x

Их Британи улс Европын Холбооноос гарна

Өнгөрсөн ням гаригт Брюссель хотноо ээлжит бус дээд хэмжээний уулзалт хийсэн Европын Холбооны /ЕХ/ гишүүн 27 улсын удирдагчид “ЕХ болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улс хоорондын ирээдүйн харилцаа”-ны тухай Тунхаглал ба Brexit-ийн гэрээний төслийг дэмжлээ. 

Ингэснээр Их Британи улс ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарахад дахин нэг алхам ойртож байгаа юм. Учир нь, тус улсыг ЕХ-ны бүрэлдэхүүнээс гаргах нөхцөл болзлуудыг тусгасан 585 хуудас бүхий дээрх гэрээний төслийг хоёр жилийн турш олон шат дамжлагатай хэлэлцээ хийж, нухацтай ярилцсаны эцэст ЕХ-ны бүрэлдэхүүнд үлдэх дээрх 27 улсын төлөөлөгчид санал нэгтэй сайшаалаа. Үүнтэй холбогдуулан Европын Зөвлөлийн тэргүүн Дональд Туск твиттер хуудсандаа бичихдээ “гэрээг батлах, дахин хэлэлцээ хийх хүнд бэрх үйл явц биднийг хүлээж байна. Гэхдээ энэ бүхэн хэрхэн дуусахаас үл хамааран нэг л зүйлийг баттай хэлмээр байна: Европын Холбоо болон Их Британи үүрдийн найзууд хэвээр байх болно” гэжээ. 

Дээрх баримт бичигт тусгаснаар, 2020 оныг дуустал үргэлжлэх Брекситийн шилжилтийн үеийн /1-ээс дээш удаа сунгахгүй/ хугацаанд Их Британи улс ЕХ-ны гишүүн орнуудын хүлээдэг бүхий л үүргийг биелүүлж, Европын зах зээл, гаалийн холбооны дүрэм журмуудыг сахин мөрдөх ёстой болж байгаа юм. Гэхдээ ЕХ-ны шийдвэр гаргах үйл явцад оролцох эрхгүй болж хоцорчээ. Түүнээс гадна, Их Британи улс шилжилтийн үе дуусахаас өмнө ЕХ-ны төсөвт жилд 13 тэрбум фунт стерлинг оруулж байх үүрэг хүлээсэн аж.

Гэрээний төслийг “хамгийн боломжтой хувилбар” гэж өмнө нь хэдэнтээ онцолж байсан Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй-гийн хувьд одоо уг төслийг Их Британийн парламентаар хэлэлцүүлэн батлуулах тун амаргүй даваа хүлээж байна. Тодруулбал, Их Британийн хууль тогтоогчид 12 дугаар сарын 11-нд гэрээний төслийг хэлэлцэнэ. Тэд дэмжсэн тохиолдолд төслийг 2019 оны эхээр Европын парламентаар хэлэлцүүлэх ба үүний дараа ЕХ-ны зөвлөл хэлэлцэн дэмжих аваас 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Их Британи улс ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах үйл явц албан ёсоор эхлэх болно.

Хоёр Ирландын хил ба Гибралтарын хоолой

Брекситийн асуудлаарх гэрээний төслийг хэлэлцэх явцад нэлээд саад учруулж байсан нэг зүйл бол ЕХ-ны бүрэлдэхүүнд үлдэх Ирланд улс болон Их Британийн бүрэлдэхүүнд ЕХ-ноос гарах гэж буй Умард Ирланд хооронд хилийн бүс тогтоох эсэх тухай асуудал байсан бөгөөд уг асуудлыг энэ удаад шийдэлгүй орхижээ.  Учир нь, хоёр Ирландын хооронд “хатуу хил хязгаар” тогтоож заагласан тохиолдолд тэдгээрийн нутаг дэвсгэрт гаалийн өөр өөр дүрэм журмууд үйлчилж эхлэх бөгөөд энэ нь хоёр талын хооронд тогтсон хэврэгхэн эвлэрлийг бусниулж болзошгүй гэсэн болгоомжлол бий. Гэхдээ Брекситийн хэлэлцээрт оролцогч талууд уг асуудлыг 2020 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө шийдвэрлэнэ гэж амласнаа бичгээр баталгаажуулжээ. 

Саад тээг болж байсан өөр нэгэн асуудал бол гэрээний төслийг Испани улсаар дэмжүүлэх явдал байлаа. Хүндрэл үүссэн шалтгаан нь Испани, Их Британийн хооронд 300 гаруй жилийн турш үргэлжилж буй Гибралтарын хоолойн талаарх газар нутгийн маргаантай холбоотой. Газар Дундын тэнгисийг Атлантын далайтай холбож буй стратегийн хувьд чухал ач холбогдолтой уг хоолой нь одоогоор Их Британийн мэдэлд байгаа юм. ЕХ ба Их Британийн хооронд байгуулах улс төрийн тунхаглалын 184 дугаар зүйлд “энэхүү нутаг дэвсгэрийн цаашдын хувь заяаг Испанийн оролцоотойгоор шийдвэрлэнэ” гэсэн утгатай заалт оруулахыг Испанийн тал шаардаж байсан юм. Брюссельд Дээд хэмжээний уулзалт болохоос нэг өдрийн өмнө уг асуудлаар Их Британи ба ЕХ зөвшилцөлд хүрч “Их Британийн далайн чанад дахь нутаг дэвсгэр болох Гибралтар ба ЕХ-ны хооронд улс төр, хууль эрх зүй, газарзүйн асуудлаар аливаа зөвшилцөл тохиролцоо хийхдээ заавал Испанийг оролцуулна” гэсэн шийдвэр гаргасан байна. Үүний үр дүнд Брекситийн гэрээний төслийг ЕХ-ны бүрэлдэхүүнд үлдэх 27 улсын удирдагчид санал нэгтэй дэмжлээ.

