x

Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт

Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд

 

Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт

-сэтгүүлчийн тэмдэглэл-

Чимээгүй реформатор

Зөвлөлтийн “Перестройка”, БНМАУ-ын “Ж.Батмөнхийн эрин”, миний сэтгүүлчийн карьер, энэ хэд нас чацуу юм, зүгээр л сонирхуулахад.

     1984 оны наймдугаар сард, Төв аймгийн “Анхдугаар таван жил” сонины томилолтоор ургац хураалт сурвалжлахаар тариалангийн бүс нутгаар явж байхад ертөнцийн өнгө, түүний дотор хувь заяа нь социализмын “цавагт багтсан” БНМАУ-ын тавилан өөрчлөгдсний дохио эфирт цацагдаж билээ. 

    Тэр нь МАХН-ын Төв хорооны бүгд хурлын сонсгол мэдээ байж, нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал дарга “өөрчлөгдсөн” болохыг орон даяар зарлалаа. Улс төрийн шинэ тоолол тэгж эхэлсэн. 

    Хамт явсан намын үзэл суртлын ахмад ажилтан, Үнэн” сонины сурвалжлагч Д.Сэнэднасаа гуай балмагдах нь хаашаа юм бэ гэхэд давхар, давхар гайхсан харагдав. Бидний үеийнхний хувьд Ю.Цэдэнбал дарга нь үхлээс өөр юу ч өөрчлөшгүй, мөнхийн удирдагч ажгуу. Ийм учраас түүнийг амьд байхад нь өөрчилнө чинээ санасан хүн үгүй. Угаасаа, алив дэглэмийн удирдагч нэг бол “ард түмний дайсан” байсан нь илэрч, эсвэл нас барж л солигддог хойно.

    Д.Сэнэднасаа гуай Цэ даргыг ширээнээсээ шилжсэнд төдийгүй, оронд нь Ж.Батмөнх томилогдсонд үнэмшиж ядна. Учир нь намын ахмад ажилтнуудын дунд “Цэ даргыгаа бие барсны дараа Д.Моломжамц залгамжилна” гэсэн итгэл үнэмшил их байсан юм билээ. 

       (Сэнэднасаа гуай гэснээс, “Үнэн” сонины хянагч нар түүний нэрийг “Сэнэдсанаа” болгож алдаад арга хэмжээ авахуулж байсан гэдэг. За энэ ч энд ямар хамаа байх вэ)

      Төв хорооны сонсгол мэдээнд дурьдснаар: Ю.Цэдэнбал дарга нам, ард түмний өмнө их гавъяатай бөгөөд уул шугамандаа насаа элтэл энэ албандаа байх нигууртай аж. Даанч бие нь муудаад ажил хийж барахгүй болсон юм байх аа. 

     Тэр намар нь Зөвлөлтийн төв телевизийн дэлгэцээр ээлжит “Хунт нуур” гарч, М.Горбачёв хэмээх итгэл төрүүлсэн, шал өөр хүн Соц.системийн толгойд гарч ирсэн юм. Дашрамд сонирхуулахад, Зөвлөлийн төв телевиз удирдагчаа нас барахаар зурагтаар балет үзүүлээд унадаг сонин заншилтай байв. Наяад оны эхний 4 жилд Л.Брежнев, Ю.Андропов, К.Черненко гээд гурван удирдагч тэнгэрт хальж, зурагтын эфирт “Хунт нуур”байнга жижүүрлэх болсон. 

    Ийнхүү, Зөвлөлийн жишгээр, БНМАУ-д ч “Өөрчлөн байгуулалт” өрнөж, нийтээрээ итгэл найдвар урам зориг нь сэргэсэн он жилүүдэд “Үнэн” сонинд ажиллаж таарав. Өөрөөр хэлбэл, “Ж.Батмөнхийн эрин үе”-ийн “Үнэн” сонины сурвалжлагч байсан. 

Ж.Батмөнхийн сүүлчийн томилолтНалайхад ажиллаж буй нам төрийн тэргүүнийг Улс төрийн Товчооны гишүүд, Ц.Намсрай, Д.Содном, Д.Моломжамц нар дагалджээ. С.Цацралтын фото.

  Ж.Батмөнх даргыг тухайн үеийн эрс шинэчлэл хүссэн сэхээтнүүд “хэтэрхий болгоомжтой”, “шийдэмгий бус” гэхчлэн шүүмжилдэг байсан. 

   Гэвч тэрээр улс төрийн огцом шинэтгэл хийхийн оронд Дэн Сяопин маягийн эдийн засгийн зоримог реформыг чимээ, амиа багатайгаар хийж байлаа. Угаасаа ч, зоримог сэхээтнүүдийн шаардаж байсан шиг улс төрийн огцом шинэтгэлүүд нь 1990-ээд онд социализм өөрөө нурах хүртэл боломжгүй, тэр үеийн БНМАУ-д хээнцэрдэх алхам байж дээ, өнөөдрөөс эргэн харахад.

