x

Тамхины хэрэглээ ба хяналт

Тамхины эдийн засаг, зах зээлийн хэмжээ, тамхины нийтийн эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт үзүүлдэг нөлөө, одоогийн нөхцөл байдал болон "Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт", электрон тамхи болон түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ажлын явц, гүйцэтгэл, хүлээгдэж буй үр дүнгийн талаар ярилцлаа. Зочдоор УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, “Премиум Нексус” компанийн дэд захирал Г.Чинзориг, АШУҮИС-ийн судлаач, Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор Т.Ариунтуяа, “Зуршлаа өөрчилье” ТББ-ын тэргүүн, “Coalition of Asia Pacific Tobacco Harm Reduction Advocates”-ийн Монгол дахь зохицуулагч Б.Цогт-Очир нар уригдлаа.

В.Ганзориг: Тамхи үүсч, дэлхийд түгсэн түүх, төрөл ангилал, хэрхэн хүн төрөлхтний хэрэглээ болсон тухай танин мэдэхүйн асуултаар нэвтрүүлгээ эхэлье!

Т.Ариунтуяа: Кино, жүжиг дээр тамхи гаанс, дипломат хэлбэрээр нэвтэрч түгсэн түүх гардаг. Монголчуудын хувьд 1990 онд зах зээлд шилжсэнээс хойш янжуур, дүнсэн тамхины хэрэглээ нэлээд эрчтэй нэмэгдсэн. Харин сүүлийн жилүүдэд ялангуяа залуучуудын хувьд электрон тамхи, vape түгээмэл хэрэглэгддэг болжээ. Тамхийг хэрэглэдэг арга зам улам нарийсч өндөр түвшинд гарсан. Урьд нь зөвхөн татдаг, сордог зүйлийг тамхи гэж ойлгодог байсан одоо шимдэг, ууршуулдаг, утаа гаргадаг болон гаргадаггүй гэх мэт маш олон төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүн зах зээлд бий болжээ. Энэ хэрээр тамхи нийгмийн эрүүл мэндэд тулгамдсан асуудал үүсгэсэн бүтээгдэхүүн болсон.

Б.Цогт-Очир: Никотин агуулсан бүх төрлийн бүтээгдэхүүн Монгол Улсад борлуулагдаж байна. Тамхи 5000 жилийн өмнө үүссэн. 1900 оны эхнээс хэрэглээ нь эрчимжиж, хувийн компаниуд байгуулагдан зар сурталчилгаа явуулж, улмаар 1950 оноос эхлээд эрүүл мэндийн хор хөнөөлийн судалгаанууд гарч, уушги болон бусад төрлийн хорт хавдруудын үүсэлд нөлөөлдөг гэдэг үр дүн гарсан. 1978 онд Гилбэрт гэдэг хүн өнөөгийн цахилгаан тамхины бүтцийг гаргасан боловч худалдаанд нэвтрүүлж чадаагүй. Харин 2003 онд уушгины хорт хавдраар аавыгаа алдсан эм зүйч цахилгаан тамхийг бүтээн патентаа авсан түүхтэй.

Олон төрлийн тамхи, тамхин төрлийн бүтээгдэхүүнтэй болсон гэж сая хэллээ. Бүгдийг нь тамхи гэж үзэх үү, үгүй юу гэдэг нь маргаантай сэдэв хэвээр байна. Никотин агуулж буй бүхэн тамхи гэж тооцох нь өрөөсгөл ойлголт. Учир нь хүн никотин авдаг олон төрлийн аргуудтай болсон. Бидний мэддэг янжуур тамхи цельсийн өндөр хэмд шатаж утаа гаргадаг. Энэ утаанаас гарч буй хоруу чанарыг бууруулж буй альтернатив бүтээгдэхүүнийг ялгаж салгаж ойлгох ёстой. 

Г.Чинзориг: Одоо үйлчилж буй “Тамхины хяналтын тухай хууль”-иар ерөнхий боловсролын сургуулиас 500 метрийн зайд дүнсэн суурьтай тамхийг зарж болохгүй. Иймээс манай ихэнх салбар янжуур тамхи зардаггүй. Гэхдээ электрон тамхи зарагддаг. Байршлын онцлог байдаг хэдий ч янжуур тамхи зарагдаж буй газар электрон тамхины борлуулалт ойролцоо байдаг нь анзаарагддаг. 

О.Номинчимэг: УИХ өөрөө хүн төвтэй, иргэдийн дуу хоолойг сонсоод цаг үеийн асуудлаа шуурхай шийдвэрлэдэг байх ёстой гэдэг стратеги төлөвлөгөө гарсан. Энэ зорилгоор нийгэмд тулгараад буй хэд хэдэн асуудлыг шийдэх ажлын хэсэг гарсан. Үүний нэг нь болох “Тамхины хяналтын тухай хууль” болон электрон тамхитай холбоотой ажлын хэсэг өнгөрсөн оны 10-р сард байгуулагдан ажиллаж байна. Хүүхэд, залуучуудын дунд уламжлалт болон шинэ төрлийн тамхины хэрэглээ эрчтэй өсч, энэ хэрээр эцэг эхчүүд, эрүүл мэндийн байгууллагынхан санаа зовдог болж, хангалттай арга хэмжээ авахгүй байна гэж шүүмжилсээр ирсэн. 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ АУДИО ХЭЛБЭРЭЭР СОНСОХЫГ ХҮСВЭЛ ТА ЭНЭ ХОЛБООС ДЭЭР ДАРНА УУ!

Энэ асуудал өмнө олон удаа засгийн газрын түвшинд яригдаж байсан ч олон талын ашиг сонирхлыг хөнддөг учраас цаашаа явж чаддаггүй байв. Олон бэрхшээлтэй тулж байгаа ч ашиг сонирхлоос ангид ажиллаж энэ асуудлыг шийдэхийг эрмэлзэж байна. Хуулийн төслөө боловсруулаад энэ оны 5-р сард олон нийтийн саналыг авахаар нээлттэй тавьсан. Санал авах хугацаа дууссан бөгөөд энэ намрын чуулганд хэлэлцүүлэхээр өргөн барина.

В.Ганзориг: Tobacco economics-ийн тухай асуумаар байна. Тамхиний нийтийн эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт үзүүлдэг нөлөө, монголын зах зээлийн хэмжээ ямар байдаг вэ?

