x

Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд байдалд үлдэж байна

Элчин сайд асан Ц.Сүхбаатартай ярилцлаа.

-Саяхан хоёр хөршийн төрийн айлчлал ар араасаа үргэлжиллээ. Эхлээд В.Путины айлчлалын талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Түүний айлчлал цаг үеэ олоогүй, гадаад бодлогын хувьд зарчмын алдаатай боллоо. Яагаад гэвэл В.Путин чинь цэргийн гэмт хэрэгтэн. Олон улсын шүүхээс албан ёсоор зарлачихсан байгаа. Тэр хүнийг хаа явсан газарт нь баривчлах ёстой. Ялангуяа олон улсын шүүхийн Ромын дүрмийг өөрийнхөө хууль тогтоох дээд байгууллагаараа баталсан улсын хувьд бид энэ үүргээ заавал биелүүлэх ёстой. Гэтэл ийм гэмт хэрэгтэн хүнийг айлчлуулсан нь буруу. Ер нь цэргийн гэмт хэрэгтэн, олон улсын эрүүгийн Шүүх гэдгийг манайхан үл тоомсорлосон байдалтай хандаад байна л даа. Дээд удирдлагаасаа авахуулаад жирийн хүмүүсийн дунд “Энэ ер нь юу юм, хоосон шүүх шиг юм байж байдаг. Тэрийг нь хэн тоодог юм” гэсэн маягтай хандлага байна л даа. Дэлхийн II дайны дараа Нюрнбергийн шүүх хурал гэж болсон. Тэр бол дэлхийн II дайныг өдөөсөн, цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүсэн анхны том шүүх хурал байсан. Ялагч орнууд дайныг өдөөсөн гэмт буруутнуудыг шийтгэсэн. Мөн Токиогийн шүүх хурлаар Японы цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүж байв.

Сүүлд Юкславын дайныг өдөөсөн цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүсэн шүүх хурал болж байсан. Ер нь дэлхийн II дайнаас хойш олон улсын харилцаанд гарч байгаа хамгийн аюултай зүйл бол дайн өдөөх явдал. Дайн гэдэг бол ямар ч тохиолдолд цэргийн албан хаагчаас гадна энгийн иргэд, иргэний байгууллагууд хүссэн ч эс хүссэн ч сүйддэг. Амь нас нь үрэгддэг аюултай үйлдэл учраас аль болохоор дайн гаргахгүй байх, дайныг өдөөсөн гэмт хэрэгтнүүдийг хувь хүнийх нь хувьд шийтгэдэг тогтолцоог хүн төрөлхтөн аль эртнээс хүсэн хүлээж ирсэн. Ингэж явсаар байгаад энэ асуудал биеллээ олсон л доо. НҮБ-ын хүрээнд Олон улсын эрүүгийн шүүхийг байгуулах асуудлаар маш олон жил яриа хэлэлцээ явагдсан.

Миний хувьд анх 1987 онд НҮБ-ын чуулганд оролцож байхдаа энэ асуудлаар хэлэлцүүлэгт оролцож байсан. Тэр үед ЗХУ болоод социалист орнууд үүнийг эсэргүүцдэг байв. Барууныхан ийм зүйл тогтоож, өөрсдөдөө ашигтай юм хийх гэж байна гэдэг үүднээс ханддаг байсан

Коммунизм нурж унаснаар Эрүүгийн шүүх байгуулах асуудал зарчмын хувьд боломжтой болсон. 1998 онд эцэслэн тохироод 140 орон гарын үсэг зурсан. Энэ бол батлахынхаа өмнө хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Дараа нь тэрийгээ өөрийнхөө дотоодын хууль тогтоох дээд байгууллагаар батлахаар тухайн улсын хувьд хууль болно. Ингээд 2022 онд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ болж батлагдсан. Үүнийг баталсан улсууд нь үүнийг заавал дотоодын хууль мэт хэрэгжүүлэх ёстой. Харин манай улсын хувьд хэрэгжүүлэхгүй байгаа нь өөрийнхөө дотоодын хууль, Үндсэн хуулиа үл хүндэтгэж байгааг харуулж байна.

