x

Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш

Олон улсын эрүүгийн шүүхээс Монгол Улс В.Путиныг баривчлах үүргээ биелүүлээгүй асуудалд тайлбар өгөхийг шаардсан. Энэ асуудлаар ХИС-ийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.

-Өнгөрсөн аравдугаар сард Олон улсын эрүүгийн шүүхээс шийдвэр гаргасан. Монгол Улс В.Путиныг айлчлахад нь баривчилж, хүлээлгэж өгөх тал дээр хамтарч ажиллаагүй гэж үзсэн шүү дээ. Тэгэхээр манай улс энэ асуудалд ямар тайлбар өгөх ёстой вэ. Судлаачийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-2024 оны аравдугаар сарын 24-нд Гаагийн Олон улсын Эрүүгийн шүүхийн Урьдчилсан шатны II танхим Монгол Улс В.Путиныг баривчилж, хүлээлгэн өгөхөд хамтран ажиллаагүй гэж үзэж, Оролцогч орнуудын Ассамблейд асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзжээ. Бүрэн эрх нь хэрэгжиж буй аливаа улсын төрийн тэргүүн нь дипломат халдашгүй статустай байдаг. Монгол Улс Венийн конвенцийн оролцогч тал. Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн 29 дүгээр зүйлд “Дипломат төлөөлөгчийн бие халдашгүй байна. Түүнийг ямар ч хэлбэрээр баривчлах буюу албадан саатуулж үл болно. Хүлээн авагч улс дипломат төлөөлөгчийг зохих ёсоор хүндэтгэж, түүний бие, эрх чөлөө, нэр төрд аливаа байдлаар халдахаас урьдчилан сэргийлэх бүхий л зохистой арга хэмжээг авна” гэж заасан. Олон улсын Эрүүгийн шүүхийн “Ромын Дүрмийн IX бүлгийн дагуу хамтран ажиллах үүрэгтэй. Гэхдээ Дүрмийн IX бүлгийн 98 дугаар зүйлийн 1-д Дүрэм нь улс орнууд өөр улстай байгуулсан “гэрээний үүргээ зөрчих” тохиолдолд, эсвэл “гуравдагч улсын иргэн, түүний эд хөрөнгийн дипломатын халдашгүй байдлыг зөрчих” тохиолдолд баривчлах үүргээс чөлөөлөгдөж болно” гэжээ. Олон улсын эрүүгийн шүүхийн хэвлэлийн төлөөлөгч доктор Фади эль-Абдалла өнгөрсөн наймдугаар сарын 31-нд ВВС сувагт өгсөн ярилцлагадаа дээрхийг эш татаж байсныг онцлох хэрэгтэй болов уу.

Ер нь Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийн эрх зүйн чадамж нь тодорхой бус, баривчлах гүйцэтгэх ажиллагааны процедурын эрх зүйн зохицуулалт нь тодорхойгүй байдаг. Өмнө нь тус шүүх Уганда (5 хүн), БН Ардчилсан Конго Улс, Төв Африкйн БНУ, Дарфур нийслэлтэй Судан (7 хүн), Кени (6 хүн), Зааны Ясан эрэг улсад болсон хэрэгт мөрдлөг явуулж, 18 хүнийг шүүхэд дуудснаас долоо нь нуугдаж, хоёр нь нас барж, дөрөв нь баривчлагдаж, гурав нь сайн дураараа хүрэлцэн ирж байжээ. Баривчлагдсан дөрвийнх нь бүрэн эрхийн хугацаа нь хэдийнэ дууссан, эсвэл цэргийн эрхтнүүд байсан байдаг.

1993 онд ОХУ-тай найрамдал, хамтын ажиллагааны суурь гэрээг байгуулж, 2019 онд шинэчлэн байгуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын Гэрээ”-нд “Талууд төрөл бүрийн түвшинд тогтмол уулзалт зохион байгуулах, нэн түрүүнд дээд, өндөр түвшний уулзалтын механизмыг ашиглах болон сайжруулах, түүний сацуу нөгөө Талын эсрэг чиглэсэн аливаа үйлдэлд оролцох, эсхүл ийм төрлийн үйлдлийг дэмжихээс түдгэлзэнэ” хэмээн заасан байдаг.

