x

Б.Батбаатар: Улс төрийн нам төрөөс санхүүжих шаардлагагүй

Иргэний зориг ногоон нам /ИЗНН/-ын дарга, УИХ-ын гишүүн асан Батын Батбаатартай ярилцлаа.

-ИЗНН өнгөрсөн жил Их хурлаа хийсэн. Түүнээс хойш ямар ажлууд дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-ИЗНН-ын удирдлага ноднин жил өөрчлөгдсөн. Намын их хурлаа 2023 оны есдүгээр сарын 9-ний өдөр 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг оролцуулан хийсэн. Улмаар намын Их хурлаас өгөгдсөн чиг үүргийн дагуу шинээр зохион байгуулагдсан Үндэсний хороо хуралдаж, намын дүрэмд өөрчлөлт оруулсан. Ингэснээр бид ИЗНН-ыг олон түмний нам, ард түмний тайз нь байх боломжийг олгож өгч чадсан. Энэ хүрээнд намынхаа дотоод зохион байгуулалтын ажлыг хийгээд, дэд дарга болон Улс төрийн зөвлөлөө шинэчлэн зохион байгууллаа. Мөн Үндэсний хорооны хурлаас тодорхой шийдвэрүүдийг гаргасан. ИЗНН Монголын ард түмэнд ус, агаар мэт дутагдаж байгаа улс төрийн сөрөг хүчний үүргийг биелүүлэх, гүйцэтгэх ажил чухал ач холбогдолтойгоор тавигдаж байна гэж үзсэн. Манайх бол хулгайгүй, хулгайчгүй нам. Сүүлийн үед маш их хулгайн хэрэг ил боллоо. Үүнийг нийтээрээ мэдэж байгаа. Ил болсон нь л энэ болохоос цаана нь илрээгүй хэчнээн ч хулгай байгааг мэдэхгүй. Тиймээс авлига, албан тушаалын хэрэг, хулгайд холбогдсон хүмүүсийг эгнээндээ элсүүлэхгүй гэдгийг ил тод, нээлттэй илэрхийлсэн. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон Сонгуулийн хууль өөрчлөгдөж, улмаар энэ удаагийн сонгуулийг бүсчилсэн томсгосон тойргоор, холимог системээр явуулахаар боллоо.Тийм болохоор бид одоо энэ сонгуульд хэрхэн оролцох вэ гэсэн ажлаа ид хийгээд явж байна. Миний бие шинэ оны өмнөхөн олон нийтэд  хандаж дэвшүүлсэн мэндчилгээндээ Монгол Улсын төлөө зүтгэе гэсэн иргэн бүрийг төрийн сонгуульд ИЗНН-аас нэр дэвшээч гэсэн уриалга гаргасан. Манай намын дүрэмд өнөөдрийн улс төрийн намуудад огт байхгүй нэг өөрчлөлт мөн орсон. Тэр нь нам дэргэдээ мэргэжлийн холбоо, клубүүд, хөдөлгөөнүүд, олон нийтийн байгууллагуудтай байх боломжийг нээж өгсөн. Бусад намуудад ийм дүрмийн заалт байхгүй учраас зөвхөн нас, хүйсээр нь ангилдаг.

-Танай нам түүхэндээ Монголын ногоон намтай нэг хэсэг нийлээд буцаад салсан. Энэ салж, нийлсэн асуудал намын үйл ажиллагаа, гишүүдэд нөлөө үзүүлсэн үү?

