x

Ч.Отгочулуу хүн гүтгэхгүй гэж шазуур зуусныхаа төлөө шоронд хоригдож байна

Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан тус банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гишүүн Ч.Отгочулуу, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарыг албан тушаалын хэргээр шүүсэн. Анхан шатны шүүхээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Н.Мөнхбатад дөрвөн жил, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт тус бүр хоёр жилийн ял оноосон юм. Уг хэрэгтэй холбогдуулан Ч.Отгочулуугийн өмгөөлөгч Б.Баяраатай ярилцлаа.

-Ч.Отгочулуу нарыг буруутгасан гол үндэслэл Хөгжлийн банкны байртай холбогддог. Байр авсан асуудал гэмт хэрэг болсон учир шалтгаанаас ярилцлагаа эхэлмээр байна. Болох уу?

-Монгол Улсын Хөгжлийн банк 2011 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа өөрийн гэсэн байргүйн улмаас бусад төрийн байгууллага болон түрээсийн байраар дөрвөн жил гаруй хэсч ажилласан байдаг.

Яваандаа энэ нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлсэн тул тухайн үеийн удирдлагууд олон жил яригдсаны дагуу өөрийн гэсэн оффисын байртай болох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаад өнөөдөр эрүүгийн гэмт хэрэгтэн болчихоод байна. Уг нь өөрийн гэсэн ажлын байргүйн улмаас бусдын байр түрээслэх, эсвэл шаардлага хангахгүй байранд ажиллахын зовлонг өнөөдрийн манай шүүхийн байгууллага хамгийн сайн ойлгох байх гэж бодсон ч харамсалтай нь үгүй байж. Гэнэт нэг өглөө босч ирээд байр авъя гээд шийдчихсэн юм биш шүү дээ.

-Гэхдээ байр худалдан авах шийдвэр гаргасны төлөө гэмт хэрэгт буруутгах үндэслэлгүй байх. Эрүүгийн хуульд зааснаар бол хууль зөрчиж, хувийн ямар нэгэн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн тохиолдолд албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт тооцно гэж тодорхой хуульчилсан санагдаж байна?

-Хөгжлийн банкинд ажиллаж байсан Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу, Н.Мөнхбат нар нь байр худалдан авах асуудлаар аливаа хэлбэрээр хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлэхийг хүсч байна.

Тэр бүү хэл, шүүх ч энэ нөхцөл байдалд санал нийлж шүүхийн шийдвэртээ “Шүүгдэгч нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас өөртөө давуу байдал бий болоогүй буюу өөртөө ашиг олоогүй байна” гэж бичгээр маш тодорхой дүгнэсэн байдаг юм. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь аливаа байдлаар хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг. Санамсаргүй үйлдэгдэх боломжгүй. Шууд санаатай гэмт хэрэг нь хүний оюун санаанд эхэлж үйлдэгдээд идэвхтэй үйлдлээр илэрдэг.

Санаа сэдэлт, хүсэл зоригийн хувьд зориуд төлөвлөн үйлдэж, улмаар үйлдэл эс үйлдэхүй нь гэмт хэргийн хор уршигийг үүсгэх шалтгаант холбоотой байхыг шаарддаг онцлогтой.

Харин Хөгжлийн банк өөрийн гэсэн байртай болох нь зүйтэй гэсэн хувь хүний итгэл үнэмшил, байр сууриа илэрхийлж ажил үүргийнхээ дагуу шийдвэр гаргасны төлөө гэмт хэрэгт буруутгах үндэслэлгүй юм.

-Хувьдаа давуу байдал олж аваагүй бол хэнд давуу байдал үүсгэсэн гэж буруутгасан бэ. Олон нийтийн хувьд үнэтэй байр худалдан аваад өөрсдөө авлига авсан мэтээр ойлгоод байгаа шүү дээ?