АНУ-ын Цагаан ордон, Төрийн департамент Монгол Улс В.Путиныг баривчлах үүрэгтэй хэмээн мэдэгдэл гаргасан тухай огт үндэслэлгүй мэдээ явж байсан. Хэвлэлийн бага хурлын үеэр л сэтгүүлчийн асуултад Цагаан ордон, Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч хувийн байр сууриа илэрхийлж байсныг ташаа тайлбарлаад байсан. АНУ Олон улсын эрүүгийн шүүхийн Дүрмийн оролцогч тал биш учраас Монголыг шүүмжлэх боломжгүй. Түүнчлэн Монгол Улс В.Путиныг баривчлаагүйгээс болж НҮБ-ын Ерөнхий Ассемблейд түдгэлзэх санал өгөх ч эрхгүй болсон мэтээр огт холбогдолгүй зүйлийг ор үндэслэлгүй бичиж байсныг хэлэх хэрэгтэй. Мөн Монгол Улсын прокурор, эсвэл Дээд шүүхийн шүүгч Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш. Бас нэг зүйл бол В.Путиныг олон улсад эрэн сурвалжлагдаж буй мэтээр хэвлэл мэдээллээр ярьж байна лээ. Эрх зүйн утгаар бол гэмт хэрэгт нэр холбогдсон, хаана байгаа нь тодорхойгүй, тогтсон хаягүй хүнийг эрэн сурвалжилдаг. В.Путин бол хаана байгаа нь маш тодорхой хүн л дээ.

-Дэлхий дахин В.Путиныг дайны гол буруутан гэж үзэж байгаа шүү дээ. Гэтэл бид дипломат ёс зүйгээ баримтлаад түүний айлчлалыг хүлээж авсан. Ер нь ийм тохиолдолд баривчилж байсан түүх дэлхийд бий юу?

-Нэгд, ОХУ 2000 оны арванхоёрдугаар сарын 31-нд ОХУ, АНУ, Израиль, Судан зэрэг дөрвөн улс Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын Дүрэм буюу гэрээнд гарын үсэг зурсан. Гэвч хууль тогтоох дээд байгууллагаараа соёрхон батлахгүйгээр Дүрмийн 127 дугаар зүйлийн дагуу Израиль 2002 онд, АНУ 2002 оны тавдугаар сард, Судан 2008 оны наймдугаар сард, ОХУ 2016 оны арваннэгдүгээр сард тус тус гэрээнээс гарсан байдаг. Тиймээс Крымль ОХУ Ромын Дүрмийн оролцогч тал биш учраас Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэр нь тус улсад хамаагүй гэж мэдэгддэг. Яг энэ талын зохицуулалт арай л тодорхой бус. Хоёрт, Монгол Улс ОХУ-ын төрийн тэргүүн В.Путины айлчлалыг хүлээж авсан тухай асуудал биш юм. Харин Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ерөнхийлөгч В.Путины урилгаар 2021 оны арванхоёрдугаар сард ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр түүнийг Халх голын хамтын ялалтын 85 жилийн ойн арга хэмжээнд оролцохыг албан ёсоор урьсан байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн Гэрээ”-тэй хөрш орны төрийн тэргүүн албан ёсны айлчлал хийж буй үед түүнийг баривчлахыг шаардаж байгаа нь улс гүрний бүрэн эрхээс давсан ёс зүйгүй үйлдэл байсан. Ийм зүйл дипломатын түүхэнд ч болж байгаагүй. Монголчууд дипломат элчийн халдашгүй байдлыг хүндэтгэн дээдэлж байсныг Папын элч Плано де Карпини, Францын хааны элч Гильом де Рубрук нарын тэмдэглэлээс сайн мэдэх билээ. Их эзэн богд Чингис хаан журмыг сахиж, найрамдлыг хадгалан орштугай хэмээж Сартуул иргэн буюу Хорезм руу худалдааны элч төлөөлөгчдийг илгээхэд тэднийг баривчлан хөнөөж ёсгүй аашилснаас шалтгаалж дэлхийн түүх орвонгоороо өөрчлөгдсөн байдаг. Итгэлийг хөсөрдүүлж, дипломат элчийн амийг хөнөөснөөс мэдээг сүүлд сонсоод Хубилай хаан 1274, 1284 онд Японы эсрэг дэлхийн түүхэнд байгаагүй 4 мянган хөлөг онгоц, 100 мянган цэргийн хүчээр цэргийн ажиллагаа явуулсныг бид сайн мэднэ дээ. Хэрэв Хубилай хааны цэрэг арал дээр бууж нэгдсэн цэргийн ажиллагаа явуулсан бол үр дүн нь юу болох байсныг төсөөлөхөд ч бэрх. Энэ бол япон үндэстний орших, эс оршихуйн тухай асуудал байсан.

