x

Ё.Отгонбаяр: Х Богд бол халх Жавзандамба. Энэ бол Монголын хэрэг

УИХ-ын гишүүн асан, түүхийн ухааны доктор Ё.Отгонбаяртай ярилцлаа.

ТҮҮХЧ ХҮН ХУДЛАА БИЧДЭГГҮЙ ЮМ

-Өнгөрсөнд улстөрч Ё.Отгонбаяр явсан бол өнөөдөр түүх хүний байр сууриас нийгэмд чиглэсэн ажлыг түлхүү хийж байгаа харагддаг. “Монголын гээгдсэн түүх” цуврал контент хийж байна. Ингэхэд түүхч мэргэжлийг хэзээ эзэмшсэн юм?

-Түүх бол миний хобби. “Монголын гээгдсэн түүх” сэдвээр хоёр ч ном гаргалаа. Дипломат хүн түүхээ маш сайн мэдэж байх ёстой. Гадаад харилцааны албаны ажилтан өөрийн түүхээ мэдэхгүйгээр эвгүй байдалд орвол хэцүү. Хоёрдугаарт, докторын десартациа “Жижиг улсын аюулгүй байдал” сэдвээр хамгаалсан. Түүх, эдийн засаг, олон улсын харилцааны онол болон сэтгэлзүйн гэсэн дөрвөн чиглэлтэй ажил болсон. Тухайн үед багш нарын зүгээс аль танхимаар хамгаалуулах юм гээд хоорондоо маргалдсан. Аль, алинаар нь хамгаалах боломжтой байсан гэсэн үг. Эцэстээ түүхээр хамгаалуулахаар шийдвэрлэсэн. Түүхийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан нь ийм учиртай. 

Тэр үеэс монголчуудын бидний мэдэхээ байсан, тэгсэн мөртлөө асар их холбоотой олон баримт, олдворууд гадаад улс оронд байгааг судалж эхэлсэн. Гаднынханд тайлбарлахын тулд өөрсдөө тэрийг судлах хэрэгтэй. Ямар ч байсан ном болгохоор зорьсон, түүндээ хүрсэн. Ер нь бид түүхээ тойроод улстөржих хандлагатай улс юм. 1990 оны өмнө үзэл суртлын үүднээс улстөржүүлдэг байлаа. 1990 оноос хойш дотоод шалтгаанаар түүхээрээ улстөржих хандлага газар авсан. Түүхийг байснаар ярьж, судалж, мэдэхгүй, хөнжлөө хоёр тийш таталцаад явбал алдаа, оноогоо дэнсэлж чадахаа болино. Эргээд алдаагаа давтана. Давтсаар ч ирсэн улс. Дахиж давтахгүйн тулд нийгмийг соён гэгээрүүлэх ажил хийгээд байгаа юм. Мэргэн сайд Агданбуугийн Амар гэж сан байдаг. Тэргүүнээр нь би ажилладаг. Цэвэр боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах дүрэмтэй. Нэг том ажил нь соён гэгээрүүлэх чиглэл учраас хийж буй олон ажлын нэг нь энэ цуврал нэвтрүүлгүүд. Хүмүүс тэгээд түүхч гэдэг утгаар нь түлхүү ойлгож, хүлээж авч байх шиг.

-1990 оноос өмнөх үеийн Монголд хамаарах түүх ардчилалд шилжсэнээс хойших шинэ тутамд ил болсон ийн баримт бичиг хооронд хэр зөрүүтэй мэдээлэл байдаг юм. Өмнөх үеийн түүхийн эх сурвалжуудын тухайд бодит үнэнд нийцүүлсэн гэхээсээ үзэл сурталд тулгуурласан гэж ярьдаг шүү дээ. Үндсэндээ хаалттай нийгэмд зориулсан гэдэг?

-1990 оноос өмнөх үед хамаарах түүхийн эх сурвалжууд үзэл сурталд тулгуурласан нь мэдээж ойлгомжтой. Аливаа болсон үйл явдлыг нэг өнцгөөс татаж авчраад тайлбарлах хандлагатай байсан нь үнэн.

-Зохиомол гэсэн үг үү?

-Бүгд худлаа байсан гэж хэлж болохгүй. Түүхч хүн худлаа бичдэггүй юм. Өөрийн санааг нотлохын тулд түүндээ хэрэгтэй баримтуудыг түүгээд бичвэл гуйвуулга болно. Хүн гэдэг чинь хүн. Буян, нүгэл нь хосолдог. Бүх буяныг нь цуглуулаад бичвэл бурхан шиг амьтан болно. Бүх нүглийг нь цуглуулаад бичвэл чөтгөр шиг болно. Тийм л хандлагатай явж ирсэн. Харин 1990 оноос хойш асар их архивын баримт ил болсон. Үзэл суртлын нөлөөгөөр тэр бүгдийг ил гаргадаггүй байсан нь өөрчлөгдөж, чөлөөтэй үздэг болсон. Бидний үеийнхний хувьд өөр үзэл суртлаар бичигдсэн түүхийг уншиж, сурсан болохоор шинэ баримтыг мэддэггүй. Тэрийг л мэдүүлэхийн тулд “Тусгаар тогтнолын товчоон” гэж дөрвөн цуврал бичсэн. 1900 оноос эхтэй түүхийн баримт, бичгийн хүрээнд. Монголчууд хэзээнээс эхэлж тусгаар улс болох санаа сэдэл дэвшүүлж эхэлсэн юм?.Яаж тэр зорилгодоо хүрсэн юм? Ямар үнэ цэнийг төлсөн юм? гэдгийг харуулах зорилготой ажил болсон. 20 ангитай баримтат-уран сайхны кино хийсэн. Уг нь 40 ангитай төлөвлөгдсөн. Манай холбогдох яамд нь элдэв янзын гаднын одуудад мөнгө зарж байхаар ийм зүйлдээ зарцуулах хэрэгтэй байгаа юм даа. 

