x

Х.Нямбаатар гишүүнийг гүтгэсний учир

Нэн шинэ нөхцөл байдал

Хөөрхий биднийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийн тэрбум тэрбум төгрөгт таварцаглаж байх хойгуур Засгийн газар дахиад нэг алхчихлаа. Арав хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 2-нд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг (Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж, Засгийн газар өргөн барьсан) байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн байна. Төсөлд “Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг захиргааны шүүх хянахгүй” байхаар (төслийн 3.1.7) тусгажээ. Чоно борооноор гэж энэ. 

Гэхдээ энэ удаагийн хэлэлцүүлэг УИХ, Засгийн газрын гишүүд ЖДҮХС-гийн мөнгөөр гараа угаасан нь илэрч, дээлээ нөмрөх үгүйдээ тулчихаад байхтай давхацсанаараа онцлог юм. Хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал ЖДҮХС-ийн зээлээр намынхнаа тэтгэсэн сайд лав шүүхэд дуудагдахгүй нь. Учир нь “Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага” гэдэгт ХХААХҮЯ болон ЖДҮХС хоёулаа багтаж байгаа. Нэмж хэлэхэд, ЖДҮХС-г “тонох” энэ ажиллагаа нэлээд эртнээс, төлөвлөгөөтэйгээр эхэлсэн байх магадлалтай.

Уг нь 2007 онд баталсан Жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах асуудлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулах”-аар тусгасан байв. Гэтэл УИХ 2017 оны хоёрдугаар сарын 9-нд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14-р зүйл, “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” гэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын жижиг дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу ХХААХҮ-ийн сайд батлахаар (хуулийн 14.6) болжээ.

Харин үүнээс гурван сарын өмнө буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 09-нд сайд нь “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам”-ыг батлаад, зээлээ олгоод эхэлчихсэн байв. (Ж.Энхбаяр нарын олон гишүүн 2017 онд анх ЖДҮХС-гаас зээл авч эхэлснийг санана уу) Журмаа баталчихаад араас нь хуульд өөрчлөлт оруулсан гэсэн үг. Тэрхүү журмын 1.5-д “зээл олгохдоо банкаар дамжуулж, эсхүл сангаас шууд санхүүжүүлнэ” гэсэн нь УИХ, Засгийн газрын гишүүдийг ийнхүү сангийн хөрөнгө лүү санаан зоргоор гараа дүрэх боломжийг олгосон хэрэг. Гэтэл бид “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахын тулд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах гэж байна хэмээн “чулуу” хөөв.

Өмнөх хууч

Одоогоос дөрвөн сар гаруйн өмнө буюу 2018 оны зургадугаар сарын 27-нд бичигч “У.Хүрэлсүхийн Засгийн газар унах нүхээ өөрөө малтав” гэсэн малгайтай бичвэрийг inews.mn сайтад нийтэлжээ. Засгийн газраас боловсруулсан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, төслийг хэлэлцүүлэгт оруулахаар Хууль зүйн байнгын хороо дэмжчихээд байсан үе. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авсан Засгийн газрын тогтоол захиргааны хэргийн шүүх дээр гурван удаа унаад, Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Энэ хуулийг батлах шалтгаан нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах явдал юм” гэж ил цагаан хэлсний дараахан.

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй цоо шинэ хуулийн төсөл яагаад өргөн баригдангуутаа хэлэлцүүлэгт шууд орсныг гайхаж, хуульчид ч “Энэ хууль чинь буруу шүү. Үндсэн хуулийнхаа эсрэг явж байна” хэмээн үг нэмэрлэж байлаа. Бичвэрийн агуулга нь, хэрэв Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авахыг хүсвэл үүнийгээ хуулийн хүрээнд хийх ёстой, хуульд өөрчлөлт оруулах замаар шүүхийн шийдвэрийг үгүйсгэж болохгүй л гэсэн санаа. Хэрвээ Засгийн газар, түүний харьяа байгууллагын шийдвэрүүд бүгд захиргааны шүүхийн хяналтаас гарчихвал төрийн байгууллагын дур зорго, хууль бус шийдвэрээс болж хохирсон иргэд, аж ахуйн нэгжүүд эрхээ сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргах боломж хаагдаж, Үндсэн хуулиар хамгаалсан хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх болно шүү гэдгийг л сануулсан хэрэг.