-Хэрэв В.Путиныг манайд ирэхэд нь баривчилсан бол нөхцөл байдал хэрхэх байсан бэ?

-2023 оны намар Өмнөд Африкт зохиогдсон БРИКС-ийн дээд түвшний уулзалтад В.Путин оролцоогүйг бид мэднэ. Хэрэв сэжигтнийг өөрийн нутаг дэвсгэрт ирвэл баривчлах ёстой гэж янз бүрийн түвшинд шахаж шаардаж байсан ч Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса Орос үүнийг дайн зарласан гэж үзнэ гэж анхааруулж байсан. Итгэлцлийг хөсөрүүлж, нөхөрсөг орныхоо элчийг баривчилсан тохиолдолд, ОХУ зүгээр хараад суух уу. Үүнээс гаргах ноцтой үр дагаврын хариуцлагыг Олон улсын эрүүгийн шүүх хариуцах уу гэдэг асуудал гарна шүү дээ. Муугаар төсөөлөхөд Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа эргэж сэргэхгүйгээр тэг түвшин байтугай хасах түвшин рүү орж, бараг ОХУ-аас Монгол Улсад “цэргийн тусгай ажиллагаа” явуулах байсан биз ээ. Бид бүх салбарт ОХУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээнд орох байсан болов уу. Монгол Улсын орлогын гол салбар болох уул уурхайн машин шатахуунгүй тэг зогсолт, баруун таван аймаг тог цахилгаангүй, III, IV цахилгаан станц мазутгүй, бид бүгд хоёр хөлөөрөө ажлаа залгуулах байж ч мэднэ. Мэдээж энэ бол зүгээр л сөрөг төсөөлөл юм шүү дээ.

-Ер нь В.Путиныг Монгол Улс хүлээж авснаар дэлхийд гадуурхагдах нөхцөл байдал үүслээ гэж зарим улчстөрчид, судлаачид хэлж байсан. В.Путин айлчлалыг хүлээж авахаас татгалзах боломж байсан уу. Дайн дууссаны дараа урьдаг ч юм уу. Халх голын ялалтын ойгоо энхийн цагт тэмдэглэе гэдэг ч юм уу. Эвтэйхэн бултах боломжтой биз дээ?

-Энд би нэг зүйлийг дахин давтан хэлье. В.Путины айлчлалыг Монгол Улс хүлээж авахаас татгалзах боломжтой байсан уу гэдэг асуудал нь өөрөө логик утгагүй зүйл юм. Монгол Улсын ерөнхийлөгч албан ёсоор урьсан. Тэрбээр урилгыг талархан хүлээн авч Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, арга хэмжээнд оролцоод л буцсан. Монгол Улс бүрэн эрхт, тусгаар тогтносон улс, тиймээс хэнийг урих, урихгүйгээ, ямар баяр ёслолоо яаж, хэдийд тэмдэглэхээ, тэгэх тусмаа найрсаг харилцаатай, иж бүрэн стратегийн түншлэлтэй хөрш гүрнийхээ төрийн тэргүүнийг хэнээр ч заалгахгүй урих бүрэн эрхтэй. Үнэнийг хэлэхэд, В.Путиныг Монгол Улс баривчлаагүйгээс болоод дэлхий дахинд гадуурхагдах нөхцөл байдал үүссэн ямар ч зүйл болоогүй гэдгийг судлаачийн хувьд хариуцлагатай хэлье. Өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 79 дүгээр чуулганы үеэр зохиогдсон “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассемблейн Ерөнхий ямар нэг асуудлаар, тэгэх тусмаа дээрхтэй холбоотой асуудлаар буруутгаж шүүмжлээгүйг онцлон хэлэх хэрэгтэй.

Өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр ОХУ-ын Казань хотноо БРИКС-ийн дээд түвшний уулзалт зохиогдох үеэр НҮБ-ын тэргүүн Антониу Гутерреш оролцож В.Путинтэй уулзаж байсан. Гаагийн ОУЭШ бол НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын нэг юм. Хамгийн том байгууллагынх нь дарга нь В.Путинтэй уулзаж байхад Олон улсын эрүүгийн шүүх эсэргүүцэл илэрхийлсэн билүү. Хөрш гэдэг аль ч улс гүрний хувьд аюулгүй байдал, геополитик, хөгжил дэвшлийн талаасаа онцгой учир холбогдолтой байдгийг дэлхийн түүх, тэгэх тусмаа дипломатын түүх харуулсаар ирсэн.