-Танин мэдүүлэх, түгээн дэлгэрүүлэх, түүнд нь хөрөнгө оруулах талаасаа бидний түүх тэр бүр нийгмийн анхаарлыг татах хэмжээний “үнэ цэнэ”-гүй яваа юм биш үү?

-Хүн болгон түүхч болох албагүй шүү дээ. 

-Гэхдээ түүхээ мэддэг байх ёстой?

-Бүр нарийн юмаа больё гэхэд үндсэн юмаа мэддэг байх хэрэгтэй. Өвөг дээдэс маань юу хийж яваад бид энэ түвшинд ирсэн юм?. Бид юу хийх ёстой юм, үр хүүхэд маань ямар түвшинд очих хэрэгтэй юм гэдгийг бодож байхын тулд үндсэн мэдлэг байх ёстой. Соён гэгээрүүлэх ажлыг ийм шалтгаантай хийж байна. Миний түүхийн “Монголын гээгдсэн түүх” нэвтрүүлэг бараг 40 гаруй цуврал гарсан байна уу даа. Хүмүүсийн үзүүлж байгаа реакцыг харахаар заримдаа баярлана, бас гомдоно. Дэлхийн номер 1 гүрнээс гуравхан сая хүнтэй жижиг улс болтлоо зодоон хийсэн хүмүүс шүү дээ. Гаднын дайсанд дарагдаж байсан түүх байхгүй. Хоорондоо зодоон хийсээр байгаад ийм хэмжээнд хүрсэн. Зодолдож болоо юм биш үү. Хөгжил дээрээ төвлөрч, хамтрах цаг нь болсон юм биш үү.

“Өөрсдийнхөө эрх ашгийг зөв хараад тэр зүгтээ явах ёстой юм байна. Аль нэг улсыг ад үзэх дэмий юм байна. Монголчууд хоорондоо эвтэй байх ёстой юм байна. Тэгж байж амжилтад хүрдэг юм байна” гэж харсан хэсэгт нь баярлана. “Муусайн оросууд, хятадууд” гээд хараагаад байгаа хэсэгт нь харамсаж, ойлгуулж чадсангүй гэж өөртөө гомдоно.

-Яагаад?

-Аль нэг улс орныг үзэн ядуулах гэж энэ цувралыг хийгээгүй. Оросын оронд өөр улс байсан бол яг л адилхан үйл явц болно. Тэр үеийн дэлхийн хөгжлийн логик нь тийм л байсан. Бид түүнийг тойрч гарах боломжгүй. Хэн нэгнийг үзэн ядаж, балбахдаа биш алдаа, оноо нь хаана байсныг бодох нь цувралын гол зорилго.

-Түүх гэдэг өөрөө адармаатай сэдэв. Архивын баримт бичигтэй зууралдахаас эхлээд баргийн хүний барьж аваад “ноцолдох” сэдэв мэдээж биш. Зохиосон нь байна. Бодит үнэнийг гуйвуулж гажуудуулсан нь ч байна. Шинэ тутамд нээж, илрүүлж, гаргаж ирсэн баримт нь хуучнаа шууд үгүйсгэх тохиолдол ч цөөнгүй. Таны хувьд бүтээлийнхээ судалгааг яаж хийдэг юм?

-Дипломат мэргэжил эзэмшсэний тухайд тодорхой тооны сурсан хэл надад байна. Тэдгээр хэлээр бичигдсэн эх сурвалжуудыг шууд унших давуу тал нь байна. Монголын түүхийг тухайн үеийн бүс нутгийн хөгжил, болсон процесстой уялдуулж тайлбарлах гэж хичээдэг. Жишээ нь, Монгол төрийн толгойд тэнэг хүмүүс байгаагүй л гэж боддог юм. Тэр үеийн үйл явц, өрнөл хөгжил нь тийм алхам хийхийг шахаж, түлхэж явсан юм билээ. Дэлхийд геополитикийн том өөрчлөлт явж байна гэж хэлсэн дээ.

100 жилийн өмнө яг ийм өөрчлөлт явж байсан байна. 1900-гаад оны үед дотоод шаталтын хөдөлгүүрүүд гарч байж. Анхны нисэх онгоц бий болж байна. Зэр, зэвсгийн дэвшилтэд технологи бий болж байж. Гол нь тэр бүгдэд хөрөнгө оруулсан улс орнууд ХХ зууны хөгжлийг тодорхойлсон байгаа юм. Хамгийн тодорхой жишээ нь Япон. Азийн улс. Тэнд Мэйжийн шинэчлэлийг хийж, орчин үеийн хөгжлийн загварт хөрөнгө оруулалт хийсэн учраас ХХ зуунд Япон гэсэн их гүрэн болж гарч ирсэн. Тэрхүү геополитикийн тектоник өөрчлөлт одоо ч явж байна. Технологийн цоо шинэ эрин үе ирэх гэж байх шиг. Аж үйлдвэрийн IV хувьсгал гэж яриад байдаг даа. Энэ өөрчлөлтөд бид үсэрч орж чадахгүй бол дахиад дэлхийгээс хоцрох магадлал нь өндөр.

Харанхуй, бүдүүлэг, боловсролгүй гэж нэрлэгддэг өвөг дээдэс маань хаа байсан 1911, 1921 онд болсон, болоогүй энэ өөрчлөлт рүү өөрсдийгөө чирээд орж л байсан. Алдаа ч байсан, оноо ч байсан. Ингэж явсаар өнөөдрийн Монгол Улсыг энэ түвшинд хүргэсэн байна. Мэдээж 1911 онтой өнөөдрийн Монголыг харьцуулахад шал өөр. Хэрвээ түүхээ мэдэж байгаа бол тэр өөрчлөлт дахин явж байгаа энэ цагт дараагийн үе шат руугаа өрсөлдөж орох ёстой. Энэхүү том өөрчлөлтийг харахгүйгээр хонхор дотроо хэдэн биенийхээ сайн, муухайг дуудалцаж, “бөгсөө ухалцаж” яваад өнгөрөөвөл дэндүү харамсалтай. 