-Энэ яах вэ, 10 гаруй жилийн өмнө болсон явдал. Дангаасүрэнгийн Энхбат Монголын ногоон намын дарга байх үед Иргэний зориг нам нэгдсэн. Ингэхдээ ногоон үзэл баримтлалаа авч Иргэний зориг ногоон нам болж өөрчлөгдсөн. Тэр цагаас хойш Монголд ногоон үзэл, амьдралыг төрийн болон Засгийн газрын бодлогын түвшинд аваачих хэмжээнд ажиллаж чадсан цорын ганц нам бол ИЗНН. Хуучин Байгаль орчны яам гэж байсныг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам буюу үндсэн чиглэлийн яам болгож, ИЗНН-ын дарга асан С.Оюун сайдаар нь ажиллаж байлаа. Гэтэл харамсалтай нь одоо Байгаль орчин, аялал жуулчлалын яам болгож өөрчилсөн. Аялал жуулчлал, байгаль орчин хоёр хоорондоо хэр нийцтэй байх юм. Сайд нь аялал жуулчлалаа хөөгөөд байгаль орчноо хаячихаад л, яг үндсэн ажлаа хийгүй байна шүү дээ.

-Энэ оны сонгууль их онцлогтой болно. УИХ 126 гишүүнтэй болно. Дээрээс нь холимог системээр, бүсчилсэн томсгосон тойрогт өрсөлдөнө. Энэ байдлыг та хэрхэн харж байгаа вэ?

-Тойрог томсгосон, олон мандаттай болгосонд буруу зүйл огт байхгүй. Жалга довны гэж ярьдаг бичил буюу бага орчинд хамжлагат ёс тогтоогоод түүгээрээ олон дахин сонгогддог байдлыг эвдэж байгаагаараа зөв. Монгол Улс өнөөдөр үнэхээр хөгжлийн зөв баримжаагаа гаргаад, зөв зам дээрээ гарч ирье гэвэл асуудлаа улс орны хэмжээнд боддог, хардаг. Шийдвэр нь түүнтэйгээ тулж очиж гардаг байх ёстой. Мөн геополитик, дэлхийн улс төрийн нөхцөл байдал өнөөдөр их өөрчлөгдчихлөө. Дэлхийн дэг журам өөрчлөгдөж байгаа энэ цаг үед монголчууд өөрөө өөртөө эзэн байх, өөрсдөө засагладаг байдал руу түлхсэн тогтолцоог нэвтрүүлж, бэхжүүлэх зайлшгүй шаардлага бий.

-Гэтэл нөгөө талдаа нэг бүс нь 10 мандаттай, олон намын төлөөлөл сонгогдоно. Улс орны хөгжилд чиглэсэн зүйлээ нэг баг болж хийж чадах уу гэдэг асуудал байна. Улс дотроо намаар талцдаг байсан нь бүс болоод бүр жижгэрчих юм биш үү гэсэн эргэлзээ байна л даа?

-Ер нь том олонлог руугаа очиж л байвал сайн шүү дээ. Хамгийн том олонлог чинь ард түмэн. УИХ-ын 76-хан гишүүн байсан нь 126 болж байна. Цаашдаа хоёр танхимтай парламенттай болъё гэсэн санал санаачилга гарч байна. Зарим нам, улс төр судлаачид өнөөдрийн томсгосон тойргийг эрх баригчдад, үндэсний хэмжээний намуудад нь ашигтай гэх зэргээр ярьж байгаа. Ингэж тооцоолсон байхыг ч үгүйсгэхгүй. Гэсэн хэдий боловч Санжаасүрэнгийн Зориг агсны хэлснээр нэгдүгээрт, улсын эрх ашиг, хоёрдугаарт нам, бүлэглэлийн, гуравдугаарт хувийн эрх ашгаа тавих ёстой. Тэгэхээр эрх ашгийн эрэмбийн хувьд энэ зөв. Монгол гэсэн зургаахан үсгэнд багтсан эх орныхоо эрх ашгийн төлөө л гэж байгаа бол урьд нь сум, аймгаараа хуваагдаж байсныг бүс нутгаараа болгон томруулсанд эмзэглэх хэрэггүй.

-УИХ-д суудалгүй, жижиг намуудад нэлээд халгаатай сонгууль болно гэж байна. Учир нь сурталчилгааны хоног багасч, тараах хэвлэмэл материалын хэмжээг бууруулсан гээд олон асуудлыг хэлж байгаа?