Т.Ариунтуяа: Аливаа улсын аз жаргалыг хэмждэг гол үзүүлэлтийн нэг нь дундаж наслалт байдаг. Энэ үзүүлэлт Монголд 72 байдаг ч эрчүүд эмэгтэйчүүдээс 10 насаар бага насалдаг. Гол шалтгаан нь эрүүл бус зан үйл, тэр дундаа архи, тамхины хэрэглээ байдаг. Никотин богино хугацаанд зүрхийг дэлсүүлж тайвшруулсан мэт мэдрэмж өгдөг ч урт хугацаанд дасал болгодог. Тамхи 70 гаруй төрлийн хавдар үүсгэгч эрсдэлт хүчин зүйл болдог гэж олон улсад үздэг. Монгол эрчүүдэд уушгины хавдар үүсгэж буй гол хүчин зүйлийн 60%, эмэгтэйчүүдийн хувьд 10% нь тамхи байдаг. Дэлхийн 2-р дайны дараа янжуур тамхины хэрэглээ хамгийн өндөр цэгт хүрсэн. Үүний дараа хүмүүсийн дундаж наслалтанд уушгины хорт хавдар зонхилох болсон учраас 21-р зууны хамгийн хөнөөлт бүтээгдэхүүн гэж тодорхойлсон. Тамхи татдаг эмэгтэйчүүдийг татдаггүй бүлэгтэй нь харьцуулахад уушгины хорт хавдарт өртөх эрсдэл 20-30 дахин өндөр байдаг нь судалгаагаар нотлогдсон. 

Монгол эрчүүдэд уушгины хавдар үүсгэж буй гол хүчин зүйлийн 60%, эмэгтэйчүүдийн хувьд 10% нь тамхи байдаг. Нэмж хэлэхэд тамхи татаж буй хүнээсээ гадна эргэн тойрны хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Монголд жил бүр 4300 хүн тамхины хор уршгаас болж нас бардаг. Тамхины тархалтын тухай ярих ёстой. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, судалгааны хүрээлэнгээс гаргасан үндэсний хэмжээнд жил тутам хийгддэг судалгаанууд байдаг. Хамгийн анхны судалгаа 2005 онд хийгдсэн. 20 жилийн өмнө монгол эрчүүдийн тал нь тамхи татдаг байсан бол энэ тархалтын харьцаа тоо өнөөдөр хэвээр буюу тамхидалт багассан үр дүн гараагүй. Тэр үед 2.3 сая хүн амтай байсан бол өнөөдөр 3.5 сая болсон гэдэг нь тамхи татдаг хүний бодитоор өссөн гэсэн үг. Энэ хэмжээгээр иргэдийн дунд хавдрын эрсдэл нэмэгдэж байна гэсэн үг. 

Тамхи олон улсад F17 ангилал буюу өвчин гэж оношлогддог учраас тамхины гаргахын тулд нарийн мэргэжлийн эмчийн тусламж шаардагддаг. Энэ хэрээр нийгмийн эрүүл мэндийн өртөг зардал өсдөг. Улсын төсвөөс нэг хүнд дунджаар 454 мянган төгрөгийн эрүүл мэндийн зардал хуваарилагддаг. Гэтэл тамхины хамааралтай хүнд 1.5 сая төгрөг зарцуулдаг. Уушги, астма зэргийг нь эмчлэхийн тулд жирийн иргэдээс 3 дахин өндөр мөнгө үрдэг. Энэ асуудлыг 25 жил ярьж буй ч тамхидалт огт буураагүй бөгөөд эрүүл мэндийн зардлаа нийгэмд үр өгөөжтэй зарцуулж, хөрөнгө оруулалт болгож чадахгүй явсаар байна. 

О.Номинчимэг: Тамхины тухай хуульд 2012, 2013 оны орчимд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш дорвитой арга хэмжээ аваагүй юм билээ. Түүнээс хойш өмнөхөөсөө ухарсан олон заалтууд орж ирсэн. Дээр нь татварын бодлогоо огт хийж чаддаггүй. Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Тамхины эсрэг конвенци”-д нэгдсэн тул дөрвөн жил тутам үнэлүүлдэг. Энэ үнэлгээгээр авсан хамгийн том анхааруулга нь хүүхэд, залуусын тамхидалтын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байна, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цахилгаан тамхины хор уршгийг нийтэд мэдээлсэн хангалттай контент явуулахгүй, нийтийг соён гэгээрүүлэх ажил хийхгүй байна, тамхины татварын бодлого чинь тун хангалтгүй байна гэдэг шүүмжлэлүүд байдаг. Эдгээр асуудлыг жил бүр ярьж, УИХ-аас тогтоол гарч байсан ч хэрэгжүүлж чадаагүй. 

Монголд жилд 4300 хүн тамхинаас болж нас бардаг гэдэг нь баруун аймгуудтай жишвэл хоёр сумын хүн амтай тэнцэнэ. Жил бүр нэгээс хоёр сумын хүн амтай тэнцэх хэмжээний хүмүүсийг бид тамхинаас болж алдаж байна. Тамхины эдийн засагт учруулж буй хохирлыг нас баралт, эмчилгээ, хөдөлмөрийн бүтээмж зэрэг олон зүйлийг нийлүүлж тооцвол ДНБ-ний 2.1%-д хүрсэн. Нэмээд шинэ тутам орж ирж буй бүтээгдэхүүнүүд дээр бид ямар ч хууль эрхзүйн зохицуулалтгүй явж байгаа нь ирээдүйд маш том эрсдэл дагуулж байна. 2019 онд хийсэн судалгаагаар 13-17 насны хүүхдүүдийн 14% нь тамхи, 3.5% нь Vipe татаж үзсэн гэдэг судалгаа гарч байсан бол 2023 онд энэ хувь 20% болон 25% болж огцом өссөн. Дөрвөн хүүхэд тутмын нэг нь электрон тамхи татаж байна гэсэн үг. 2025 оны урьдчилсан судалгааны дүнгээр энэ тоо 33% рүү дөхөөд байна. Тамхинаас гаргах зардал маш өндөр бөгөөд татвар төлөгчдийн мөнгөнөөс нийтийн эрүүл мэнд санхүүждэг учраас хүүхэд залуусыг тамхинд анхнаас нь оруулахгүй байх тал дээр зорьж ажиллаж байна.