Үлгэрлэж хэлбэл Англид мануфактурын үйлдвэрлэл бий болж байсан үед буюу ХIX зуунд Энэтхэг, Хятад тэдэнтэй харьцуулашгүй том, баян улс орон байлаа шүү дээ. Яагаад Англи тэднийг давж, дийлсэн юм?. Ерөөсөө л шинэ технологи үүссэн. Түүнийхээ үр дүнд хүчирхэг улс болж эзэнт гүрнийг байгуулсан. Тэрэнтэй адилхан юм одоо явах гээд байна. Тэгэхээр технологийн өөрчлөлтөд оролцож чадахгүй бол хэчнээн баян байгаад XIX зууны Энэтхэг, Хятад шиг замаар явна.

-ДЭЛХИЙ БИДНИЙ БОДСОНООС ШАЛ ӨӨР БОЛЖ БАЙНА-

-Байгалийн баялагтаа найдаад суух биш геополитикийн тектоник өөрчлөлт рүү “үсэрч” орох ёстой юм байна?

-Чи хар л даа. 1910 он байх аа, Хүрээнд анхны “Форд” автомашин орж ирсэн. Машин гэж ийм зүйл байдгийг монголчууд анх харж байсан байна. 1925 онд анхны нисэх онгоц орж ирж, анхны нисгэгч гарсан. 1980-аад онд сансарт нислээ. Өөрөөр хэлбэл, өөрчлөлтөөс хоцроогүй гэдгийн давуу тал нь. Ерөнхий хөгжлийн загвараар хоцроогүй гэсэн үг. Монгол бол дэлхийн тэргүүний улс биш. Гэхдээ ертөнцийн адаг ч биш. Өдий хүртэл хоёр том гүрний дунд оршин тогтноод яваагийн нууц нь ХХ зууны эхэнд болсон өөрчлөлтийг мэдрээд, хүлээж аваад хүнээр ч болтугай заалгаад орж чадсан. Одоо дахиад орох том өөрчлөлт явж байна.

Баялаг бүтээх үйлдвэрлэлийн арга гэвэл хамгийн эхэлж дан хүний хөдөлмөрт тулгуурлаж байж. Өөрөөр хэлбэл боолын нийгмийн харилцаа гэх үү дээ?. Баялаг бүтээмээр байвал олон боолтой байх ёстой. Дараа нь машин тоног төхөөрөмж гарч ирэхэд баялаг дээр хөрөнгө нэмэгдсэн. Үйлдвэрлэл болгохын тулд мөнгө хэрэгтэй. Ингэж явсаар цахилгаан бий болсон. Хөдөлмөр дээр хөрөнгө нэмэгдээд дахин мэдлэг нэмэгдсэн. Одоо юу болж байна гэхээр мэдлэг+хөрөнгө+хөдөлмөр бус мэдлэг+хөрөнгө хоёр нь үлдэх хандлагатай технологийн шинэчлэл явж байна. Хөдөлмөр нь байхгүй болж байна. Аж үйлдвэрийн IV хувьсгалын онцлог нь энэ. Хэрвээ бид үүнээс хоцорвол ХVII, XVIII зууны үеийн Хятад, Энэтхэг шиг болно. Манж гүрэн гэхэд асар баян улс байсан. Маш хүчирхэг ч байлаа. Гэвч хоёр усан онгоцтой Англи, Францын цэргүүд ирээд эзлээд дуусгасан. Яагаад гэхээр давуу технологитой байсан. 

-Хөдөлмөрийг хөнгөвчлөх, хиймэл оюун ухаанд суурилсан технологийн хувьсгалаас хоцрохгүй хамт урагшлах хэрэгтэй гэсэн үг үү?

-Бүтээмж, чадавх шал өөр юм болно. Хятадын Коммунист Намаас 2035, 2050 гэсэн хоёр тоо ярилаа. 2035 он гэхэд дунд зэргийн хөгжилтэй, баян чинээлэг улс болно. 2050 онд хөгжлийнхөө гараан дээр дээр гарна гэх зэргээр. ОХУ, АНУ ч адилхан энэ тоог ярьж байна. Технологийн шилжилт нь 2035 онд гүйцэж эхэлнэ, 2050 онд дэлхий нийтээрээ цоо шинэ бүтэц рүү орно гэсэн агуулга. 100 жилийн өмнө Англи, Франц хоёрын колонийн улс байсан шүү дээ. Шинээр гарч ирсэн АНУ, Герман гэсэн хоёр улстай зөрчлийг шийдэхийн тулд хоёр том дэлхийн дайн болсон. Харин өнөөдөр АНУ, Хятад гэсэн хоёр том улс гараад ирлээ. Түүнийг тойроод дэлхийн улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна.

Украины дайныг харахад тэр их хүчтэй, бяртай Орон орон дарж чадахгүй л байгаа биз дээ. Дайны технологи нь өөрчлөгдчихсөн байхгүй юу. Израйл, Газын зурваст болж байгаа үйл явцыг хар. Израйлын арми бол дэлхийн шилдэг нь. Гэтэл “АК-47”-той Хамасын хэдэн нөхдийг дарж чадахгүй л байгаа биз. Дэлхий бидний бодсоноос шал өөр болж байна. 

-Хэдий их гүрэн байлаа ч хэчнээн жижиг улсыг эзлэн түрэмгийлдэг цаг өнгөрсөн шүү гэдгийг давхар харуулж байна?