    Ж.Батмөнхийн эдийн засгийн реформуудын нэг нь иргэдийг хувийн өмч, хувийн үл хөдлөх хөрөнгөтэй болгоход чиглэж байв. 1980-аад оны сүүлчээр, анх удаагаа иргэдэд хувийн орон сууц барихад нь зориулж 15 мянган төгрөгийн урт хугацааны зээл олгож эхэлсэн нь томоохон реформ болов. Тухайн үеийн дүрмээр иргэд хувьдаа үнэ цэнэтэй орон сууцтай болох байтугаа барилгын материалыг хувь хүнд худалдахыг хориглодог байсан. Чухамдаа, эсэргүү Лоохууз “хувь хүнд зардаггүй барилгын материал” хууль бусаар олж авч аминдаа байшин барьсны учир шоронд хоригдох ялаар шийтгүүлсэн гэдэг. 

    Зээл авсан иргэд анхны хувийн “хаус” маягийн барилга барьж эхэлжээ. Хувийн өмчийг хориглосон тогтоцод ийм шинэтгэл хийнэ гэдэг бол социализмын Үндсэн зарчмыг хөндсөн зоримог шийдэл байв. Үүнийг дагуулаад, гадаадаас барилгын материал өргөнөөр захиалах, түүнийгээ иргэдэд худалдахыг зөвшөөрсөн тогтоол ч гарсан байдаг.

    Улмаар хувиараа хоршоо байгуулахыг зөвшөөрснөөр нийтийн үйлчилгээ, нийтийн хоолны салбарт хувийн өмч бий болох үндэс тавигдлаа. Аминдаа машинтай хүмүүст такси үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрлөө. Ингэснээр БНМАУ-ын иргэд Социалист эдийн засгаас Зах зээлийн эдийн засагт албан бусаар шилжиж эхлэв. Гэхдээ үүнийг Зах зээлийн эдийн засагт албан ёсоор шилжсэн гэж хэлэх аргагүй, хувийн өмчид улс төрийн баталгаа хэрэгтэй байсан нь 1990 оны Ардчилсан хувьсгалаар сая хэрэгжсэн билээ.

   Тэрбээр улс төрийн салбарыг огт хөндөөгүй орхисон гэх аргагүй. Их дээд сургуулийн хөтөлбөрөөс ЗХУКН-ын түүх чив чимээгүй хасагдаж, нэгэн гэгээн өглөө “Хэвлэл, утга зохиол Хянах газар” татан буугдсан байв. Том жижиг гэлтгүй иймэрхүү өөрчлөлтүүд “нэгдүгээр хүн”-ий зөвшөөрөлгүйгээр хэрэгждэггүй тогтоц байсан учраас Ж.Батмөнх даргатай яалт ч үгүй холбогдоно.

    Хэдийгээр, Зөвлөлтийн Гадаад бодлогын уур амьсгал өөрчлөгдсний тусгал байсан ч гэсэн, Ж.Батмөнхийн үед АНУ-БНМАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоож, Монгол- Хятадын харилцаа хэвийн болж, Улаан армийн 100 мянган цэрэг манай улсыг орхин гарсан байдаг. 

Сүүлчийн хариулт

   1990 оны Мартын баярын өмнөхөн Ж.Батмөнх дарга Налайх дүүрэгт ажилласан нь түүний сүүлчийн томилолт байлаа.Түүнийг сурвалжлахаар “Үнэн” сониноос гэрэл зурагчин С.Цацралт бид хоёр дагалдан явав. Бусад сонин хэвлэлийнхэн ч дагалдсан. Томилолтын явцад Налайхын  олон байгууллага, Шилний үйлдвэрийн ажилтай танилцаж, орой нь Уурхайчдын соёлын ордонд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. (Тэр үед иргэдийг “хөдөлмөрчид” гэдэг байсан нь хувь хүн болбаас өөрийн аз жаргалын төлөө амьдрах эрхтэй бодгаль бус харин социалист бүтээн байгуулалтын төлөө хөдөлмөрлөх үүрэг хүлээсэн субьект хэмээн томъёолж байсантай холбогдоно)

 Зураг дээр: Ж.Батмөнх дарга Налайхад ажиллахдаа оёдлын газартай танилцаж байгаа нь. Түүний баруун мөрөн дээгүүр цухуйж байгаа хар шилтэй хүн бол Намын генсекийн туслах Р.Батаа. Харин зүүн захад эл өгүүллийг бичигч нэгэн харагдана. С.Цацралтын авсан фото.

    Орой нь уурхайчдын Соёлын ордонд болсон уулзалт нэлээн халуухан өрнөлөө. Учир нь тэр үед  Ардчилсан Холбоо байгуулагдаж, улстөрийн амьдралд хувьсгал гарах нь тодорхой болчихсон цаг. Асуулт ч нэлээн хурц байсан санагдана. Тэр үеийнхээ шалгуураар л шүү дээ. Өнөөгийн улс төрийн хурц хэрүүлийн хажууд бол шалихгүй л дээ.