 

Г.Чинзориг: Бид залуусын биеийн байцаалтыг харж шалгаж байж тамхи худалдаалдаг. Энэ бол маш чухал зүйл. Иймээс өсвөр насны хүүхдүүд хаанаас электрон тамхи авч буйд анхаарлаа хандуулах ёстой. Хуулиар хориотой боловч худалдааны төвүүдээр янжуур тамхи нууцаар, чөлөөтэй, бүр ширхэглэж зарагддаг. Үүнийг бүх хүн мэддэг. 2024 оны мэдээллээр Улаанбаатарт 314 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн хуулиар ЕБС-аас 500 метрийн зайд дүнсэн суурьтай тамхийг зарж болохгүй боловч тамхидалтын түвшин огт буураагүй. Энэ хуулиар бол Улаанбаатар хотын барилгажсан бүх хэсэгт тамхи зарах боломжгүй буюу хориотой байгаа. Энэ мэдээллийг бид нийтэд нээлтэй тавьж болно. Гэвч энэ хууль огт хэрэгждэггүй. Хууль хэрэгжихгүй, тамхи хяналтгүй, нууцаар зарагдах тусам хүүхэд, насанд хүрээгүй хүн авах боломж бүрдээд байна. 

Vape бол тамхины нэг төрөл мөн. Бид зарчмын хувьд хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. Гэхдээ хуулийн хэрэгжилтээ анхаарах ёстой. Технологийн хөгжлийн эрин үед амьдарч байгаа нөхцөлд энэ асуудлыг шийдэх шийдэл байж болно. Бараг бүх хүн ухаалаг гар утас, банкны апп ашиглаж байна. Үүнийг нь ашиглан биеийн байцаалтыг нь баталж, E-Mongolia-аар дамжуулан худалдан авалтыг нь баталгаажуулалт ажиллах бүрэн боломжтой. Ийм замаар хүүхэд, насанд хүрээгүй залуусыг тамхи худалдан авахыг нь зогсоож болно. Иймээс өмнөх хуулийн хэрэгжилтээ хангуулж чадахгүй байж дахиад цахилгаан тамхи дээр адилхан байдлаар ажиллавал ямар ч үр дүнд хүрэхгүй. Олон нийтийн хяналт бас их чухал байдаг. Дүүргээс хяналт хийгээд ажиллахаар тэр долоо хоногт тамхины хууль бус худалдаа гудамжуудаар алга болдог. 

Б.Цогт-Очир: “Тамхины хяналтын тухай хууль”-д 2012 болон 2015 онд нэмэлт өөрчлөлтүүд орсон байдаг. 2012 оны өөрчлөлтийн ололттой тал нь дотор орчинд тамхи татахыг хориглосон. Гэхдээ 2015 онд дотор орчинд тамхины өрөөтэй бол гэдэг заалт оруулж өмнөхөөсөө ухарсан. Хүмүүсийн тамхинд орсон дундаж нас 12-13 байдаг. Гэр бүлийн орчин хүүхэд тамхинд ороход шууд нөлөөлдөг. Цахилгаан тамхины тухай янз бүрийн мэдээллүүд гадуур явдаг. Хүүхдүүдээ тамхинаас хамгаална гээд бид худал мэдээлэл тарааж болохгүй. Худал мэдээлэл тараах тусам сэдэл болж, хорих тусам далд хэлбэр рүү шилждэг. Ийм нөхцөл байдлыг шинэ хуулиар битгий бий болгоосой гэж боддог.

О.Номинчимэг гишүүний хэлсэн https://d.parliament.mn/ сайт дээр оруулсан “Тамхины хяналтын тухай хууль”-ийн төсөл дээр янжуур тамхины бизнесийг дэмжиж буй мэт хэд хэдэн заалт орсон. Нэгт, далд хэлбэр рүү оруулна гэж байсан. Тэр нь тамхин бүтээгдэхүүнийг ил кассан дээр байршуулахгүй гэсэн үг. Би Натурын хажууд амьдардаг. Саяхан гэрийнхээ хажуугийн дэлгүүр ундаа авах гээд зогсож байтал миний ундаан дээр НӨАТ гаргасан атлаа хажуугийн тамхи авсан хүнд НӨАТ-ийн баримт тамхин дээр гарахгүй шүү гэж хэлсэн. Энэ бол улсад орж ирэх ёстой татвар огт төлөгдөхгүй байна гэсэн үг. Худалдааг далд хэлбэр рүү оруулах тусам улс татвараа авч чадахгүй. Хоёрт, ингэх тусам хүүхдүүд тамхи чөлөөтэй авах боломж бүрдэнэ. 

О.Номинчимэг: Энд ойлголтын зөрүү яваад байна. Янжуур нь байна уу, цахилгаан тамхи нь байна уу ялгаагүй мафийн сүлжээнд орчихсон, эдгээр талууд энэ хуулийн төслийг цаашид явуулахгүй байх санаатай байгаа нь анзаарагдсан. Ийм учраас бид хуулийн төслөө бичихдээ дата, судалгаа дээр л үндэслэж байна. Янжуур тамхины хэрэглээ өссөн төдийгүй талхнаас хямдхан тамхитай улс болчихсон. Ийм нөхцөлд хүүхдүүд шим тэжээлтэй хоол авч идэх үү, түүнээс хямдхан өртгөөр тамхи авах уу гэдэг сонголтыг бид үүсгэн бий болгож барьсаар иржээ. Энэхүү хуулийн зорилт нь хүүхэд, өсвөр насныханы янжуур болон цахилгаан тамхины аль алины хэрэглээг бууруулахад оршиж байгаа. Аль аль нь хортой учраас адилхан зохицуулалттай байх ёстой гэдэг санаа юм. 

Одоогийн хуулиар янжуур тамхины худалдаа тусгай зөвшөөрөлтэй, дотор орчинд татахгүй, хүүхдэд худалдаалахгүй, маркетинг, зар сурталчилгаа хийж болохгүй нөхцөл байгаа. Гэвч электрон тамхинд эдгээрийн аль нь ч үйлчилдэггүй. Үсчний газар хүртэл цахилгаан тамхи зарж байна. Сургуулийн манаач хүртэл сурагчдад электрон тамхи зарж байгааг багш нар нь толгой сэгсрээд ярьж байсан. Сумын хүүхдүүд аймгийн төвөөс цахилгаан тамхи авчихаад бие биедээ ам дамжуулаад 1000 төгрөгөөр түрээлсэлж байна. Дунд, ахлах ангийнхан бүү хэл бага ангийн сурагчид хүртэл сонирхоод татаж эхэлж байна. Энэ бол зохицуулалтгүй байгаагийн үр дүн. Нэгэнт зохицуулалтгүй тул маш хүчтэй маркетинг явуулсан. Хоргүй, хоруу чанар нь батлагдаагүй гэх мэтээр буруу ташаа мэдээлэл их явсан. Бид бол үүнийг адилхан хортой учраас хүүхдүүдээ хамгаалъя гэдэг байдлаар ажиллаж байна. Татварын хувьд ч гэсэн янжуур болон цахилгаан тамхи адилхан өндөр байх ёстой.