-Олон улсын эрх зүй сайн хөгжсөн энэ үед дуртай улс руугаа дайрч ороод эзлэн түрэмгийлэх боломжгүй боллоо гэж бодож байсан юм. Гэтэл одоо болж байгаа үйл явдлыг хар. Олон улсын эрх зүйд захирагдахгүй яваа нь бас байна. Йеменд байгаа хути бүлэглэлийнхэн олон улсын тээврийн усан онгоц пуужиндаад байгааг ямар эрх зүйгээр зохицуулах уу? Улс биш, зэвсэгт бүлэглэл. Хамас гэдэг чинь бас улс биш. Бидний бодож байснаас танигдахгүй өөрчлөгдөж байгаа нь олон байна. Хүчний төвүүд олширч байна. Үлгэрлэж ярих юм бол, ЗХУ задарснаас хойш манай гудамж ганцхан атамантай байсан бол одоо атаман олон болчихлоо. Атаман олон байна гэдэг нэг талаас боломж. Нөгөө талаас баталгаагүй. Ганц аматантай байхад түүнийхээ дүрэмд тааруулаад асуудалгүй явж болно. Олон болоод бас өөр хоорондоо муудалцаад эхлэхээр бодож байж явахгүй бол хальтраад хавчуулчих магадлал өндөр. Бодлого зөв авч яваад түүнийгээ хөгжилдөө төвлөрүүлэх ёстой юм. Төмөр замын цариг тойрч хэчнээн жил маргалдав? 

-Төмөр замаар танк ирээд Монголыг эзэлнэ гэсэн суртал ухуулга 10 жилийн өмнөөс хүчтэй явсан. Одоо ч тэр сэтгэхүй, болгоомжлол байсаар л байна?

-Тухайн үедээ улс төрийн зорилготой явсан асуудал. Нэг асуудлыг 10 жил тойрч маргалдана гэдэг аливаа улс оронд хүлээж авч болшгүй үнэ цэнэ. Хорвоо аймар түргэн өөрчлөгдөж байна. Чи хэзээ их сургууль төгссөн юм?

-2011 онд...

-Жишээ нь, би 1989 онд төгссөн. Одоогийнх шиг гар утас гэж байсангүй. 1990 онд Гадаад яаманд анхны компьютер ирж байсан байх. Тэгэхэд одоо чи гар утасгүй амьдарна гээд төсөөл дөө. Чи бид хоёр байтугай малчин ч гар утасгүй амьдарч чадахгүй. Утас, зургийн аппарат, факс, скайнер зэрэг бүх юм гарт ороод ирлээ. 20 жилийн дотор ийм өөрчлөлт явчихлаа. Гэтэл түүнийх нь талыг төмөр замын цариг тойрч хэрэлдээд өнгөрөөсөн нь хүлээж авч болшгүй үнэ. Болдог ч, болдоггүй ч бай шийдээ гаргаад урагшаа явах ёстой юм. 

-Улс төр гэхээсээ түүхийн шинжлэх ухаан руу цаг заваа зарцуулж байгаагийн хувьд яг чиглэлийг нь голчилж барьж авч байна вэ? Түүх гэдэг өөрөө хаа хамаагүй үсчээд байдаггүй өргөн цар хүрээг хамарч таарна?

-Гээгдсэн түүх бол тэр, энэ үе гэсэн зүйл байхгүй. Бидний дуулаагүй, сонсоогүй сонин түүхийг гаргахад чиглэсэн. Цувралыг сонсож байгаа залуу үеийнхэн нэгдүгээрт, Монгол гэдэг бол их үндэстэн юм байна. Бидний оролцоогүй процесс дэлхийд байхгүй юм байна. Гуравхан сая хүнтэй Монгол тийм хэмжээний нөлөөг дэлхийд үзүүлсэн гэдэг нь улс орон, ард түмэн бүрд тааралдах хувь заяа биш. Тэрийг ойлгоосой гэж хүсдэг. Хоёрдугаарт, нэгдэж, нягтарч, зорилго тавиад явахаараа түүндээ хүрч чаддаг үндэстэн юм байна. Дэлхийн хэмжээний гүрэн ч байгуулж чадсан. Азийн хамгийн хоцрогдмол улсаас хэнээс ч дутахгүй орчин үеийн орон болж хөгжиж чадсан байна. Технологидоо анхаарахгүй, чадваргүй, өөр хоорондоо талцсаар байсаар байвал хоцрогдсон Манж гүрний хоцрогдсон хязгаар болтлоо унаж болдог юм байна гэдгийг анзаараасай гэж боддог. Алдсан жишээ бидэнд олон бий шүү дээ.

Жишээ нь, бид галт зэвсгийн хувьсгалаас хоцорсон. Тиймээс XVI, XVII зуунаас монгол морин цэргийн нөлөө багасч, агшиж, жижгэрсэн. Эсрэгээрээ түүнээс авч чадсан улсууд нь бусдыгаа түрэмгийлж, хил хязгаараа тэлсэн, манай нутгаас ч булаасан бодитой жишээ байна. Ерөөсөө л хорвоогийн хөгжлөөс хоцорч болохгүй, хоцорвол юу болдгийг арьс махаараа туулж өнгөрсөн хүмүүс нь монголчууд. Түүх яриад байгаа мөртлөө ирээдүй рүү холбож байгааг хүмүүс ойлгоосой гэж бодоод байгаа юм. 

-1990 оноос Монголын түүхэнд хамаарах баримт, бичгүүдийг ил болгосноор оюун санааны хувьд томоохон өөрчлөлт бий болсны нэг жишээ нь Их хааныхаа тухай нээлттэй ярьж, бичиж эхэлсэн гэж хардаг. Өмнөх нийгэмд хаалттай явахын хажуугаар дэлхий нийтэд тогтсон ойлголтыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулсан Монголч эрдэмтэн Жэк Уэтерфордод хүртэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг гардуулсан нь саяхан. Монголчууд өөрсдөө Чингис хааныг дэлхий нийтэд үнэн зөвөөр таниулах боломж, бололцоо ер нь ямар түвшин явж ирсэн байдаг юм. Эсвэл тэгж их ач холбогдол өгөхгүй явж ирэв үү?

