Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн тусгай хамгаалалттай газар нутгуудад 2000 гаруй дотоод гадаадын жуулчин аялжээ.
Эдгээр жуулчид Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур, Мухартын гол, Сэнжит хад, Баян нуур, Бор хярын элс, Дааган дэлийн буган чулуун хөшөө, Ямаан усны Хүннүгийн үеийн язгууртны дурсгалт газар, Улаан хаалга, Отгонтэнгэрийн рашаан сувиллуудад ихэвчлэн зочилж, амарч аялжээ.
Завхан аймаг нь 1200 гаруй түүх соёлын үл хөдлөх дурсгал, 800 гаруй булаг шанд, 40 гаруй рашаан, 340 гаруй гол горхи, нуур тойромтой, ховор ан амьтан, жигүүртэн шувуудаар баялаг говь хангай хосолсон нутагтай.
Эдгээр байгалийн унаган төрхийг хадгалах зорилгоор улсын тусгай хамгаалалттай гурван газар ажиллаж байна. Тусгай хамгаалалттай газрууд нь Завхан аймгийн аяллын гол чиглэл, маршрутад багтдаг.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр нийт 81 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Мөн дөрвөн зочид буудал, 33 дэн буудал, 21 жуулчны бааз, зургаан рашаан сувилал ажиллаж байна гэж аймгийн Аялал жуулчлалын холбооноос мэдээлэв.