-Ч.Отгочулуу нар хувьдаа ашиг хонжоо хайсан, аливаа хэлбэрээр хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн, авлига авсан асуудал байхгүй гэдэг нь нотлогдсон. Хавтаст хэрэгт ч ийм нотлох баримт байхгүй учраас шүүх энэ талаар зөв дүгнэсэн.

Харин бусдад буюу тухайлбал, Худалдаа, хөгжлийн банкнаас үнэтэй байр худалдан авч гуравдагч этгээдэд давуу байдал үүсгэсэн нь гэмт хэрэг гэж дүгнэсэн. Тэгэхээр өөрөө мэдэлгүй бусдад буян болоод өөртөө юу ч наасан юмгүй шоронд ордог тэнэг хүн байж болох уу. Эсвэл ийм логикгүй дүгнэлт хийсэн шүүхэд асуудал байна уу гэсэн асуулт гарч ирж байна. Манай тохиолдолд давуу байдал олж авсан гэх Худалдаа, хөгжлийн банктай миний үйлчлүүлэгч огт харилцаж байгаагүй төдийгүй хаана, хэзээ, хэнтэй ямар байдлаар уулзаж юу тохиролцсон тухай огт баримт байхгүй. Ер нь тийм үйл явдал болоогүй атал эрүүгийн хэрэгт буруутгагдаад явж байна. “Тэгсэн байж таарна” гэсэн таамаглал хардалтаар хүнийг буруутгаж ял шийтгэх үндэслэл байхгүй. Зөвхөн нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

-Тэгвэл Ч.Отгочулууг буруутгасан нь үндэслэлгүй гэж та үзэж байна уу?

-Шүүх нь Компанийн тухай хууль, Хөгжлийн банкны тухай хууль, компанийн засаглалын кодексын талаар буруу дутмаг ойлголттойн улмаас үндэслэлгүй шийдвэр гаргасан. Тухайлбал, Ч.Отгочулууг төрийн албанаас түр чөлөө авсан байх хугацаанд Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүний бүрэн эрх дуусгавар болсон гэж дүгнэсэн байна. Ер нь ТУЗ-ийн гишүүн гэдэг нь хуульд заасан шаардлага хангасан хувь хүнийг томилж, тухайн этгээд нь хувьцаа эзэмшигчдийн өмнөөс мэргэжлийн удирдлага төлөөлж хэрэгжүүлдэг хариуцлагатай албан тушаал байдаг.

ТУЗ-ийн гишүүнийг тухайн хувь хүний мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлага, санхүүгийн болон ёс зүйн бусад шалгуур үзүүлэлтэд үндэслэн томилдог төдийгүй компанийн засаглалын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх шаардлага хуулиар тавигддаг. Гэтэл төрийн албан тушаалтан шууд чиг үүргийн дагуу Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн болох тухай Засгийн газрын хууль зөрчсөн тогтоолыг Ч.Отгочулуу зөрчсөн гэх дүгнэлтийг шүүх хийсэн. Монгол Улсад төдийгүй олон улсад ТУЗ-ийн гишүүнийг албан тушаалын чиг үүргээр хашдаг жишиг байдаггүй. Үүнийг манай Компанийн тухай хууль, Хөгжлийн банкны тухай хууль, компанийн сайн засаглалын кодексоор зөвшөөрдөггүй. Тухайн албан тушаалтан хуульд заасан ТУЗ-ийн гишүүний шалгуурыг хангахгүй бол ажлаа хийх боломжгүй гэсэн үг. Ямар хууль зөрчилтэй нь биш.

ТУЗ-ийн гишүүн нь хувийн байдалд үндэслэдэг албан тушаал учраас бүрэн эрхээ бусдад шилжүүлэх, төлөөлүүлэх гэсэн ойлголт байдаггүй бөгөөд энэ талаар шүүх үндэслэлгүй дүгнэлт хийснийг бид гомдолдоо тодорхой дурдсан. Тэгээд ч Ч.Отгочулуугийн зөрчсөн гээд байгаа Засгийн газрын тогтоолыг түүнд танилцуулж байгаагүй тул буруутгах үндэслэл байхгүй.