-Жэк Уэтерфорд гуайн ном түүхийн судалгааны ном биш. Соён гэгээрүүлэх талаас “popular history” чиглэлийнх. Түүгээрээ “Нью-Йорк” таймсын бестселлер болсон. Монголын түүхийг ч их сайхан сурталчилж өгсөн. Ер нь монголчуудын хувьд Өрнөдийн нүдэнд хоцрогдсон, бүдүүлэг, зэрлэг, дайнч хүмүүс гэсэн ойлголт давамгайлж ирсэн байдаг. Үүнийг Жэк Уэтерфорд гуай өөрчилж, Монгол гүрэн ямар том бодлого хэрэгжүүлж, ямар  байсныг нь гаргаж ирсэн. Мэдээж манай эрдэмтэд энэ чиглэлийн судалгаа хийгээд явсан. Түүхийн судалгаа, олон нийтэд зориулсан ном хоёр өөр жанр шүү. Манай эрдэмтдийн бичсэн номыг мэргэжлийн хэсэг нь уншина. Олон нийт уншдаггүй онцлогтой. 

-Ер нь өөрсдийн түүхийг гадагшаа сурталчлах тал дээр ямар түвшинд явдаг юм?

-Хүн болгон чадахаараа л хийдэг. Баабарын бичсэн “Монголчуудын түүх” номыг олон хэл дээр орчуулж гаргасан. Энэ чинь манай түүхийн сурталчилгаа. Ийм ном олон болоосой. Бидний тухай монгол эрдэмтэн, гаднын хүн бичих хоёр шал өөр. Ялангуяа монголчууд өөрсдийн түүхийг яаж хардаг юм гэдэг талаасаа сонирхох хүн байна. 

-Түүхч хүний хувьд асууя гэж боддог юм. Улс төрд, ялангуяа намууд түүхийг өмчлөх хандлага бий болоод удаж байна. Жишээ нь, Ардын хувьсгалыг өмчлөх гээд байдаг нь МАН-аас цухалздаг хандлага. Ардчилсан хувьсгалыг гэхэд АН-ынхан өөрсдөдөө нааж ирсэн. АН эрх барьж байх үед Үндэсний их баяр наадмын мэндчилгээнээс Ардын хувьсгалыг хассан нь хүртэл маргаан дагуулж байсан шүү дээ. Аливаа хувьсгал гэдэг аль нэг намын өмчлөх түүх мөн юм уу?

-Өөрийнхөө түүхийг улс төрийн шалтгаанаар өмчлөх гэж оролдох нь буруу. 1911, 1921, 1939, 1945, 1961, 1990 он гэдэг XX зууны үеийн монголчуудын тэмцлийн үе шатууд. Чамайг гуравдугаар ангид байсныг нэг өмчлөөд, наймдугаар ангид байсныг өөр нэг нь өмчлөөд байвал ямар ч утгагүй биз дээ. Тэрэнтэй л адилхан, тийм өнцгөөс харах учиртай юм. 1911 онд Ардчилсан Нам байгаагүй биз дээ. 

-АН гэлтгүй МАН ч Ардын хувьсгалыг өмчлөх гээд байдаг?

-Манай намын архивт 1990 оноос өмнөх түүх нь байдаггүй. Улсын архивт байдаг юм. Яагаад гэхээр 1990 оноос өмнөх нь улсын түүх болж явдаг. Төрийн эрхийг нам барьж байсан, намтай л холбоотой яваад байгаа болохоос тэр чинь энэ улсын түүх. Тэр талаас нь харах ёстой. 1921 оныг коммунист хувьсгал гэж харж болно. Хэдийгээр 1921 онд коммунизм гэж үг байгаагүй, энэ намыг үндэслэгчдэд тэр тухай ямар ч ойлголт байгаагүй. Хувьсгал ч гэж үг байгаагүй юм. Бошгийг халах гэж орчуулдаг байсан. Тэнд ямар процесс явсан гэхээр тусгаар тогтнолоо олж авахын төлөө байсан. Зөвлөлт Орос тусалсан. Тэгээд өөрийн үзэл суртлыг бидэнд нялзайсан. Тэглээ гээд тэр үед өөр сонголт хийх байсан уу? Тэр нь Хятад, иргэний дайнтай. Тийм сонголтыг 1921 онд хэн ч хийхгүй байсан нь ойлгомжтой. Ер нь тэр үеийг сайн, муугаар элдвээр хэлээд байх шаардлагагүй гэж хувьдаа боддог. Өмхий гээд бөгсөө тайрч хаядаггүй биз дээ. Гунигтай байсан юмаа гээд тэр түүхээ арчиж хаяхгүй, арилгахгүй. Сургамж аваад явах хэрэгтэй.  

-Бүгд Найрамдах Ботсвана улстай харилцан санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Улс НҮБ-ын гишүүн 192 гишүүн улстай дипломат харилцаа тогтоосон нь өнгөрсөн оны үйл явдал. Энэ хүрээнд тухайлсан улс орон болгоноос Монголын түүхтэй холбоотой түүхийн эх сурвалжийг авах, харилцан судлах боломж нь бүрэн нээлттэй болж байна гэсэн үг үү?

-Тухайн улсад байгаа Монголын түүхтэй холбоотой мэдээ, баримт, түүхийн эх сурвалж, олдворыг сонирхох нь Дипломат төлөөлөгчийн газрын албан үүргийн нэг. НҮБ-ын бүх гишүүн оронтой дипломат харилцаа тогтооно гэдэг нь өөрөө том үзүүлэлт. Ботсвана гэж ямар улс юм гэж хүмүүс гайхаж магадгүй. Гэхдээ манай хоёр хөрш бүх улстай дипломат харилцаа тогтоогоогүй. Тогтоогоогүй л яваа. Харин Монгол Улс бүгдтэй нь тогтоолоо. Манай улсын энх тайванч, олон тулгуурт гадаадын бодлогын үзэл баримтлал үүгээр дамжиж гарч байгаа юм.

-Монгол Улс эзэнт гүрэн явсны бодит баталгаа бас сурталчилгаа нь Ромын папын айлчлал болсон. Гүег хааны үед анх захиа явуулснаас хойш бараг 800 жилийн дараа Ромын пап өөрөө айлчилсан нь Монголын түүхийг эргэж харах том мессеж болсон нь мэдээж?

