x

Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт ажиллах нь ёс зүйн хувьд зохимжгүй

УИХ-ын гишүүн Б.Жаргалантай ярилцлаа.

-Чуулганы хуралдаанаар шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг баталсан. Харин эсрэг санал өгсөн долоон гишүүний нэг нь та байна лээ. Чухам яагаад дэмжээгүй юм. Г.Занданшатар гэж хүнийг Ерөнхий сайд хийж чадахгүй гэж үзсэн хэрэг үү?

-Энэ талаар би чуулган дээр хэлсэн үгэндээ ч товч дурдсан. Ерөнхийдөө би сүүлийн үед парламентын засаглалын дархлаа, онцлогийн талаар маш их ярьж байгаа. Давхар дээл, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх чинь үүнтэй холбоотой байсан. Тэр утгаараа гүйцэтгэх засаглалын тэргүүн парламентын гишүүн байх ёстой гэсэн нэг зарчим яриад байгаа юм. Хэдийгээр хуульд заагаагүй ч бичигдээгүй дүрэм гэдэг байдлаар хэлээд байгаа юм л даа. Тэгж байж гүйцэтгэх засаглал, парламентын харилцаа зохистой түвшинд хадгалагдах ёстой гэж хараад байгаа. Гэтэл эрх баригч нам болохоор парламентын гишүүн бус хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Дээрээс нь ард түмний итгэл, мандат гэдэг маш чухал гэж бодсон. Мэдээж хэрэг хувь хүний хувьд Г.Занданшатар гэдэг хүн өөрийн гэсэн давуу талтай, хүндэлдэг. Гэвч парламентын дархлаа гэдэг талаасаа ийм л асуудал байгаа юм.

-Ерөнхий сайдаар томилогдоод л бүтэц бүрэлдэхүүн оруулж ирнэ гээд байсан. Гэвч өргөн бариагүй хойшлоод байгааг та юу гэж харж байна. Мөн бүтэц бүрэлдэхүүнийг ямар байх ёстой гэж бодож байна вэ?

-Бид Засгийн газрын бүтэц аль болох цомхон байх ёстой гэж олон жил ярьж байна. Энэ тал дээр Ардчилсан намын гишүүд удаа дараалан байр сууриа илэрхийлж ирсэн. Тухайлбал, 1996 онд байгуулагдсан М.Энхсайханы Засгийн газар есөн сайдтай ажиллаж байсан түүх бий. Гэтэл сая Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 23 сайдтай ажилласан.

Дарга нарын тоо олширсон ч гүйцэтгэл сайжрахгүй байна. Тийм болохоор яам болон сайд нарын тоог дор хаяж 50 хувиар бууруулах хэрэгтэй гэсэн бодолтой байгаа. Намын бүлэг дээр ч гэсэн цаашид анхаарч ажиллах асуудлаар Ерөнхий сайдад тавих тодорхой шаардлагуудын талаар ярилцсан. Үүнд ч 50 хувиар бууруулах асуудал туссан. Зөвхөн Засгийн газрын бүтцээс гадна бид төрийн албыг шинэчлэх гэж яриад байгаа. Энэ хүрээнд төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын орон тоог 20 хувиар цомхотгох хүмүүс ч хэрэгтэй байна. Гэвч нөгөө талдаа эдийн засагт ийм хэмжээний ажлын байр бий болгох шаардлага үүснэ.

-МАН-аас парламентад шинээр сонгогдсон гишүүд өмнөх засагт ажилласан сайд нарыг авахгүй байх, жендерийн мэдрэмжтэй томилгоо хийх зэрэг шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Ингэж байгааг МАН-ын дотоод зөрчил ил боллоо гэх хүмүүс байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Жендерийн шаардлагыг бол дэмжиж байгаа. Жендерийн тухай хуульд 40 хувь гэсэн заалт бий. Гэхдээ Засгийн газрын бүтцийн хувьд эмэгтэйчүүдийн оролцоо маш бага байсаар ирсэн. Харин олонхын бүлгийн Дотоод зөрчил, хуваагдал дээр сөрөг хүчний бүлгийн гишүүний хувьд дүн шинжилгээ хийгээд байх нь зохимжгүй. Нөгөө талдаа 126 гишүүнтэй шинэ парламент тодорхой зорилт, хөтөлбөрүүд дэвшүүлж байгаа. Түүний нэг бүрэлдэхүүн хэсэг нь парламентын хяналтын чиг үүргийг сайжруулах, парламент илүү хүчирхэг байх, гүйцэтгэх засаглалаа хянах, шахах үүргийг гүйцэтгэж байгаа. Тэр утгаараа МАН-ын нэр бүхий гишүүдийн шаардлагыг дэмжиж байна. Саяхан Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар бусад сайд нарт ч гэсэн дүнгээ тавьсан гэж ойлгож байгаа.

