x

Тапан Мишра: Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд экспортлоход НҮБ дэмжлэг үзүүлнэ

НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишратай ярилцлаа.

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчиллаа. Энэхүү айлчлалын үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррeшийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал маш амжилттай сайхан болж өндөрлөлөө. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их хурлын дарга, Гадаад харилцааны сайдтай маш үр бүтээлтэй уулзалтууд хийлээ. Энэ үеэр бид энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад Монгол Улс хэрхэн үлгэр жишээ улс болж буйг онцлохоос гадна Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд хурцаар нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны асуудлаар хэлэлцэж ярилцлаа.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” санаачилга нь монголчуудын хувьд цөлжилттэй тэмцэх, усны хомсдолын асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй болохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэлээ. Эдгээр уулзалтаар, талууд мөн Монгол Улсын эрчим хүчний асуудлыг хөндөж ярилцаад зогсохгүй иргэдийн оролцоог хангасан, тогтвортой хөгжлийг дэмжих зэрэг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлийн асуудлуудын талаар ярилцсан. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хооронд ярилцан тохиролцсон эдгээр асуудлуудыг бид үргэлжлүүлэн хэлэлцэж, шаардлагатай алхмуудыг хийж, үр дүнд хүргэх чиглэлээр ажиллах болно.

Ерөнхий нарийн бичгийн дарга мөн НҮБ-ын Монгол Улс дахь үйл ажиллагаатай танилцаж, НҮБ-ын байраар зочиллоо. Тэрээр НҮБ-ын бүх ажилтнууд болон НҮБ-ын Монгол дахь үйл ажиллагааны үр шимийг хүртсэн иргэдтэй уулзаж халуун дотно яриа өрнүүлсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга НҮБ-ын байранд айлчилсан нь бидний хувьд түүний дэвшүүлсэн НҮБ-ын системийн шинэчлэлийн хүрээнд Монгол дахь НҮБын төрөлжсөн байгууллагууд ажиллаж буй улс орондоо хэрхэн үйл ажиллагаагаа уялдуулж, нэгдмэл байдлаар хөгжлийн дэмжлэг үзүүлж буйг бодитоор харуулах завшаан юм. Монгол дахь НҮБ-ын хөтөлбөр, стратеги нь бүхэлдээ Монгол Улсын Алсын хараа-2050 урт хугацааны бодлогын баримт бичигтэй нийцсэн ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн. Ийм ч учраас бид, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг хүний хөгжил, сайн сайхан байдлыг, иргэдийн оролцоог хангасан ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих, иргэн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийг хангасан байх гэсэн гурван үндсэн чиглэлээр тодорхойлсон. Эдгээр нь бид Монгол Улсын Засгийн газартай хамтран хэлэлцэж тохирсон хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд юм.

Иймд НҮБ Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, Монгол Улсын оролцоог хангасан, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллаж байгааг, мөн Монгол Улс энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээр бүс нутагтаа үлгэр жишээ үзүүлж, энх тайван, хөгжил, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах чиглэлээр дэлхийн бусад улс орнуудад үлгэр дуурайл үзүүлэх том итгэл найдвар бий болгож буйг Ерөнхий нарийн бичгийн дарга туйлын таатайгаар талархан хүлээн авч дэмжиж буйгаа илэрхийллээ.

-Монгол Улсад 2023- 2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын хамтын ажиллагааны стратегийг хэрэгжүүлэхэд нягт хамтарч ажиллана хэмээн хамтарсан мэдээллийн үеэр Б.Батцэцэг сайд мэдэгдсэн. Ирэх таван жилд ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр та бүхэн төлөвлөөд байна вэ?

-Стратегийн үндсэн чиглэлүүдийг нарийвчлан ярихаас өмнө хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар ерөнхий мэдээлэл өгөх нь оновчтой гэж бодож байна. НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030” хэмээх баримт бичиг байдаг. Энэхүү баримт бичгийн зорилго нь 2030 он гэхэд НҮБ-ын гишүүн 193 улс оронд тогтвортой хөгжлийг хангах хөтөлбөр юм. Ирэх таван жилд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” нь дээрх хөтөлбөрийг хангахад чиглэсэн нарийвчилсан төлөвлөгөө гэж ойлгож болно. Өмнө нь хэрэгжүүлж байсан баримт бичгүүдээс нэршил болоод тэргүүлэх зорилго нь өөр.