Хуулин дээр далд байгаа гэж сая хэлсэн. Тэр нь далд гэдэг шууд утгаар биш юм. Бидний нэгдэж орсон Тамхины хяналтын суурь конвенцийн дагуу тамхийг жижиглэнгээр худалдаалахдаа аль болох ил байршуулахгүй байхыг зөвлөдөг. Хүүхдээ дагуулаад дэлгүүрт явж байхад хоол хүнстэй цуг өндөр шилэн хоргонд тамхийг янз бүрээр нь өрөөд тавьчихсан байдаг. Энэ бол далд маркетингт тооцогдоно. Ирланд зэрэг улсад үүнийг хориглосон байдаг. Энэ нь далд худалдааг дэмжинэ гэсэн үг биш юм. 

Тамхины хууль бус худалдаа үнэхээр их байгаа. Янжуур тамхины импорт жил бүр нэмэгдэж байгаа ч татварын дүн нэмэгддэггүй. Эсрэгээр хурааж буй татвар нь буурсан. Бөөний худалдаа, ТҮЦ зэргээр зөвшөөрөлгүй маш их хэмжээний далд худалдаа явагддаг. Ийм зөвшөөрөлгүй, далд худалдааг цэгцлэх ёстой. Архин дээр акц наагаад гарал үүсэл, худалдааны цэгүүдийг нь хянаж, татвараа тооцож мэддэг шиг тамхины акцтай болох ёстой гэж бодож байгаа. Ингэж байж хууль бус худалдаа, зах зээл хаана байгааг бид тогтоож, зөвшөөрөлгүй худалдааг зогсоох боломжтой. Энэ шийдлийг хуулин дээрээ тусгаж өгсөн. 

Т.Ариунтуяа: Тамхи бол ашиг олох зорилготой худалдаалагддаг бүтээгдэхүүн. Хүний эрүүл мэндэд хортой гэдгийг батлах хоёр том өнцөг бий. Нэгт, никотин буюу донтуулагч бодис. Хоёрт, Vape өөрөө химийн бодис агуулдаг. Эдгээр бодисууд нь гэр ахуйн зориулалтын цэвэрлэгээний шингэн, барилгын будаг зэрэг ашиглагддаг. 

Б.Цогт-Очир: Бараг л янжуур тамхи нь байгалийн гаралтай гэх гээд байна уу даа? Никотинд донтсон хүн угаасаа эмийн эмчилгээнд хамрагдах ёстой байдаг. Иймээс никотин дангаараа ямар хор нөлөөтэй вэ гэдгийг бид ойлгох ёстой. Янжуур тамхины шаталтаар никотин өндөр хэмд дутуу шатаад нүүрстөрөгчийн дутуу исэл ялгарч байгаа тохиолдолд хамгийн аюултай буюу 70 гаруй төрлийн бодис нь хорт хавдар үүсгэх эрсдэл үүсгэдэг. Иймээс цахилгаан тамхины зориулалт нь эрүүл мэндийн аюул, эрсдэл никотинд биш янжуур тамхины утаанд байгааг олж мэдээд үүссэн түүхтэй.

В.Ганзориг: Буруу галлах, эсвэл муу түлш хэрэглээд угаартаад эрүүл мэнд, амь насаараа хохирдог зуух, түлш шиг юм биш үү?

Б.Цогт-Очир: Яг тийм. Нүүрс түлэхэд яндангаар утаа гардаг. Цахилгаан тамхийг үүнтэй жишиж тайлбарлая. Цахилгаан тамхинд никотины шингэн гэж бий. Зуухан дээр тавихад ус буцалдаг шиг цахилгаан тамхины утаа бол никотины шингэний уур гэж хэлж болно. Ийм ойлголтын зөрүү нийгэмд яваад байгааг хүчээр нэгтгэж худлаа мэдээлэл өгөөд буй учраас няцаалт өгөх нь зүйн хэрэг юм. Дэлхий даяар янжуур болон цахилгаан тамхин дээр хийсэн маш олон төрлийн судалгаа бий. 10 судалгаа тутмын 9 нь цахилгаан тамхи янжуур тамхитай харьцуулахад хоруу чанар багатай гэдэг нь нотолдог. 

О.Номинчимэг: Хоруу чанар гэдэгт яг юуг ойлгож байна вэ?

Б.Цогт-Очир: Хүний эрүүл мэндэд хор, хохирол учруулж буй байдал, нэмээд нитрозамин зэрэг орц бодисуудын хүнд хорт хавдар үүсгэх нөлөө, эрсдлийг ойлгоно. 

О.Номинчимэг: Манай ажлын хэсэгт эрүүл мэндийн байгууллагын олон судлаач, эрдэмтэд, олон улсын шинжээчид орсон. Тамхидалтыг бууруулахын тулд хууль батлаад орхих биш хуулийн хэрэгжилт дээрээ анхаарах ёстой. Сургуулиудын орчинд “Тамхигүй сурагч” гэдэг аян хийж байна. Энэ зуур нэр хаяггүй олон хаяг сошиал медиа дээр нээгээд, спонсордоод янз бүрийн мэдээлэл цацах, сүүлдээ тамхины асуудлаа хөндөхөө болиод хувь хүн рүү орж байх шиг байна. Нэг, хоёрхон бодисоор нь тамхины нийгэмд үзүүлэх хор хөнөөлийг хэмжих боломжгүй. Энэ бол алим, банана хоёрыг зэрэгцүүлж байгаад аль нь илүү амттай вэ гэж асууж буйтай адил. Учир нь эдгээр нь өөр өөр төрлийн жимс, бүтээгдэхүүнүүд. Дам тамхидалт буюу янжуур тамхины утаа хажуугийн хүмүүсийн эрүүл мэндэд хохирол учруулдаг тухай ярьсан. Цахилгаан тамхины утаа буюу дам тамхидалт ч ялгаагүй хажуугийн хүмүүст хортой гэдэг судалгаа олон улсад гарсан. Тамхины нэг хүнд үзүүлэх нөлөөлөл, нөгөө талдаа нийгэмд үзүүлж буй нөлөөг хамтад нь харах ёстой. Электрон тамхийг зөвшөөрвөл магадгүй тамхи татдаг хүмүүсийн хувьд сонголттой болж буй мэт боловч цаана нь 10 хүүхэд никотины дондолт руу орох эрсдэл үүсгэнэ гэсэн үг. Ийм учраас цахилгаан тамхийг олон улсад хориод эхэлсэн. 

