x

У.Энхтайван: 1072 хувьцааны дансгүй иргэд брокерын компанид данс нээлгээд ногдол ашгаа нөхөж авах боломжтой

Үнэт цаасны зах зээлд тэргүүлэгчийн нэг “Гүүдсек” компанийн гүйцэтгэх захирал У.Энхтайвантай ярилцлаа.

-Засгийн газраас иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны ногдол ашгийг олгох шийдвэр гаргалаа.Энэ ногдол ашиг ямар зарчмаар олгогдож байдаг вэ?

-Юуны өмнө шинээр хувьцаа эзэмшигч болж буй 900 мянган хүүхдэд баяр хүргэе. Монгол Улсын нийт 3.4 сая иргэн байгалийн баялгаасаа хүртэх боломжтой боллоо. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийн хувьд хамгийн анх 2019 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас ногдол ашиг хүртээсэн.

Нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 90 төгрөгөөр тооцож олгож байв. Ингэхдээ 1072 хувьцаа нь бүтнээрээ байгаа иргэнд татварын дараах байдлаар 86 мянга орчим төгрөгийн ногдол ашиг тараасан байдаг. Тухайн үед 2.4 сая иргэнд хувьцааны ногдол ашиг тараана гэдэг бол урьд өмнө хийгдэж байгаагүй том ажил байсан.Засгийн газар, дэд бүтцийн байгууллагууд, брокерын компаниуд гээд бүгд дор бүрнээ асар их ачаалал авсан ч ногдол ашгийг иргэдэд амжилттай тарааж дуусгаж байлаа.

Тэр цагаас хойш хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани маань цэвэр ашгаа стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулсан. Дараагийн жил болох 2022 онд бас багагүй хэмжээний ашигтай ажилласан. Үүн дээр үндэслээд энэ лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар иргэдэд ногдол ашиг хүртээх шийдвэр гарч, эхнээсээ олгогдоод явж байна.

Ногдол ашиг гэдэг бол товчхондоо компани хувьцаа эзэмшигчдэдээ, эздэдээ цэвэр ашгаасаа хуваарилж байгаа хэлбэр.

Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажилласан болохоор 1072 хувьцаа эзэмшиж буй иргэддээ энэхүү ногдол ашгаа олгож байна гэсэн үг. Харин эсрэгээрээ төрдөө 1072 хувьцаагаа буцаагаад зарчихсан, хувьцаа эзэмшээгүй хүмүүст энэ удаагийн ногдол ашиг олгогдохгүй. Хүн болгон дээр хувьцааны тоо ширхэг өөр, өөр дүнтэй байгаа. Тэр утгаараа ногдол ашгийн хэмжээ өөр, өөр байна.

Засгийн газраас ногдол ашиг тараах шийдвэр гарсантай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэхдээ “Монгол Улсын нийт 3.4 сая иргэний 2.5 сая нь өмнө нэг удаа ногдол ашиг олгогдож байсан хувьцааны дансаараа энэ удаагийн ногдол ашгаа авна” гэсэн. Энэ нь 2012 оноос өмнө төрсөн иргэдэд хамаатай.Харин шинээр ногдол ашиг хүртэж байгаа 900 мянган хүүхдийн хувьд УИХ-ын тогтоолын дагуу олгохоор болжээ.Одоо тэдэнд хувьцааны данс нээж, бүртгэх ажил явагдаж байгаа.Гэхдээ энэ ажил тун хангалтгүй. Хүүхдийнхээ нэр дээр хувьцааны данс нээх иргэдийн хамрагдалт муу байна байгаа учраас төрд бэлэн байдаг “Хүүхдүүдийн 100 мянган төгрөг” олгодог дансаар нь энэ удаад ногдол ашгийг тарааж эхэллээ. Ер нь бол Сар шинийн баяр дөхсөн, иргэдэд мөнгөний эрэлт маш их үүссэн үед Засгийн газрын энэ шийдвэр нь түргэн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой амьдралд хамгийн ойрхон шийдэл байсан.Харин цөөн тооны хүмүүс буюу хувьцааны данс нээлгэж байгаагүй, хүүхдийн мөнгө авдаггүй хүмүүст бол энэ удаагийн ногдол ашгийг олгох боломжгүй байх.