-Угаасаа хүн, хөрөнгө санхүүгийн хүчин зүйл, хэвлэл мэдээллийн орон зай гээд бүгд дутуу байгаа нь үнэн. Арга хэлбэр, хэрэгслийг нь зөв болгох тухайд нэлээд сайн ажиллах ёстой байсан юм. Харин энэ удаад хийж чадсангүй. ГовьАлтай, Завхан, Увс, Ховд гэсэн 10 гишүүн сонгогдох тойрогт нэр дэвшигчид 16 хоногт бүрэн хүрч ажиллах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр хэн нь доороо хөл, гар бүтэцтэй байна. Тэр нь зохион байгуулалтаа хийгээд аваад гарна гэсэн санаа ярьж байгаа. Үүнийг өөрчлөхийн тулд намуудаас нэр дэвшсэн хүмүүсийн дунд бодлогын халз мэтгэлцээн хийлгэх хэрэгтэй. Харин энэ мэтгэлцээнд ирээгүй хүмүүст нь цаашдаа улс төрийн хариуцлага хүлээлгэж болно. Ийм маягаар ард түмэн төрийн эрхээ барих, төлөөллөө зөв сонгох эрхийг нь хангаж өгөх боломжийг аятайхан хийгээд өгчих боломж хангалттай байсан. Гэхдээ цаашдаа хийгдэнэ л гэж харж байгаа.

-Улс төрийн намын тухай хуулийг өөрчилсөн. Танай намын зүгээс тус хуульд ямар саналууд өгсөн бэ. Ер нь хэр хууль болсон гэж хэлэх вэ?

-Ерөнхий утга нь айхтар өөрчлөгдөж чадаагүй. Улс төрийн намын тухай хууль дахиад ч өөрчлөгдөх ёстой. Яах вэ, нэг хүний маягтай байдаг намуудыг төлөөллийн төв байгууллагаа хуралдуулдаг болох, санхүүгийн тайлан нь ил тод, шилэн байх гэсэн шинэ заалтууд бас бий, бий.

-Сонгогчдын нэг хувийн санал авбал төрөөс санхүүжүүлдэг болох тухай заалт ч орсон. Энэ хэр зөв бэ?

-Хувь хүнийхээ хувьд хэлэхэд хууль тогтоогчдын хүсэл эрмэлзэл өөр байна. Нэг талаасаа олон улсын жишээг ярьж байгаа. Нөгөө талдаа өнөөдөр Монгол Улсад улс төрийн намууд бэхжиж, төлөвшиж чадахгүй байна. Буруу хэлбэр, санхүүжилттэй, эрх мэдэл, хулгайн төлөөх бүлэглэлүүдэд намууд нь эзлэгдсэн гэдгийг бүгд ойлгоод байгаа юм. Гэтэл засч, өөрчилсөн хуулиар үүнийг сайжруулж, засч чадахааргүй байгаа. Төрөөс санхүүжих тухай би арай өөр бодолтой явдаг. Ер нь улс төрийн нам төрөөс санхүүжээд байх шаардлага байхгүй. Гишүүдийнхээ татвараар санхүүждэг байх ёстой. Хэрвээ Монгол Улс ардчилсан улс мөн юм бол улс төрийн намын гишүүнчлэлийг нээлттэй болгох хэрэгтэй. Хэрэв тэр хүн намын гишүүн мөн бол Хүн амын орлогын албан татвар дээрээ нэг хувийг нэмж төлдөг. Түүнийг нь татварын байгууллагаараа дамжаад төрийн сангаас намуудад ордог байж болно. Тухайлбал, жилд тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг хүн намдаа 10 сая төгрөгийн татвар төлдөг хэлбэр рүү орчихвол намын гишүүн байж ажилтай байдаг, хамгаалагддаг, хөшигний цаана эрх ашгаа гүйцэлдүүлдэг байдлаас сална. Харамсалтай нь хууль тогтоогчдын дунд ИЗНН-аас төлөөлөл алга. Харин төлөөлөлтэй болсон цагтаа энэ мэт өөрчлөлтийг хийгээд явна.