-В.Путиныг авчирснаар Монгол Олон улсын эрүүгийн шүүхээс шийтгэл авна гэдгээ мэдэж байсан биз дээ?

-Үүнийг манай удирдлагууд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Барууны зүгээс ямар нэг реакц үзүүлэх үү гэдгийг эрх биш мэдэж, тооцоолж байсан байх. Манай улс В.Путиныг баривчилж авч чадахгүй гэдгийг манайхан мэдэж байсан. Дэлхий ч мэдэж байгаа. Гэхдээ арай ч ингээд олон улсын өмнө хүлээсэн үүргээ үл хайхран ийм алхам хийхгүй байх гэж найдаж байсан байх. Гуравдагч хөршийн бодлогоо тэнцвэржүүлж явах нь чухал. Хоёр хөрштэйгээ аль болох эвтэй байх, аргыг нь олоод балансжуулаад явах ёстой л доо. Гэхдээ дээрээс нь нэмж гуравдагч хөршийн бодлогоо бид заавал авч явж байх хэрэгтэй.

-Энэ айлчлалын дараа дэлхий биднээс нүүр бууруулах уу?

-Украины дайн эхэлснээс хойш барууны орнууд Монгол руу цуван өндөр дээд хэмжээний айлчлалууд болсон. Манай удирдлагууд мундаг болохоор тэд ирээд байна гэж худлаа суртал ухуулга хийснээс биш мөн чанарыг нь ойлгоогүй байсан нь одоо харагдлаа. Дайн болж байна. Монгол орон Оросын хэт хамаарлаас болж нөгөө тал руу юм уу, гуравдагч хөршийнхөө бодлогоос ухарчих вий, ардчиллын тогтолцооноосоо ухарчих вий гэсэн улсууд аль болох манайд дэмжлэг үзүүлж, эв санааны нэгдлээ илэрхийлж ирж байсан. Улмаар “Танай хэт хамаарлыг арилгахын тулд туслахад бэлэн байна шүү” гээд ил тодоор дохио зангаагаар зөндөө хүмүүс айлчиллаа шүү дээ. Харин манайхан үүнийг зөрж, бид биеэ даасан орон, хэнээс ч хамааралгүй, тэр тусмаа америкуудаас хамааралгүй гэдгээ харуулах гэж ийм юм хийсэн болов уу гэж бодож байна. Эргээд ямар хор урхагтай вэ гэхээр балансаа алдагдуулчихлаа.

Бид ямартай ч урд, хойд хоёр хөрштэйгээ балансаа бариад яваад байна л даа. Оросын төрийн тэргүүн нь ирэхэд. Хятадын төрийн тэргүүний орлогч нь ирж байх жишээтэй. Энгийн үед бол болж байгаа хэрэг. Гэтэл дайн байлдаан болоод цэргийн гэмт хэрэгтэн болчихсон, барууны орнуудтайгаа илэрхий дайсагначихсан өнөө үед тэр хүнийг зориуд авчирч байгаа үйлдэл нь Монгол Улс хэний талд байна гэдгийг харуулж буй хэрэг болчихож байна л даа. Тэрийг барууны орнууд маш тодорхой хэлж байна. “Монгол Улс бол дайн өдөөгчийг цэргийн гэмт хэрэгтнийг дэмжиж байгаагаа бодит үйл ажиллагаагаараа харууллаа” гэж. Иймэрхүү байдлаар барууны зүгээс харилцаан дээрээ янз бүрийн байдлаар өөрчлөлт оруулах байх гэж санаа зовж байна.