-Хэрэв хувьцааны болон хүүхдийн мөнгө авах данс нээлгэж байгаагүй иргэд одоо брокерын компанид хандахад оройтоогүй биз дээ. Ногдол  ашиг нь нөхөгдөөд олгогдох уу?

-Эдгээр хүмүүсийн хувьд брокерын компанид хандана. Хувьцааны дансаа нээлгээд, харилцах банкны дансны дугаараа холбуулаад ногдол ашгаа авах ашиг хүртэх боломжтой. Ногдол ашиг гэдэг маань бол нэг удаа олгогдоод дуусчих зүйл биш.Тиймээс брокерын компанид хандаж хувьцааны дансаа нээлгээд 1072-ынхоо ногдол ашгийг нөхөөд авч болно. Урьд нь ч мөн ялгаагүй нөхөж олгож байсан.

-Ер нь 2012 оноос хойш төрсөн 900 мянган хүүхэд ер  хувьцааны данс нээлгэх шаардлагатай биз дээ. Яагаад гэвэл төрөөс хүүхдийн мөнгө олгодог данс 18 нас хүртэл хүчинтэй байдаг.Дээрээс нь “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг нэг удаагийн арга хэмжээ биш гэж та сая хэллээ?

-Төрөөс жил бүр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмшиж буй иргэн болгонд ногдол ашиг хүртээх чиглэлтэй ажиллаж байгаа гэдгээ хэлсэн. Энэ хүрээнд Засгийн газраас сая мэдэгдэхдээ 2025 онд ногдол ашиг тараахаас өмнө хувьцааны дансгүй хүмүүст заавал хувьцааны данс нээлгэх шаардлагатайг сануулж байна. Тэр дундаа 900 мянган хүүхэд үнэт цаасны данс нээлгэх шаардлагатай. Ер нь арилжааны банкуудад бүртгэлтэй төрөөс хүүхдийн мөнгө олгодог данс бол тухайн хүүхдийг 18 нас хүрэнгүүт автоматаар зориулалт өөрчлөгддөг. Яагаад гэвэл хүүхэд биш болж байгаа.

Тэгэхээр таны хүүхэд 18 нас хүрсэн бол брокертоо хандаж мэдээллийг нь шинэчлэх шаардлагатай.

-Хувьцааны данс гэдэг нь яг ямар ач холбогдолтой юм бэ?

-Энэ хувьцааны дансыг бүх брокерын компаниуд нээж байгаа. Тэр хувьцааны данс нь хэдэн ч брокерын компанитай давхардаад байж  болдог  онцлогтой. Банкан дээрх харилцах данстай л адилхан гэсэн үг.Иргэд “Голомт”, “Хаан”, “Төрийн банк” дээр тус бүр нэг данстай байж болдогтой адилхан хувьцааны дансаа төрөлжүүлээд хэрэглэж болдог.Сүүлийн үед хүмүүст 1072 ширхэг хувьцаанд зориулаад үнэт цаасны данс нээлгээд байх шиг байна гэсэн ойлголтын зөрүү их ажиглагдаж байна л даа.Тухайлбал, “Ногдол ашиг авахад энэ үнэт цаасны дансыг хэрэглэх юм байна.Нэг удаа данс нээлгээд 10 мянган төгрөг төлөх юм байна.Тэгээд нэг удаа 110 мянган төгрөгийн ногдол ашиг аваад болчих юм байна” гэдэг ойлголттой хүмүүс маш их байна.Нэн түрүүнд энэ ойлголтыг засах шаардлагатай.Үүн дээр нийгэмд ойлголт өгдөг мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтнүүд зөв ойлголтын сайн өгч ажиллах хэрэгтэй.Дээр нь үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн болон дэд бүтцийн байгууллагууд ч бас ялгаагүй иргэдийг зөв мэдээллээр хангах ёстой.