Жишээлбэл, шүүгч жирэмсний болон амаржсаны, эсвэл урт хугацааны сургалтын чөлөө авлаа гэж бодъё. Энэ нь түүнийг Шүүгчдийн холбооны сонгуульт ажил юмуу,эсхүл хуулийн төсөл, бусад ажлын хэсгээс шууд чөлөөлөх үндэслэл болохгүй. Үндсэн ажлаас гадуурх ажлаас чөлөөлөх бол заавал тусдаа томилж, чөлөөлөх шийдвэр гарсан байх шаардлагатай. Ч.Отгочулуугийн хувьд хуульд заасны дагуу ТУЗ-өөс чөлөөлөх Засгийн газрын шийдвэр гараагүй төдийгүй Хөгжлийн банк ч ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэхийг зөвшөөрч цалин хөлсийг нь олгож байсан тул ажлаа хийхгүй гэж хэлэх эрхгүй байсан. Мөн Ч.Отгочулууг Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн чадамжтай байсан талаар шүүхийн хууль ёсны хүчин төгөлдөр эцсийн шийдвэр байдаг. Энэ шийдвэрийг эрүүгийн шүүгч яагаад үгүйсгэсэн нь тодорхойгүй байна.

-ТУЗ-ийн шийдвэрийг хэдэн гишүүн гаргасан бэ. Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг яагаад голлон буруутгасан юм бол?

-Хөгжлийн банкинд байр худалдан авах тухай Гүйцэтгэх удирдлагын саналыг ТУЗ-ийн хуралд оролцсон зургаан гишүүний тав нь дэмжсэн байдаг. Хамтын шийдвэрийн хариуцлагыг яагаад зарим гишүүд үүрэх ёстойг би ч ойлгохгүй байгаа юм. Тухайлбал, УИХ, Засгийн газраас олонхын саналаар баталсан шийдвэрийн хариуцлагыг цөөн тооны гишүүдэд нялцааж болохгүй байх. Үүнтэй адилаар ТУЗ-ийн олонхын саналаар баталсан шийдвэрийг төлөөлүүлэх маягаар нэг, хоёр гишүүнд хариуцуулж, тэр дундаа ял шийтгэх ямар ч үндэслэл байхгүй юм.

Манай шүүхийн практикт Засгийн газрын кабинетын зарчмаар гаргасан шийдвэрт “шүд сугалах” байдлаар зарим сайдыг онцолж буруутгасан буруу жишиг нэг бус удаа гарч байсныг санаж байна.

-Өмнө нь манай сонид Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар Эрүүгийн хууль буцаан хэрэглэх асуудлаар шүүх хуулийг ноцтой зөрчсөн талаар дурдсан нь анхаарал татсан. Ч.Отгочулуугийн хувьд ийм асуудал бий юү?

-Хэрэв хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгэдэг. Хожим батлагдах хуулийн нөхцөл ямар байхыг хэн ч мэдэх боломжгүй тул хуулийг буцаан хэрэглэдэггүй. Гэхдээ Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчим, олон улсын гэрээ конвенц, эрх зүйн сайн туршлагын үүднээс зөвхөн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. Манай үйлчлүүлэгчийн буруутгагдаж байгаа үйл явдал 2015 онд буюу 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан үед хамаарах тул тухайн үеийн хуулиар хорих, торгох ял шийтгэлийг сонгох байдлаар хэрэглэж болохоор байсан. Дараа нь 2017 оны Эрүүгийн хуулиар торгох, зорчих эрх хязгаарлах, хорих зэрэг сонгох ялтай болсон. Гэтэл шүүх 2022 оны арванхоёрдугаар сард буюу Нүүрсний гэх жагсаалын нөлөөгөөр Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэг үгээр бол зөвхөн хорих ялтай төдийгүй ял шийтгэлийг хүндрүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэж хорих ял оногдуулсан.

Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх үндэслэлгүйг хуулийн сургуулийн оюутан ч мэднэ. Өдөр тутам шүүн таслах ажил хийдэг шүүгчийн хувьд ийм бүдүүлэг илэрхий алдаа гаргана гэж байх уу. Хийсвэр жишээ авахад, буруу жолоодлоготой авто машин унахыг хориглосон гэж бодъё. Тэгвэл тухайн шийдвэр хүчинтэй болсноос мөрдөгдөх ёстой болохоос зөвшөөрөгдсөн үед унаж байсан жолоочид нөхөж торгууль ногдуулаад эхэлбэл ямар санагдах вэ. Бүр хүнд жишээ татахад, цаазын ялыг сэргээлээ гэж бодъё. Тэгвэл цаазын ялгүй үеийн үйлдэлд цаазаар авах ял шийтгэл нөхөж оногдуулаад байж болох уу. Харамсалтай нь манай үйлчлүүлэгчийн хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн логикоор энэ бүхэн боломжтой юм байна. Ингэж Эрүүгийн хуулийг илтэд бүдүүлгээр зөрчиж байгаа шүүгч өдөр тутам бусдын амьдрал хувь заяаг шийдвэрлэж байгаа нь дэндүү харамсалтай байна. Магадгүй улс төрийн зорилгоор зориуд хүнд ял шийтгэл оногдуулсан байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Мэргэжлийн илэрхий алдаа гаргасан, эсвэл улс төрийн нөлөөнд автсан аль ч тохиолдолд ийм шүүгч үнэхээр айдас төрүүлж байна.

-Та тэгвэл үйлчлүүлэгчээ улс төрийн зорилгоор яллагдсан гэж хэлэх гээд байна уу?

-Ний нуугүй хэлэхэд улс төрийн зорилготой, урьдаас ухсан нүхэнд уначихав уу гэж хардаж байна. Үүнтэй хамт шүүхэд итгэх итгэл, шударга ёс ч алдагдаж байна. Учир нь анхан шатны шүүх Эрүүгийн хууль буцаан хэрэглэх зарчмаа мартсан төдийгүй бүр эсрэгээр нь хэрэглэсэн. Олонхын зарчмаар гаргасан хамтын шийдвэрт намын харьяаллаар сугалж авч ялласан. Мөн шүүгдэгч нар хувьдаа давуу байдал бий болгоогүй, өөртөө ашиг олоогүй гэж дүгнэсэн атлаа санаатай гэмт хэрэгт буруутгасан зэрэг нь шүүхийг улс төрийн зорилгоор ял өгсөн гэж хардах хангалттай үндэслэл юм.

Түүнчлэн цагаатгах талын нотлох баримт болох тухайн байрны зах зээлийн үнэлгээг гаргахад хамгийн харьцуулах боломжтой бусад давхрын борлуулалтын гэрээ, үнийн мэдээлэл бүхий нотлох баримтыг хавтаст хэрэгт аваагүй атлаа хаа хамаагүй байруудтай харьцуулалт хийсэн шинжээчийн үндэслэл муутай дүгнэлтийг үнэлсэн гэх мэт шүүхийг хардах олон шалтгаан байна.

Ер нь миний үйлчлүүлэгч Ч.Отгочулуугийн хувьд Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарын эсрэг худал мэдүүлэг өгөхгүй гэсэндээ нэг үгээр бол хүн гүтгэхгүй гэж шазуурласныхаа шанг хүртэж дөрвөн сар хоригдож байх шиг байна. Энэ талаараа нээлттэй шүүх хурал дээр өөрөө мэдүүлсэн. Итгэл үнэмшил, үзэл бодлынх нь төлөө эрүүгийн хариуцлагад татаж ял шийтгэгдсэн иргэнийг улс төрийн хоригдол гэж үздэг. Миний үйлчлүүлэгч албан тушаалаа зориуд санаатай урвуулан ашиглах замаар хууль зөрчиж, хувьдаа ашиг хонжоо давуу тал олж авсан үйлдэл өчүүхэн төдий ч гаргаагүй тул өнөөдрийн байдлаар улс төрийн хоригдол гэж үзэж болох юм. Гэхдээ шүүхийн систем дотроо алдаа оноогоо тунгаах шат шатны шүүлтүүртэй учраас шүүхийн эцсийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад ингэж хэлэх нь арай эрт болов уу.