-Монголыг олон улсын харилцааны анхаарлын төвд оруулснаараа үр ашигтай айлчлал болсон. Ер нь сүүлийн жилүүдэд манай гадаад харилцаа идэвхтэй сэргэж байна. Францын Ерөнхийлөгч айлчиллаа. Удахгүй Германы Ерөнхийлөгч айлчлах гэж байна. Ийм байж энэ улс орон тусгаар гэдгээ харуулж, бусдад хүлээн зөвшөөрүүлж хөгжинө. Нэг жишээ хэлье л дээ. Энэтхэгт залуухан дипломат явахад Төвд Ренбүүчитэй танилцсан юм. Бие биеэ сайн мэддэг болж, илэн далангүй ярилцдаг болсны дараа надад нэг юмыг хэлсэн. Тэгэхдээ “Би танай монголчуудад их дургүй байсан. Яагаад гэвэл Та нар улаантнуудтай нийлж, шашнаа устгасан хүмүүс. Одоо бол бодлоо өөрчилж байна. Танай шашин сэргэж байна. Ард түмэн, улс нь байгаа цагт шашин эргэж сэргэдэг юм байна. Шашин бидний хувьд нэгдүгээр зэргийн асуудал байсан болохоор түүндээ анхаарсан. Өнөөдөр улс маань байхгүй. Цусаар уйлсан ч улсаа эргээд байгуулах боломжгүй боллоо. Та нарын улаантнуудтай нийлээд явсан үеийг буруу гэж боддог байсан бол өнөөдөр зөв юм байна. Улаантантай нь ч, цагаантантай нь ч нийлж байж Монгол гэдэг тусгаар улс оршин тогтнож байна. Үндэснийхээ хэл бичиг, түүхээ сэргээдэг юм байна. Шашнаа сэргээдэг юм байна” гэсэн. 

1911 онд Төвд ч, Монгол ч тусгаар тогтнолоо зарласан. Бидний хувьд хоёр хөрштэйгөө харилцаад цагаан, улаантай нь нийлж үзээд явсан. Алдаа, оноо зөндөө гарсан ч тусгаар улс хэвээрээ үлдсэн. Төвд тэгээгүй. Хэнтэй ч харилцаагүй, хилээ хаагаад сууцгаасан. Дэлхийн хоёрдугаар дайн дуустал тийм байсан. Дараа нь Хятад ороод эзлэхэд тэдний төлөө хэн ч дуугараагүй. Хэн ч мэдэхгүй болохоор тийм юм болсон түүхтэй. Гадаад харилцаанд аль болох идэвхтэй, олон тийшээ харилцаж байж энэ улс чинь туурга тусгаар явна. Ялгаа нь тэр.

АРХИВЫН БАРИМТАД ГАР МААНЬ ХҮРЧ, УХАХ Л ЁСТОЙ

-Шашин гэснээс монголчууд Х Богдоо тодруулсан нь одоо ч анхаарлын төвд яваа. IX Богдыг жанч халсан үеэс буюу 2012 оноос энэ сэдэв хамгийн хаалттай хэрнээ асуултын тэмдэг явсан сэдэв. Дипломат бодлогод мэдрэг хүний хувьд гадаад орчинд уур амьсгал ямар байсан юм бол?

-Х Богд бол Халх Жавзандамба гэдэг хүн. Тэгэхээр энэ бол Монголын хэрэг. Шашин өөрийн тэргүүнтэй болж буйгаараа онцлог. Дэлхий нийтээрээ шашнаар хуваагдсан. Шарын шашин ч дотроо хуваагдалтай байгаа. Ийм цаг үед өөрийн тэргүүнтэй байна гэдэг асуудлаа өөрөө мэдээд явах давуу тал үүснэ. Гадаад орчинд айхтар мэдэгдэл хийсэн юм бол байхгүй. Мэдээж сонирхож байгаа нь ойлгомжтой. Гэхдээ Халх Жавзандамба учраас Монгол Улсын дотоодын хэрэг.

-X Богдоороо дамжуулж улсаа давхар сурталчлах санаачилга гаргах ёстой гэж ярих хэсэг бий. Утай гүмбэн, Итгэлт хамба гэдэг шиг л...?

-Хөгжүүлье гэвэл олон боломж бий. Тэрийгээ хэрэгжүүлээгүй байж заавал Богд руу үсрээд ч яах вэ. Жишээ нь, Боловсролын сайдаар ажиллаж байх үед олон нийтэд танилцуулсан Бурхан багшийн шүд байна. Итгэлт хамба руу явж мөргөдөг шигээ тэр шүдэнд мөргө л дөө. Бурхан багшийн шүд гээд шүтээн байна шүү дээ. Гар дээр нь, музейд бэлэн байгаа юмыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож чадаагүй байж хэдүүлээ Богд руугаа сарваганаад яах вэ?. 

-Монгол төрийн "Мэргэн сайд", Ерөнхий сайдаар ажиллаж байсан Агданбуугийн Амарын талаар хамгийн их судалсан хүн нь Та бил үү? Хажуугаар нь ном бичиж гаргасан байх аа. Ер нь энэ хүний талаарх нь архивын баримт, мэдээлэл нь хэр олдоцтой, тэр нь бодитой байдаг юм?

-“Хүмүүн хорвоо” гэж нийгэмлэг бий. Ерөнхийлөгч асан П.Очирбат, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Ерөнхий сайд асан С.Баяр, нийтлэлч Баабар тэргүүтэй хүмүүс үүсгэн байгуулсан. Түүнийх нь гишүүн ухаантай юм. Энэ нийгэмлэгээс “Түүхэн эрхмүүдийн цадиг” гэдэг цуврал эрхлэн гаргадаг. Миний хувьд таван хүний намтар бичсэн. Монгол Улсын анхны Гадаад хэргийн сайд Чин Ван Ханддорж, БНМАУ-ын Ерөнхий сайд асан, харьд цаазлуулсан Агданбуугийн Амар, МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан Дашийн Дамба, Хатанбаатар Магсаржав, Жалханз хутагт Дамдинбазар гэсэн таван хүн. Хоорондоо байлдсан хоёр Засгийн газрын Ерөнхий сайдыг хийж байсан хүн дэлхийд байхгүй байх. 

