x

Лу.Гантөмөр: АН-ын урт хугацааны бодлого дээр энэ залуучууд гарч ирж байгаа гэж ойлгох хэрэгтэй

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөртэй ярилцлаа.

-Танд сар шинийн мэнд хүргэе?

-Баярлалаа. Танай сониноор дамжуулан нийт монголчууддаа, түмэн олондоо сар шинийн мэнд дэвшүүлье. Гарч буй луу жилдээ төгөлдөр сайхан, золбоо төгс байх болтугай.

-Ардчилсан нам ойрын үед ямар ажлууд дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Манай намын хувьд сонгуулийн үндсэн бүтэц, штаб гээд гол механик ажлууд дээрээ нэг сард төвлөрч ажиллалаа. Үүний зэрэгцээ намынхаа Үндэсний бодлогын хорооны гишүүдийн дунд энэ сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг хийсэн. Ингээд мөрийн хөтөлбөр маань ард түмнээсээ санал авах түвшинд бэлэн болсон. Ер нь бид Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын баталгааг хангах, алдсан найман жилийг нөхөж хөгжил дэвшилд хүрэх чиглэлийн хөтөлбөрүүд хийж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид эх орныхоо өнцөг булан бүрт очиж, хүмүүсийн амьдрал ахуй, нөхцөл байдал, хүсэл мөрөөдөл, хийхээр төлөвлөж байгаа зүйлстэй нь танилцсан.

Ардчилал булаагдсан байна. Хүн өөрийнхөөрөө байх, үзэл бодолдоо үнэнч байх, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө зүтгэх, хөдөлмөрлөх гээд хувь хүнд байдаг ихэнх эрхийг булаагаад авчихсан байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Санхүүгийн эрх чөлөө бүр алга байна. Тийм учраас Ардчилсан нам булаагдсан ардчиллыг буцаан авч ирэх хөтөлбөрийг гаргах зайлшгүй шаардлагатай. Хууль тогтоох байгууллагад шударга ёсыг сахиулах, бүрэн хэрэгжүүлэх, ард түмэндээ үйлчилдэг болгох шинэчлэлтүүдийг гарцаагүй хийх хэрэгтэй юм байна. Үүнийг ард түмнээсээ асууж, санхүүгийн эрх чөлөөг олгохгүй бол өрөөс өрийн хооронд явж байгаа амьдралыг өөрчлөх, өрийн дарамтаас чөлөөлөх ёстой юм гэсэн дүгнэлтэд хүрсэн. Нэг ёсондоо том зорилго тавьж байж олон асуудлыг шийднэ гэж үзэж байгаа. Ялангуяа төрийн албаны шинэчлэл, өөрчлөлт, төсвийн мөнгөний хулгай, авлигыг таслан зогсоох ёстой.

Авлигыг таслан зогсоохгүйгээр Монгол Улсад ямар ч сайн ирээдүй байхгүй. Тийм болохоор бид засаглалыг ил болгох тал дээр маш тодорхой хөтөлбөрүүдийг санаачилж, ард түмнээсээ түүнийгээ асууж ярилцах дээр төвлөрч ажиллаж байна.

-Та алдагдсан найман жил гэж МАН-ын эрх барьсан жилүүдийг хэлэх шиг боллоо. Чухам яагаад ингэж хэлж буйгаа тайлбарлаач?

