x

Ж.Чинбүрэн: Эмийн салбарт хэн нэгэнд давуу эрх олгодог мафийн сүлжээ маягийн зүйл үүсчихсэн

УИХ-ын гишүүн  Ж.Чинбүрэнтэй Донорын тухай хууль болон эмийн чанар, үнийн асуудлаар ярилцлаа.

-Донорын тухай хуулийг анх 2000 онд баталсан байдаг. Харин энэ оны зургадугаар сард тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн гол зүйл, заалт нь юу вэ?

-Эрүүл мэндийн салбарын нэг томоохон дэвшил бол эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах технологи. Тэртээ 1963 онд Т.Старцл гэж эмч элэг солих хагалгааг анх амжилттай хийснээс хойш 60 жил өнгөрч байна. Энэ хугацаанд дэлхий даяараа эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал болон олон зүйл хавсардаг эмчилгээ практикт бүрэн нэвтэрсэн. Зарим өвчний үед бүр эмчилгээний үндсэн алтан стандарт болчихсон байна. Тухайлбал, элэгний хавдартай үед элэг шилжүүлэн суулгах нь хорт хавдрыг бүрэн эмчлэх эмчилгээний төрөлд ороод эхний сонголт болсон.

Учир нь тухайн мэс засал аюулгүй, эрсдэл бага, тухайн эрхтэн шилжүүлэн суулгасан хүнийхээ биед ээнэгшиж дасах боломж нь сайжирсан. Мэс заслын техник ч мөн сайжирсан нь нөлөөлж байгаа. Тавхан жилийн өмнө л гэхэд монголчууд гадагшаа явж эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд 100-200 мянган ам.доллар төлдөг байсан. Үүнийг босгохын тулд гэр орноо зарах, найз нөхөд, бусдаас зээлэх зэргээр шийддэг байсан бол өнөөдөр Монголд элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах нь өдөр тутмын эмчилгээний практик болчихсон байна. Энэ нь манай эрүүл мэндийн салбарын хөгжлийг тодорхойлж байгаа чухал зүйл. Харин үүнийг амжилттай болгох нь хоёр зүйлээс шууд хамааралтай. Нэгдүгээрт, санхүүжилт байхгүй бол ямар ч эмнэлэг, эмч сайхан сэтгэлээр хийхийг хүссэн энэ үнэтэй эмчилгээ нутагшиж чадахгүй. Гишүүн болохдоо тавьсан “Бүх Монголоо эмчилье” гэсэн том зорилгын нэг хэсэг нь санхүүгийн дарамтгүйгээр иргэдийнхээ өвчнийг эмчилдэг тогтолцоо бий болгохыг зорьсон юм. Үүний хүрээнд бид 2020 онд хуульд өөрчлөлт оруулахдаа гүйцэтгэлийн санхүүжилт гэх ойлголтыг оруулж өгсөн. Одоо бол элэг шилжүүлэн суулгахад улсаас 106 сая төгрөг төлдөг болсон. Хоёрдугаарт, хууль эрх зүйн орчныг нь сайжруулах шаардлагатай.

Донорын тухай хууль 2018 оноос хойш хэд, хэдэн шинэчлэлт хийгдээд явж ирсэн. Энэ хугацаанд 25 настай хүнд амьд донор болох эрхийг нь олгодог байсан. Амьд донор болно гэдэг чинь өөрийнхөө гэр бүлийн, хайртай дотнын өвчтэй хүнээ аврахын тулд тал эрхтнээ өгөхийг л хэлж байгаа юм. Харин тухайн донор болж байгаа хүн өөрөө бие даан шийдвэр гаргах ёстой юм. Гэвч 25 нас гэдэг бол арай л хожуу нас. Бид машин барих эрхийг 18 настайд нь өгдөг. Машин барьж яваад ямар нэгэн осол, аваар гаргасан тохиолдолд тухайн жолооч хариуцлага хүлээх боломжтой гэж үзсэн л нас шүү дээ.

-Хариуцлага хүлээх насанд хүрсэн гэж үзээд л 18 насаар тогтоодог байлгүй дээ?