-Давж заалдах шатны шүүх хурал товлогдсон уу?

-Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 29-ний өдөр буюу пүрэв гаригт нээлттэй явагдана. Миний хувьд үйлчлүүлэгчээ хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байгаа тул цагаатгуулах байр сууринаас оролцож байгаа. Ер нь нууж хаагаад, ичиж зовоод байхаар хэрэг хийгээгүй учраас шүүх хурлыг цахимаар нээлттэй явуулах, аль болох олон ажиглагч биечлэн оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байгаа.

Бидний зүгээс олон улсын хүний эрхийн байгууллагууд руу хандаж “Ардчилсан Монгол Улс улс төрийн хоригдлуудтай болох аюул үүссэн” гэж үзэж байгаа тухайгаа хүргэж, цаашид ийм үндэслэлгүй хэлмэгдүүлэлт явагдахаас аль болох урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Мөнх (172.68.144.154)
    Хүн гүтгэр ямар хэрэгтэй юм. Үнэнээ л хэлэхэд болоо шүү дээ. Ярьсан өнцөг чинь буруу бна.
    2024 оны 02 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо 31 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 36 мин Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ 37 мин Ерөнхий сайд Дорноговь аймгийн хямд өртөгтэй орон сууцны хөтөлбөртэй танилцлаа 39 мин Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм 2 цаг 26 мин Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар энэ оны зорилгоо тодорхойллоо 2 цаг 51 мин Чингэлтэй дүүргийн 3100 гаруй өрх хийн түлшний зуух ашиглаж эхэллээ 2 цаг 51 мин Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын шилдгүүд тодорлоо 2 цаг 53 мин Гавьяат тамирчин А.Энхтуулд хоёр өрөө байр бэлэглэв 2 цаг 53 мин Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 90 хувьтай байна 2 цаг 54 мин Волейболын дээд лигийн плей-оффт өрсөлдөх багууд тодорлоо 2 цаг 55 мин Иранд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 500 гаруй хүн амиа алджээ 2 цаг 57 мин Түргэн тусламжийн машиныг хотхон, хорооллын хаалтаар саадгүй нэвтрүүлж, тусгай зогсоолтой болгоно 4 цаг 55 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтнууд чуулж байна 4 цаг 56 мин Жолоодох эрхгүй жолооч осол гаргаж, хоёр хүн гэмтээжээ 4 цаг 57 мин 2026 оноос дотоодод үйлдвэрлэсэн хагас коксон түлш хэрэглэнэ 4 цаг 59 мин Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно 5 цаг 1 мин “Алтан бөмбөрцөг” гардуулах үеэр ICE-ийг эсэргүүцэв 5 цаг 1 мин Холимог тулааны Азийн АШТ-ээс Монголын баг зургаан медаль хүртэв 5 цаг 7 мин Японы Ерөнхий сайд парламентын доод танхимыг тарааж магадгүй 5 цаг 8 мин
iИх уншсан
Явуухулангийн Цаст Цагаан уул Д.Уламбаяр: Венесуэлд дэглэм өөрчлөгдөж, ардчиллын замаар хө... Марко Рубио “Монголын Ерөнхийлөгч хууль бус” гэж байжээ Вэнэсуэлчүүд цэцэг барин угтлаа Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... “Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгийг ирэх сард олго... Ираны ард түмэн тэмцэж байна Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Г.Занданшатар: УБЕГ иргэдээс уучлал гуйх хэрэгтэй Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага... Сэлбэ голын тохижилтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна
Top