Энгийн хүмүүс сошиал орчинд өөр өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгааг харахад “Ер нь Монгол Улсын аюулгүй байдал хэнд хамаатай юм. Бид өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн бол хэнийг ч ирүүлэх эрхтэй” гэж байгаа нь үнэн. Харилцаа гэдэг чинь харилцан адилхан байж, харилцан бие биеэ хүндэтгэж байж, бие биедээ өгсөн амлалтдаа хүрч байж харилцаа явдаг. Тэгэхээр барууны өндөр хөгжилтэй орнуудтай эвтэй найртай, гуравдагч хөршийн бодлого явж байна. Энэ гуравдагч хөршүүд чинь манай хоёр хөрштэй эн тэнцүү хүчирхэг байгаа учраас тэдний тусламж дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Гэтэл энэ балансаа алдагдуулсан ийм алхам боллоо гэж харагдаж байгаа юм.

-Үүний хор уршиг нь энгийн иргэдэд яаж нөлөөлөх үү?

-Барууны орнуудад манай үй олон монголчууд ажиллаж амьдарч байгаа. Тэдний хамаатан садан, эцэг эх, үр хүүхдүүд нь ирж, очих асуудал бий. Тэр болгонд виз мэдүүлэхэд хүндрэх байх гэж бодож байна. Миний олж дуулсан мэдээллээр Монголын төрийн албаны улсуудын визийг одоо болтол гаргахгүй, хатуурхаж байгаа юм билээ. Хил дээр очиход нь маш их байцааж шалгаж байгаа гэсэн. Ер нь бол цаашдаа нөхцөл байдал улам чангарна гэсэн үг. Жирийн иргэд дээр л хүндээр тусна шүү дээ. Хамгийн аюултай нь барууны орнуудын дээд сургуулиудад монгол залуус мэргэжил боловсрол эзэмших маш их сонирхолтой байдаг. Манай залууст олгож байгаа боломж нь барууны орнуудын засгийн газраас олгож буй тэтгэлэг байдаг. Баян чинээлэг айлын хүүхдүүд мөнгөө төлөөд явчихна. Барууны орнуудаас олгож байгаа тэтгэлгийг ямар нэгэн арын хаалгагүйгээр шууд чадалтай залуус өрсөлдөөд авч болдог том боломж. Жил болгон Америк, Баруун Европын орнуудаас тэтгэлэг нэмж ирдэг. Энэ бол Монголын ирээдүйг авч явах залуучуудад олдож буй асар том боломж. Тэгвэл одоо цаашид нэмэгдэхгүй, хорогдох вий гэж санаа зовж байна. Ийм сайхан боломжийг хумиж буй аюултай алхам хийж байгаад харамсаж байна.

-Сая Шведийн хаан манайд айлчлах байсан нь больчихлоо. Цаашид олон улсын харилцаанд ямар үр дагаврууд гарах бол?

-Барууны өндөр хөгжилтэй орнуудаас төлөвлөж байсан айлчлалууд эхнээсээ цуцлагдаад эхэллээ. Удахгүй НҮБ-ын чуулган эхэлнэ. Аягүй бол манай томчууд тийшээ явах байх.

-Ерөнхийлөгч удахгүй НҮБ рүү явна гэсэн. Дэлхийн томчууд яаж хүлээж авах бол?

-Одоо харцгаая. Барууны орнууд урдынх шигээ уулзаад сүйд болоод байхгүй байх

гэж бодож байна. Бид Орос, Иран, Хойд Солонгос зэрэг улсуудтай нэг клуб руу орчихлоо шүү дээ. Бусад төвийг сахиж байгаа орнууд уулзах байх л даа. Харин барууны орнууд хуучин шигээ найрсгаар хүсэлт тавихад нь шууд хүлээж аваад тэвэрч уулзаад байх нь юу л бол.

-Ковидоос хойш манай улсын гадаад харилцаа огцом сайжирсан. Энэ зун төрийн томоохон айлчлалууд ар араасаа хөвөрлөө. Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өссөн гэж судлаачид үздэг. Гэтэл В.Путины айлчлалаар нэр хүнд шалаар нэг болчих шив?

-Барууны орнуудад улаан шугам гэж байгаа шүү дээ. Өнгөрсөн 30 жилд Монгол Улс дэлхийд нээлттэй болоод асар их үнэ цэнээр олон үе дараалласан, олон төрийн албан хаагчид, дипломатууд ажиллаж байж өнөөдрийн нэр хүнд бий болсон. В.Путиныг айлчлуулж болно. Гэхдээ дайн дууссаны дараа шүү дээ. Дайны нөхцөлд Халх голын ялалтын ойг заавал 85 гэхгүйгээр 90 жилийг нь тэмдэглэе гээд хойшлуулж болох байсан.