-Тийм, тэгсэн хэрнээ хүний амь насыг аврахын төлөө шийдвэр гаргах гэхээр 25 болчихдог. Хайртай, дотнын нэгэндээ 21 настай залуу элгээ өгөх гээд байдаг. Гэтэл таны нас болоогүй гээд хуулиараа халгаадаггүй. Ингэхээр тэр өвчтэй хүнээ аваад гадагшаа л явж таарна. Тэгэхээр энэ мэт эмчилгээнд эх орноосоо гадагшаа мөнгө гаргахгүй байх гэдэг том зорилго маань биелэхгүй болчихоод байгаа юм. Тэр утгаараа Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж насыг 21 болгосон.

-Донорын тухай хуулийг эд, эс, эрхтнээс гадна цусны донор гэж тусад нь салгаж байгаа гэсэн үү?

-Цусны донор гэдэг чинь бас л хүний амь насыг аврахын тулд илүүдэл цусаа өгч байгаа үйл явц. Саяхан Цусны төвөөс Япон-Монголын хамтарсан эмнэлэг рүү дроноор цус тээвэрлэсэн гээд технологийн дэвшлийг ашиглаж эхэлж байна. Гэтэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах, цусны донор гэсэн шал өөр хоёр зүйлийг нэг хуульд багтаачихсан байгаа юм. Тийм учраас энэ хоёрыг тусад нь салгаад ирэх долоо хоногт Цусны донорын тухай хуулийг өргөн барихад бэлэн болсон. Харин эд, эс, эрхтний донорын хуулийг түүний дараагийн долоо хоногт өргөн барина. Бид илүү их төрөлжиж, нарийсч хууль боловсруулах ажил маань чанаржих ёстой. Цусны донорыг бид сурталчилж, уриалах ёстой юм. Таны цусанд В, С вирус болон бусад халдварт өвчин байхгүй л бол илүүдэл цусаа өгөөч, таны эрүүл мэндэд ч хэрэгтэй гэдгийг олон нийтэд таниулах хэрэгтэй. Гэтэл та хэн нэгэнд эд, эс, эрхтнээ өгөөч гэж сурталчилж, сэнхрүүлж болохгүй. Тэгэхээр үзэл санаа нь хүртэл өөр байгаа биз.

-Тийм байна. Гэхдээ Донорын тухай хуулиар хамгийн чухал нь хүний болон эд, эрхтний наймаанаас урьдчилан сэргийлэх нь чухал байх. Энэ талын ямар заалтууд орсон бэ?

-Хамгийн чухал нь ерөөсөө л энэ. Монгол Улс дэлхийн эд, эс, эрхтэн наймаалахгүй байх конвенцод нэгдсэн. Тиймээс энэ тал дээр хорио, шийтгэлүүдийг нь асар хүчтэй тавьж өгөх ёстой. Яг энэ утгаараа л орсон. Хүний наймаа хийж болохгүй. Хүнийг ядуу, мөнгөгүйгээр нь далимдуулж эд, эрхтнийг нь худалдан авч болохгүй. Тийм болохоор зөвхөн цусан төрлийн хамаатан, гэр бүл байх ёстой юм.

-Гэр бүлийн хамааралтай байж л амьд донор болох боломжтой гэсэн үг үү?

-Тэгж оруулж өгсөн. Гэтэл гэр бүл гэхээр бас аюултай зүйл байна. Гаднын нэг иргэн монгол эмэгтэйтэй гэр бүл болоод нэгхэн жил болоод эрхтнийг нь авах гэсэн бодит жишээ бий. Анхнаасаа ийм тохироотой гэр бүл болж байна. Тиймээс гэр бүл болоод хэдэн жил болсон бол нэгэндээ эд, эс, эрхтнээ шилжүүлэх юм гэдгийг оруулж өгсөн. Тэгэхгүй бол гаднын мөнгөтэй нэг нөхөр монгол хүнтэй гэр бүл болоод түүнийхээ дараа эд, эрхтнийг нь авахыг санаархаж байна шүү дээ. Хүн амьдралын эрхээр юугаа ч өгөхөд бэлэн болдог юм. Ядуугийн зовлон аюултай. Үүнийг нь ашиглаж болохгүй. Тийм болохоор ийм боломжийг олгохгүй байх үүднээс зохицуулалт хийсэн.