-Монголчууд хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг муутай байдгийн л гор байх даа?

-Иргэд  хөрөнгийн зах зээлийн талаар ойлголтгүйгээсээ болоод яг ийм асуудал гарч байгаа юм. Үнэт цаасны данс гэдэг бол төрөл бүрийн үнэт цаас, хувьцаа бонд зэргийг нэгтгээд хадгалж болдог.Тэр бондынх нь хүү, өөр төрлийн хувьцаатай байлаа гэхэд тэрнийхээ ногдол ашгийг энэ дансаараа дамжуулж авдаг. Өөрөөр хэлбэл, хувьцааны хөдөлгөөнийг бүртгэдэг гэж ойлгож  болно. Энэ хувьцаа тухайн иргэний эзэмшлийн хөрөнгө мөн шүү гэдгийг баталгаажуулж бүртгэдэг данс юм.Зүйрлэвэл, автомашин худалдаж авлаа гэхэд Авто тээврийн үндэсний төв дээр бүртгүүлдэг шүү дээ.Тэр бүртгэлээ үндэслээд авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгогдоод явдаг даа.Яг үүнтэй адилхан танд ямар нэг төрлийн хувьцаа байгаа бол дагалдаад хувьцааны данс байх ёстой.Тэр хувьцаатай холбоотой мөнгөний болон ногдол ашгийн гүйлгээнүүд нь энэ дансаараа дамжиж хийгдэж байх ёстой.

Энэ удаад хүмүүс “Эрдэнэс Таван­толгой”-н ногдол ашиг дээр суурилаад хувьцааны данс нээлгээд байх шиг байна.Цаашдаа энэ компани маань хувьцааны ногдол ашиг олгоно.Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани болно гэж харж байгаа.Бас 1072 хувьцааг эзэмшиж байгаад нас барсан иргэд олон бий.Төрөөс шийдвэр гарсны дараа нас барсан иргэдийн эзэмшиж байсан хувьцааг үр хүүхдүүд нь залгамжилж, өвлөж авах эрхтэй болно.Тийм болохоор талийгаачдынхаа хувьцааг өвлөж авах эрх бүхий хүмүүс ч ялгаагүй хувьцаа хадгалах саваа бэлдэх ёстой.

-Үнэт цаасны данс нээлгэхдээ иргэд ямар алдаа гаргаж байна вэ?

-Хамгийн түгээмэл алдаа гэвэл эцэг, эхчүүд брокерын компанид хүүхдийнхээ дансыг нээлгэхдээ өөрсдийнхөө харилцах банкны дансыг бүртгүүлдэг.Энэ нь хүүхдийнх нь нэр дээр байдаг данс мөн үү, биш үү гэдгийг шалгах бололцоо байдаггүй.Яагаад  гэвэл банк, тухайн иргэн хоёрын хоорондын гэрээгээр баталгаажиж харилцах данс нээгддэг. Харин брокерын компани бол гуравдагч этгээд болохоор тэрийг системд нэвтэрч шалгах, мэдэх боломжгүй.Хүүхдийнхээ дансыг нээлгээд бүртгүүлж байгаа бол эцэг эхийнх нь дансыг бүртгэж аваад илгээхээс өөр арга байхгүй.Сүүлийн үед мэдээлэлд ойр иргэд брокерын компани дээр хүүхэд нь тусдаа данстай байх ёстой гэдгийг ойлгож байгаа нь сайшаалтай.Манай компанид хандаж байгаа иргэд гэхэд банкан дахь хүүхдийнхээ нэр байгаа дансыг мэдэж ирээд хувьцааны данс нээлгүүлээд холбуулж байх жишээтэй.Энэ бол маш зөв хэлбэр.Дээр хэлсэнчлэн таны хүүхэд 18 нас хүрсэн бол заавал дансыг нь шинэчлэх шаардлагатай.