Агданбуугийн Амар бол Төрийн хар хүн гэж ямар хэмжээний ёс зүйтэй, мэдлэгтэй байдгийг харуулсан гэж боддог. Тэр үед янз бүрийн хүн Төрийн эрхэнд гарч байсан. Гарын үсгээ ч зурж чадахгүй нэгэн байлаа шүү дээ. Хойноос ирсэн хүн болгоны үгийг дагадаг, дагахгүйг нь эсэргүү болгож хувиргадаг байсан цаг үе. А.Амар гуай бол их хүнд үед Ерөнхий сайдаар ажилласан. Хэлмэгдлийг зогсоох гэж оролдоод сүүлдээ өөрөө тэрхүү машинд өртөж, цаазлуулсан. 

Нэг сонин баримт хэлэхэд, 1923 онд тухайн үеийн Ардын Намын Төв хорооноос Монгол Улсын эдийн засгийн бодлогын үндэс гэдэг бичиг, баримтыг боловсруулсан. Ерөнхий сайдаар ажиллаж байсан Цэрэндорж, Аж ахуйн яамны сайд А.Амар, Цэвээн Жамсранов тэргүүтэй хүмүүс. Тэрхүү баримт, бичигт гадаад улс оронтой харьцах дэс дараалал тогтоохдоо Герман, Америк, Орос гэж заасан байдаг. Тэр байтугай 1935 оны Монгол Улсын гадаад худалдааны статистикийг авч үзэхэд Зөвлөлт Орос, Германтай хийсэн худалдаа нь бараг тэнцдэг. Зөвлөлттэй хийсэн худалдаа нь зургаан сая рейхсмарк. Германтай хийсэн нь таван сая рейхсмарк. Тэр үеийн хүмүүс мундаг л бодлого явуулж байсан байгаа биз. Зөвлөлтийн удирдлага, Сталинд таалагддаггүй явсаар хэлмэгдэж цаазлагдсан. 

-Энэ бүх тоо баримт нь архивт хадгалагдаж явсаар энэ хүрчээ?

-1990 оноос хойш олон архивын баримтууд ил болсон. Намайг Боловсролын сайдаар ажиллаж байх үед ОХУ-ын архивууд Соёлын яамных нь мэдэлд байсан. Соёлын сайд нь манай сургуулийг төгссөн хүн байж таарсан. Нэг сургуулийнхан хоорондоо өөр харьцаатай байна шүү дээ. Тэгээд хүсэлт гаргасан, түүхчдээ танай архивт оруулж, суулгамаар байна гэхэд зөвшөөрсөн. Манай таван түүхч нэлээд урт хугацаагаар очиж суусан. Шинээр маш олон баримт гаргаж ирсэн. Олон ч ном гарсан. Гэхдээ олон нийтийн хүртээл болгох өөр хэрэг. Тиймээс “Тусгаар тогтнолын товчоон” гэдэг цувралыг бичиж, гаргасан. Архиваас шинээр ил болсон баримтыг олон нийт уншиж мэдэх ёстой. 

-Монголын түүхэнд холбогдох зарим барим, бичгийг устгасан гэх явган яриа байсхийгээд явдаг болохоор бодитой юу гэж тодруулж асуугаад байгаа юм?

-Устгаад байсан нь гайгүй байх аа. Харин бид түүндээ гар нь хүрч чадаж байна уу? үгүй юу гэдэг нь гол асуудал. Монголтой холбоотой баримт зөвхөн Москвад байхгүй. Эрхүүд, Улаан-Үд, Омскт байгаа. Цэргийн архивууд гэж байна. Улсын түүхийн, тусгай албадын зэргээр олон. Саяхан Хатанбаатар Магсаржав номыг бичиж гаргасан. Оросын түүхчид 1922-1926 оныг хүртэл Хүрээнд ажиллаж байсан тусгай албадын мэдээлэлд тулгуурлаж ном гаргасан байдаг. Архивын баримтад тулгуурласан гэсэн үг. Бүгд биш ч гэсэн нэлээд юм нь ил гарсан. Түүнд тулгуурлаж Хатанбаатар Магсаржавыг Зөвлөлтийнхөн яагаад харддаг байсан талаарх зарим баримт ил болсон. Төв рүүгээ явуулж байсан мэдээллээс харахад ер нь л Монголд төрийн эргэлт хийхэд толгойлох хүн нь шүү гэдгийг бичсэн байгаа юм. Гэтэл бид Хатанбаатар Магсаржавыг Цэргийн яамны мундаг сайд, улаан хувьсгалчаар бодож явдаг. Тэр хүн Монголынхоо эрх ашгийг урдаа тавьж явдаг байсан нь ил болгосон мэдээ, материалаас харагдаж байгаа юм. Архивын баримтад гар маань хүрч, ухах л ёстой. 

-Архивын баримт ил болсон тохиолдолд өмнө нь бичиж, гаргасан мэдээлэл хуучирна гэж байх уу?

-Өөр өнцгөөр харах боломжийг бий болгоно. Дандаа сайн юмыг нь дурдаад байвал бурхан болно гэдэг шиг. Хүн л юм чинь нүгэл байж таарна. Өөр юм бодож, хийж байсан юм байна шүү гэдгийг олон талаас нь харна. Жанжин Д.Сүхбаатарыг мөрийтэй тоглож байсан л гэдэг. Тэр үеийн хүмүүс бүгдээрээ л тоглодог байсан шүү дээ. Одоогийнхоор казино гэж ойлгоод байх шиг. Үнэхээр хувьсгалч хүн байсан уу гэхээр өөрийнх нь ярьсан юманд тийм үг, өгүүлбэр байхгүй. Тэгш журамт, баян хүчирхэг улс болно гэсэн байдаг. Тэгш эрхийн тухай ярьж байгаа болохоос хувьсгалын тухай биш. 