-Хуульд яг хэдэн жил гэж оруулсан бэ?

-Ер нь бол таваас доошгүй жил хамт амьдарсан байх ёстой шүү дээ. Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүсийн амьдрах хугацаа их давчуу болчихсон, өвчний явц нь хурдан, шилжүүлэн суулгах хугацаа нь гурван жилээс илүү байдаггүй юм. Хууль дандаа нотолгоо, судалгаан дээр үндэслэх ёстой. Бид нэг жил байж болохгүй гээд заачихвал хоёр жил байж болно гээд л дайрна. Донор болж, эрхтнээ бусдад өгсөн хүмүүс чинь өнөө цагийн баатрууд. Хэн нэгний амийг аврахын тулд өөрийн эрхтнээ өгч байгаа. Яг цаг тулаад хүнийг эрхтнээ өг гэвэл хэцүү шүү дээ. Ямар ч эмч танд 100 хувийн баталгаа өгөхгүй. Гэхдээ өнөөдрийг хүртэл манай улсад 250 гаруй эрхтэн шилжүүлэн суулгахад донор болсон хүний амь нас эрсэдсэн тохиолдол огт байхгүй. Хэдийгээр аюулгүй болчихсон ч ямар ч сайн эмч 100 хувийн баталгаа өгөхгүй. Мөнгө авах гэж байсан нь ингээд хэлэхээр больдог бол үнэн сэтгэлээсээ хайртай хүнээ аврах гэж байгаа хүмүүс бол зөвшөөрөөд хагалгаанд ордог. Тиймээс донор болсон хүмүүсийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, рашаан сувилалд үнэгүй амрах эрхийг нь олгож байгаа. Бас нэг чухал зүйл бол аль болох амьд хүнийг донор болгох бус цогцосноос донор болгох бодлогыг түлхүү явуулна. Олон улсын конвенцын суурь зарчим нь ч энэ. Эрүүл хүнийг бушуухан эрхтнээ өг гээд байж болохгүй. Харин тархи нь нэгэнт үхжээд дахин сэргэхээргүй болсон ч зүрх нь цохилж байгаа тохиолдолд 5-6 хүний амийг аврах боломжтой. Гэтэл тэр болгоныг газарт булаад байж болохгүй. Энэ бол ярихад үнэхээр хэцүү сэдэв. Гэхдээ эмч хүний хувиар үүнийг ярихаас өөр арга байхгүй. Хэдий тэнгэрт халиад одож байгаа ч гэсэн 5-6 хүний амийг аварна гэдэг маш том буян. Тиймээс энэ бодлогыг дэмжих үүднээс оршуулгын зардлыг нь төрөөс даадаг байх зохицуулалт ч тусч байгаа.

-Дахин амьдрах боломжгүй болсон хүнийг донор болооч гэж ар гэрийнхэнтэй нь уулздаг тусгай алба байдаг гэсэн үү?