Б.Цогт-Очир: Дэлхийн 43 улс цахилгаан тамхийг хорьсон хэдий ч 134 зөвшөөрсөн буюу зохицуулалттай явж байгаа.

О.Номинчимэг: Электрон тамхины хор хөнөөлийн судалгааг олон жил турш туршиж хийж амжаагүй. Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Америк, Канад, Европ, Азийн улсууд тамхины дараагийн том давалгаа явж байна. Янжуур тамхи 1900 оноос дэлхий даяар давалгаалж, нийтийн эрүүл мэндэд хүчтэй сөрөг нөлөө үзүүлсэн шиг муу туршлагыг дахин давтах ёсгүй гэж үзэж байгаа юм. Монгол Улс 3.5 сая хүн амтай, залуучууд ихтэй. Иймээс бид хүүхэд залуусаа элдэв төрлийн донтолтоос хамгаалж, архи, тамхи, хар тамхинаас хол байлган сэргийлэх ёстой. Иймээс ганц нэг бодисоор жишээд хортой, хоргүй гэж харьцуулах боломжгүй.

Б.Цогт-Очир: Та дээр алим, банана хоёр өөр бүтээгдэхүүн гэж хэлсэн. Тэгвэл янжуур тамхи нь алим, цахилгаан нь банана гэвэл хоёр өөр бүтээгдэхүүн болж байна, тийм үү?

О.Номинчимэг: Адилхан жимс. 

Б.Цогт-Очир: Таны харьцуулалт өрөөсгөл байна.

Г.Чинзориг: Хоёр тал руу хэт туйлшраад байна. Бидний байр суурь маш тодорхой байгаа. Ер нь бол зохицуулалтанд орох ёстой. Тамхи ч биш архин дээр ч адилхан. CU-д орж ирсэн хүүхдүүд гоймон идээд байна гэдэг шүүмжлэл гарсны дараа бид хүүхдүүдэд бэлэн гоймон зарахаа больсон гэх мэт зохицуулалтыг бид хийж ажилладаг. Кассан дээр зогсож буй хүүхдүүд маань худалдан авагчдаас биеийн байцаалтаа үзүүлэхийг шаардаад эргэж доромжлуулах тохиолдолд байнга гардаг. Иргэд, хүүхэд залуусын хорт зуршлын эсрэг бид манлайлал үзүүлэн ажилладаг ч дангаараа хэчнээн сайн ажиллаад асуудлыг шийдэж чадахгүй. Монголд байгаа жижиглэн худалдааны 12 мянган цэг дээр нэг стандарт мөрдөгдөж байж энэ асуудал шийдэгдэнэ. 

Нэгт, насанд хүрэгчид, эцэг эхчүүд маань хүүхэд, залуустаа үлгэр дууриал болж, насны хориотой бүтээгдэхүүн худалдаж авахдаа биеийн байцаалтаа үзүүлж дадаач ээ гэж уриалмаар байна. Хоёрт, жижиглэн худалдааны 12 мянган цэгийнхэн нууж, далд худалдаа хийхээ зогсооё, хуулийн дагуу ажиллая. Гуравт, бид бодлого тодорхойлогчдоос амьдрал дээр бодитой хэрэгждэг хууль батлахыг шаардах ёстой. Ямар ч хууль хэрэгждэг байх ёстой. Энэ зарчим тамхи, архи, НДШ, татвар гээд бүх зүйл дээр одоогоор алдагдсан. 

Одоогийн хуулиар Улаанбаатар хотын барилгажсан бүх хэсэгт тамхи зарах хориотой байгаа. Харин гэр хорооллын хэсгүүдэд боломжтой. Энэ нь гэр хорооллын хүүхдүүдийг илүү ихээр тамхинд өртүүлж, оруулах шууд сөрөг нөлөөг үзүүлж буй юм. Үүнийг технологи ашиглаад шийдэх ёстой. Төртэй хамтраад манлайлан ажиллахад бид бэлэн байна. Монголын жижиглэнгийн худалдааны зах зээлийн хэмжээ татвар дээр бүртгэгдсэн дүнгээр 12 ихнаяд төгрөг байдаг. Үүнээс янжуур тамхиний зах зээлийн хэмжээ 400 тэрбум, Vape-ийн борлуулалт жилд 100 тэрбум төгрөг буюу нийтдээ 500 тэрбум төгрөг энэ салбарт эргэлддэг. 

О.Номинчимэг: Гаалиас авсан хамгийн сүүлийн буюу 2024 оны мэдээгээр бол импортоор орж ирж буй янжуур болон түүнтэй адилтгах тамхины хэмжээ 66-67 сая ам.доллар, шинэ төрлийн электрон тамхины хувьд 22 сая ам.доллар байсан. Нийлээд 90 гаран сая ам.доллар буюу 350 орчим тэрбум төгрөг болно. Энэ асуудал яагаад ингэж нийгэмд шуугиан үүсгээд байгааг судлахаар аргагүй юм билээ. Маш өндөр ашигтай бизнест тооцогдоно. Ашгаа нэмээд зарахаар дор хаяж 700 гаруй тэрбум долларын бизнес болдог гэсэн үг. Бид талхнаас хямдхан тамхитай улс болсон. Гаалийн мэдээнээс харахад нэг хайрцаг тамхины орж ирдэг үнэ нь 700-800 төгрөг байдаг. Дэлгүүрүүдээр 4000 орчим төгрөгөөр зарагддаг. Ийм хямдхан юм татаж байгаа хүмүүс эрүүл байхын аргагүй. 