-Ер нь сүүлийн 30 жил бол монголчууд эх орондоо, эрх чөлөөндөө эзэн байх тэмцлийн жил байлаа. Харамсалтай нь сүүлийн найман жил аль, аль нь зогссон. Зорьж байгаа нийгмээсээ нэлээд хазайсан гэж харагдаж байгаа юм. Хууль тогтоох байгууллага, иргэний нийгэм ч хазайсан. Иргэдийн дуу хоолой алга болсон. Хараат бус байдал алдагдаж, шударга ёс ч алга болсон. Уг нь бол энэ талын үзүүлэлт жилээс жилд сайжирч байх ёстой. Эрх чөлөөний болоод авлигын индекс уначихлаа. Намчирхал газар авлаа. Ардчилал, эрх чөлөөний талд байдаг хүмүүсийг хавчин гадуурхах байдал ердийн үзэгдэл боллоо. Уг нь үүнийг бүх талдаа зогсоох, цээрлэх ёстой юм. Харамсалтай нь Монголын ардчилал улам урагшлах, илүү тод болох байсан найман жил алдагджээ. Алдагдахаас гадна бүр найман жилээр ухарсан юм уу гэж харж байна. Тэгэхээр үүн дээр илүүтэй төвлөрч ажиллахгүй бол болохгүй. Сүүлийн үед “Шувуу нь хүртэл буруу дэвж байна” гэсэн яриа гарч байна. Энэ чинь өмчийн эрх үндсэндээ байхгүй, хөдөлмөрлөх эрх нь царцсан байгаагаа л хэлээд байгаа хэрэг. Эх орондоо амьдрах урам зориг байхгүй болсон. Тиймээс гадагшаа явах нүүдэл их болсон.

Гадаадад очоод амьдралаа босгоё гэсэн энгийн зорилт тавиад л залуучууд явж байна. Ингээд бүтнээр нь харвал бид сүүлийн найман жилийг алдчихсан юм байна л гэж бодогдоод байгаа юм.

-Танай намын удирдлагад байсан хүмүүс, ахмад гишүүд бусдын гаргасан бодлогод гүйж очоод байна гэсэн шүүмжлэлийг хэлж байсан. Парламентад суудалтай намууд гэдэг нэрийн дор Баялагийн сангийн тухай хууль зэрэг санамж бичиг байгуулсан нь энэ мэт шүүмжлэлийн эх байх гэж бодож байна?

-Ер нь бүх бодлого Ардчилсан намаас гарч байгаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Сонгуулийн тухай хуулийн төслийг өнгөрсөн хавар өргөн барьсан. Энэ хуулийг амь оруулахын тулд парламентад суудалтай гурван намын дарга уулзах ёстой гэсэн шийдлээ гаргаад явсан. Хоёрдугаарт, 2023 оны зун, намар дамнуулан бид эдийн засгийн форум хийсэн. Энэ ажлыг Ардчилсан нам анх хийсэн. Хүмүүсийн ой санамж их муу, богинохон болчихсон. Бид гурван сарын туршид бүсийн эдийн засгийн форум хийгээд тойргийг бүсчилбэл яасан юм бэ гэсэн санал гаргасан. Бидний энэ гаргасан санал парламентад анх сонсогдохдоо МАН-ын санаачилга мэтээр явчихсан. Бид анх бүсчилсэн тойргийг санаачилж, улс төрийн намуудтай уулзалт хийсэн. Мөн Ардчилсан намын санаачилсан “Эрдэнийн хувь” амь орох ёстой байсан. Хувьцаат компанийн хуулийн дагуу ногдол ашгаа ард түмэн хүртэхгүй байна. Тиймээс үүн дээр Ардчилсан намаас хяналт тавихаар болоод намын хэсэг нөхөд холбоо байгуулаад өдий хүртэл явсан. Ингээд “Эрдэнэс Тавантолгой” компани хэдийгээр зургаан их наяд төгрөгийн өртэй ч гэсэн ногдол ашгаа ард түмэнд өгөх ёстой. Учир нь энэ өрөө төлөх хугацаа нь болоогүй. Тийм болохоор орж ирж байгаа ашгаасаа ард түмэндээ өгөх ёстой гэдгийг эрх баригчидтай ярилцсан. Нөгөө талаар Ардчилсан намын гишүүд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьсан. Манай гишүүд өргөн барьсан хуулиа батлуулахын тулд эрх баригчидтай ойлголцох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ хууль чинь батлагдахгүй шүү дээ. Тийм ч болохоор энэ асуудлыг намынхаа даргад чиглэл өгсөн гэж ойлгож байгаа. Тусгаар тогтнол, үндэсний баялагийн тухай хуулийг өргөн барилаа. Хэлэлцүүлгийг үндэсний хэмжээнд хийлээ. Ард түмэн өрийн дарамтаас гарахын тулд баялагийн менежмент чинь зөв байх ёстой юм байна гэсэн учраас ийм зүйл дээр нь шинэчлэл хийе гэдэг дээр хамтдаа мэдэгдэл гаргасан. Тэгэхээр энэ бол ирэх он жилүүдийн суурь дэвсгэр болсон парламентын засаглал, сонгуулийн хууль, ард түмний санал гээгддэггүй байх, баялагийн хараал биш ерөөл байх тал дээр цаг алдахгүй ойлголцоод явах хэрэгтэй л гэж үзсэн. Түүнээс биш хэрүүл хийгээд яваад байвал бидний бодлого гарч ирэхгүй. Дэмжигдэхгүй. Хэрвээ энэ сонгууль жижиг тойргоор явсан бол битүү мөнгөний сонгууль болно. Одоо чинь ноён суудалд суучихсан олон хүн байна. Монголын бүх баялагийг тоносон. Түүнийгээ улс төрийн зэвсэг болгоод бүгдийг худалдаж авдаг. Энэ хүмүүс жижиг тойрог дээр яг л мангас шиг байгаа. Тийм болохоор бид тойргийг томсгож, хөгжлийг бүсийн түвшинд ярих хэрэгтэй гэдгийг анх хэлсэн. Хүмүүс санаж байгаа бол энэ оны төсөв батлах үеэр Ардчилсан нам гурван удаа ингэж болохгүй гэж хэлсэн. Гэвч эрх баригчид хүч түрээд баталсан. Энэ хэвээрээ явбал УИХ-ын гишүүд жижиг тойрогт буюу жалгандаа ноён суух гэсэн шунал нь арилахгүй юм билээ. Тийм болохоор Ардчилсан нам томсгосон хэлбэрээр явах нь зүйтэй гэсэн санал гаргаад ажил хэрэг болгосон. Бид Монголын сайн сайхны төлөө бол хэнтэй ч ярилцаж, ойлгоцоход бэлэн. Харин муу муухай, алдагдсан ардчилалыг тэр чигээр нь авч явах гээд байгаа хүмүүстэй бид нэгдэхгүй. Өнөөдөр Их хуралд 11 гишүүнтэй нам бодлогоо хэрэгжүүлэхийн тулд шатрын хөлөг дээр ухаан гаргах хэрэгтэй. Нүүдлээ ч бид зөв хийж байгаа. Энэ нь л хамгийн чухал. Үүнийг л сөрөг хүчин гэж байгаа юм. Түүнээс биш хэрэлдээд л өөрийн болоод өрөөлийн бодлогыг унагаадаг улс төр өнгөрсөн үед дандаа гай авч ирсэн.