-Э.Бат-Үүл баатар саяхан манай сонинд өгсөн ярилцлагадаа Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхий чуулганаас ямар шийдвэр гарахаас бүх зүйл хамаарна. Манай улсын хувьд хатуу шийдвэр гарвал бид дэлхийгээс тусгаарлагдана гэсэн. Тэгвэл бид В.Путиныг хүлээж авахгүйгээр эвтэйхэн мултрах боломж байсан уу?

-Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс хэдийгээр Оростой манайхтай адилхан баланс барих гээд эвтэйхэн байх гээд байгаа. Гэтэл БРИКС-ийн хуралд В.Путин очих гээд байхаар нь эвтэйхэн аргалж байгаад С.Лавровыг нь аваад өнгөрөөчихөж байна шүү дээ. Тэр улс ийм маягаар нэрээ аваад гарчихаж байгаа юм. Манайх Оростой цахилгаан, нефть бүтээгдэхүүний хамаарал их байна. Тэрийг бүгд мэднэ. Гэхдээ заавал В.Путиныг авчирч, өөрийгөө товойлгож харуулах гэдэг энэ оролдлого үнэхээр явцгүй. Дайнаа зөвтгөж байгаа хүнд боломж олгож байна гэдгийг дургүйцэж хүлээж авч байна. За яахав Монгол хэцүү юм, яах аргагүй хүлээгээд авчихлаа гэж хэн ч харахгүй. Харин барууныхан “Монгол ямар чиг баримталж байгаа юм бэ. Аль талд байгаагаа зориуд илэрхийлэх гэсэн оролдлого” гэж хүлээж авч байна.

В.Путин Монгол бол миний дагуул улс юм гэдгийг харуулах гэсэн айлчлал боллоо гэж учир мэдэх хүмүүс байна л даа?

 

-Энэ бол Оросын бодлого. Украины дайн эхэлсний дараахан манайх руу Польш, Япон болон Хятадын сайд ч бас ирж байсан. Гэтэл С.Лавров учиргүй давхиж ирээ биз дээ. Монголыг тоодоггүй, ирдэггүй улс. Гэтэл дайн хийнгүүтээ нэг ч гэсэн улсыг өөрийн талдаа байлгах сонирхолтой ингэж ирсэн. Өнөөдөр олон улсын хэмжээнд ОХУ хүнд байдалд орчихоод байгаа. НҮБ-ын 190 гаруй орноос дийлэнх олонх нь эсэргүүцэж байгаа. Нэлээд хэдэн орон төвийг сахиж байна. Гарын таван хуруунд багтах орон л Оросыг дэмжиж байгаа.

ЗХУ-ыг дахин амилуулах зорилготой Евразийн эдийн засгийн холбоонд Монголыг элсүүлэх гэж байна. Энхийн цагт хэрэгжүүлээгүй ажлууд дайны үед хэрэгжихгүй гэж эдийн засагч Ч.Отгочулуу ярьсан. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-Гол зорилго нь Монголын эдийн засаг, харилцаа холбоо биш. Үнэн хэрэгтээ улс төрийн хувьд Монгол гэдэг орон манай талд байгаа, бидний мэдэлд байна гэдэг зорилгоо биелүүлсэн. Монголчуудад эдийн засгийн хэд, хэдэн амлалтууд гаргасан. Оросод Элчин сайдаар сууж байсан С.Баяр хүртэл маш тодорхой хэлсэн байна лээ. Сүүлийн 20 жил ийм, ийм амлалт өгч байгаа. Одоо үүнд итгэх арга байхгүй гээд. Нөгөө л амладаг юмнуудаа ярьдаг байна лээ. Цаад санаа нь бол хэн ч тоодоггүй Евразийн эдийн засгийн холбоондоо оруулах гэсэн санаа. Тэгээд болоогүй “Түр зуурын хэлэлцээр” гээд байгаа юм шүү. Байгуулж байгаа хэлэлцээр нь хүртэл утгагүй. Гэрээ хэлэлцээрийг хэзээ ч түр зуурын гэж хэнтэй ч байгуулдаггүй. Хамтран ажиллана гэж байгаа бол тав, зургаан жил ч гэдэг юм уу хугацаа тавиад явдаг. Зүгээр л сайхан манайхныг хуурч, аргалаад өнгөрч байна.