-Хувьцааны данстай яагаад банкны данс холбогдоод явах ёстой юм бэ?

-Хувьцааны ногдол ашиг үр шим нь мөнгөөр олгогдож ирдэг.Тэгэхээр энэ мөнгийг хувьцааны дансанд байгаа мөнгөөр бид банкны карт уншуулдаг шигээ хүссэн үедээ карт зуруулаад ямар нэгэн байдлаар зарцуулах боломжгүй. Харин харилцах юм уу хадгаламжийн данс руугаа авч байж захиран зарцуулах боломжтой  болдог. Тийм  болохоор  яг энэ хувьцаа гэдэг зүйлтэй холбоотой гүйлгээ хийлгэх өөрийн нэрийн дансыг заавал давхар бүртгүүлээд явах нь зөв. Дараа дараагийн үйл ажиллагаанд хялбар.

-Ингэхдээ одоо шинээр төрж байгаа хүүхдүүд 1072 хувьцаа эзэмших эрх үүссэн үү. Тэд хувьцааны данс нээлгэх шаардлагатай юу?

-УИХ-аар энэ асуудал жилийн өмнөөс нэлээд нухацтай яригдаж байсан.түрүү жилийн нэгдүгээр сард “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой чухал тогтоол гарсан байдаг. Тухайн тогтоолд шинээр төрж байгаа Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлээд явъя гэдэг зарчим туссан. Тэгвэл үүнээс нэг жилийн дараа буюу УИХ-ын шийдвэрээр“2023 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл төрсөн хүүхдүүддээ ямар ч байсан 1072 хувьцаа олгоё. Эдгээр хүүхдүүдэд олгосноор “Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэдийн эзэмшлийн хувь 27 орчим хувь болно.Төрийн мэдлийн хувьд 73 орчим хувь болж байгаа.

Иргэдийн мэдлийн хувийг 34 хувь руу хүрэх боломжтой, шинээр төрсөн хүүхдүүдэд мөн ялгаагүй хувьцаа олгоод явна” гэдэг зарчмыг төр баримталж байгаа.Энэ хүрээнд шинээр төрсөн хүүхдүүдийн хувьд тухайн цаг хугацаанд нь тогтоол шийдвэр нь гараад олгогдоод явах болов уу гэж харж байна. Тэрнээс яг шинээр хүүхэд төрөнгүүт хувьцаа олгоод явах боломжгүй. Яагаад гэвэл Компанийн тухай хуулиараа  хувьцаа гэдэг чинь тухайн компанийн гаргасан үнэт цаас шүү дээ. Тэр хувьцааг төрийн мэдлээс хэн нэгэнд нэрлээд эзэмшүүлээд шилжүүлэх тохиолдолд заавал УИХ, Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой”-н толгой компани болон “Эрдэнэс Монгол” гээд холбогдох байгууллагууд шат, шатандаа тогтоол, шийдвэр гаргаж байж хийгддэг. Монгол Улсын хууль дүрэм журам ийм.Эрх бүхий байгууллагуудаас шийдвэр гарахын тулд зайлшгүй тодорхой ажлууд хийгддэг.Тэр болгонд хугацаа орно.Иймд Монгол Улсын иргэн бүрд 1072 хувьцаа эзэмшүүлэхийн тулд он тоолол, цаг хугацааг нь тогтоогоод тэр дагуу үйл ажиллагаа явагдаж байгаа.