-Эд, эс, эрхтэн зохицуулах алба гэж байгаа. Тэр албаныхан энэ ажлыг хийдэг. Тухайн хүний ар гэр, аав ээж дээр нь очоод хайртай хүнээ донор болгооч гээд ярьдаг гээд төсөөл дөө. Үнэхээр хэцүү шүү дээ. Хүн болгон янз бүрээр хүлээж авна. Энэ хэцүү албыг залгуулдаг хүмүүс маань хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ядаж хэлэх үгтэй болсон. Донор болсных нь төлөө улсаас оршуулгын зардлыг нь даахаар хуульд оруулсан. Одоогийн байдлаар 2018 оноос хойш Хавдар судлалын үндэсний төв дээр 123 элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийгдсэн байна. Гэтэл үүний ердөө 10 нь л цогцосноос хийсэн. Цогцосноос бүтэн элэг аваад шилжүүлэн суулгах, эрүүл хүнээс талыг нь авч суулгах хоёрын хагалгааны дараах эрсдэл нь цогцосноос авсных нь 50 хувиар бага байдаг. Бүтэн элэг учраас судаснууд нь том, элэг нь хангалттай, цусны бүлэг ижил учраас тийм байдаг юм. Тийм ч болохоор цогцосноос авсан эд, эрхтнийг бид жагсаалтад байгаа хамгийн хүнд хүмүүстээ түрүүлж хийхийг зорьдог. Нэг ёсондоо хүлээх хугацаа байхгүй, хүндрэлтэй хүмүүстээ шилжүүлэн суулгадаг. Харин амьд донорыг аль болох амь насны эрсдэл, хагалгааны дараах хүндрэл бага гарах хүмүүст хийдэг. Саяхан нэг донорын ар гэрийнхэнээс хэл ам гарч бөөн асуудал боллоо шүү дээ. Гэтэл тэр хүн нь нийгмийн даатгал төлдөггүй хүн байсан. Хуульд даатгуулагчийн оршуулгын зардлыг төрөөс даана гээд оруулчихсан байсан нь ийм асуудал дагуулсан. Тиймээс одоо шинээр өргөн барьж байгаа хуульд даатгуулагч, даатгуулагч биш байсан ч хамаарахаар тусгасан. Мөн Тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа амьгүй донорын оршуулгын зардлыг даахаар оруулж өгсөн.

-Та яриандаа эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах өвчтөнүүдийн жагсаалтын тухай цухас дурдлаа. Энэ жагсаалтыг хэрхэн гаргадаг юм бэ. Мөн энэ жагсаалтад дараалал дайрах асуудал гардаг уу. Үүнээс хэрхэн сэргийлдэг вэ?

-Тусгай зөвшөөрөл, дараалал гэхээр л манайхан танил тал, хээл хахууль боддог болчихсон. Энэ буруу тогтолцоог халахын тулд бид бас хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайлбал, ЭМЯ-ны удирдлагад Ёс зүйн хороо ажиллана. Үүнд иргэд, өвчтөн, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд орно. Энэ Ёс зүйн зөвлөл уг жагсаалтыг хянаж байх ёстой. Мөн өвчтөнүүдийн мэдээллийн санг нэгдсэн, шилэн болгох ёстой. Одоогийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын эмнэлэг хоёр тусдаа жагсаалттай байгаа юм. Гэтэл энэ чинь нэг байх ёстой юу. Тэгээд амьгүй донор олдлоо гэхэд нэгдсэн жагсаалтын эхэнд байгаа хүнд л шилжүүлэн суулгахаас бус тэр эмнэлэг, энэ эмнэлэг гэж болохгүй. Уг жагсаалтад өвчтөн хэдэд яваагаа харах боломжтой байхыг хуульд тусгасан. Мөн жагсаалтаас өвчний хүндийн зэргээс нь хамаараад урагш нь татах тохиолдол байдаг. Тухайн өвчтөний хэдэн сар амьдрах боломжтой вэ гэдгийг гаргадаг математик тооцоолол байдаг юм. Энэ тооцооллын системийг нь, хэн нэгэн хүний танил тал нь урагшаа орчихоогүй байгаа гэдгийг ч Ёс зүйн хороо хянаж байх ёстой болсон. Энэ мэт шинэчлэлүүдийг Донорын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр тусгаж өгсөн. Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгахад одоо хууль, санхүүжилт нь байна. Хоёр ч эмнэлэг бий, цаашдаа гурав, дөрөв болно. Ирэх оны төсөвт Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгыг эхлүүлэх 40 тэрбум төгрөгийг суулгасан.

-Таны хувьд Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хороог ахалж байгаа. Энэ ажил юу болж байна вэ?