   Гэхдээ тэр үеийн хөдөлмөрчний үг нь “асуулт ба хүсэлт” гэсэн дэд бүтэцтэй байна. Асуулт нь нам төр ба улс эх орны сайн сайхныг төлөөх тухайн иргэний тэмүүллийг илтгэсэн шинжтэй бөгөөд удирдагчийн анхаарлыг хувийн хүсэлт рүүгээ татах зориулалттай.

  Хувийн хүсэлт нь ийм учиртай. Тэр үед бүхнийг шийдэх чадвартай намтөрийн удирдагчтай уулзсан боломжийг ашигласан хэн боловч ахуйн болон амжиргааны асуудлаа шийдүүлэх хандлага зонхилдог байв. Дээд сургуульд элсэхээс эхлээд орон сууц хуваарилуулах, мөнгө тусламж авах гэхчлэн. Нам засгийн удирдагч,

-Энэ хүний асуудлыг шийд гэхэд л маргааш нь шинэ байрны түлхүүр, дээд сургуулийн урилга гар дээр ирэх нь энүүхэнд. 

   Энэ уулзалт дээр үг хэлсэн хүмүүсийн хүсэлтүүд өмнөхөөс ялгаагүй боловч асуулт нь илүү өөрчлөн байгуулалтын хувь заяаг хөндсөн шинжтэйгээрээ ялгарч харагдана. Мэдээж хэрэг, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, нам төрийн удирдагчид илүү зоримог ажиллахыг уриалсан асуултууд бишгүй байв.

 Энэ бүгдийн дундаас нэгэн иргэний “асуулт-хүсэлт”-ийн комбинаци санаанд үлджээ. Учир нь асуултад хариулахдаа Ж.Батмөнхийн дарга Ардчилсан хувьсгалд хандах байр суурь, үзэл санаагаа маш товчоор илэрхийлсэн юм.

  Өндөр настан... гэж өөрийгээ танилцуулсан тэр хүн,

эгдүгээрт, би олон хүүхэдтэй, настан өндөр хүн. Үхэхдээ сэтгэл амар нүд анимаар байна. Улаанбаатарт Ардчилсан Холбоо гэж айхатар юм гарсан гэнэ. Тэрийг л та нэг дараад өгч үз.

Хоёрдугаарт, олон хүүхэдтэй, амьдрал хүнд байна. Хэдэн цаасны тусламж үзүүлнэ үү гэсэн юм.

Тэрбээр, Ардчилсан Холбоог цус урсган дараад өгөөсэй гэж үнэнээсээ хүссэн нь юу л бол? Харин ингэж хэлбэл, нам төрийн тэргүүний анхаарал өртөж, "Энэ хүнд тусламж үзүүл" гэж Налайхын дарга нарт үүрэгдэнэ гэж л итгэсэн болов уу.

   Ж.Батмөнх дарга “Ардчилсан Холбоо гэдэг бол та бидний үр хүүхдүүд. Тэд янз бүрийн шаардлага тавьж байгаа. Бид тэдэнтэй санал нийлэх юман дээрээ тохиролцоно. Санал нийлэхгүй юман дээрээ ойлголцоно” хэмээн хариулж билээ.

   Хэдхэн хоногийн дараа тэрбээр Ардчилсан хувьсгалын төлөөх “Үндэсний тохиолцоо”-гоо хийж, өөрийн тэргүүлдэг “Улс төрийн товчоо”-гоо дагуулан огцорсон. Монгол Ардчилсан хувьсгал тайван өрнөж ялах өргөн дардан зам тийнхүү нээгдсэн.

   1990 оны Ардчилсан хувьсгалын Үзэл санааны удирдагчдийн нэг Баабар бээр нэг бус удаа: энэ хувьсгал бол эрх чөлөөний төлөө зориглон тэмцсэн баатрууд, улс төрийн шинэтгэлийг хүссэн сэхээтнүүд, улс орныхоо ирээдүйн төлөө зоримог сонголт хийсэн нам төрийн зарим удирдагчид, тэднийг дэмжсэн ард түмний зөвшилцөөнөөр аравнайлагдсан, нийт үндэстнээрээ хамтарч хийсэн хувьсгал хэмээн дүгнэсэн байдаг. Тэгсэн учрын нэгийг өгүүлэхэд иймэрхүү.

Б.Цэнддоо /2026.III.10/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 1 цаг 26 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 1 цаг 32 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 1 цаг 34 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 1 цаг 36 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 1 цаг 37 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 1 цаг 38 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 1 цаг 40 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 5 цаг 28 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 5 цаг 29 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 5 цаг 30 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 5 цаг 30 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 5 цаг 30 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 5 цаг 31 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 5 цаг 32 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 7 цаг 26 мин Аюулгүй байдал эхний дүрэм 8 цаг 14 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 9 цаг 5 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 9 цаг 8 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 9 цаг 9 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 9 цаг 9 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top