Өмнө нь хэрэгжүүлж байсан “НҮБ-ын Хөгжлийн туслалцааны хүрээ” баримт бичигт НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд тус тусын хөтөлбөрийг боловсруулаад, түүндээ нийцүүлэн хөтөлбөр, төслүүдээ хэрэгжүүлдэг байсан. Энэхүү бүтэц, тогтолцоог НҮБ-аас шинэчилж байна. Уг шинэчлэлийн хүрээнд НҮБ-ын Суурин зохицуулагч бусад байгууллагаас хараат бусаар ажиллаж, хэрэгжүүлж байгаа ажлуудыг нь Засгийн газрын үндэсний стратеги, хэрэгцээтэй нийцүүлэн ажиллана.

Өөрөөр хэлбэл, нэг бүтэц дор НҮБ-ын бүх төрөлжсөн агентлагуудыг уялдуулж, нэгдсэн байдлаар илүү үр дүнтэй ажлуудыг хийдэг байя гэж зорьж байгаа юм.

-“Хөгжлийн туслалцааны хүрээ” баримт бичгийг сунгасан шүү дээ. Шалтгаан нь юу юу вэ. Шинэ баримт бичигтэй хэрхэн уялдах вэ?

-НҮБ-ын “Хөгжлийн туслалцааны хүрээ” баримт бичиг 2017 оноос 2021 он хүртэл хэрэгжихээр төлөвлөсөн ч “Ковид-19” цар тахлаас шалтгаалж нэг жилийн хугацаанд сунгасан. Үүний дараагаарНҮБын “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийг шинэчилсэн байдлаар үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Үүнд бид цар тахлын дараагийн таван жилд юун дээр илүү анхаарч ажиллах вэ гэдгээ тодорхойллоо. Шинэлэг байдлаар ажиллаж байж НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг 2030 он гэхэд хангасан байх хамгийн чухал таван жил болж байна. 2025 оноос хойш ердөө таван жил л үлдэж байна.

Тиймээс дэлхий нийтийн хөгжлийн зорилтуудыг хангая гэвэл ирэх таван жилд ихээхэн хурдтай ажиллах шаардлагатай болж байна.

-Ирэх таван жилд Монголд хэрэгжүүлэх стратегийг боловсруулахдаа бүх түвшинд хэлэлцэж, ихээхэн судалгаа хийсэн нөр их ажлын ард та бүхэн гарлаа шүү дээ. Тиймээс стратегийн ямар чиглэлүүдийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа нь сонирхолтой санагдаж байна?

-Юуны өмнө бид Монгол Улсад тулгарч байгаа сорилтуудад дүн шинжилгээ хийсэн. Үүнд Монгол Улсын эдийн засаг, улс төр, байгаль цаг уур, нийгмийн ямар асуудлууд байна. Ямар зорилтуудыг дэвшүүлснээр ямар бодит өөрчлөлт гарах, тулгарч байгаа хамгийн том асуудлууд нь юу болох, ямар арга барилаар ажиллах вэ гэдгийг “оношилсон” гэж хэлж болно. Монгол Улсад тулгарч байгаа хамгийн гол асуудлуудыг судалгаанд суурилан тодруулснаар ямар хэрэгцээ шаардлага байна, юун дээр түрүүлж ажиллах, тэргүүлэх чиглэл юу байх вэ гэдгийг сууриар нь гаргаж ирсэн. Үүнийг стратеги болгохын тулд төрийн яамд, агентлаг, бүх оролцогч талуудтай хамтарч хэлэлцэн баталгаажуулах зөвлөлгөөн, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Үүнд Гадаад харилцааны яам болон Эдийн засаг, хөгжлийн яам манлайлж ажилласан. Үүнээс гадна бидэнтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын хөгжлийн түнш байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, тинк танк, судалгааны байгууллагууд, эрдэмтэн судлаачид бүгдтэй нь ярилцсаны үндсэн дээр тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон.

