x

Сонгуулийн тогтолцоо ба 78:48 тооны учир

Өнгөрөгч лхагва гариг буюу 2023 оны тавдугаар сарын 31-нд манай парламент 1992 онд баталсан ардчилсан шинэ Үндсэн хуулиа гурав дахь удаагаа өөрчиллөө. Үр дүнд нь 2024 оны УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулж, 78 гишүүнийг мажоритари тойргоос, 48-ыг нь хувь тэнцүүлсэн системээр намын жагсаалтаар сонгохоор болов.

Энэ удаагийн өөрчлөлт нь Үндсэн хуулийн 21-р зүйл “УИХ нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гэсэн ганцхан заалтыг хөндсөн боловч өмнөх  хоёр удаагийн өөрчлөлтөөс /2000 оны “дордуулсан долоо” болон 2019 оны нэмэлт өөрчлөлт/ илүү маргаан дагуулж, олон нийтийн анхаарлын төвд байлаа.

Угтаа бол УИХ-ын сонгуулийг өмнө нэг удаа 2012 онд холимог системээр явуулж, 76 гишүүний 48-ыг нь мажоритари тойргоос, 28-ыг нь намын жагсаалтаар сонгож байсан удаатай. Энэ сонгуулийн үр дүнд парламент дахь хүчний харьцаа хамгийн ойрхон /38:36/ ирж, улс төрийн хоёр том нам болох АН, МАН хоёр Үндсэн хуульд томоохон хэмжээний өөрчлөлт оруулахаар ханцуй шамалсан ч замын дундаас хагарч, Үндсэн хуулийн өөрчлөлт зогссон билээ. Хагарсан шалтгаан нь энэ удаа хөндөгдсөн УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах байлаа. Сөрөг хүчин болох МАН-ын хувьд энэ өөрчлөлтийг “Зөвхөн эрх баригч намд ашигтай хувилбар” хэмээн үзэж, эсэргүүцсэн хэрэг. Дараа нь 2016 оны сонгуулийн өмнө Үндсэн хуулийн цэц “УИХ-ын гишүүнийг намын жагсаалтаар сонгох нь Үндсэн хуульд үаасан иргэдийн шууд сонгох эрхэд халдаж байна” гэдэг дүгнэлт гаргаснаар сонгуулийн тогтолцоо дахин жижиг мажоритари руу буцсан байдаг юм.

2019 онд МАН эрх барьж байхдаа бас л сонгуулийн тогтолцоог өөрчлөх, гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн авч нам дотроо санал хуваагдсанаар үр дүнд хүргэж чадаагүй. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсны дараа чуулганы индэр дээрээс УИХ-ын гишүүдэд хандаж “2019 оны нэмэлт өөрчлөлтийг дутууг гүйцээж, дундуурыг дүүргэв” гэсэн нь үнэний ортой.

Яг үнэндээ бол Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтийг иргэдийн олонхи алга ташин хүлээж авсан гэвэл худлаа болно. Ялангуяа гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал дээр. Гурван шатны хэлэлцүүлгийн үеэр ч гишүүдийн олонхи нь “Тоог нэмэгдүүлэхийг иргэд дэмжихгүй байна” гэж хэлж байсан. Мөн зарим нь “Иргэд дэмжихгүй байгаа нь тоондоо байгаа юм биш. Тэгж яривал одоо байгаа 76-даа ч иргэд дуртай биш. Ерөнхийдөө иргэдийн дунд парламентын нэр хүнд унасантай холбоотой шүү” гэдгийг хэлж байсан. Тэгэхээр дургүйцээд байгаа шалтгаан нь тоондоо байгаа юм бишээ гэсэн үг. Ерөнхийдөө манай парламентын чадавх, чадамж нийгмийнхээ шаардлагыг хангаж чадахгүй болсны, иргэдийн зүгээс итгэл хүлээхээ больсны л нэг илрэл.

Тэр чадамжийг дээшлүүлэх нь нэгдүгээрт гишүүдийн тоо, хоёрдугаарт улстөрийн намуудын төлөвшилтэй холбоотой. Гишүүдийн тоог нэмэгдүүлснээр парламент мэргэшиж ажиллах, хууль боловсруулах, хэлэлцэх тал дээр мэргэжлийн байнгын хороодыг чадавхийг нэмэгдүүлэх (20 гишүүн гурван байнгын хороонд зэрэг орж ажиллаад салбарын бодлогыг гаргана ч гэж хаа байхав. Сонгогчид тэдэнд өөрсдийг төлөөлөх эрхийг л өгсөн болохоос биш мэргэшил, чадварыг нь хамт өгөөгүй шүү дээ) ач холбогдолтой бол сонгуулийн тогтолцоонд хувь тэнцүүлсэн элемент буюу намын жагсаалтыг оруулж ирснээр улс төрийн намуудыг төлөвшүүлэх, бодлогоо хамгаалах чөмөг суулгах, парламентад олон намын төлөөллийг оруулж ирэх, бодлогын өрсөлдөөнийг бий болгох давуу талтай. Мөн түүнчлэн хувь тэнцүүлсэн буюу сонгуулийн пропорциональ тогтолцоо нь сонгогчдын санал гээгдэхгүй байх, сонгох эрхийг баталгаажуулах зорилготой гэдгийг өмнө хэлж байсан. Ядаж л сонгогчийн 42 хувийн санал авсан нам парламентын нийт суудлын 82 хувийг эзэлж байгаа өнөөгийн гажгийг засах болно.

