаг 46 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 4 цаг 34 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 4 цаг 38 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 4 цаг 39 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 4 цаг 40 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 4 цаг 40 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 4 цаг 41 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 4 цаг 43 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 4 цаг 44 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 6 цаг 30 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 6 цаг 40 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 6 цаг 41 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 6 цаг 42 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 6 цаг 43 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top