Өнгөрөгч жилийн арваннэгдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд буюу алсын хараагаа тодорхойлох томоохон хэлэлцүүлэг хийсэн. Бүх яамдын төрийн нарийн бичгийн дарга нар болон бусад оролцогч талууд оролцсон. Энэ үеэр 2025 он гэхэд ямар гол үр дүнд хүрсэн байх ёстой вэ гэсэн алсын хараагаа тодорхойлсон. Ингээд үүнд хүрэхийн тулд дунд хугацаанд (2025 он гэхэд) хөгжлийн ямар түвшний зорилтуудыг хангасан байх вэ гэдгээ тодорхойлж гол зорилтуудаа гаргаж ирсэн. Үүний дагуу үндсэн дөрвөн тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон.

Тодруулбал, хүний төлөө, эх дэлхийн төлөө, чинээлэг, сайн сайхан нийгмийн төлөө, энх тайвны төлөө юу хийх ёстой, хамгийн том хэрэгцээ нь юу байна гэдгийг тодорхойлсон. Ингэхдээ “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэгтэй сайтар уялдуулсан. Хүнтэй холбоотой стратегийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо, 2027 гэхэд хот, хөдөөгийн хаана ч амьдарсан, тэр дундаа эмзэг бүлгийн иргэдэд жендерт суурилсан, гамшигт тэсвэртэй байдлыг хөхиүлэн дэмжих, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээгээр дамжуулж хүний хөгжлийг бүрэн хангаж чадахуйц түвшинд хүргэхийг зорьж байгаа.

Харин хөгжил цэцэглэлт болон эх дэлхий гэсэн тэргүүлэх чиглэлийг нэгтгэж нэг зорилтот үр дүн болгосон. 2027 он гэхэд нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засаг маш сайн төрөлжин хөгжсөн, инновацид суурилсан байна. Хүртээмжтэй, бүтээмжтэй, ногоон хөгжилд хүрсэн байхаас гадна хөгжлийн үр дүнг газар зүйн хувьд тэнцвэртэй хүртэх болно. Ингэснээр хүмүүсийн амьжиргаа, тэр дундаа залуус, эмэгтэйчүүдийн амьжиргааг илүү дээшлүүлнэ. Зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгоно. XXI зууны ур чадварыг олгосон байхаас гадна хүлэмжийн хий багатай эдийн засгийн загвар хөгжлийг бий болгоно.

Эдийн засаг байнга өсөлттэй байдаг боловч зөвхөн тодорхой хэсэгт л хөгжлийн үр дүнг хүртэж, зарим хөдөө орон нутагт тэнцвэртэй хөгжил бий болохгүй тохиолдол байдаг. Тиймээс орон нутаг болон хот хооронд буй болсон хөгжлийн ялгааг арилгахад чиглэж байгаа.

-Яг яаж арилгах вэ?

-2027 онд бид ямар үр дүнд хүрсэн байхаа нарийвчлан төлөвлөж баталгаажуулсан. Харин түүнд хүрэхийн тулд жил бүр хүрэх ёстой бүтээгдэхүүн, гарцуудаа тодорхойлсон. Жил бүр үнэлэх дэд үр дүнгийн түвшинд тодорхой арга хэмжээг зохион байгуулсан. Жишээ нь, хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгохын тулд хөдөө орон нутагт чиглэсэн бодлогын арга хэмжээг хөгжүүлнэ. Нийслэлд нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна. Тиймээс эргээд хотоос хөдөө рүү шилжсэн шилжилт хөдөлгөөнийг бий болгохын тулд орон нутагт ажлын байртай байх ёстой. Хөдөлмөр эрхлэх боломжтой, чадавхтай болсон байх ёстой. Орон нутагт ажлын байр бий болгох үлгэр жишээ болохуйц төслийг Завхан аймагт хэрэгжүүлсэн.