Б.Цогт-Очир: Энэ асуудлыг ярих хэрэгтэй. Цахилгаан тамхин дээр ч гэсэн чанарын асуудлыг ярих ёстой. О.Номинчимэг гишүүний санаачилж буй хууль дээр санал нэгдэж буй маш олон зүйл бий. Жишээ нь, ямар ч төрлийн тамхи бай дотор орчинд татах ёсгүй, онцгой албан татвар ногдуулах, маркетинг, сурталчилгааны ажлуудыг хориглох нь зөв зүйтэй. Гэхдээ мөн чанар, үзэл баримтлал талаасаа зөрүүтэй бодлууд надад бас байна. Хуулийн төсөл дээр электрон тамхийг зохицуулах зорилготой есөн үзэл баримтлал байсан. Тэндээс би өнөөдөр байгаа тамхидалтын түвшин болон 27%-ийг яаж буулгах вэ гэдэг зорилго, үндэслэл зүйлсийг олж хараагүй, тодорхой биш байсан. 

Монголд өнөөдөр нэг сая орчим хүн тамхи татдаг. 3800-аас 5500 төгрөгөөр нэг хайрцаг тамхи авдаг. Маш олон төрлийн жимс, гаа, хагалдаг зэрэг нийтдээ 96 төрлийн амт тамхинд байдаг. Эвгүй үнэр, амтаас зайлсхийх, арай бага хордож буй мэдрэмж авахын тулд энэ олон үнэр, амтыг хэрэглэдэг. Шинэ хуулийн төслөөр тамхины амт, үнэрийг хориглоно гэдэг заалт орж ирсэн байна лээ. 2024 онд 34 компани цахилгаан тамхи оруулж ирдэг байсан бол 2025 оны эхний хагас жилийн байдлаар 8 компани болж багасч, цахилгаан тамхины импорт буурсан. Энэ нь хүмүүсийг эргээд янжуур тамхи руу сонголтгүй түлхэж байна. Энэ асуудлыг бид харж анзаарах ёстой. Янжуур тамхины зах зээлийн 60% гаруйг Esse тамхи эзэлдэг. Тэр тусмаа хагалдаг буюу нөгөө амт, үнэртэй бүтээгдэхүүнүүд нь байдаг. 

Энэ яригдаж байгаа хууль хэрэгжиж эхэлбэл янжуур тамхины хэрэглээ одоогийнхоос илүү ихээр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Иймээс уламжлалт янжуур тамхиныхан гуяа алгадаад гүйж байгаа болов уу гэж би бодож байна. Тамхины амт, үнэрийг яагаад хориглох гээд байгааг би асуумаар байна. Өнөөдрийн байдлаар цахилгаан тамхи хэрэглэдэг 300 мянга орчим хүн бий. Эдгээр хүмүүс амт, үнэрээс нь болж цахилгаан тамхийг сонгож буй. Энэ сонголтыг нь яагаад байхгүй болгох гээд байгаа юм бэ? Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулинд утаа гэдэг үг 17 удаа орсон байдаг. Гэтэл шинэ хуулийн төсөл дээр утаа гэдэг үгийг авч хаяад бүх бүтээгдэхүүнийг тамхи гэж тооцож үзэхээр бичжээ. Утаа гэдэг үгнээс яагаад ингэж айгаад байгаа юм бэ? Янжуур болон цахилгаан тамхийг хооронд нь ялгаж салгаж буй гол зүйл нь утаа юм. Америкт Хүнс, эмийн агентлагаараа хүлээн зөвшөөрөгдсөн, тэрхүү стандартын дагуух орц, найрлагатай бүтээгдэхүүнийг л тухайн улсад худалдаалдаг. Иймээс бид өнөөдөр стандартын асуудлыг зайлшгүй ярих шаардлагатай байна. Дэлхий дээр цахилгаан тамхины дөрөв, таван ISO стандарт байдаг. Эдгээрийг бид хэзээ ярьж эхлэх юм бэ? Энэ бүхнийг тооцож нягталж байж хууль журам маань уг нь бүхэл болох ёстой юм аа. 

В.Ганзориг: Энэ асуултанд О.Номинчимэг гишүүн хариулах байх. Нэвтрүүлгийн цаг дуусч буй тул би сүүлийн асуултаа тавъя. Хэрэв та хууль тогтоох байгууллагын хамгийн том, цор ганц эрх мэдэлтэй этгээд байсан бол энэ асуудал дээр нэн тэргүүн ямар шийдэл, шийдвэр гаргах байсан бэ?

Т.Ариунтуяа: Монголд буй нэг сая тамхи татдаг хүмүүсийг дотор нь задлаад үзвэл хүйс, насаараа ялгаатай. Энэ бүх хүнийг тамхинаас гаргая гэвэл бүх төрлийн интервенцийг авч хэрэгжүүлэх ёстой болно. Цахилгаан тамхи шинэ учраас бидний хувьд өмнө нь зохицуулж байсан туршлага алга. Иймээс бусдаас сурч, амжилттай явааг судлах ёстой. Тэдний хийсэн алдааг давтах хэрэггүй. Зарим улсууд 2030 он гэхэд тамхины тархалтыг 5% болгож бууруулна гэдэг зорилт тавьж байна. Монголын хувьд өнөөгийн 27.5%-ийн тамхидалтын түвшинг 2030 он гэхэд ядаж тал хувиар нь бууруулах зорилт тавьсан. Энэ зорилтонд хүрэхийн тулд үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх ёстой. Амжилттай хэрэгжүүлсэн бодлогуудыг харж байхад нэгдүгээрт цогц байх ёстой гэдэг нь мэдэгддэг. Жишээ нь, сургууль орчмын 500 метрийн тамхины худалдааны хоригийг ярихдаа Улаанбаатарыг л яриад байна. Монгол Улс даяар бид бодож тооцож шийдвэр гаргах ёстой. Нийслэл хотын төвлөрсөн бүсийг л яриад бодлого боловсруулах нь өрөөсгөл. 

Хоёрдугаарт, хэрэгжүүлэлт дээрээ маш сайн анхаарах ёстой. Жишээ нь, архины худалдаан дээр 21 насны хязгаар заадаг. Гэтэл амьдрал дээр архи худалдан авч буй хүний биеийн байцаалтыг дэлгүүрт шалгаж байгааг би нэг ч удаа харж байгаагүй. Гуравдугаарт, тамхинаас гаргахын тулд эмийн эмчилгээг санал болгодог. Амьдрал нь тогтсон, санхүүгийн хувьд боломжийн болсон 40 болон 50-иас дээш насныхан л эмийн эмчилгээг сонгодог. Харин өсвөр насныхан, 25-аас доош насны хайр дурлал, гэр бүл зохиож амжаагүй байгаа залуус хэзээ ч эмийн эмчилгээг сонгодоггүй. Тэдэнд танин мэдэхүй, боловсрол, ухуулж, соён гэгээрүүлэх үйлчилгээ илүү их хэрэгтэй байдаг. Иймээс нэг сая тамхичин хүмүүст нөлөөлөхийн тулд энэ мэт бүх арга хэмжээ, бүх түвшинд цогцоор нь авч хэрэгжүүлэх ёстой. Татвараа нэмэх ёстой. Ингэж байж тамхидалтын түвшинг хоёр дахин бууруулна.