-УИХ-аас зургадугаар сард уг түр хороог байгуулсан. Харин намайг 10 дугаар сард даргаар нь томилсон. Ажлаа аваад сар гаруй болж байна. Энэ хугацаанд таван хянан шалгагч томилоод үнийн өсөлтийн шалтгаан, чанаргүй байгаагийн учрыг тодруулахаар нотлох баримт цуглуулан ажиллаж байгаа. Манай улсын хувьд зайлшгүй шаардлагатай эмийн 30-70 хувийг төр даадаг том бодлого явуулдаг нь иргэдээ өвчнөөс болж ядуурал оруулахгүй л гэсэн бодлого. Намайг гишүүн болж орж ирэхэд хөнгөлөлттэй эмэнд 27 тэрбум төгрөгийн санхүүжилт олгодог байсан. Тэр үед хэдхэн эмийн сан хөнгөлөлттэй эмийг худалдаалах эрхтэй. Тэгээд өвчтөнүүд эмээ авах гээд дугаарлаж байтал төсөв дууссан гээд хаалгаа хаачихдаг байсан. Ингээд тухайн эмийг зайлшгүй уух ёстой өвчтөн өөрийн халааснаасаа мөнгийг нь гаргаж эмээ авна. ДЭМБ-аас гаргасан тооцооллоор өөрийн орлогын 10-аас их хувийг сар бүр эрүүл мэндийн тусламжид зарцуулж байвал та ядууралд орж байна гэж үздэг. Гэтэл тэр үеийн судалгаагаар манайд 30-40 хувийг нь зарцуулж байсан. Үүнийг буулгахын тулд жил бүр шат дарааллан хөнгөлөлттэй эмийн төсвийг нэмсээр ирэх онд 144 тэрбум төгрөг болгосон. Манай улс одоогийн байдлаар нийт эмийнхээ 80 хувийг гаднаас авч байна. Ам.долларын ханштай шууд хамааралтай гэсэн үг. Гэтэл Их хурлаас ингэж төсвийг нь нэмээд байхад иргэд эмийн чанарт сэтгэл дундуур хэвээрээ л байна. Хөнгөлөлттэй эмийн төсөв 60 тэрбум буюу сарын төсөв нь таван тэрбум төгрөг байхад хурууны хээгээр худалдан авалт хийдэг болгосон. Гэтэл цар тахал гараад хурууны хээ уншуулахаа больсон чинь зургаан тэрбум төгрөг даваад явчихсан.

-Дунд нь цавчаа байна гэсэн үг үү?

-Дундуур нь хулгай, цавчаа хийдэг тогтолцоо байгаад байгаа юм. Энэ бол төсвийг үрэлгэн зарж байгаа зүйл.

Эмийн сан, тэр эмийг бичдэг эмчийн хамтарсан хулгай гэсэн үг. Мөн монополь тогтолцоо чинь эмийг чанартай болгохгүй байгаа юм. Энэ болгоныг судалж, хянах гэж бид ажиллаж байна. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад 700 гаруй эм байсныг бид 500 гаруй болгон бууруулсан. Гэтэл энэ дотор нь улсын бүртгэлд ороогүй буюу Монгол Улсад худалдаалах боломжгүй 150 гаруй эм байна. Үүний цаана хэний эрх ашиг байна, хэн тэр эмийн жагсаалтыг батлаад байна гэдэг өөрөө асуудал. Жагсаалтыг баталдаг хүмүүс дотор тухайн эмийг борлуулдаг компанийн харилцаа хамаарал байгаа эсэхийг судалж байна. Мөн дараагийн нэг асуудал бол эмийг бүртгээд худалдаанд гаргадаг ч явцын дунд чанарыг нь шинжилдэг лабораториуд ажиллаж байна уу гэдэг зүйл. Саяхан Яармагийн эмнэлэгт 17 хүүхдийн асуудал болоход л шалгаж байгаа байхгүй юу. Яагаад бид урьдчилан сэргийлж, тандан шинжилж, судалж болдоггүй юм бэ.

-Хамгийн ашигтай бизнес бол эмийн сан, эмийн худалдаа гэж хүмүүс ярьдаг. Дээрээс нь гаднаас хамгийн хямд эмийг оруулж ирээд хэд дахин нугалж зардаг гэдэг шүү дээ?