Тухайлбал, үнээний сүүгээр зайрмаг хийх, малын түүхий эд ашиглаж савхин хүрэм, үстэй хантааз, ноос, ноолууран хувцас хэрэглэл, суран эдлэл зэрэг бүтээгдэхүүнийг нутгийн иргэд өөрсдөө үйлдвэрлэж, борлуулж орлоготой болж байна. Ер нь хөдөөд бизнес хөгжлийг бий болгож амьжиргааг нь нэмэгдүүлбэл хотоос хөдөө рүү чиглэсэн нүүдэл ихэснэ. Гэхдээ хөдөөд боломж нээгдлээ гэхэд түүнийг ашиглах ур чадвартай байх ёстой. Тиймээс тэдгээр чадваруудыг нь хүн бүрт суулгаж өгвөл тэнцвэртэй хөгжинө. Үүнээс зөвхөн хувийн хэвшил гэлтгүй төрийн бодлогоор дамжуулж орон нутгийн хөгжлийг бий болгох боломж их байна. Жишээлбэл, улсын төсвийн дагуу олон хөрөнгө оруулалт хийдэг ч түүний үр өгөөжийг нэмэгдүүлэх, сайжруулах олон боломж бий. Тиймээс орон нутагт төсвийн хөрөнгө оруулалтаар дамжуулж чанартай бүтээн байгуулалт хийхээс гадна ажлын байрыг бий болгож, тэдгээр хүмүүсийг дэмжихийг зорьж байна.

Жишээлбэл, Монгол Улсын төрөөс цахим үндэстэн болох бодлого хэрэгжүүлж, багагүй ч хөрөнгө, хүч зарцуулж байна. Үүнийг илүү ухаалаг байдлаар хэрэгжүүлж чадвал хот, хөдөөгийн ялгааг арилгах боломжтой. Ингэснээр төрийн бүх үйлчилгээ ижил түвшинд чанартай хүрнэ гэсэн үг. Технологитой холбогдож байгаа учраас хөдөө орон нутгийн хүүхдүүд олон зүйлийг сурах, үүнээс гадна олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлбэл хүндээ хүрч ажиллах боломж бүрдэнэ. Технологийг ашиглаж зөвхөн үйлчилгээ хүргэх биш малчид өөрсдөө бүтээгдэхүүнээ зарах, цахим худалдаа хийх зэрэг байдлаар хөгжлийн ялгааг арилгах боломжтой. Үүний төлөө бид зорьж байна. Хоёр дахь чиглэл нь эх дэлхий, байгаль орчинтой холбоотой зорилго юм. Энэ чиглэл нь Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицож, тэсвэртэй болгох вэ гэдгийг орон нутгийн иргэдийн түвшинд ажиллаж шийдвэрлэхийг зорьж байна.

Ингэхдээ нотолгоонд суурилсан жендерийн эрх тэгш байдал, байгалийн нөөцийн тогтвортой менежмэнт болон гамшгийн эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх арга хэрэгслүүдийг ашиглана.

-Монгол Улс хоёр хөршөөсөө импортын бүтээгдэхүүний хараат байдаг. Хойд хөршөөс шатахууны, урд хөршөөс олон төрлийн бүтээгдэхүүний хараат байдаг. Энэ байдалд хэн буруутай вэ, бидний алдаа юунд байна гэж та бодож байна вэ. Тиймээс та ний нуугүй саналаа хэлж өгөөч. Нөгөө талаас үүнийг шийдвэрлэхэд НҮБ-аас дэлхийтэй харилцах гарц талаас туслах боломж байдаг болов уу?

-Цар тахлаас үүдэж олон улсын хэмжээнд тээвэр, ложистикийн хүндрэл гарахад Монгол Улс бусдаас ямар их хамааралтай вэ гэдэг нь харагдлаа. Гэхдээ бид нэг зүйлийг мартаж болохгүй. Өмнө нь Монгол Улс Орос улсаас бүр их хамааралтай байсан. Тэрхүү хамаарал нь одоогоор харьцангуй бага болжээ. Нөгөө талаас чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш Хятад улсаас хамаарах хамаарал нь нэмэгдчихсэн байгаа. Учир нь Монгол Улсын нийт экспортын 85 хувь нь Хятад руу гарч, импортын 70 хувь нь Хятадаас орж ирж байгаа. Ерөнхийдөө Хятад улсаас маш их хамааралтай болчихсон байна. Хятадын хил хаагдаж бараа материалын эргэлт буурснаар Монгол Улсад инфляци бий болсон. Тэр дундаа Монгол Улс руу орж ирж байгаа бараануудад тээврийн гацаа үүссэн тул тээврийн үнэ хөлс нэмэгдсэн. Улмаар гаднаас ирж байгаа бүтээгдэхүүнүүд ханшийн өсөлтөд ихээхэн автчихсан байна.