Сануулахад, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр Засгийн газраас анх оруулж ирсэн “152 гишүүний 76-г мажоритари тойргоос, 76-г нь намын жагсаалтаар сонгох” санал унаж, 126 гишүүний 76-г нь мажоритари тойргоос, 50-ийг нь намын жагсаалтаар сонгох АН-ын санал дэмжигдсэн билээ. Гэвч лхагва гаригт хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны өргөтгөсөн хуралдаанаас 78:48 гэдэг хувилбарыг гаргаж ирж, чуулганы нэгдсэн хуралдаанаар тэр хэвээр нь батлав.

Гишүүдийн зүгээс 76:50 гэдэг хувилбар яагаад 78:48 болсон шалтгааныг асуухад ажлын хэсгийн дарга Н.Энхболд болон Байнгын хороо лав тоймтой, тодорхой хариулт өгөөгүй. “УИХ-ын гишүүн нь хүн ам, газар нутгийг төлөөлдөг” гэх тайлбарыг ажлын хэсгийн дарга Н.Энхболд хэлчих шиг болсон. Уг нь бол Үндсэн хуульд ч, УИХ-ын тухай хуульд ч тийм зүйл байхгүй. Тэр байтугай Үндсэн хуулийн 23-р зүйлд “УИХ-ын гишүүн нь ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гээд хоёргүй утгаар биччихсэн байгаа. Харин Н.Энхболд гишүүний хэлээд байгаа зүйл нь сонгуулийн тойрог байгуулахтай холбоотой юм шиг байна. Өөрөөр хэлбэл, “Хүн амын тал хувь, нийт сонгогчийн тал хувь нь амьдарч байгаа нийслэлийн төлөөлөл парламентад хэтэрхий цөөнх байна. Нэмээд өгөөч ээ” гээд байгаа иргэдийн шаардлагын хариуд нийслэлд хоёр мандат нэмж өгөхөөр болжээ. Орон нутгийн 56 мандат тэр хэвээрээ үлдэх юм байна аа л гэж уншигдаж байна. Эсвэл зүгээр л дээдэс наймын тоонд дуртай.

Гэвч энэ бол Сонгуулийн тухай хууль дээр дахин яригдах сэдэв. Хэлэх гэсэн гол зүйл бол өнгөрсөн арав гаруй жил хийх гээд хийж чадаагүй, хоёр ч удаагийн парламент оролдоод буцсан сонгуулийн холимог тогтолцоо, хувь тэнцүүлсэн системийг хуульчлан баталгаажуулсан нь энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн хамгийн том ололт байлаа. Үлдсэнийг нь Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиараа хийж өгөх ёстой.

Хэрвээ Үндсэн хуулийн цэц дахиад “Иргэдийн шууд сонгох эрхэнд халдсан” гээд буцаачихгүй бол (өмнө нэг удаа “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчиж байна” гээд буцааж байсан гашуун туршлага бас бий) энэ өөрчлөлт хамгийн багадаа найман жил үйлчлэх ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар Үндсэн хуулийн нэг удаа хөндсөн заалтыг найман жил буюу УИХ-ын хоёр бүрэн эрхийн хугацаанд дахиж хөндөхгүй байх заалттай.

 Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.155)
    УИХ-ын 126-д. Ширээ хэрэггүй, өрөө огт хэрэггүй. Харин хууль унших, санаачлах номын сан хэрэгтэй.
    2023 оны 06 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 5 цаг 15 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 5 цаг 20 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 5 цаг 20 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 5 цаг 30 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 5 цаг 47 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 5 цаг 54 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 6 цаг 2 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 6 цаг 9 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 18 цаг 49 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 19 цаг 21 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 19 цаг 49 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 20 цаг 6 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 20 цаг 55 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна 23 цаг 1 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй 23 цаг 15 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ 23 цаг 52 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Өчигдөр 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Пакс Глобалика (Pax Globalica)
Top