-В.Путины дараа залгуулаад БНХАУ-ын дэд дарга айлчилсан. Хоёр хөрш цаагуураа юу тохиров. Монголыг үнэхээр дэмжих юм болов уу. Эсвэл шахалт үзүүлнэ гэв үү?

-Орос, Хятад хоёр цаагуураа Монголын талаар яаж тохирч, юу хийдгийг хэлэхэд хэцүү. Ер нь Хятадын дэд даргын айлчлал эртнээс төлөвлөөд явж байгаа. Хятадууд айлчлалын циклээ маш сайн барьдаг улс. 2014 онд Си Жиньпин манай улсад айлчилсан. Тэрнээс хойш 10 жилийн дараа Хятадын дэд дарга ирж байна. Одоо төрийн тэргүүний хэмжээнд манайд ирэх цикл нь ойртож байгаа. Үүний өмнө дэд дарга нь ирж байна гэж харагдаж байна л даа. Хятадууд манайд тодорхой хамтын ажиллагаа санал болгосон байна лээ. Эдний яриа хэлэлцээ илүү бодитой харагдаж байгаа юм. Хамтарсан Засгийн газар том, том төслүүд явуулъя гэж байгаа бол санхүүгийн болон технологийн боломжтой нь урд хөрш л байна. Өнөөдөр дайны байдалтай, хамаг нөөцөө шавхаж байгаа, өөрөө дайнд ялах эсэх нь тодорхойгүй орон манайд хөрөнгө оруулалт хийгээд хамтраад явах нь тун эргэлзээтэй. Зүгээр Монголд ирсэн айлчлалаа зөвтгөхийн тулд Эгийн голын УЦС-ыг хамтаръя гэж байх шиг. Манайхыг өөр улстай хамтраад хийчих вий гэсэндээ хамтарч ажиллах нэрийн дор өөрсдийн хяналтандаа байлгах санаа. Энэ том төсөл цаашаа явахгүй. Явуулж байгаа нэртэй бариад дараад байдаг шалгарсан арга л даа. Ингээд харьцуулаад харахад хоёр талд шинэ нөхцөл байдал бий болсон. Үүнд тааруулж харилцах зарчмуудаа тааруулах шаардлага зүй ёсоор гарч ирж байгаа. Хуучин шиг хамаг юмаа ОХУ-тай өргөн хүрээнд хамтран ажиллана гэж найддаг цаг өнгөрсөн байна. Энэ дайн ямар нэгэн байдлаар дуусч таарна. Орос орон эдийн засгаа сэргээх урт хугацаа хэрэгтэй болно. Энэ хорио цээрээ тийм ч амархан дуусчихгүй гэж бодож байна. Бид цахилгаан эрчим хүч, нефть, шатахууны хэт хамаарлаа арилгах тал дээр шийдвэртэй алхам хийх хэрэгтэй. Нефть боловсруулдаггүй манайх шиг орон зөндөө л байна. Бүгдээрээ Оросоос авахгүйгээр энд тэндээс импортлоод болж л байна. Манайх баруун талаараа төмөр замаар холбогдох юм бол Казахстан, цаашаа Пакистанаар дамжаад Арабын тэнгис рүү гарах боломж байгаа. Үүнийгээ судлаад энэ чиглэл рүүгээ дорвитойхон ажиллах хэрэгтэй.

-Ингээд явъя гэхээр хойд хөршүүдээсээ айгаад хөдөлдөггүй юм биш үү?