Бензин түлшний хувьд Орос улсаас 85-90 хувийн хамааралтай байдаг. Үүнээс гадна олон улс орон Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан. Үүнээс үүдэж монголчуудын хувьд гаднаас авч байгаа бүтээгдэхүүний төлбөр тооцоо хийх гэтэл Орос улс руу төлбөр тооцоо хийх дундын банкгүй болчихсон зэрэг олон хүндрэл тулгарч байна. Гэхдээ монголчууд үүнээс гарах гарцаа бага багаар харж, шийдвэрлэж чадсан гэж бодож байна.

Тухайлбал, бензин түлшний хувьд Оросоос хамаарах хамаарлаа бууруулах нэг том алхам нь Энэтхэгийн Засгийн газартай гэрээлсэн газрын тос боловсруулах үйлдвэр юм. Тус үйлдвэрийн хүчин чадал 1.5 сая метр тонн байгаа нь маш өндөр хүчин чадалтай гэсэн үг юм. Энэ үйлдвэр хэдэн жилийн дараа ашиглалтад орчихвол Оросоос хамаарах хамаарал нь буурна. Мөн дотоодын хүчин чадлаа илүү сайжруулах хэрэгтэй. Салбар болгонд гарцуудаа гаргах хэрэгтэй. Юуг Монголдоо хийж болох вэ гэдгээ тогтоох хэрэгтэй. Жишээ нь, эрчим хүчний тухайд өвлийн оргил цагийн ачааллын үед Монгол Улс нийт эрчим хүчнийхээ 20 хувийг Оросоос импортолдог.

Гэхдээ үүнийг бууруулах бүх нөөц нь Монголд бий. Жилийн 260 гаруй хоног цэлмэг хөх тэнгэртэй байна. Өдөр бүр цэлмэг тэнгэртэй байгаа хэрнээ үүнийг ашиглаж эрчим хүч гаргаж чадахгүй бол тэр хэмжээгээр алдагдалд орж, боломжоо алдаж байна гэсэн үг. Нүүрс бол олборлоход хямдаас гадна Хятад улсад экспортолдог, дотооддоо нүүрсний станцуудтай байгаа учраас одоохондоо нүүрсийг хэрэглэж байна. Яваандаа эрчим хүчний хамаарлыг бууруулъя гэвэл сэргээгдэх эрчим хүчний нөөцийг бүрдүүлэх боломж Монгол Улсад хангалттай байна. Энэ мэтээр Монгол Улс өөрийнхөө хэрэглээг бүрэн хангах, бусад орны хамаарлаас гарах гарц дотоодод олон байна. Монгол Улс хүнсний хувьд гаднаас хамааралтай байгаа нь нэг талаас гайхширмаар зүйл. Учир нь Монгол Улс 3.4 сая хүн амтай хэрнээ 70 гаруй сая малтай байна. Үүнээс 30 сая хонь, 27 сая ямаа, 6 сая үхэр, 4.5 сая адуу, хагас сая орчим тэмээ байна. Гэтэл дэлгүүр рүү ороод мах, сүүн бүтээгдэхүүнийг харахаар импортоор орж ирсэн байдаг. Монгол Улс 70 сая малтай байж сүү, сүүн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүнээр зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний том экспортлогч орон байх бүрэн бололцоо байна. Сүүн бүтээгдэхүүнээ боловсруулж гаргах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, бяслаг, тараг, молоко, цөцгий зэрэг сүүнээс олон арвин бүтээгдэхүүнийг гаргаж авах боломжтой. Тиймээс эхлээд импортоор авч байгаа бүтээгдэхүүнүүдээ хийдэг байх хэрэгтэй. Махны салбарт ч ялгаагүй. Янз бүрийн махан бүтээгдэхүүнийг боловсруулж төрөлжүүлсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх боломжтой. Тиймээс боловсруулалтаа илүү сайжруулах хэрэгтэй. Ихэнх бүтээгдэхүүнээ түүхий эд байдлаар Хятад улс руу гаргачихаар хамаг үнэ цэнэ нь хилийн цаана оччихоод байна. Тиймээс бүтээгдэхүүнүүддээ аль болох нэмүү өртөг шингээж гадагшаа зарвал Монгол Улсад ихээхэн ашигтай. Жишээ нь, 27 сая ямаатай боловч тэдгээр ямаанаас зөвхөн ноолуурыг нь авдаг. Ямааны боломжийг олж харахгүй байгаа мэд санагддаг. Ямааны сүү маш их шим тэжээл сайтай. Барууны орнуудад ямааны сүүгээр хийсэн бяслаг хамгийн үнэтэй бүтээгдэхүүнд тооцогддог. Десерт буюу тансаг хэрэглээнд ордог. Энэтхэгийн алдартай ерөнхийлөгч Махатма Гандигийн хувьд ямааны сүүг гол хоолоо болгож, хүнсэндээ хэрэглэдэг байсан. Монгол 27 сая ямаатай хэрнээ зөвхөн ноолуурыг нь яриад байдаг. Гэтэл 27 сая ямаанаас хичнээн их сааль авч болох уу. Бэлчиж байх явцад нь хүртэл сүү нь дусалдаг. Тэр сүүг нь авах төхөөрөмж байвал 27 сая ямаанаас хэр их хэмжээний сүү авах боломжтой вэ. Ингээд бодохоор ашиглахгүй өнгөрөөж байгаа маш их хэмжээний нөөцүүд, алдагдсан боломжууд байна. Ногоо, махны чиглэлд ч боломж их байна. Үүнээс гадна хот хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгахад залуучуудын оролцоо чухал. Малаа маллаад бүтээгдэхүүн хийж, мөнгө олох боломж залуучуудад байна. Бүтээгдэхүүн хийх чадавхыг нь бэхжүүлчихвэл үнэ цэнэ шингээгээд гадагш гаргах боломжтой. Зөвхөн Хятад гэлтгүй Монголын худалдааны түнш болох сонирхолтой олон улс орнууд байгаа. Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэчихвэл тэдгээр орнуудад гаргах боломжтой болно. Экспорт дээр цахим технологийг ашиглаж болно. Дотооддоо ч бай, гадаадад ч бай цахим худалдаагаар дамжуулж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдээ хэрхэн боловсруулж гаргах талаар НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал(UNCTAD -United Nations Conference on Trade and Development) хэмээх байгууллага судалгаа хийж ямар гарцууд байгааг эхнээс нь тодорхой болгож байна.