-“Эрдэнэс Тавантолгой” компани түүхэндээ хоёр дахь удаагаа ногдол ашиг тараалаа.Сонгуулийн жилийг угтсан шоу гэж нийгэм харж байх шиг байна.Иргэдэд  300 тэрбумыг  ногдол ашиг  гэж  тарааж байхаар дорвитой бүтээн байгуулалтад зориулах ёстой байсан гэх байр суурь давамгайлж харагдлаа. Харин энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Ардчилсан нийгэмд иргэн хүн бүр байр сууриа илэрхийлэх нь чөлөөтэй.Харин энэ хөрөнгийн зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн хүний хувьд хэлэхэд, “Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 73 хувийг төр, 27 хувийг ард түмэн эзэмшиж байна. Хувьцаанд  хоёр том үндсэн мөн чанар гэж байгаа. Эхнийх нь саналын эрхтэй хувьцаа. Энэ нь өөрийнхөө мөнгөөр хөрөнгө оруулаад тухайн компанийн хувьцаа эзэмшигч болчихсон хэлбэр. Тэр компанийн тодорхой хэсэг нь миний өмч.Би эзэн нь болохоор жилдээ нэг удаа хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоод саналын эрхээ хэрэгжүүлээд үйл ажиллагаанд нь нөлөөлөөд явна гэсэн үг.

Хоёр дахь чухал зүйл нь ингэж хөрөнгө оруулсныхаа төлөө хүртдэг үр шим буюу ногдол ашиг байгаа.Товчхондоо, 1072 хувьцаа эзэмшиж байгаа ард иргэд ногдол ашгаа авах нь зүйтэй гэж би үзэж байна.

Ногдол ашиг иргэдийн гар дээр очоод зах зээлд эргэлдэх ёстой. Энэ нь дам байдлаар Монгол Улсын санхүүгийн тогтолцооны доголдолтой байдалд эерэг нөлөөтэй.

Үнэндээ манай орны санхүүгийн салбарыг урт, богино хөлтэй ширээтэй зүйрлэдэг. Яагаад гэвэл банкны систем давамгайлчихсан. Зах зээл нь жижигхэн. Үүнээс болоод янз янзын сөрөг нөлөөллүүд байдаг.Манай улсын хөрөнгийн зах зээл тэлэх хөгжих шаардлагатай.

Гэвч хөрөнгө оруулагч буюу ард иргэдийн зах зээлийн ойлголт, мэдлэг, үр шимийг нь хүртэх ойлголт дутагдалтай байгаа юм. Тэгэхээр 1072 хувьцаагаар дамжуулаад хүмүүст ногдол ашиг өгч байна.Магадгүй цаашид арилжаалагддаг болно. Хэн нэгэн нь хувьцаагаа худалдаалаад мөнгө болгож болно.Өөр нэг нь тэрийг худалдаж аваад ханшийн зөрүүнээс ашиг хүртэх боломжтой. “Илүү их ногдол ашиг авдаг болмоор байна уу” гээд хөрөнгийн зах зээлийн болон хөрөнгө оруулагч талаасаа харсан энэ мөн чанарыг иргэдэд  ойлгуулах үүднээс ногдол ашиг тараах нь зөв. Иргэд тэр мөнгийг аж амьдралдаа зарцуулах нь яагаад буруу гэж. Иргэдийн хувьцааны ногдол ашгаар яагаад заавал хөрөнгө оруулалт хийх ёстой гэж.

Засгийн газар бол “Эрдэнэс Тавантолгой”-н төрийн эзэмшлийн 73 хувьтай тэнцэх ногдол ашгийг ялгаагүй авч байгаа. Тэгэхээр төрд бүтээн байгуулалтад хөрөнгө оруулаад явах хэмжээний хөрөнгө байгаа.3.4 сая иргэнд 300 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж байна. Харин Засгийн газарт 700 тэрбум хавьцаа ногдол ашиг хуваарилагдана. Тэр мөнгөөр цаашид хангалттай хөрөнгө оруулалт хийгээд явъя гэдэг чиглэлтэй байх шиг байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани иргэддээ ногдол ашиг өгөхгүйгээр өөрөө шууд хөрөнгө оруулаад явчихсан шүү дээ.

-Иргэдийн халаас руу бэлэн мөнгө шууд цутгаж  байхаар хөрөнгийн зах зээлээр дамжуулах ёстой гэж энэ салбарын мэргэжилтнүүд хэлж байсан. Таны бодлыг сонсъё?