-Манайхан өөрсдөө хөдлөхгүй байгаа юм. Тусгаар улс юм бол өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн шийдвэрүүдээ зоригтой гаргаад ажиллах ёстой. Тэрнээс УИХ-ын гишүүн Д.Рэгдэл шиг “Орос ах нар зөвшөөрөхгүй байх. Оросууд дургүйцэх байх” гээд суугаад байвал юу ч явахгүй.

-Бид Путиныг авчирсан үйлдлээ олон улсад яаж зөвөөр тайлбарлах вэ?

-Үүн дээр одоо гадаад харилцаа хариуцаж байгаа улсууд тодорхой ажлууд хийх ёстой. Элчин сайд нараа ажиллуулах хэрэгтэй. “Монгол Улс ингээд Лукашенко, В.Путин хоёрыг авчраад Монголын ардчилал ямар мундаг байгааг үзүүлж харуулах гэсэн юм. Тэгж байж дайныг зогсоох тал дээр бодит жишээгээр үзүүлэх гэж оролдсон юм” гэдэг ч юм уу. Нэг зүйлээр тайлбарлах хэрэгтэй болно. Тэрнээс бид аргагүй хүчинд автагдаад В.Путиныг ирнэ гэхээр нь үгүй гэж чадсангүй гэвэл хамгийн утгагүй тайлбар. Өөрийгөө доош нь хийсэн юм болно. Тусгаар бүрэн улсын хувьд айлчлалыг хүлээж авахгүй байх эрхтэй. Одоо бидэнд зөв тайлбарлах арга л үлдэж байна. Олон улсын арга хэмжээ, хурал зөвлөгөөнүүдэд үй түмэн улсууд яваад байгаа шүү дээ. Тэд очсон газар болгондоо зөв талаар нь тайлбарлаж, ойлгуулах ажлыг хурдан хийх ёстой. Нэгэнт бодит амьдрал дээр болсон явдлыг үгүйсгэх арга байхгүй.

Ялангуяа барууны өндөр хөгжилтэй орнуудад лобби гэдэг чинь ингэж л явна шүү дээ. Маш өндөр хэмжээнд лобби явдаг. Тэр хүн нэр хүндтэй, хэл ус сайтай, гадна дотны элитүүд орж байгаа улстөрчидтэй ойр харилцаа холбоотой Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зэрэг хүмүүсээ ашиглах гарц бий. В.Путиныг авчирч байгаа нь манай Монгол Улс биеэ даагаад явах чадалтай болчихсон шүү, бид өөрсдийнхөө сонгосон зам дээр хатуу байр суурьтай байгаагаа бодитоор харуулахыг хичээсэн гэдэг ч юм уу. Ийм тайлбарыг маш эрчимтэй хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг хэсэгтээ манай харилцаанд хүйтнээр нөлөөлөх үйл явдал боллоо. Дор хаяж хоёр, гурван жил үргэлжилнэ. Ядахдаа хоёр улсын Төрийн тэргүүн нарын хэлэлцээний үеэр олигтой зүйл хэлсэнгүй.