-Чанар нь өндөр шаардлага хангаагүй хэрнээ үнийн өсөлт нь дэлхийн зах зээлээс 2-3 дахин их эмүүд байна. Хянан шалгах явцад экслюзив гэрээ гэдэг асуудал гарч ирсэн. Энэ нь тухайн үйлдвэрлэгчтэй зөвхөн өөрөөс нь өөр хүнд өгөхгүй гэсэн гэрээ хийж байна. Ингэхээр ганцаараа борлуулж байгаа учраас үнээ дураараа хэлдэг. Ийм олон эм байна.

-Хэн ийм гэрээний эрх өгөөд байдаг юм бэ?

-Эрүүл мэндийн яам л өгч байгаа шүү дээ. Хэн нэгэнд давуу эрх олгодог мафийн сүлжээ маягийн зүйл үүсчихсэн байгаа биз дээ. Үүнийг л эвдэх гээд хянан шалгаж байна. Эмийн агентлагийн даргаас асуухаар өөдөөс тэс хөндлөн ойлголттой яриад байдаг. Шударга өрсөлдөөнийг бий болгохын тулд бид үйлдвэрлэгчийг нэрээр нь зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулсан гээд байгаа юм. Нэг ёсондоо Х компанийг нэрээр нь зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулсан нь шууд ашиг сонирхлын зөрчил. Уг нь бол аспирин гэдэг ерөнхий нэршил л байхаас бус шууд тэр үйлдвэрлэгчийн эмийг ав гээд тулгаж байгаа юм. Үүний цаана хээл хахуулийн асуудал ч яригдана. Тогтолцоогоор дамжуулж хулгай хийдэг зүйл байгаад байна. Давуу эрх олгоод байна. Манайд байгаа бас нэг ноцтой асуудал бол гааль. Бүртгэлгүй эм гаалиар чөлөөтэй нэвтэрдэг коридор байна. ДЭМБ-аас Монголын эмийн салбарын тогтолцоог үнэлээд хамгийн муу буюу нэг гэдэг оноо өгсөн. Тэгэхээр тогтолцоо маань ямар ч хяналт байхгүй. Чанарын мониторинг байхгүй, зах зээл нь хяналтгүй явж байна гэсэн үг.

-Бараг хар захын худалдаа яваад байгаа юм биш үү?

-Яг 1990 он руу буцаад оччихлоо. Хүмүүс ганзагаар сайн эмийг зөөж байна. Чанаргүй эм уугаад байхаар нөгөө бактери нь эм, антибиотикт тэсвэртэй болчихож байгаа юм. Тиймээс бид хямд эм гэж хөөцөлдөх бус чанартай эмийг боломжийн үнээр авна гэдэг тогтолцоо хийхийг зорьж байна. Эмийн зах зээлийг 100 хувь хувийн хэвшлийнхэнд өгчихсөн, бүрэн хяналтгүй болсон. Бид өнгөрсөн 30 жил хувийн хэвшлийнхний дунд хямд эм авч ир гэдэг уралдаан зарласан учраас өнөөгийн ийм байдалд хүрчихсэн юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.152)
    Энэ мафийн гишүүн юм
    2024 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (172.69.252.153)
    Мафийг сонсгол хийж задлах
    2023 оны 12 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Ираныг шаналган Израиль руу аврал эрэв 7 цаг 24 мин Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно 8 цаг 8 мин Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө 8 цаг 49 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна 8 цаг 53 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ 9 цаг 48 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна 10 цаг 6 мин Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? 10 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 10 цаг 34 мин Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 23 цаг 4 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 23 цаг 9 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна Өчигдөр 19 цаг 33 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав Өчигдөр 19 цаг 19 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна Өчигдөр 18 цаг 14 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ Өчигдөр 17 цаг 27 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо Өчигдөр 17 цаг 09 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ Өчигдөр 15 цаг 04 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ Өчигдөр 13 цаг 20 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Өчигдөр 12 цаг 53 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ Өчигдөр 10 цаг 11 мин Эрх чөлөөний үнэ цэнэ Өчигдөр 10 цаг 00 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа...
Top