Уг нийтлэлд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын нэр хавчуулагдсан нь ч санаандгүй зүйл биш. Мань хүн C1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “Захиргааны хэргийн шүүгчид бүгд авилга авдаг. “Шударга байцгаая” гэсээр байгаад хийсэн шүүх шинэчлэлийн чинь бодит үр дүн энэ” гэх мэтчилэн бурсан билээ. Энэ ч гэсэн санаандгүй үг биш, шүүгчдийн нэр төрд халдах замаар шүүхийг татан буулгах, Засгийн газар ямар ч хяналтгүйгээр дур зоргоо хэрэгжүүлэх гэсэн Ц.Нямдорж сайдын зорилгод үйлчилсэн хэрэг бөгөөд шууд утгаараа “утсан хүүхэлдэй” нь болжээ гэсэн билээ. Учир нь өчүүхэн бичээч би хүртэл Монголын шүүх шударга байхын зэрэгцээ мэргэшсэн, чадварлаг байх ёстой гэж үздэг. Харин УИХ-ын эрхэм гишүүн шүүхтэй ямар өс хонзонтой болоод ингэж хэлснийг мөхөс би мэдэхгүйн дээр үүнээс өөрөөр үнэлж цэгнэх нөхцөл байдал тухайн үед үүсээгүй байсан хэрэг.

Тиймээс шүүхийг “авилгажсан” хэмээн мэдэгдсэн эрхэм гишүүн өөрөө өмнө нь гэр бүлийн хамт 38 саяын орлоготой, 25 саяын машинтай, 15 сая төгрөгийн малтай, нэг байртай, иргэн бүрийн адил “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаатай байснаагишүүн болоод жилийн дотор 160 саяын орлоготой, 50 саяын малтай, 90 саяын lexus 570 машин, хоёр тусдаа байр, 100 хувь эзэмшдэг гурван компанитай болсон (АТГ-ын ХОМ хэсгээс үзнэ үү) орлогын эх үүсвэрээ тайлагнахыг хүссэн төдий.

“Гомдлын орон”-д

Мэдээжээр Х.Нямбаатар гишүүн уг нийтлэлийг гүтгэлэг хэмээн үзэж (би ч гэсэн Ц.Нямдорж биш, Х.Нямбаатар нь гомдсонд гайхдаг л юм), зөрчлийн хэрэг үүсгүүлэхээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан нь одоо тав дахь сартайгаа золгож байна. ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас (Өмнө дүүргүүд дээр шалгагдаж байсан төрийн өндөр албан тушаалтантай холбоотой гомдлыг Нийслэлийн прокурорын 2018 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 11 тоот тушаалаар уг хэлтэст татан төвлөрүүлж, тэгшитгэн шийтгэл оногдуулдаг болсон) зөрчлийн хэрэг нээн шалгаж, хоёр сая төгрөгийн торгууль оногдуулсныг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хянаж үзээд шийтгэлийг хэвээр үлдээжээ. Өөрөөр хэлбэл үүнийг бичигч нь Зөрчлийн тухай хуулийн 6.21.1-д заасан “Хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн” гэмт хэрэг үйлдсэн болж таарав. Одоо ч гэсэн энэ “гүтгэлэг” үргэлжилж байх шиг байна л даа. Учир нь бичигч өөрөө “гүтгээгүй” хэмээн өөрийгөө өмгөөлсөөр байгаа учраас. Хэрвээ хэн нэгэнд Х.Нямбаатар гэдэг хүн хэн нэгний “утсан хүүхэлдэй биш” гэдгийг батлах баримт байгаад энд бичигдсэн үйл баримтууд бүгд худлаа гэдгийг нотолж чадахаар бол шүүхэд хандсан ч болно.

Харамсалтай нь Х.Нямбаатар бид хоёрыг бие биенээ харилцан “гүтгэж” байх зуурт Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-аар батлагдаж, Засгийн газар дур зоргоо тогтоох боломж дахиад нэг алхам урагшилчихлаа. Хууль батлагдвал Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийг авч чадахгүй байлаа ч ЖДҮХС-гаас зээл авсан, өгсөн УИХ, Засгийн газрын гишүүд лав шүүхэд дуудагдахгүй юм байна. Өмнө хэлж байсанчлан “Бид мэдээлэлд ойр байсан учраас зээл авсан” гэж дээрэлхээд, эсвэл “Баталсан журмынхаа дагуу зээл өгсөн” гэж гүтгээд өнгөрөх нь л дээ. Яагаад гэвэл Засгийн газар болон захиргааны бусад байгууллагуудын шийдвэр хуульд нийцэж буй эсэхийг хянадаг ганц газар нь Захиргааны хэргийн шүүх. Хэрвээ Засгийн газрын байгууллагууд захиргааны шүүхийн хяналтаас гарчихвал Захиргааны хэргийн шүүх ч яваандаа шаардлагагүй болно. Бид жинхэнээсээ ёроол руугаа явж байх шиг...

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 23 цаг 22 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору...
Top