-Монгол Улсын тайлбарт үндэслэж ирэх арванхоёрдугаар сард болох Гаагийн Олон улсын эрүүгийн шүүх ямар шийдвэр гаргах бол?

-Ирэх арванхоёрдугаар сард болох оролцогч орнуудын Ассамблейд Монгол Улс хангалттай тайлбар хийх боломжтой. Олон улсын эрүүгийн шүүхийн Ассемблей ямар шийдвэр гаргахыг би урьдчилан тааж хэлэх боломжгүй. Хамтдаа л харах үлдлээ. Миний хувьд В.Путиныг Монгол Улсад баривчлахтай холбоотой асуудлаар хийж буй тайлбар бол цэвэр олон улсын эрх зүйн үүднээс хандахыг хичээж буй үйлдэл. Энэ нь НҮБ-ын Дүрэм, Олон улсын эрх зүйн зарчмуудын тухай 1970 оны НҮБ-ын Ерөнхий Ассемблейн Тунхаглалыг зөрчин В.Путины шийдвэрээ ОХУ Украинд бүрэн хэмжээний цэрэг дайн ажиллагаа явуулж байгаа үйлдлийг дэмжиж буй хэрэг биш гэдгийг эцэст нь онцлон тэмдэглэмээр байна. Энэ бол хоёр өөр асуудал юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
  • Shaun Blake (159.242.234.213)
    How To Hire The Best Crypto Recovery Expert Lost Recovery Masters Lost Recovery Masters performed an excellent operation to free my funds that had been deceitfully obtained through scams from dishonest crooks. Their prompt action and unflinching support of my case have given those priceless funds which had looked gone forever a second chance…I sincerely appreciate all of the members of the Lost Recovery Masters team for their professionalism, hard work, and perseverance during this process. You can get in touch with them through their website (https://lostrecoverymasters.com/), their WhatsApp (+44(753)710-5921)) or their support email (Support@lostrecoverymasters.com).
    2024 оны 12 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд байхгүй жишиг 1 мин “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци” болгон өөрчиллөө 19 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 21 мин Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван медаль хүртлээ 21 мин Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна 21 мин "Эрдэнэс Монгол" нэгдлийг "Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци" болгон өөрчилнө 23 мин Сурагч бүрийг компьютер, анги бүрийг ухаалаг самбартай болгох тогтоол баталлаа 23 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 24 мин Мансууруулах бодистой холбоотой хэргээр 8 хүнд хорих ял оногдуулжээ 24 мин U18 насны эрэгтэй волейболын шигшээ баг Хонконгыг зорилоо 1 цаг 46 мин Улсын дээд шүүх "Акуа гарден"-ы хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав 1 цаг 47 мин 13-аас доош насны хүүхэд нийгмийн сүлжээнд бүртгүүлэхийг хориглох хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ 1 цаг 49 мин ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-ын Хууль зүйн сайдтай уулзаж, визний нөхцөлийг хөнгөвчлөх талаар хэлэлцлээ 1 цаг 49 мин Монгол, Хятадын залуучуудын эрдэм шинжилгээ, соёлын солилцооны арга хэмжээ БНХАУ-д боллоо 1 цаг 50 мин Барилгын салбарын даатгалын хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг хэлэлцлээ 1 цаг 50 мин Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан тушаалтны хэргийг прокурорт хүргүүлэв 2 цаг 32 мин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Арменид айлчиллаа 3 цаг 25 мин Эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан үндэсний хөтөлбөрийг хэлэлцлээ 3 цаг 26 мин Болгарын Гадаад хэргийн дэд сайд ЕХ-ны Ерөнхий хэргийн зөвлөлийн хуралдаанд оролцов 3 цаг 26 мин Оросын оюутан тамирчдыг олон улсын тэмцээнд нейтрал статустайгаар оролцохыг зөвшөөрлөө 3 цаг 27 мин
iИх уншсан
Нийслэлийг удирдах хүн сайн “намчин” биш, сайн менежер байх ... Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Э.Бат-Үүл: Нийслэлийн бүх хариуцлагыг улаанбаатарчууд Н.Учра... Парламент өөрсдийнхөө тухай хуулийг хэлэлцэж эхэллээ Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... Нью-Йоркчууд хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг 50 доллароор а... “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Эрчим хүчний бодлогын зөвлөл хуралдаж, шилжилтийн стратегийн... "Улаанбаатар марафон 2026"-тай холбоотойгоор нийтийн тээврий...
Top