-Яг бодит байдал дээр 900 мянган хүүхдийн ногдол ашиг хүүхдийн мөнгөний данс руу нь шууд орчхож байна. Үүнийг шууд амьдрал ахуйдаа зарцуулж байгаа иргэд байна. Нөгөө талд хадгалж байгаа хүмүүс ч бий. Иргэдийн харилцах данс руу орохоор нөгөө л зарлагын гүйлгээндээ гараад явчихдаг.100 мянган төгрөгийн орлогын гүйлгээ заримд нь мэдэгдэж байгаа бол зарим нь мэдэх ч үгүй байхад зарлагадаад дуусчихдаг.

Хэрэв хувьцааных нь дансанд  байршуулах юм бол түүгээ­рээ дамжуулаад тухайн иргэнд дахиад нэг сонголт өгч байна гэсэн үг. Энэ ногдол ашгаа өнөөдөр зарцуулчих уу, эсвэл хувьцаанаас орж ирж байгаа үр шим юм чинь өөр хувьцаанд хөрөнгө оруулах уу гэсэн сонголтоо хийх боломжтой.Банкны хадгаламжаас арай өндөр хүүтэй зах зээл дээрх нээлттэй бондууд байна.Тэр бондуудаас 100 мянган төгрөгөөрөө худалдаж авах боломжтой.Тэгэхээр ногдол ашиг тарааж байгаа хэлбэр бол иргэнд нэг боломжийг илүү олгож байна.Сонголт, түүн дотроо боломж байна гэдэг байхгүйгээс хамаагүй илүү.

Ер нь хувьцаа гэдэг бол хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн.Хөрөнгийн зах зээл нь дотроо үлдээх нь зах зээлдээ хэрэгтэй гэдэг өнцгөөр зарим мэргэжлийн хүмүүс харж байгаа болов уу.

-“Эрдэнэс Тавантолгой” компани 2020 онд анх ногдол ашиг тараасан.Одоо 2012 оноос хойш төрсөн хүүхдүүд ногдол ашиг авах эрх үүслээ.Тэгэхээр тэд 2020 онд тараасан ногдол ашгийг нөхөж авах боломжтой юу?

-2019 оны ногдол ашгийг 2020 оны намар олгосон байдаг. Энэ ногдол ашгийн  хувьд урьд нь хувьцаа эзэмшиж байсан 2.5 сая хувьцаа эзэмшигчдэд л олгогдоно. Саяхан хувьцаа эзэмшигч болж байгаа 900 мянган хүүхдэд энэ 2020 онд олгогдсон анхны ногдол ашиг нөхөж олгогдохгүй.

-Ногдол  ашиг олгохтой  холбоотой брокерын компаниудад ямар хүндрэл гарч байна вэ?

-Монголын Улсын нийт 3.4 сая иргэнтэй хамааралтай бүртгэл, гүйлгээ бол нүсэр ажиллагаа гэдэг утгаараа мэдээж амаргүй.Төр болон оролцож байгаа байгууллагууд, брокер компаниудын асар их ачаалал авдаг.Дээр нь зарим хүний ойлголтын зөрүүгээс улбаатай буруу мэдээлэл явах тохиолдол их байна.Тиймээс хүмүүс маань хүлээцтэй байх хэрэгтэй.Ямартай ч энэ ногдол ашиг бол уусаад алга болчихгүй.Процессынх нь дагуу олгогдоно.Монголчууд аливаа ажлыг дандаа цагийг нь тулгадаг нэг хандлага бий.Энэ нь бүртгэлийн ажиллагаан дээр шууд харагддаг.Ялангуяа 2019 оны ногдол ашгийг 2020 онд олгосноос хойш гурав, дөрвөн жилийн хугацаа өнгөрлөө.Энэ хугацаанд банкны дансаа баталгаажуулаад брокер дээрээ бүртгүүлээд явах боломж бүрэн байсан.Гэтэл одоо ногдол ашиг тараангуут гэв гэнэтхэн бужигнаад эхэлж байх жишээтэй.Аль ч брокерын компанид ачаалал ихээр үүсэж байна.