Тийм болохоор нэгэнт дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт ажиллах нь хариуцлага, ёс зүйн хувьд хэр зохимжтой вэ гэдэг асуудал яригдана. Үүнийг олонхын бүлэг өөрсдөө ойлгож байгаа байх гэж бодож байна. Одоо дараагийн сонгууль хүртэл гурван жилийн хугацаа байгаа. Энэ бол урт хугацаа. Тэгэхээр дорвитой бодлогын шинэчлэл, ажил хийгээд явах хангалтай боломж бололцоо байна. Тиймээс нэлээд эрч хүчтэй, шинэ Засгийн газар бий болоосой гэж иргэний хувьд хүсч байгаа.

-Та сая яриандаа төрийн албыг цомхотгох тухай хөндөж байна. Гэтэл танай намаас томилогдсон хүмүүсийг халсан тохиолдолд “Арьсыг нь өвчинө” гэж Л.Гантөмөр дарга хүртэл хэлсэн. Тэгэхээр энэ чинь нэлээд зөрүүтэй зүйл болчихоод байгаа юм биш үү?

-Төрийн албыг тогтвортой, залгамж халаатай байлгахын тулд Төрийн албаны тухай хуульд нэлээд нарийн, хатуу заалтууд бид суулгаж өгсөн шүү дээ. Мэдээж сая тодорхой хүмүүс АН-аас томилогдсон. Гэвч төрийн албаныхаа тодорхой шалгуур, зарчмуудын дагуу л томилогдоод ажиллаж байгаа. Тийм болохоор Засгийн газар огцорлоо, улстөрчид солигдлоо гээд шууд намчирхаж, хомроголон халж болохгүй л гэсэн байр суурьтай байгаа.

-Ерөнхий сайд энэ долоо хоногт төсвийн тодотгол оруулж ирнэ гэсэн. Гэтэл өмнөх Ерөнхий сайд, Сангийн сайд нар болж байна, болж байна л гээд байсан. Шууд 30 хувиар танах асуудал ярьж буйг юу гэж харж байна вэ?

-Би удаа дараалан Б.Жавхлан сайдыг төсвөө тодотгооч ээ гэж хэлж байсан. Гэтэл тухай бүрд нь бид бол, бүтэж байна гэж байсан. Тэгсэн хэрнээ одоо болохоор төсвийн тодотгол өргөн барихад бэлэн гэж хэлж байна. Мэдээж хэрэг бид үнэнтэйгээ нүүр тулах ёстой. Гэхдээ төсвийн тодотгол дээр маш ухаалаг хандах хэрэгтэй. Тэвчиж болох урсгал зардлуудаа танах, магадгүй хөрөнгө оруулалтын зардлаа нэмэгдүүлэх гээд маш ухаалгаар тодотгох хэрэгтэй байгаа юм. Ялангуяа эдийн засаг удааширч байгаа энэ цаг үед төсвийн хөрөнгө оруулалтаар тодорхой хэмжээнд өсөлтийг дэмжих шаардлагууд гарч магадгүй. Гэхдээ дотоодынхоо зах зээлийг дэмжихэд чиглэсэн байх ёстой. Хоёрдугаарт, мега төслүүд байна. Өнгөрсөн намрын, одоогийн нөхцөл байдал хоёр тэс өөр болчихсон. Тиймээс маш хурдтайгаар нөхцөл байдалтайгаа дасан зохицоод, хариу арга хэмжээ аваад шаардлагагүй мега төслүүдээ хойшлуулаад, зогсоогоод тодорхой хэмнэлтүүд гаргаад, магадгүй зарим зүйл дээр илүү их хөрөнгө оруулалт тавьмаар байгаа юм.