Засгийн газрын хувь заяа Зул сарын баярын өмнө шийдэгдэнэ

Брекситийг тойрсон үйл явдлууд нь Их Британи улсыг дэлхийн II дайнаас хойш болж байгаагүй улс төрийн гүнзгий хямралын ирмэг дээр авчирч магадгүй байна. Хамгийн таагүй хувилбараар таамаглан төсөөлвөөс, Мэй-гийн засгийн газар огцорч, парламентын ээлжит бус сонгууль болж, ЕХ-нд үлдэх эсэх талаарх бүх нийтийн санал асуулгыг дахин явуулж магадгүй юм.

ЕХ-ны 27 орны удирдагчдын гаргасан шийдвэрийг Лейборист намын дарга Жереми Корбин болон Шотландын Үндэсний нам, Ардчилсан юнионист намын тэргүүн нар шүүмжилжээ. Түүнчлэн Мэй-гийн өөрийнх нь Консерватив намынхан ч дурамжхан байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд тэрбээр еврооптимистууд /Европын нэгдлийн төлөөх өөдрөг үзэлтнүүд/ ба евроскептикүүдийн /Европын нэгдлийг эсэргүүцэгч өөдрөг бус үзэлтнүүд/ аль алиных нь зүгээс ирж буй ширүүн шүүмжлэлийн хайчин галд өртөөд байна. Их Британийн зарим улстөрчдийн үзэж байгаагаар, ирэх оны 3 дугаар сараас өмнө 2 дахь санал асуулга болж, британичууд ЕХ-ноос гарах эсэхээ дахин нэг удаа "сайтар тунгаан бодох” ажээ. 

Сануулан дурдахад, 11 дүгээр сарын 14-ний өдөр Мэй-гийн удирдсан засгийн газрын гишүүд 5 цагийн турш ширүүн маргалдсаны эцэст ЕХ-той байгуулах гэрээний төслийг баталсан билээ. Харин маргааш өдрийнх нь өглөө уг шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн Брекситийн асуудал эрхэлсэн сайд Доминик Рааб, Хөдөлмөр, тэтгэвэр тэтгэмжийн сайд Эстер Маквей болон засгийн газарт ажилладаг тэднээс арай доогуур тушаалын 6 хүн өөрсдийн хүсэлтээр огцорсон байна.

Түүнээс гадна, Их Британийн парламентын Нийтийн танхимд /House of Commons/ Консерватив намаас сонгогдсон гишүүд Брекситийн гэрээг батлуулахаар яаравчилж буй Ерөнхий сайд Т.Мэйд намын даргынх нь хувьд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал асуулга явуулах бодолтой байна. Үүний тулд танхимын нийт 315 депутатын 15 хувь буюу 48 хүн бичгээр өргөдөл гаргахад л хангалттай. Огцруулах санаачилгад гарын үсгээ зурсан депутатуудын тоо 48-аас давсан тохиолдолд Нийтийн танхим дахь Консерватив намын фракцийн бүх гишүүний дунд санал хураалт болох бөгөөд хэрвээ Мэй ердийн олонх болох 158 хүний саналыг авч чадаагүй тохиолдолд намын дарга болон Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох юм. Зарим шинжээчийн таамаглаж байгаагаар, Зул сарын баярын яг өмнөхөн Тереза Мэйг намын даргаас нь огцруулж тун магадгүй байгаа аж.

Америк хандлага

Брекситийн гэрээний төслийг ЕХ-ын 27 улс санал нэгтэй дэмжсэн явдалд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тун хачирхалтай дүгнэлт хийлээ. Түүний бодож байгаагаар, гэрээний төсөл нь ЕХ-нд илүү давуу байдлыг олгох ба үүний улмаас Их Британи улс Америкийн талтай худалдаа хийх боломжгүй болох гэнэ. Учир нь, ЕХ-той байгуулсан гэрээ ёсоор, Их Британи улс нь шилжилтийн үе дуусах 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд ЕХ-ны хил хязгаараас гадуурх улс орнуудтай худалдааны гэрээ байгуулах боломжгүй аж. 

Их Британийн парламентад шийдвэрлэх чухал санал хураалт болох гэж буй энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч ийм үг хэлсэн нь тэрбээр Т.Мэй-г шүүмжилж буй хүмүүсийн талд оржээ гэсэн үг хэмээн ВВС-гийн тоймч Ж.Сопел дүгнэсэн байна.

Дашрамд дурдахад, 2016 онд АНУ-Их Британийн худалдааны эргэлт 100 орчим тэрбум фунт стерлинг байжээ.

Төгсгөл

Хамгийн сүүлд ирсэн мэдээллийг үзвэл, Ерөнхий сайд Т.Мэй огцорсон сайд Доминик Рааб-ын оронд Брекситийн асуудал эрхэлсэн сайдаар Стивен Баркли-г томилсон ба түүний энэ томилгоог Их Британийн хатан хаан сайшаасан байна. Ерөнхий сайдын хувьд Брекситийн асуудлаар дахин санал асуулга явагдахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байгаа ажээ. Гэхдээ хамгийн гол нь гэрээний төслийг Их Британийн парламент баталсан тохиолдолд тус улс ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах нь үндсэндээ тодорхой болох юм. Учир нь, Европын 27 орны удирдагчид гэрээний төслийг санал нэгтэй дэмжсэн учраас эдгээр орны парламентууд болон ЕХ-ны парламентаар батлуулахад төдийлөн хүндрэл учрахгүй.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 14 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 23 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 15 цаг 29 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 15 цаг 34 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 38 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 42 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 16 цаг 36 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top