Бид МХАҮТ-тай хамтарч ямар худалдааны боломжууд байгааг нэгдсэн байдлаар хэлэлцэхбага хурлыг зохион байгуулах гэж байна.Энэхүү бага хурлаар төслөөс гарсан бодит үр дүнг жишээ танилцуулна. Орон нутгийн иргэд заавал төрийн үйл ажиллагааг харж, бусдаас дэмжлэг хүсч амьдралаа залгуулдаг биш өөрийнхөө нөөц бололцоог сайн ашиглаж, сайхан амьдарч ирээдүйгээ бий болгох боломжтой гэсэн үг.

-Бид хүссэн хүсээгүй хоёр хөршдөө “живчих” гээд байна шүү дээ. Олон улстай харилцахад монголчууд ямар алдаа гаргаж,хоёрхон улсаас хэт хамааралтай байна гэж та дүгнэж байна?

- Монголын талд юуг буруу хийгээд байна гээд харахаар байгаа бүх нөөц бололцоогоо бүрэн дүүрэн харж, ашиглаж чаддаггүй явдал байна. Гадагшаа гаргаж байгаа бүтээгдэхүүн дээрээ үнэ цэнэ нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээж, илүү их орлого олох боломжоо өөрсдөө үгүй хийгээд байгаа гэж харж байна. Жишээ нь, Япон улс түүхий эдийн нөөцгүй орон хэдий ч маш чинээлэг нийгмийг бүтээж чадсан. Жишээ нь, өөрсдөө төмрийн хүдэргүй, түүхий эдээ гаднаас авдаг хэрнээ бүх төрлийн ган төмөр бүтээгдэхүүнүүд Я п о н ы үйлдвэрүүдээс гарч байна. Монголд бүх төрлийн түүхий эд, мал байна. Бүх юм байгаа учраас болчихно гэж ханддаг нь монголчуудын сул тал болов уу гэж бодож байна. Үүнээс гадна Швейцарь, Шинэ Зеланд улсын хөдөө аж ахуйн салбаруудыг хараад үзвэл Монгол Улсаас хамаагүй жижигхэн, дээрээс нь малын тоо толгой маш цөөхөн. Швейцар улсын ДНБ-ий ихэнх хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлдэг.