-ИЗНН энэ удаагийн сонгуульд юун дээр илүү анхаарал хандуулж оролцох вэ?

-Сонгуулийн тухай хуулиар юу ярьж болох, болохгүй гээд заалтууд бий. Тийм болохоор зарим зүйлийг дэлгэрэнгүй хэлж болохгүй байх. Гэхдээ ИЗНН хууль тогтоох байгууллагад улстөрчид юу хийх ёстой вэ гэдэг дээр ажиллаж байгаа. Бидний үзэл баримтлал бол үндэсний үзэл, эх ногоон дэлхий, газар шороо, нутаг усаа гэсэн үзэл бий. Мөн шударга ёсны төлөө явж байгаа. Ерөөсөө энэ намын үүсэж гарсан түүх нь тийм юм. Манай намаас Эрх чөлөөний тухай хуулийн төслийг санаачилж, ажиллаж байна. Эрх чөлөө гэж юу юм. Бид өнөөдөр Үндсэн хуульд заасан нийтлэг заалтыг авч үзээд байгаа. Тэгэхээр хамгийн чухал нь санхүүгийн эрх чөлөөтэй хүн бол эрх чөлөөтэй байж чадна. Засгийн газар нэг мөнгө, нэг төгрөгийн ашгийн төлөө бизнес хийж болохгүй. Иргэдтэйгээ өрсөлддөггүй, иргэдээсээ булаадаггүй байх ёстой. Боломжийг нь олгож өгдөг байх хэрэгтэй. Түүнээс биш Засгийн газар компани байгуулаад тэр нь олон их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж, түүнээс нь бүх хулгай гардаг байж болохгүй. Мөн өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын бараг 10 хувь, хөдөлмөр эрхлэх насны 15 хувь болсон 300-400 мянган хүн гадаадад байна.

Гэтэл дахиад энэ тооны хүмүүс хэзээ ч эх орноосоо гарахад бэлэн визний дараалалд байгаа. Энэ бол аюулын харанга. Тэд хүссэндээ гадагшаа гарах гээгүй. Монголдоо амьдрах эрх чөлөөг нь олгохгүй, дарамт их байгаа учраас л ийм шийдвэрт хүрч байгаа. Энэ чиглэлд манай намын мөрийн хөтөлбөр бичигдэж байна.

-Тантай уулзсан дээрээ асуухад Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн эзнийг олох тал дээр хэр анхаарал хандуулж байна вэ. Өнгөрсөн хугацаанд янз бүрийн л юм болоод өнгөрлөө?

-ИЗНН аль ч улс, нийгэмд аллага, хүчирхийлэл, дээрэм байх ёсгүй гэж үздэг. Санжаасүрэнгийн Зориг бол Монголын улс төрд өөрчлөлт хийсэн, нийгмийг өөрчлөх ард түмний хүчийг өөр дээрээ авсан хүн байсан. Энэ хүн харамсалтайгаар бусдад алагдсан. Бидний хувьд гашуун ч гэсэн шударга, бодит, нүүр тулсан үнэн нь гарч ирэх ёстой гэж хардаг. Өнгөрсөн хугацаанд учир нь олдохгүй, төөрөгдсөн байдалтай л байлаа. Тиймээс энэ хугацаанд эрх баригчид байсан хүмүүс төрд байгаа цагт мөнхийн энэ чигээрээ үлдэх юм байна гэсэн ойлголттой болсон. Бид төдийгүй Монголын ард түмэн энэ хэргийн гашуун ч гэсэн үнэнийг мэдэх эрхтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 10 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 10 цаг 59 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 11 цаг 1 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 11 цаг 2 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 11 цаг 4 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 11 цаг 6 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 13 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 13 цаг 54 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 13 цаг 58 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 13 цаг 59 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 14 цаг 0 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 14 цаг 0 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 14 цаг 1 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 14 цаг 3 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 14 цаг 4 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 15 цаг 50 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 16 цаг 0 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 16 цаг 1 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 16 цаг 2 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 16 цаг 3 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top