-Та сая иргэд их буруу мэдээлэлтэй байна гэлээ. Тухайлбал…

-Хүмүүсийг хараад байхад “Би дэмийн хувьцааны данс нээлгэсэн байна. Хүүхдийн маань 1072 хувьцааны ногдол ашиг 100 мянга авдаг дансаар нь ороод ирж байна.Дэмий зүйл хийчихсэн юм биш үү” гэдэг хандлага их байна.Энэ буруу.Яагаад гэвэл хувьцаа гэдэг бол хүний хөрөнгө. Үүнийг тухайн хүний өөрийнх нь нэр дээр баталгаажуулж бүртгүүлэх хэрэгтэй.Дараа жилүүдийн ногдол ашиг авах болгонд энэ хувьцааны дансаараа дамжуулаад хөдөлгөөн хийгдэнэ. Тийм болохоор Засгийн газар 2025 он хүртэл хувьцааны данс нээлгээрэй гэдэг шаардлагыг иргэдэд тавиад байгаа хэрэг.Нэг удаа зориод дансаа нээлгэчихсэн байгаа хүн дахин данс нээлгэх шаардлагагүй.Гол нь үнэн зөвөөр дансны бүртгэл нь хийгдсэн байх ёстой.

Хэзээ нэгэн цагт хийлгэх ёстой ажлыг өнөө жил урьдчилаад хийчихлээ гэсэн үг, зарим хүний хувьд хоцроод байгаа ч гэж харж болно.Магадгүй 900 мянган хүүхэд хувьцааны дансаа нээлгэхгүй байж байтал 2025 онд ногдол ашиг тараангуут дахиад бөөн ачаалал үүснэ. Дахиад л ногдол ашиг хүртэхэд хугацаа хоцрох нөхцөл байдал үүснэ. Тэр утгаараа хувьцааны дансаа урьдчилаад нээсэн байхад ямар ч алдах зүйл байхгүй.

 -Ноогдол ашгаа авсан иргэдийн дунд 1072-оос бага буюу жишээлбэл 1063 хувьцааны ноогдол ашиг авч. Тухайн иргэн 2011 онд ЭМД шимтгэл төлүүлээгүй гэж байгаа учир ер нь 104,000₮-аас бага ноогдол ашиг авсан иргэд хувьцааны тоо багассан шалтгаанаа хаанаас шүүлгэх боломжтой вэ?

2011, 2012 онд зарим иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлд Эрдэнэс Тавантолгой 1072 хувьцаанаас хамгийн ихдээ 9 ширхгийг хассан. Ингэхдээ тухайн үеийн хөдөлмөр халамжийн асуудал хариуцаж байсан байгууллагаар  энэхүү ажиллагаа хийгдсэн байдаг. Тухайн үедээ нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлж байсан иргэдийн хувьд хасагдсан тохиолдол цөөнгүй байх шиг байна.. Ажиллагаа нь брокерын компаниар дамжиж хийгдээгүй тул яг нарийн мэдээлэл брокерт байдаггүй. Энэ асуудлаар иргэд хөдөлмөр халамжийн байгууллагаас шалгаж шүүлгэх нь зүйтэй. Хэрэв буруу байдлаар хасагдсан бол нөхөж олгох асуудал яригдах байх. Хувьцаа чинь хэн нэгний хөрөнгө шүү дээ. Ногдол ашгийн дүнгийн хувьд одоо бүртгэлтэй байгаа тоо ширхэгтээ тооцогдоод л олгогдож байгаа.

-Ингэхэд танай брокерын компани орон даяар салбартай бил үү.Бас онлайн үйлчилгээ үзүүлж байгаа юу?