Монгол Улс яагаад үүнээс суралцаж болохгүй гэж. Технологиудыг маш сайн ашиглая, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж, боловсруулалт хийе. Бусад улсын жишээнд тулгуурлаж Монгол Улс яагаад чанартай бүтээгдэхүүн хийж чадахгүй гэж. Боловсруулсан бүтээгдэхүүнээ яагаад дэлхий даяар зарж болохгүй гэж харах хэрэгтэй байна.

-Өнөөгийн байдлаар Монгол Улс эдийн засгийн хувьд жижигхэн улс шүү дээ. Бид дэлхийд танигдаж, нэг түвшинд зэрэгцэн алхахын тулд яах ёстой вэ?

-Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг түүхийгээр нь экспортлохоос илүү боловсруулж үнэ цэнийг нэмэгдүүлэхэд бид дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Мөн эко аялал жуулчлалын чиглэлд НҮБ-ын агентлагууд ажиллаж байна. Хоёрдугаарт, хэдийгээр НҮБын Худалдаа хөгжлийн бага хурал), International Trade Centre буюу Олон улсын худалдааны төв зэрэг байгууллагуудын салбар Монгол Улсад байхгүй ч 2021-2025 хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг эдгээр байгууллагууд дэмжиж ажиллана. Эдгээр худалдааны байгууллагууд Монголын бараа бүтээгдэхүүнийг Хятад, Орос руу түүхийгээр нь экспортлох бус харин олон улсын зах зээлд үнэ цэнийг нь нэмэгдүүлж гаргах талаар хамтарч ажиллахаар тохирсон. Зах зээлий нэрэлт, нийлүүлэлтийн дүрэм байдаг шүү дээ. Монгол Улсын давуу тал бол чанартай, боломжийн үнэтэй, хүртээмжтэй бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэж харж байна. Хамгийн энгийн жишээ бол ноос ноолуур юм. “Говь”, “Гоёо” зэрэг үндэсний үйлдвэрүүд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч нийт ноолуурын 80 хувийг Хятад руу түүхийгээр нь экспортолж байна.

Тиймээс түүхийгээр нь экспортлохоос илүү ноолуураа боловсруулж, нэмүү өртөг шингээх хэрэгтэй. Монгол Улс өөрсдийн боломжоо хоёр хөршдөө алдахгүйгээр өөрсдөө сайтар ашиглах нь зүйтэй. Ноолуурынхаа 80 хувийг экспортолж байна гэдэг нь 80 хувийн боломжоо алдаж байна гэсэн үг.

-Монголоос Орос руу бүтээгдэхүүнээ экспортлоход гаалийн татвар 45 хувь байдаг. Үүнийг бууруулах боломжтой юу. Энэ чиглэлээрх олон улсын дүрэм журам ямар байдаг бол?

-Энэ асуудлаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо,НҮБын Худалдаа хөгжлийн бага хурал, Олон улсын худалдааны төв зэрэг байгууллагууд болон Монгол Улс дахь НҮБын байгууллагууд цахим уулзалт зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтаар олон улсын худалдааны эрх зүйн орчинг Монгол Улсад хэрхэн нааштайгаар өөрчилж болох, суралцах болон сайн туршлагын талаар ярилцах гэж байна.

НҮБ-ын эдгээр байгууллагуудтай Монгол Улсын Засгийн газар мөн энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн байна. Олон улсын сайн туршлага, дүрэм журмаас суралцахын зэрэгцээ Монгол Улсын нөхцөл байдалд нийцүүлэн нутагшуулахаар төлөвлөж байгааг хэлэхэд таатай байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 12 цаг 27 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 12 цаг 32 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 14 цаг 15 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 14 цаг 29 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 15 цаг 34 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 16 цаг 21 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 16 цаг 39 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 18 цаг 44 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 20 цаг 28 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 20 цаг 55 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 23 цаг 37 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 23 цаг 48 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл Өчигдөр 09 цаг 44 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ Өчигдөр 09 цаг 32 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно Өчигдөр 09 цаг 26 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа Өчигдөр 09 цаг 20 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан Өчигдөр 09 цаг 16 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Уржигдар 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Уржигдар 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Уржигдар 13 цаг 29 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ...
Top