Улаан Оросын талыг бариад явсан уу гэхээр үгүй. 1922 оны хавар бил үү, зун нь Германы пүүсээс цэргийн хувцасны цэмбэ авна гээд гэрээ хийснийг Сангийн яамны Зөвлөлтийн зөвлөх нь болиулж байсан баримт байдаг. Тэгэхэд нь “Та нар нийлүүлж чадахгүйгээс хойш Германаас авахгүй бол Америкаас авна” гэсэн байгаа юм. Нэг улсыг даган баяссан юм байхгүй байгаа биз. Монголын цэрэг шинэ маягийн арми болж байна. Хувцас жигдрэх ёстой, түүний төлөө хэнтэй ч наймаа хийнэ гэж явсан хүн. Энэ мэтээр түүхийг олон талаас нь харах хэрэгтэй. Түүнээс Жанжин Д.Сүхбаатар бол улаан хувьсгалч, мөрийтэй тоглоомчин гэж өрөөсгөл хандах нь буруу. 

-Архивын баримтыг ил болгох тодорхой хугацаа гэж байгаад байх шиг. Тэр нь олон жилээр хэмжигддэг?

-Материалаасаа хамаарна. Улс орон бүр өөрийн дүрэм, журамтай. Олонх нь 50 жил байдаг. Гэхдээ улсын эрх ашиг хөндөгдөнө гэж үзвэл нууцаас ерөөс гаргахгүй. Манайд ч тийм асуудал бий. Гол архивт нэг суугаад бүгдийг нь бичсэнийг нуугаад байна гэж ойлгож болохгүй. Бүх процессыг гаргаж ирсэн баримтаар тулгадаг. Хоёрдугаарт, түүхийг одоогийн хүний нүдээр дүгнэх нь буруу. Тухайн үйл явцад оролцож байсан хүмүүсийн мэдлэг, ухамсар, ертөнцийг үзэх үзлээс хамаарна.

1913 онд Монгол Улс Зөвлөлт Оросоос анх удаагаа хоёр сая рублийн зээл авсан. Гадаад хэргийн сайд Чин Ван Ханддорж Орост айлчлах үеэр авсан зээл. Тэгсэн Хүрээнд байгаа Оросын Консулын газар нь төв рүүгээ шоконд ороод бичсэн байгаа юм. “Хүүе ээ, эд нар чинь өнөө зээлийн мөнгөөрөө заан худалдаад авчихлаа” гэж. Одоогийн бидний нүдээр маш тэнэг үйлдэл юм шиг.

-Богдын бор зааныг хэлээд байна уу?

-Тийм ээ. Тэр үеийн хүмүүсийн ойлголтоор Төрийн долоон эрдэнийг бүрдүүлсэн байгаа юм. Хаан эрдэнэ, Хатан эрдэнэ, Жанжин эрдэнэ, Түшмэл эрдэнэ, Морин эрдэнэ зэрэгт нь заан байсангүй. Тэгэхээр нь худалдаж аваад ард түмэндээ хэлж байгаа юм. “Манай улс юм, юмтай улс болсон шүү. Төрийн долоон эрдэнээ гүйцээлээ” гэдэг нь улс шиг улс болсны илрэл. Ийм л ойлголттой байсан ард түмэн хөгжлийн замаар замнаад өнөөгийн Монгол улсыг байгуулсан юм шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

uzeg.info

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (172.69.252.153)
    Одоо хүн болгон түүх ярьдаг.болж дээ
    2024 оны 02 сарын 04 | Хариулах
  • Бодхүү (172.69.252.155)
    Та минь ээ, Отгонбаяр сайдыг ойрын үед түүх сонирхоод, архив ухаж, ном эмхтгэн гаргаж буйн сайшаалтай. Хуучны соц. гадаад харилцаанд суралцаж, боловсорсон чкст товарищ юм билээ. Женкогийн цүнх барьж хэсэг яваад МАН бараадаж, тэгээд сайд хийсэн. Боловсролын салбарт яаралтай, дэвшилтэд өөрчлөлт хийх чухал цаг үед архи ууж, авгайнхаа дансаар их мөнгө шилжүүлж, ноён нуруу нь хугарч, авилаглыг далд цэцэглүүлэх үндэс нийгэмд тархахад оролцсон гэж боддог. Тиймээс энэ түүх сонирхогч экс сайдын үнэнг бичнэ гэхэд огт итгэхгүй гэж дунд сургуулийнх нь ахмад багш уулга алдаж байсан шүү. Ном бичвэл буруу замаар хураасан бузар мөнгөөрөө хэвлүүлэхийг зөвлөе. Төсвийн мөнгөнд хуруу дүрж, будааны зодоон хийвэл энэ удаа нам чинь хамгаалахгүй, нөгөө Намбарван шиг ачуулах байх шүү?!!
    2024 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (172.69.252.155)
    8-р богд Төвд хүн хэл ус бичиг соёл тэс өөр…..
    2024 оны 02 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Ираныг шаналган Израиль руу аврал эрэв 17 цаг 10 мин Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно 17 цаг 54 мин Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө 18 цаг 35 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна 18 цаг 39 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ 19 цаг 34 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна 19 цаг 52 мин Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? 20 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 20 цаг 20 мин Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна Уржигдар 21 цаг 21 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа Уржигдар 21 цаг 16 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна Уржигдар 19 цаг 33 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав Уржигдар 19 цаг 19 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна Уржигдар 18 цаг 14 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ Уржигдар 17 цаг 27 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо Уржигдар 17 цаг 09 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ Уржигдар 15 цаг 04 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ Уржигдар 13 цаг 20 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Уржигдар 12 цаг 53 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ Уржигдар 10 цаг 11 мин Эрх чөлөөний үнэ цэнэ Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа...
Top