Г.Чинзориг: Зарчим маш энгийн. Хууль дүрмээ мөрддөг, хариуцлагатай иргэн, байгууллагыг төр шагнаж урамшуулдаг болох ёстой. Заавал мөнгөн урамшуулал байх албагүй. Нэрийг нь дурдахад л хангалттай. Энэ бол ганцхан тамхины хуулин дээр биш шүү. Шагнадаггүй юм гэхэд ядаж чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломжийг нь олгох ёстой. Хууль дүрэм зөрчиж буй этгээдүүдийг шийтгэдэг байх ёстой. Энэ зарчим архи, тамхи, татвар, НДШ гээд бүх зүйл дээр алдагдаад байна. Маш олон аж ахуйн нэгжүүд татвар төлөхгүй яваад байна. Иймээс амьдрал дээр хэрэгжүүлж чаддаг хууль батлах хэрэгтэй байна. Хуулиа хэрэгжүүлэхдээ зарчимтай ажилладаг болмоор байна. Хууль зөрчиж буй этгээдүүдийг дахиж хууль зөрчих боломжгүй болгох хэрэгтэй байна. Эдгээр зохицуулалтыг хийж чадахгүй бол энд тойрч яриад байгаа асуудлууд шийдэгдэхгүй ээ. Хууль зөрчиж тамхи авах боломж одоо ч байсаар байгаа, энэ шинэ хуулийн дараа ч байсаар л байх болно.

Б.Цогт-Очир: Би эрх мэдэлтэн байсан бол тамхигүй үндэстэн болох зорилт тавих байсан. Тамхидалтын түвшин 5%-иас доошоо бол тамхигүй үндэстэн гэж тодорхойлдог. Хамгийн эхний ийм улс Швед болсон бол араас нь Шинэ Зеланд улс явж байна. Тэд бүх төрлийн тамхин бүтээгдэхүүн дээр зохицуулалт хийхдээ аль хоруу чанар багатайг нь дэмжих замаар амжилтанд хүрсэн. Хүүхэд хамгаалал маш чухал. Хүүхэд болон бусад бүх хүмүүс янжуур болон vape-ний утаа биш цэвэр агаар амьсгалах ёстой. Гэхдээ тамхи татдаг нэг сая хүний дийлэнх нь насанд хүрэгчид байгаа шүү дээ. Эдгээр хүмүүсийн зан үйлийг өөрчлөхөөс нааш үр дүн гарахгүй. Хүүхдүүдийн эрүүл мэндийг бодож байна гээд энэ хүмүүсийг сонголтыг үгүй хийж, хохироож болохгүй. Хүн сонголттой байх ёстой. Янжуур болон цахилгаан тамхины хоруу чанар, ялгааны талаар интернэт дээр зөндөө мэдээлэл бий. ChatGPT-ээс асуугаад амархан мэдээд авч болно. Янжуур болон цахилгаан тамхи яг адилхан хортой гээд явуулж буй худлаа мэдээлэл тамхинаас гарах гээд цахилгаан тамхи хэрэглэж буй хүмүүсийн зоригийг мохоодог. 

Би өөрөө 15 жил тамхи татсан. Таван жилийн өмнө цахилгаан тамхины тусламжтайгаар янжуур тамхинаас гарсан. Одоо цахилгаан тамхи бага зэрэг хэрэглэдэг. Харин янжуур тамхины үнэр ч авч чаддаггүй. Яг надтай адилхан маш олон хүн байгаа. Хүүхдүүдийн хэрэглээг бид хуулиараа зохицуулах бүрэн боломжтой. Шинээр яригдаж буй тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хэн хянах ёстойг бид ярих хэрэгтэй. 11-р хороололд байдаг 2 дугаар сургуулийн гадаах дэлгүүрт хүүхэд тамхи авч байхад нь очоод болохгүй гэдгийг нь хэлсэн. 1111 рүү яриад хүүхдэд тамхи зарж байсан газрыг мэдээлсэн. Тэгэхэд энэ асуудлаараа Эрүүл мэндийн яам руу ханд гэсэн. Эрүүл мэндийн яам руу хандахад цагдаатайгаа ярь гэсэн. Цагдаатай ярьсаны дараа тухайн газрыг 50 мянган төгрөгөөр торгосон гэдэг мессеж 14 хоногийн дараа утсанд ирсэн. Энэ нь одоогийн систем үр дүнтэй ажиллаж чадахгүй байгааг харуулсан. Иймээс онцгой албан татвар шаардаж буй энэ бүтээгдэхүүнийг хатуу хориглох замаар америкийн амжилтгүй хуурай хуулийг түүхийг давтах ямар ч шаардлагагүй. Чөлөөтэй байлга, онцлог зохицуулалтаа хий, татвараа нэм, хүүхдүүдэд сурталчилж, худалдаалах хязгаарлалтаа хэрэгжүүл, дотор орчинг хорь. Ингэж цогц арга хэмжээ авч байж л үр дүнд хүрнэ.

О.Номинчимэг: Бид бүгд адилхан зорилготой хүмүүс хэдий ч ямар арга замаар яаж үр дүн гаргах дээрээ ярилцаж байна. Манай төслийн хувьд архины хуурай хууль шиг тамхийг тэр чигээр нь хорих гээд байгаа зүйл байхгүй ээ. Хэрэв хатуу хорьвол далд эдийн засаг руу шилжиж эрсдэлтэй үйлдэл болох учраас болохгүй гэдгийг бусад улсын жишээнээс харж байгаа. Аль ч улсад байдаггүй зүйлийг бид энэ хууль дээрээ оруулаагүй, санаанаасаа зохиож бичээгүй. Цахилгаан тамхины хэрэглээ хүүхэд, залуусийн дунд хүчтэй нэмэгдэж байна. Тэднийг амт, үнэрээр татаж, улмаар энэ нь янз бүрийн хэлбэрийн донтолт руу орох эрсдлийг үүсгэж байна. Иймээс дэлхийн олон улс үнэр, амт дээр зохицуулалт хийсэн. Үр хүүхдийнхээ ирээдүйг хамгаалах алхмыг одоо хийж чадахгүй бол нүгэл болно. Онцгой албан татварыг нүглийн татвар гэж ярьдаг. Хуулийн хэрэгжилт дээрээ маш сайн анхаарна. Иймээс хуулиа гаргасны дараа хяналт хэрэгжилтийг нь хангуулахын тулд өргөн хэмжээтэй ажлуудыг хийх ёстой. Нэмээд олон нийтийг соён гэгээрүүлэх ажлуудыг заавал хийх хэрэгтэй. Энэ зорилгоор боловсролын байгууллагуудтай хамтраад кампанит ажлуудыг эхлүүлэн ажиллаж байна. 