“Халхын голын дайнд Украины хэдэн зуун цэрэг амь үрэгдсэн байдаг. Та нар ингэж дайнтай байгаа нь маш их харамсалтай байна. Та хоёр хоёулаа бидний ахан дүүсийн найрамдалт харилцаатай билээ. Та хоёр учраа олоод дайнаа зогсоочихвол яасан юм бэ” гэдэг санааг цухуйлгасангүй. Ядахдаа ийм мессэж өгсөн бол арай өөр байх байлаа. Гэтэл хуучин хүйтэн дайны сэтгэлгээгээрээ “Орос бол аугаа орон юм, энхтайвны түшиг тулгуур. Та нар маань манлайлаад өгөөч” гээд өөрсдөө дайн хийгээд байгаа оронтой ингэж ярих утгагүй сонсогдож байна лээ. Одоо биднийг гадны хурал зөвлөгөөнд уриад байхгүй байлгүй. Өөрсдөө баахан зардал гаргаад явах ажил үлдэж байх шиг байна даа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Бат (127.0.0.1)
    Яг хэллээ. Тэнэг хүрэлсүх
    2024 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    битгий буруугаар суртчилгаа хийгээд бай новш минь
    2024 оны 09 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Хан-Уулын АН-ын супер клип 4 мин OpenAi 6.6 тэрбум долларын хөрөнгө оруулалт татсанаар дэлхийн хамгийн үнэтэй стартапын топ 3-т орж ирлээ. 39 мин Mark Zuckerberg Улам баяжиж, тэрбумтнуудын жагсаалтын хоёрт бичигдлээ. 42 мин Герман зэвсгийн экспортын салбарын дээд амжилт руу 44 мин Хөгжөөн дэмжигчдийн календарь 47 мин Ардчилсан нам боловсрол, нийгмийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарна 1 цаг 28 мин Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар У.Эрдэнэбаатарыг томиллоо 2 цаг 3 мин Чингис хот-Норовлин чиглэлийн замын эхний ээлжийг ашиглалтад орууллаа 2 цаг 12 мин Үнэ нэмснээр эрчим хүчний шинэчлэл хийгдэхгүй 2 цаг 26 мин Шинэ цахилгаан станцын анхны галлагаа шиг илчтэй “салют” үзсэнгүй 2 цаг 28 мин Онцгой байдлын алба хаагчид 10 иргэний амь насыг авран хамгаалжээ 2 цаг 36 мин Улстөрчид Орон нутгийн сонгуулиар халхавчлаад Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл хангаж байна 2 цаг 45 мин Кирил монгол бичгийн давуу ба дутагдалтай тал 2 цаг 51 мин Сталин Мао Зэдунг үл тоосон нь 4 цаг 25 мин Цахим толь бичгээс хэвлэмэл толь бичгийг хэрэглэх нь илүү үр дүнтэй 19 цаг 42 мин Илон Маск Бразил улсад төлөх $5.2 саяын торгуулиа буруу дансанд шилжүүлжээ 20 цаг 51 мин Д.Трамп Батлер хотод сонгуулийн цуглаан зохион байгууллаа 21 цаг 3 мин Амазон мөрний усны түвшин түүхэн доод хэмжээнд хүрчээ 21 цаг 15 мин Хил залгаа ОХУ-ын бүс нутгуудад эрчим хүчний хомсдол бий болжээ 21 цаг 50 мин Багануурын 50 Мвт-ын батерей хуримтлуурын станц өвлийн оргил ачааллын өмнө ажиглалтад орно 21 цаг 56 мин
iИх уншсан
Мунхагийн хана Л.Гантөмөр: Үзэл бодлоосоо болж улс орны эрх ашгийг уландаа ... Х.Тэмүүжин: Байгууллагын даргын гаргасан журмаар иргэний үнд... Б.Лхагважав: НӨАТ-ын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно Монголчууд бид жинхэнээсээ "алтан дээр суусан гуйлгачид" бол... Хүйтэн дайн дахин эхлэх үү? "Украин бол Орос”, “Оросын ертөнц” гэж дайтаад байж байгаа ц... “Зариг” Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлааг ... Ц.Элбэгдоржоор айлгадаг МАН-ын технологи Х.Баттулгаар үргэлж... Морь унасан "толгойгүй" сайд нар Алх барьсан хүнд хүн болгон хадаас шиг харагддаг... Р.Даваадорж: Үндэсний баялгийн сан нь иргэний биш, даргад да... Хан-Уулчууд итгэл даах нэр дэвшигчээр Болдхуягийн Билэгтийг ... Өнөөдөр Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар х... Амазон мөрний усны түвшин түүхэн доод хэмжээнд хүрчээ Дэлхийн хамгийн үнэтэй ЦАГААН БУДАА: Ямар үнэтэй, яагаад хам... Монгол бөхийн өргөөнд энэ сард дөрвөн барилдаантай Халуун орны ой, тансаглал бүхий 122 давхар TIGER SKY TOWER Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замыг хэсэгч... COMEDY WILDLIFE PHOTOGRAHY AWARDS 2024: Амьтны хамгийн инээд...
Top