-Томсгосон тойргийг мөнгөний сонгууль болохгүй гэдэгт итгэлтэй байна уу?

-Бидний багцаа тооцоогоор хүмүүс нэг аймагт ялахын тулд 5-10 тэрбум төгрөг зарцуулдаг. Харин дөрвөн аймгийг нэгтгэхээр багадаа 20 тэрбум төгрөг хэрэгтэй. Дээрээс нь 126 гишүүнтэй болсноор нэг гишүүний нөлөө үлэмж багасна. Мөн энэ хэвээрээ яваад ирэхээр Их хурлын гишүүний халдашгүй байдал алга болно.

-Яаж?

-Мэдээж тэр 126 чинь нэгийгээ хамгаалахын тулд 70, 80-аараа цуглахгүй. Одоо бол 39 гишүүн цуглаад л нэгнийгээ хамгаалж байна шүү дээ. Үүнийг олон гишүүн дээр бид харсан. Гэхдээ одоо хоёр сонгууль болсны дараа гишүүн болох гэж зүтгэдэг байдал байхгүй болно гэж найдаж байгаа.

-Гэтэл энэ сонгуульд шинэ, залуу хүмүүст халгаатай болчихсон гэдэг шүүмж байгаа?

-Сонгогчдын 50 хувь нь намаар саналаа өгнө. Харин үлдсэн нь нэлээд шүүх байх. Шүүхдээ боловсрол, мэдлэгийг нь харгалзан харах байх гэж би бодож байгаа. Би боловсролтой, мэдлэгтэй, юм хийж чадах хүн шүү гэдгээ л ард иргэддээ сайн ойлгуулах хэрэгтэй. Түүнээс биш олон жил улс төрд явсан хүн гарчихна гэдэг зүйл байхгүй.