Бүх төрлийн тамхины татварын нэмж байгаа. Янжуур тамхины онцгой албан татварыг үе шаттай нэмнэ. Аль аль нь хортой учраас аль нэг бүтээгдэхүүнийг ялгасан зүйл байхгүй. Энэхүү татварын орлогоор хүүхэд залуусыг тамхидалтаас урьдчилан сэргийлэх, иргэдийг тамхинаас гаргахад зориулна. Хамгийн үр дүнтэй арга спорт юм билээ. Иймээс хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө тамхины онцгой татварыг зарцуулах ёстой. Урьд нь энэ мөнгө хаана, хэрхэн зарцуулагдаж буй нь мэдэгдэхгүй хэн нэгний байшин болдог байсан бол шинэ хуулийн төслөөр тамхины онцгой албан татварын 50%-ийг хүүхэд, залуусын боловсрол, спорт, эрүүл мэндэд зарцуулахаар байгаа. Эцэг эхчүүд, боловсролын байгууллагуудын зүгээс бүгдийг хориод өг гэдэг асуудал тавьж байгаа ч хууль тогтоогчдын зүгээс шууд хорихоос илүүтэй хүүхэд, залууст үзүүлж буй эрсдэл, сөрөг нөлөөг эхэлж хааж, үр дүнг нь харж байгаад дараа дараагийн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх байр суурьтай байгааг хэлмээр байна. 

baabar.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЭХЭМҮТ нярайн 30 төрлийн эмгэг илрүүлэх шинэ төхөөрөмжтэй боллоо 10 цаг 3 мин Монгол–Японы оюутны солилцооны форумд 30 гаруй оюутан, профессор оролцов 10 цаг 4 мин Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг ирэх онд шинэчилнэ 10 цаг 6 мин Саудын Арабын элсэн цөлөөс 12 мянган жилийн өмнөх хадны сийлбэрүүд илрүүлэв 10 цаг 7 мин 6.9 магнитудын газар хөдлөлт Филиппиний төв нутгийг донсолголоо 10 цаг 9 мин Монгол, Солонгосын хамтын ажиллагаагаар 3,000 га талбайд ойжуулалт хийнэ 10 цаг 10 мин Монголын шигшээ баг 2025 оны эхний есөн сард 135 медаль хүртэв 11 цаг 21 мин Монгол, Вьетнам парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт болов 11 цаг 24 мин Өмнөд Солонгосын чипний экспорт 16.6 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд амжилт тогтоов 11 цаг 26 мин Алдарт “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэн “Милан”, “Интер”-ийн өмч болно 11 цаг 27 мин Гадаад үгийг олон янзаар бичих асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцлээ 11 цаг 29 мин НӨАТ-ын баримтаа 10-р сарын 8-ны дотор бүртгүүлээрэй 12 цаг 38 мин Улаанбаатар хот тогтвортой зорчилт хөдөлгөөний стратегиа танилцууллаа 12 цаг 45 мин Лос Анжелесийн олимпын хүндийн өргөлт 12 жингийн ангилалтай болно 12 цаг 47 мин Нийслэлд явган болон дугуйн замын сүлжээг өргөтгөж, хүртээмжийг нэмэгдүүлнэ 12 цаг 49 мин Монголын гүүш нарын оюуны үнэт өв - “Мэргэд гарахын орон” 14 цаг 22 мин 26 настай Мбаппе 89 тоглолтод 60 гоол оруулж түүхэн амжилт тогтоов 14 цаг 28 мин Америкийн засгийн газар 7 жилийн дараа анх удаа үйл ажиллагаагаа хэсэгчлэн зогсоов 14 цаг 32 мин OpenAI компани TikTok-той төстэй “Sora 2” аппликейшнээ танилцууллаа 14 цаг 36 мин Г.Чинбүрэн: Томуугийн вакцинжуулалт 60%-д хүрч, түүхэн дээд үзүүлэлт тогтоолоо 14 цаг 40 мин
iИх уншсан
УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчиж, УИХ-ын гишүүдийн бүрэн эрх... Ө.Шижир: Төсвөө бүхэлд нь буцааж, Сангийн яам тооцоо судалга... Нэг нэр дэвшигчтэй, нэг ялагчтай сонгууль Солийн Данзан АТГ Ардын намынхны нэг нэгэн рүүгээ тавьдаг сумны зэв болсон... Б.Галбадрах: Боловсролын салбарын төсвийн хэлэлцүүлэг хэлбэр... Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийг хуультай болгоно С.Энхтөр: МАН даргынхаа асуудлаар хямарч байгаа нь олон нийт... Мукеш Амбани $33 тэрбумаар орос нефтийг худалдан авчээ Цалингийн жендерын зөрөө ихтэй 3 орны тоонд орос багтав 1.5 тэрбум төгрөгийн шагналтай “Алтан цом”-д шилдэг найман б... Монголын холимог тулаанчид ДАШТ-д хүч үзэж байна УИХ-ын дарга АТГ-ыг гүтгэж хууль зөрчтөлөө анд нөхдөө өмөөрч... Өсвөр үеийнхнийг нийгмийн сүлжээнээс хамгаалах хууль дэлхийд... 2024-2025 оны улсын олимпиадын хуваарь тодорхой боллоо Эмч нар тав дахь удаагийн элэг шилжүүлэн суулгах мэс заслаа ... Б.Дэлгэрсайхан: Улсад хэрэгтэй ажил учраас элдвээр хэлүүлээд... Айдсыг удирддаг тархины нууц Хямд, чанартай мах малчдын гар дээрээс шууд иргэдэд хүрч бай... УИХ-ын гишүүд Швейцарын парламентын төлөөлөгчидтэй туршлага ...
Top