Тухайлбал, эрчим хүчний салбар номер нэг асуудал болсон. Бидэнд эрчим хүчний тусгаар тогтнол маш чухал байна. Гуравдугаар цахилгаан станц дээр гарсан ослыг яаралтай шийдвэрлэх, Тавантолгойн цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр зэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, худалдааны дэд бүтцээ өргөтгөмөөр байна. Авто болон төмөр замуудаа нэмж, экспорт, импортыг нэмэгдүүлэх нь чухал. Гуравдугаарт, өнгөрсөн 20 жилд огт шийдэгдээгүй амьдрах орчинтой холбоотой асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Улаанбаатар хотын утаа, түгжрэл зэрэг асуудлуудыг шийдэхгүй юм уу. Зүгээр л нэг Засгийн газраас Засгийн газрын хооронд яриад, зорилтууд дэвшүүлээд яваад байдаг. Гэвч ямар ч дэвшил байдаггүй. Харин бусад өөдөө тэмүүлдэг гүүр, шинэ хот зэрэг ач холбогдол бага зүйлсээ одоохондоо зоригтойгоор танах хэрэгтэй. Ингээд харахаар шинэ Ерөнхий сайдад нэгэн зэрэг маш олон сорилтуудтай нүүр тулах хэрэг гарч байна.

-Хамтарсан Засгийн газарт АН хэр ажилласан гэж дүгнэж байгаа вэ?

-Ардчилсан намын хувьд хамтарсан Засгийн газарт орох асуудал үнэндээ амаргүй байсан. Гэхдээ ажил хийх гэж орсон. Хамгийн хүнд салбарууд дээр манай намын сайд нар очсон. Тиймээс манай сайд нар маш сайн ажилласан, бүх зүйлээ өгсөн, хичээсэн, ачааны хүндийг үүрсэн гэж харж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт манай намын мөрийн хөтөлбөрийн бараг 80 орчим хувь нь орсон. Сая засаг огцрохоос өмнө 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг Эдийн засаг хөгжлийн яамнаас анх удаа оруулж ирсэн. Үүнийх нь нэршил гэхэд “Эдийн засгийн эрх чөлөөний реформ” байсан, сая батлагдсан. Энэ ч утгаараа манай АН сайн ажиллаж, өөрсдийн үзэл баримтлал, бодлогуудаа тусгасан.

Том, том төслүүдийг эхлүүлж чадсан. Хамтарсан Засгийн газрын нэрийн хуудас болсон ажлууд АН-ын сайд нартай л холбоотой байсан. Тийм болохоор би сайд нараа үүргээ гүйцэтгэсэн гэж харж байгаа. Нөгөө талаас одоо бид сөрөг хүчний хувьд нөхдүүдийг шахаад ажиллуулах хөшүүрэг бололцоо бий болсон гэж харж байна.

Өдрийн сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • polkmnoipk (105.112.192.165)
    Найдвартай компаниас яаж зээл авсан тухай МИНИЙ МЭДЭЭЛЭЛИЙГ УНШИЖ УУ Намайг Моголиа гаралтай Эрика Фангерау гэдэг. Нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Албакер зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тиймээс би зээл хүссэн Компаниас шуудангаар 5 жилийн хугацаатай 120,000 ( albakerloanfirm@gmail.com ).Миний төлөө юу хийснийг дэлхий нийт мэдэхийг хүсч байгаа нь намайг хамгийн их гайхшруулсан нь 48 цаг хүрэхгүй хугацаанд миний 120,000 еврогийн зээлийг 2 хувийн хүүтэй баталсан юм. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би тангарагаа л биелүүлсэн. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал Albaker зээлийн фирмтэй түүний имэйлээр холбогдоно уу ( albakerloanfirm@gmail.com )
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 5 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 11 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 15 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 25 мин Ормузын хавх 41 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 51 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 1 цаг 11 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 4 цаг 8 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 4 цаг 16 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 4 цаг 32 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 4 цаг 43 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 4 цаг 52 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 5 цаг 2 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 5 цаг 16 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 5 цаг 21 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 5 цаг 23 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 5 цаг 27 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 5 цаг 41 мин ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна 6 цаг 32 мин Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 6 цаг 38 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top