-Манай компани нийт 14 аймагт салбартай.Баруун гурав, зүүн гурван аймгаас бусад аймгийн төвд салбар бий.Бид онлайнаар үйлчилгээ авах боломж хомс, алслагдмал хөдөө зэлүүд газар амьдардаг малчид болон иргэддээ аль болох ойртож, орон нутагт салбаруудаа нээж ажилласаар ирсэн. Үүний зэрэгцээ онлайн үйлчилгээ  үзүүлж байна. Нийт харилцагчдын маань 60 орчим хувь нь онлайнаар үйлчилгээ аваад явж  байгаа. Үлдэж  буй 40  орчим хувь дотроо  орон  нутгийнхан дийлэнх нь байдаг. Тэд  голдуу  салбар дээр очиж үйлчилгээ авах сонирхолтой. Гэхдээ энэ хандлагаа жилээс жилд багасаж байгаа. Зарим хүмүүс нүүр тулан  ярилцаж мэдээлэл авч, харилцахыг илүүд үздэг. Та бүхэнд манай үүд хаалга нээлттэй шүү.

-Танай харилцагчдын хэдэн хувь нь 1072 хувьцааны эзэд вэ?

-2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгогдох хүртэл нийт 600 гаруй мянган харилцагчтай, түүнээс 500 гаруй мянга нь 1072 хувьцаатай холбоотой харилцагч байлаа. Харин өнөөдрийн байдлаар энэ тоонд томоохон өөрчлөлт гарч харилцагчдын маань 90 гаруй хувь нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай болно.

Нэмээд хэлэхэд 1072 хувьцааны ногдол ашиг тараасантай холбоотой манай брокер руу иргэд маш их хандаж байгаа.Дийлэнх нь банкны дансаа бүртгүүлэх, солиулах, шинээр данс нээлгэх зэрэг харилцагчид байгаа бол багагүй тооны харилцагч ногдол ашиг миний дансанд ороод ирлээ.Эргүүлээд өөр сайн хувьцаа худалдаад авмаар байна, ямар хувьцаанд хөрөнгө оруулж болох вэ гэх мэтчилэн манай мэргэжилтнүүдээс асууж зөвлөгөө авч байгаа.Ийм маягаар эргүүлээд ногдол ашгаараа хувьцаа худалдаж авч байгаа иргэд их байх тусам л хөрөнгийн зах зээл маань тэр чинээгээр тэлж байна гэсэн үг шүү дээ.

Цаашлаад дан ганц ногдол ашиг бус хувьцааны арилжаагаар мөнгө олох боломж байгааг бүгдээрээ харж, ирээдүйд үүнийг хэрэгжүүлж чадвал илүү их боломж бидний өмнө байгаа юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Urnaa (172.69.252.156)
    2 хүүгийн маань ноогдол ашиг өнөөдрийг хүртэл орохгүй байна. Хаана хандах вэ
    2024 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (172.69.252.171)
    Gadaadad bga hvmvvs huwitsaaga yaj awahwe.umnuhiiguu bas awaagvi.hariltsah dansand orohu
    2024 оны 02 сарын 05 | Хариулах
  • Ц. Сэрээтэржанцан (172.69.45.143)
    Өмнөх 2019 онд хувьцааны ноогдол ашиг дансанд ороогүй. Сая бас орсонгүй
    2024 оны 02 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Өчигдөр 13 цаг 00 мин Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно Өчигдөр 12 цаг 17 мин Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө Өчигдөр 11 цаг 36 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна Өчигдөр 11 цаг 32 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ Өчигдөр 10 цаг 37 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна Өчигдөр 10 цаг 19 мин Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр 10 цаг 01 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан Өчигдөр 09 цаг 51 мин Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна Уржигдар 21 цаг 21 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа Уржигдар 21 цаг 16 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна Уржигдар 19 цаг 33 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав Уржигдар 19 цаг 19 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна Уржигдар 18 цаг 14 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ Уржигдар 17 цаг 27 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо Уржигдар 17 цаг 09 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ Уржигдар 15 цаг 04 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ Уржигдар 13 цаг 20 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Уржигдар 12 цаг 53 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ Уржигдар 10 цаг 11 мин Эрх чөлөөний үнэ цэнэ Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top