-Танай нам нэр дэвшилтээ хэрхэн хийх вэ?

-Ардчилсан намын бодлогыг жагсаалт илэрхийлнэ. Тийм болохоор ингэж л гарна. Харин нэр дэвшилтэд хэдэн үндсэн шаардлага бий. Бодлого гаргах чадвартай, шударга ёсны талд байх, эх орон, эрх чөлөөндөө эзэн байх гэсэн үндсэн зүйл бий. Үүнийг ч ард түмэн хүлээж байгаа. Мөн Ардчилсан нам энэ удаад нээлттэй нэр дэвшилт хийнэ.

-Танай нам Нарийн бичгийн даргаараа залуучууд сонгосон нь бас асуудал дагуулсан. Яагаад ийм сонголт хийсэн юм бэ?

-Гурван үе шаттай явсан. Эхнийх нь бүртгэл, тамга тэмдэгээ нэг талд нь гаръя гэсэн. Энэ ч нэлээд гүнзгий явсан. Гомдолтой хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, дунд шатандаа нэлээд туршлагатай хүмүүстээ тулгуурлаад явуулсан. Энэ бол цэгцэрсэн. Гуравдугаарт, дараагийн шатанд шилжих ёстой. Ингэхийн тулд мэдлэг, боловсролтой залуучууд хэрэгтэй. Угаасаа дараагийн нийгмийн эзэд нь тэд. Залуучууд л амьдарна. Тийм болохоор тэднийгээ оруулахыг хүссэн. Ер нь Ардчилсан намын урт хугацааны бодлого дээр энэ залуучууд гарч ирж байгаа гэж бодох хэрэгтэй. Манай залуучуудад эргэлзэх хэрэггүй.

-Таныг цавууны үүрэг гүйцэтгэж байна гэдэг. Тэгвэл та цавууныхаа үүргийг хэр гүйцэтгэж байна.

-Асар их тэвчээр шаардсан ажил. Өөрийгөө хойшоо тавьж бусдыг сонсох хэрэгтэй. Ер нь цавуу гэдэг чинь бусдыг сонсох чадварыг л хэлж байгаа юм. Ер нь миний тэвчээр Ардчилсан намын нөлөө бүхий хүмүүст “би ч гэсэн тэвчээртэй байж болох юм байна” гэсэн дохиог өгсөн болов уу гэж бодож байна. Тэвчээр алдсан хүмүүс ойлгосон байх. Харин энэ тэвчээр ганц Гантөмөрөөс гараад байгаа юм биш. Намын маань нөхдийн нөлөө бий. Харин санаатайгаар нулимдаг, захиалгаар харлуулдаг хүн мэр сэр бий. Ардчилсан намын гурван суурь болох Социал демакрат, Үндэсний дэвшил, Ардчилсан холбоо бол хөдлөхгүйгээр сонгуульд орно гэдэгт би итгэж байгаа.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зүгээс шахалт ирж байна уу. Таныг огцруулах ёстой гэж мэдэгдсэн залуучуудын ард тэр хүнийг байгаа гэх юм?

-Түрүүн хэлсэн гурван том массын төлөөлөл бол Х.Баттулга Ерөнхийлөгч. Тийм болохоор бид хоёр салж хагацахгүй, салахгүй. Хамтдаа бодлого хийх нь ойлгомжтой. Зүгээр дундуур нь орж ирээд нам руу, тэр хүн рүү чулуу шидэж байгаа санаатай хүмүүс бий. Харин бидний явж байгаа зам бол өөр. Эрх чөлөө бол нарийн нандин зүйл шүү гэсэн итгэл үнэмшил бидэнд бий. Үүнд эргэлзэх зүйл байхгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 27 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 34 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 43 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна 2 цаг 38 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 23 цаг 56 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 23 цаг 57 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Өчигдөр 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Өчигдөр 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Өчигдөр 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Өчигдөр 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Өчигдөр 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Өчигдөр 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Өчигдөр 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Өчигдөр 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Өчигдөр 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Өчигдөр 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Өчигдөр 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Өчигдөр 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 17 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Н.Учрал Д.Батлутыг уу, АН Н.Учралыг уу... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ...
Top